Монгол Улсын Засгийн газрын 2009 онд “Оюу толгой” ХХК-тай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний зарим үүрэг биелэгдээгүй асуудлаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн билээ.

“Оюу толгой” ХХК нь Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу цахилгаан станц барьж ашиглалтад оруулах, Монгол Улсаас цахилгаан эрчим хүч авах үүргээ биелүүлээгүй бөгөөд одоог хүртэл БНХАУ-аас цахилгаан эрчим хүч импортоор авч хэрэглэж байна. Иймээс Хөрөнгө оруулалтын гэрээний 7.3 дахь заалтыг түдгэлзүүлсэн холбогдох эрх бүхий албан тушаалтнуудад Авлигатай тэмцэх газар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна." хэмээн тус байгууллагын албан ёсны тайлбарт өгүүлсэн нь бий.

Монгол Улсын Засгийн газар болон Оюутолгой компанийн 2009 онд байгуулсан ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭНИЙ 7.3-т : 

“Хөрөнгө оруулагч нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхлэсэн өдрөөс хойш дөрвөш жилийн дотор Оюутолгойн төслийн эрчим хүчний нийт хэрэгцээгээ Монгол улсын нутаг дэвсгэр дэх дор дурдсан буюу түүнээс дээш эх үүсвэрээр сонгоно хангана.

Нэгт, Хөрөнгө оруулагчийн санхүүжүүлсэн эсхүл барьсан нүүрсээр ажиллах цахилгаан станц.

Хоёрт, Гуравдагч этгээдийн санхүүжүүлсэн эсхүл барьсан нүүрсээр ажилладаг цахилгаан станц.

Гуравт, Монгол Улсын Цахилгаан Эрчим хүчний Сүлжээ” хэмээн заасан байдаг аж. Харин Монгол Улсын Засгийн газар болон Оюутолгой компанийн хооронд 2014 онд байгуулагдсан ӨМНӨД БҮСИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ-нд зааснаар: 

“Оюутолгой ХХК Тавантолгойн цахилгаан станцын төсөлд оролцон, харилцан өгөлцөж байгаа нөхцөлд уг үүргийг заавал биелүүлэх шаардлагагүй гэдгийг Засгийн газар зөвшөөрч байна. Ийнхүү түдгэлзүүлсэн үед Оюутолгойн хариуцлагатай компанийн хөрөнгө оруулалтын гэрээний 7.3 дахь заалтыг ямар нэг байдлаар зөрчсөн эсвэл дагаж мөрдөөгүй гэж Засгийн газар үзэхгүй болно” гэсэн тул ОюуТолгой заавал Монголоос эрчим хүч авахгүй болж таарчээ. 

Уг гэрээтэй холбоотойгоор 2014 онд уг төслийн захирал байсан М.Энхсайханг шалгаж эхэлсэн гэх ч түүний гарын үсэг ямар ч албан баримтанд зурагдаагүй аж.Харин уг гэрээг тухайн үеийн Монгол Улсын Ерөнхий сайд байсан Н.Алтанхуягийн зөвшөөрлөөр тухайн үед Эрчим хүчний сайд байсан М.Сономпил гарын үсэг зурж, байгуулсан юм байна.

Хуулийн дагуу ОюуТолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт  оруулахаар бол УИХ-аар хэлэлцэх ёстой байсан ч Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах болон Дубайн гэрээг УИХ-аар оруулаагүй билээ.

Өнөөдрийн байдлаар Оюу толгой жилдээ 160 сая орчим ам.долларын эрчим хүчийг БНХАУ-аас импортолдог.Хэрэв цахилгаан станцын асуудал шийдэгдвэл жил бүр 200 орчим сая ам.доллар дотооддоо үлдэх боломжтой юм.

Иймээс ч Монгол Улсад илт хохиролтой "Өмнөд бүсийн эрчим хүчний гэрээ"гэгчийг байгуулах үед Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан, өдгөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн улс төрийн бодлогын зөвлөхөөр ажилладаг Н.Алтанхуяг гэдэг хүнд хариуцлага тооцох нь шударга ёсонд нийцэх учиртай.

Н.Алтанхуягийн зөвлөх, хүргэн нар нь мөн л түүнийг Ерөнхий сайд байхад үед улсад онц ноцтой хохирол учруулсан болох нь шүүхээр тогтоогдсон билээ.

 

н.Тамирхүү

sonin.mn