Нийслэлийн цагдаагийн газраас хуулийн байгууллагууд болон гар утасны бизнес эрхлэгчдийн хамтарсан уулзалт зөвлөгөөнийг өчигдөр Нийслэлийн иргэний танхимд зохион байгуулав.

Уг зөвлөгөөний үеэр гар утасны худалдаа эрхлэгчид нь гэмт хэргийн замаар хууль бусаар олдсон, эх үүсвэр нь тодорхой бус гар утас, эд зүйлс гэдгийг мэдсээр байж худалдан борлуулсан бол тухайн этгээдийг Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан шалгадаг болсон талаар мэдээллээ. Мөн энэ үеэр гар утасны худалдаа эрхлэгчид нь хулгайн утас худалдаж авахгүй байхыг хичээдэг ч хулгайн утас эсэхийг мэдэх боломжгүй байдаг гэдгээ учирлаж байв. Тиймээс утас зарах гэж байгаа хүний иргэний үнэмлэх, өөрийн утас мөн эсэхийг лавлах зэргээр хувь хүний итгэл үнэмшлээр наймаа хийдэг тухайгаа ярьж байна.

Э.Бат-Эрдэнэ: УДААДАРАА ХУЛГАЙ ХИЙВЭЛ 5-12 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛААР ШИЙТГЭНЭ

Энэ үеэр НЦГ-ын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Бат-Эрдэнээс дараах тодруулгыг авлаа.


-Уулзалтаар тодорхой байршилт зогсдог гар утасны худалдаа эрхлэгчдийг болиулна гэж ярилаа. Энэ талаар тодруулахгүй юу?

-Энэхүү уулзалтын гол зорилго бол гэмт хэргээс урьдчилан сэргийлэх юм. Гэмт хэргийн халдлагын улмаас долоон мянган гар утас, энэ төрлийн эд зүйлс хулгайд алдагдаж байна. Энэхүү эд зүйлс хулгайчийн гарыг дамжаад хэнд очиж байна вэ гэдэг бид судалсан. Ингэхэд үүнд ерөөсөө хууль зах зээл бий болжээ.

Энэхүү зах зээл хаана оршиж байна гэхээр хууль бус үйл ажиллагаа явуулдаг гар утасны ченжүүдийн гарт л төвлөрч байдаг. Үүнийг цагдаагийн байгууллага таслан зогсоохын тулд энэхүү уулзалтыг зохион байгуулж байна. Цаашид гар дээрээс худалдаа эрхэлж буй этгээдүүдийн хууль бус үйл ажиллагааг тодорхой байгууллагуудтай хамтран ажиллаж, камерийн систем байршуулсны үндсэн дээр таслан зогсоох болно.

-Гар утас хулгайлагдсан хэргүүдийг судалж үзвэл хэдэн хувь нь ченжүүдийн гараар дамжсан байдаг вэ?

-Алдагдсан, эсвэл хулгайлагдсан гар утсыг хэрэглэдэг хүн ховор. Тэгэхээр үүнд зах зээл байгаа юм. Ерөөсөө энэ асуудал хулгайчдыг өөгшүүлж, тэдгээрийг санхүүжүүлж байгаа ченжүүдтэй л холбоотой. Хулгайлагдсан гар утас хаашаа орсныг судлаад үзэхээр эдгээр ченжүүдийн халаасанд, засвар үйлчилгээ рүү л орсон байдаг. Нийт гэмт хэргийн 30-40 хувийг хулгайн гэмт хэрэг эзэлдэг. Үүнээс халаасны хулгайн гэмт хэргийн 85 хувийг гар утасны хулгайн хэрэг эзэлдэг.

-Хулгайн гар утас худалдан авч, бусдад борлуулсан этгээдэд хуулийн ямар хариуцлага ногдуулах вэ?

-2017 онд шинээр батлагдсан Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулинд үүнийг тодорхой заасан байдаг. Хууль бус гэмт хэргийн замаар алдсан эд зүйлийг ашиглах, түүнийг худалдан авч борлуулах үйл ажиллагаа явуулбал Эрүүгийн хуулийн 18 дугаар зүйл буюу мөнгө угаах зүйл ангиар хариуцлага тооцно. Зөрчлийн тухай хуулиар 300 мянгаас доош эд зүйл хулгайлсан этгээдийг 7-30 хоног баривчилна. Харин Эрүүгийн хуулинд хулгайн гэмт хэргийг удаа дараа үйлдсэн этгээдийг 5-12 жилийн хорих ялаар шийтгэнэ” гэв.

Т.Батболд: МОНГОЛЧУУД ТУН УДАХГҮЙ ГАР УТАСНЫ ХУЛГАЙГҮЙ УЛС БОЛНО

Гар утасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор Харилцаа холбооны зохицуулах хороо, үүрэн телефоны оператор компаниуд, цагдаагийн байгууллага хамтраад www.smartdevice.mn сайтыг тун удахгүй ажиллагаанд оруулах юм. Ингэснээр иргэд гар утасныхаа IMEI код, утасны дугаараа бүртгүүлснээр хулгайд алдсан гар утсаа хурдан шуурхай олох боломж бүрдэх ажээ. Энэ талаар Харилцаа холбооны зохицуулах хорооны мэргэжилтэн Т.Батболдоос тодруулав.


-Дээрх сайтын талаар тодруулахгүй юу. Энэхүү сайтад бүртгүүлчих юм бол гар утсаа алдсан ч буцааж олох боломжтой гэж ойлгож болох уу?

-Одоогоор www.smartde­vice.mn сайтын хөгжүүлэлтийн ажил ид явагдаж байгаа. Тун удахгүй ашиглалтад орж, иргэдийн гар утсыг бүртгэх болно. Хэрэв та гар утасныхаа IMEI кодыг энэ сайтад бүртгүүлсэн бол таны утсыг хоёрдогч этгээд ашиглах боломжгүйн дээр олох магадлал эрс нэмэгдэнэ гэсэн үг. Ер нь буцааж олох бүрэн боломжтой болно.

-Хэрхэн бүртгүүлэх талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Энэхүү сайтад иргэн гар утасныхаа IMEI код буюу дахин давтагдашгүй код, гар утасны дугаарыг өөрийн нэр дээр бүртгүүлнэ. Ингээд гар утсаа хулгайд алдсан тохиолдолд "алдагдсан" төлөвт шилжүүлэх юм. Хулгайч тухайн утсанд сим карт хийсэн тохиолдолд үүрэн холбооны операторт мэдээлэл очиж, оператор хэрэглэгчийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад шилжүүлнэ. Өөрөөр хэлбэл таны нэр дээр бүртгэл бүхий гар утсыг өөр хүн ашиглах боломжгүй болно гэсэн үг. Нэг хүн өөрийн ашиглаж буй бүх ухаалаг утас, төхөөрөмжөө бүртгүүлэх боломжтой.

-Тэгэхээр ченжүүдээс гар утас худалдан авсан тохиолдолд хулгайн утас авах эрсдэлтэй болох уу?

-Энэхүү систем ашиглалтад орж, иргэн бүр гар утасныхаа бүртгэлийг хийлгэсэн бол хулгайн утас ашиглах ямар ч боломжгүй болж ирнэ. Хэрэв ашиглах гэж оролдвол газар дээрээ баригдана гэсэн үг. Хамгийн чухал нь иргэд идэвхтэй оролцож, бүртгэлээ сайн хийлгэх хэрэгтэй. Ингэснээр монголчууд тун удахгүй гар утасны хулгайгүй улс болно.

-Гар утсаа бүртгүүлэхэд төлбөртэй юу?

-Төлбөргүй.

-Иргэн хэдэн утас бүртгүүлэх боломжтой вэ?

-Үүнд ямар нэгэн тоо заагаагүй. Хэд ч байж болно.

 

Э.МӨНХ

Өдрийн сонин