Алтан аргамжийг аргамждаг байсан төр юмсан
2018/03/22
БНМАУ гадаад бодлогоо бие даан хэрэгжүүлж байгаагүй. Харин ч зөөлөн чихнийхээ ачаар 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болоод авсан. НҮБ-д элсээд өрнөдийн орнуудтай дипломат харилцаа тогтоох боломж нээгдсэн ч заавал зөвлөлтийнхнөөс зөвшөөрөл авах ёстой.
Эс тэгвэл өрнөдийн орнуудтай харилцдаг цахилгаан мэдээний ганц сувагийг хянадаг КГБ мэдээллийг цааш илгээдэггүй байжээ. Хэрэв том толгойлж “Зөвлөлт ах нарынхаа” урдуур орж өөрсдөө асуудлаа шийдэх гэвэл харин ч хавчигдаж осолдоно. Иймд олон улсын харилцаагаа зөвхөн зөвлөлтийнхний зөвлөмжөөр зохицуулдаг дагуул Монголд байгуулсан гэрээ, хэлэлцээрээ монгол хэлээр орчуулж, албажуулах төдийлөн шаардлагагүй байсан бололтой. Үүнийг ч бас ойлгож болно. Хэнтэй хэрхэн гэрээ хэлэлцээр байгуулах, хэрхэн хэрэгжүүлэхийг хүртэл заагаад өгчихөж байгаа юм чинь.
Гэтэл ардчилсан Монголын байгуулсан хоёр талт болон олон талт гэрээ, хэлэлцээрийн албажуулсан Монгол орчуулга мөн л нүдний гэм байна.
Төрийн албан ёсны хэлээр орчуулахад төдийлөн ач холбогдол өгөлгүй өдийг хүрлээ. Уламжлалдаа байна уу, шинэчлэл ингэж явагдаж байна уу? Оюутолгойн гэрээ гэж толгойтой бүхэн нь яривч албажуулсан Монгол эх бичвэрийг нь үзсэн хүн байна уу. Холбогдох яамд нь орчуулгыг нягтлан албажуулахаас зугтаж, бие бие рүүгээ чихдэг үзэгдэл гэм биш зан. “Гүүгэлдсэн”-ээ хоорондоо шийдэлцээд суух нь холгүй байна. Нэгдэн орсон гэрээ конвенцоо орчуулалгүй “хэрэгжүүлсээр” ирсэн тохиолдолд ч бий.
Уг нь төрийн алтан аргамжийг аргамжихад үүрэг хүлээсэн гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилт чухал билээ. Амалсан амлалт, үүрэг хариуцлагаа сайн биелүүлэхэд Монгол хэлээр эх бичвэрийн албажуулсан орчуулга нэн чухал. Хэдийгээр, элсэн орсон олон улсын гэрээ дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ гэж Үндсэн хуульд заасан ч хүчин төгөлдөр болсон олон улсын гэрээний тайлбар, зөвлөмж, гарын авлага зэргийг монгол хэлээр орчуулдаггүй тул практикт ерөөсөө хэрэглэж чадахгүй байна. Тухайлбал, үлэг гүрвэл Т-батаарын олдворыг дуудлага худалдаагаар 2013 онд Америкт зарах гээд баригдахад яам тамгын газар, цагдаа сэргийлэх, тагнуулаасаа эхлээд Ерөнхийлөгч хүртэл эрвийх дэрвийхээр хөдлөхдөө 1991 онд элсэн орсон ЮНЕСКО-гийн Конвенцийг “судалж”, Соёлын сайд ЮНЕСКО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга руу албан захидал илгээж байлаа.
Хууль бусаар малтсан соёлын өвийг эргүүлэн олгоход өдгөө дэлхий нийтээр баримталж буй механизмыг 1995 онд Италийн Ром хотноо баталжээ. Хулгайлсан эсвэл хууль бусаар экспортолсон соёлын эд зүйлсийн тухай ЮНИДРУА-гийн Конвенцийн (“ЮНИДРУА-гийн Конвенц”) зарчмаар Т-батаарыг Америкчууд буцааж өгчээ. Тус гэрээнд цаг алдалгүй нэгдэн орох саналыг 2003 онд анх манай мэргэжилтнүүд төр засагт хүргүүлсэн ч түүний “угтвар” болох ЮНЕСКО-гийн Конвенцийн талаарх буруу ойлголт нэгдэн орох явцыг хойшлуулсаар өдий хүрлээ. Иймд, гадаадад алдагдсан соёлын өвийг эргүүлэн авах эрх зүйн орчныг боловсронгуй болгох шинэ гэрээнд нэгдэн орох явцыг түргэтгэхээр “Соёлын эд зүйлсийн эгүүлэг ба буцаалт: ЮНИДРУА-гийн Конвенц” номыг үндэсний мэргэжилтнүүд бичиж, саяхан хэвлүүлэн гаргалаа. Уг номд ЮНИДРУА-гийн Конвенцийн эх бичвэрийн орчуулга, тайлбар багтсанаас гадна ЮНЕСКО-гийн Конвенцийн эх бичвэрийн шинэ орчуулга ч мөн орсон.
Соёлын өвийг гэмт хэргээс хамгаалах олон улсын гэрээг судалсан манай улсын хамгийн анхны ном энэ. Дотоодын хууль тогтоомжид тусгай заалтууд боловсруулж практикт хэрэглэх шаардлагатай ЮНЕСКО-гийн Конвенцийг бодвол ямар ч тохиолдолд эрх зүйн үндэслэл болох нарийвчлан боловсруулсан заалтуудтай, шууд шүүхэд хэрэглэх ЮНИДРУА-гийн Конвенцид урьдын хэвшсэн ёсоор хэдхэн хуудас танилцуулгаар нэгдэн орох ёсгүй юм. Ер нь зарим гэрээ, хэлэлцээрүүдийн монгол хэлээрх албан ёсны эх бичвэрүүдийг нийтэд хүртээлтэй ил гаргах хэрэгтэй. Мэргэжлийн хүмүүс нь хүртэл мэддэггүй гэрээ, хэлэлцээрийг хэрхэн хэрэгжүүлэх билээ.
Социализмын үеийн хандлага амь бөхтэй оршсоор байгаагийн ойрын нэг жишээ бол 2011 онд Ерөнхий сайд Хятадад айлчлах үед байгуулсан соёлын өвийн хууль бус худалдаатай хамтран тэмцэх талаарх хэлэлцээр юм. Харамсалтай нь Монгол эх бичвэрийг яамны мэргэжилтнүүд нь хүртэл олж хараагүй байна. Мөн Италитай 1973 онд байгуулсан соёлын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хугацаат хөтөлбөрүүд байна. Эдгээр хөтөлбөрүүдэд хоёр тал ЮНИДРУА-гийн Конвенцийн зарчмыг баримтлахаар тохиролцжээ. Үүнийг мэдээж, зөвхөн Италийн гадаад хэргийн яамны вебсайтаас Итали, Англи хэлээр л үзэж болно. Хамгийн сүүлд, 2017-2020 оны хооронд хэрэгжүүлэх төлөвлөгөөнд ЮНИДРУА-гийн Конвенцийг дахиад л дурдсан байна. Дахиад л манайхан Монгол хэлээрээ танилцах нь байтугай, ийм бичиг баримт байгуулсныг ч дуулаагүй явна.
“Монголын за андгай буй за” байхад ийм байгаагүй юм шүү. 1246 онд Ромын Папаас ирсэн захидлыг анх Алтан ордны улс хүлээж аваад латинаас монгол, орос, перс хэл рүү их л нямбайлан хөрвүүлснийг итали элч Плано Карпини бичсэн байдаг. Гүюг хааны хариу захидлыг монголоор эхэлж бичээд латин, перс хэлээрх орчуулгыг хавсаргахдаа элчийг шалгаж латинаас хэсэгчлэн эгүүлэн орчуулуулжээ.
Алтан аргамжийг ингэж аргамждаг байжээ л дээ. Гэрээ, хэлэлцээр байгуулахаасаа өмнө монгол хэлээр орчуулж судлахгүй бол байгуулсан хойно нь муулаад хар толгой шаагаад яах билээ. Орчуулахаас гадна олон нийтэд ил байлгаж, сурталж түгээхэд анхаарах цаг болсныг уул уурхай, ашигт малтмалтай холбоотой байгуулсан гэрээнүүд маш тодорхой харуулж байна.
Эх сурвалжууд:
1. “Юмжаагийн Цэдэнбал”, Баабар, 2016
2. Legalinfo, http://www.legalinfo.mn/law/details/1207?lawid=1207
3. UNESCO, http://unesdoc.unesco.org/images/0013/001333/133378mo.pdf
4. http://www.mfa.gov.mn/?page_id=19014
5. http://www.news.mn/content/print/71307
6. Италийн гадаад хэргийн яам,
http://www.esteri.it/mae/resource/doc/2017/12/scan_accordo_mongolia_inglese.pdf
Х.Эрдэмбилэг
Зочин · 2018/03/23
Монгол хэл дээр гэрээ хийгээгүй юм уу? Энэ төр засаг үнэн учрыг ард түмэндээ хэлэх цаг ирж дээ
Зочин · 2018/03/23
Монгол хэл дээр гэрээ хийгээгүй юм уу? Энэ төр засаг үнэн учрыг ард түмэндээ хэлэх цаг ирж дээ