1072 хувьцааг “амилуулах” хоёр хувилбар
2018/05/10
“Эрдэнэс-Тавантолгой” компани хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийж, ногдол ашиг хуваарилахгүй байхаар тогтсон. Гэхдээ иргэдэд ногдож байгаа хувьцаа, компанийн ашгийг харвал нэг иргэнд 3000 төгрөг ногдох тооцоо хийж хэд хэдэн хувилбар гаргасан тухайгаа долоо хоногийн өмнө Ерөнхийлөгчид танилцуулж байв.
Гэвч Ерөнхийлөгчийн зүгээс “Эрдэнэс-Тавантолгой” ХК 461.1 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажилласан мөртлөө ногдол ашиг хуваарилах тал дээр хойрго хандаж байгаад шүүмжлэлтэй хандаж, 3000 төгрөг биш 300000 төгрөгийн ногдол ашиг хуваарилах санал гаргасан юм.
Тэгвэл “Эрдэнэс Монгол” компанийн захирал Ц.Түмэнцогт, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Ганхуяг, Хөрөнгө оруулалтын газрын захирал С.Ашидмөнх нар өчигдөр 1072 хувьцааг “амь” оруулах хоёр хувилбарыг Ерөнхийлөгчид танилцууллаа.
Иргэдэд ногдол ашиг тараах эхний хувилбар нь “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааны одоогийн эзэмшлийн дагуу иргэн бүрт 300 мянган төгрөгийн ногдол ашиг тараахын тулд 300 орчим сая метр куб уулын цул хөдөлгөж, 60 сая тонн нүүрс олборлож, борлуулах шаардлагатай. Гэсэн ч компани өнгөрсөн онд 47 сая метр куб уулын цул хөдөлгөж, 10.1 сая тонн нүүрс олборлож, 8.5 сая тонн борлуулсан тул үйлдвэрлэлийн энэ хэмжээг ойрын хугацаанд нэмэгдүүлэх боломжгүй гэлээ.
Харин хоёр дахь хувилбар нь Ирээдүйн өв сангийн тухай хуулийн дагуу иргэдэд ногдол ашиг тараах юм. Энэ нь төрийн өмчит уул уурхайн компаниудын орлогоос хуримтлагдаж, одоогоор зарцуулахгүй хадгалж байгаа сангаас хуваарилалт хийх хувилбар аж. Ингэхийн тулд Ирээдүйн өв сангийн тухай хуулийг өөрчилж, тус санд хуримтлагдсан ашгийг ногдол ашиг болгож тараах замыг нээх боломжтой юм байна. Энэ тооцоогоор нэг иргэнд 123 мянган төгрөг хуваарилах боломжтой бөгөөд компанийн өртгийг бууруулснаар 300 мянган төгрөгийн ногдол ашиг тараах боломжтой гэсэн урьдчилсан тооцоо хийжээ.
Тэдний саналыг сонссоны дараа Ерөнхийлөгч Х.Баттулга “Үндсэн хуулийн 6.1-т “… байгалийн баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэсний дагуу байгалийн баялгаас ард иргэдэд ногдол ашиг тараах асуудлаар удахгүй УИХ-д хуулийн төсөл өргөн барина. Хуулийн төсөлд “Эрдэнэс-Тавантолгой” компанийн төрийн эзэмшлийн 85 хувийг иргэдэд шилжүүлэх замаар иргэн бүрт очих ногдол ашгийн хэмжээг өсгөх болоод иргэдийн хувьцааг хамгаалах асуудал тусгагдаж байгаа. Компанийн удирдлагуудын ногдол ашиг хуваарилах саналыг дэмжинэ” гэлээ.
C.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин