Зүслэгдээгүй “зүрх”
2018/05/10
Парламент дахь бор халзан хонинуудын нэг. Памперстай бацаануудыгаа бодвол хөлд, хэлд орох гэж хамгийн их тэмүүлэгч. Тиймдээ ч байнгын хороо, чуулганы хуралдаан дээр үг хэлэх нь олон. Гэвч өнөөдрийг хүртэл танигдаж чадаагүй шинэков. Хөвсгөл нутгийн унаган хүүхэд тэрбээр жалгандаа танигдах гэж чамгүй хугацаа зарцуулж байснаас нь үзвэл энэ парламентын бүрэн эрхийн хугацаа ч цаашаа шүү.
Хөвсгөл хөгжил сангийн тэргүүн тэрбээр сүүлийн дөрвөн жил аймагтаа бараг л амьдарсан. Учир нь 2012 оны сонгуулиар нутагтаа нэр дэвшиж ялагдал хүлээсэн тэрбээр эхлээд жалгандаа танигдаж, зон олондоо зүслэгдэх хэрэгтэйг ухаарсан хэрэг. Тиймээс дараагийн сонгууль болтол нутагтаа “хоноглож”, нойр хоолгүй зүтгэсэн гэлцдэг. 1985-1995 онд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 10 жилийн дунд сургууль, 1995-1999 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг дүүргэсэн хуульч мэргэжилтэй Л.Мөнхбаатар.
1999-2000 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны эрх зүйн шинэтгэл, стратегийн нэгдсэн төлөвлөлтийн газарт мэргэжилтэн, 2000-2006 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэрэгтэй тэмцэх бодлого зохицуулалтын албанд ахлах мэргэжилтэн, 2006-2008 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга, 2008-2009 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийн дарга, 2009-2011 онд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан намтартай.
Хэдийгээр арвин намтартай ч тийм эрх мэдэлтэй нэгэн байсангүй. Ямартаа УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр энэ талаар хэдэнтээ мэдээлэл хийж билээ. Гай газар доороос, гахай модон дотроос гэгчээр Л.Мөнхбаатарыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байхад Ц.Шинэбаяр намаасаа гарч, МАХН-ын түр штабын ерөнхий зохицуулагчаар ажиллаж байв. Товчхондоо МАХН хэмээх нэрийг Н.Энхбаяр өвөртөө оруулахаар хөөцөлдөж байсан үе. Тухайн үед эл нэрийг гартаа оруулах, төрийн бус байгууллага байгуулахын тулд Улсын бүртгэлийн ерөнхий газартай холбогдохоос өөр арга байгаагүй нь мэдээж.
Л.Мөнхбаатар “МАХН-ын түр штаб” гэдгийг нь сонсоод “дээрээс асууя” хэмээн хэд, хэдэн удаа буцаасан гэж Ц.Шинэбаяр гишүүн бухимдсан юм. Түүнийг ийнхүү Л.Мөнхбаатар саатуулж байх зуур МАН-ынхан МАХН хэмээх товчлолын байж болох хувилбаруудыг эзэмшсэн байсан гэх нь бий. Юутай ч Л.Мөнхбаатар Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан тушаалд байхдаа намын үүргээ сайн биелүүлсэн ч эрх мэдэлгүй, үүрэг гүйцэтгэгч төдий нэгэн гэх сэтэртэйгээр чөлөөлөгдөж билээ.
Монголын хуульчдын нэгдсэн холбооны тэргүүн, Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлийн дэд дарга, Хөвсгөл хөгжил сангийн тэргүүн, Хотгойдын Чингүүнжав сангийн удирдах зөвлөлийн гишүүн, МҮХАҮТ-ын арбитрын танхимын арбитрч. Монгол Ардын Намын Бага хурлын гишүүн тэрбээр жилийн 28352.55 төгрөгийн орлоготой. Уг нь мань хүн 12000.00 төгрөгийн орлоготой парламентын босго алхаж байжээ. Дараа жил нь хөрөнгө нь учиргүй аривжиж 137240.55 саяар нэмэгдсэн атал энэ жилийн хувьд ялигүй буурчээ. Гэр бүлийн орлогын хувьд 2015 онд 252.00 төгрөг хэмээн бүртгүүлсэн бол 2016 онд 2304.00, 2017 онд 2880.00 төгрөг болжээ. Даагаа нэхэн байж, УИХ руу орж ирсэн түүнд гишүүний сэнтий зохисон гэж ванлий бололтой. Хөрөнгө орлого нь ч хэдэнтээ аривжсаныг харахад. Хадгаламж нь ч мөн нэг орноор нэмэгдсэн нь анхаарал татна.
Өнгөрсөн жилийн хувьд ялимгүй буурсан нь магадгүй утааны улирлаас дайжиж, хилийн чанадад хэд хоносонтой нь холбоотой байж мэдэх юм. Улаанбаатарт өвөл айлчилж, утааны улирал эхлэхтэй зэрэгцэн төрийн түшээд хилийн дээс алхах нь элбэг.
Нийгмийн шуудан сонин