Ипотекийн зээл зогсонги байдалд орсон уу
2018/07/19
Хүн амыг орон сууцжуулах Ипотекийн зээл олгох явц эдийн засгийн хямралтай зэрэгцээд хэсэг хугацаанд зогсоод байсан ч Засгийн газраас энэ хөтөлбөрийг дахин үргэлжлүүлэхээр болсон гэж мэдэгдсэн ч үр дүн нь харагдахгүй өдийг хүрлээ.
Сүүлийн хэдэн сар үл хөдлөх хөрөнгийн үнэ нэлээд буурсан учраас иргэдийн дунд хямд өртөгтэй байгаа дээр байр орон сууцтай болохыг эрмэлзэн банкны үүд сахин зээлийн материалаа бүрдүүлж өгсөөр. Гэсэн ч үүнд нь ипотекийн найман хувийн зээл саад болсоор байгааг барилгын салбарынхан мэдэгдэж байна. Орон сууцны зээл хамрагдахаар иргэд 30 хувийн урьдчилгаа мөнгөө бэлдэн хүлээж, нөгөө талд ашиглалтанд орсон барилгууд оршин суугчдаа хүлээсэн дүр зураг их.
Олон Улсын Вальютын сангийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-т хамрагдсантай холбогдуулан ипотекийн зээлийн хөтөлбөрийг төсвийн шинжтэй санхүүжилт гэж үзээд ипотекийн зээлийг Монголбанкны эх үүсвэрээр санхүүжүүлэхийг хязгаарласан байдаг. Иймээс зээлийг Засгийн газар өөрийн эх үүсвэрээс хэрэгжүүлэхээр болж, Монгол Улсын 2017 оны төсвөөс 111.0 тэрбум төгрөг, Монголбанкнаас зээлийн үндсэн төлөлтийг буцаан таталгүйгээр 192,0 тэрбум төгрөгөөр ипотекийн зээлийг дахин санхүүжүүлсэн. Улмаар 2018 оны хувьд Засгийн газраас 120.0 тэрбум төгрөг, Монголбанкны зээлийн эргэн төлөлтөөс 180.0 тэрбум төгрөг санхүүжүүлэхээр төлөвлөж байгаа тухай 2018 оны нэгдүгээр сард гүйцэтгэх засаглалын тэргүүн мэдэгдсэн.
Хэдийгээр энэ хөтөлбөр санхүүжилттэй болж хэрэгжиж байгаа талаар Барилга хот байгуулалтын яамнаас мэдэгдсэн ч нүдэнд харагдахуйц үр дүн харалгүй зуны улиралтай золголоо.
Найман хувийн зээл олголттой холбоотойгоор банкны үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас энэ талаар тодруулахад тэд өөр өөрсдийн байр сууриа илэрхийлсэн. Голомт банкны хувьд зөвхөн өөрийнх нь банктай гэрээ байгуулсан барилгын компаниудаас байр авбал иргэдэд найман хувийн зээл олгож байгаа аж.
Харин Хаан банкны хувьд санхүүжилт цаанаасаа зогссон учир зээл олгохгүй байгаа гэсэн тайлбар өгчээ. Тэгвэл Хас банк иргэдийн материал хүлээж авч байгаа ч санхүүжилт удаан хүлээгдэж байгаа гэсэн бол Худалдаа хөгжлийн банкны шаардлага нь тус банкны санхүүжилтээр баригдсан барилгуудаас сонголт хийвэл найман хувийн зээл олгоно гэсэн тайлбаруудыг өгсөн байна.
Монгол банкны удирдлагуудын зүгээс найман хувийн зээлийн санхүүжилт хэвийн олгогдож байгаа энэ жил 340 тэрбум төгрөгийн санхүүжилтээр ипотекийн зээл олгоно, Улсын төсвөөс 120 тэрбумыг дөрвөн улирал дараалан олгохоор болсон. Гуравдугаар сард л гэхэд 30 тэрбум төгрөг олгосон гэх тайлбар өгчээ.
Үүнээс харахад албаны хүмүүсийн тайлбар болон бодит байдал дээрх хэрэгжилт хоёрын хооронд эрс тэрс үр дүн харагдаад байгаа. Бодит байдал дээр хэрэгжихгүй байгааг албаны эрхэмүүд анзаарахгүй явсаар байна уу. Ипотекийн зээл гацаанд орчихсон энэ асуудлыг хэзээ анхааралдаа авч дорвитой шийдвэр гаргахыг орон сууцтай болохыг хүссэн иргэд хүлээсээр байна.
С.Отгон
Улаанбаатарын иргэн · 2018/07/19
Арилжааны банкууд өөрсдийн зээл өгсөн барилгын компаниудын хэдэн барилгадаа 8%-н зээл өгдөг. Зөвхөн тэр байрнуудаас худалдаж авч байгаа хүмүүсийн зээл бүтэж байгаа. Бусад хүмүүсийн хувьд ипотекийн зээл зогссон. Байдал ийм байхад сар бүр хэдэн зуун тэрбумын ипотекийн зээл өглөө гэж засгийн газар нь худлаа тоо зарласаар удлаа. БАНК + Барилгын копани 2 хамтарч байр зарж, зээл олгож байна. Хэтэрхий шударга биш байна.