Н.Энхбаяр: Тархиа хөгжүүлье гэвэл хоолноос соёлтойгоор татгалзаж сурах хэрэгтэй
2018/07/31
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяртай ярилцлаа. Архангай аймгийн Өгий нуурт болсон Триатлоны улсын аварга шалгаруулах тэмцээний сонирхогчийн ангилалд оролцсоных нь дараахан түүнийг ярилцлагад урьсан билээ.
-300 метр сэлж, таван км дугуй жииж, хоёр км гүйж барианд орлоо, Та. Триатлон үзэхэд л тэсвэр тэвчээр шаардсан спорт гэдэг нь илт байлаа. Оролцоход ямар байв?
-Маш сайхан байна. Ядарсангүй. Шинэ төрлийн экстрим спорт Монголд хөгжиж байгаа нь сайхан байна. Энэ сайхан спорт руу нэг ч болов хүний анхаарлыг хандуулах, уруу татах гэсэндээ оролцлоо. Түүнээс биш түрүүлэх гэж уралдсангүй.
-Та энэ удаагийн триатлоны улсын аваргад оролцох шийдвэр хэзээ гаргав. Бэлтгэл хэр хийсэн бэ?
-Хэдэн жилийн өмнөөс л Триатлоны холбооныхон та спортын хүн, манай зохиодог тэмцээнд оролцохгүй юм уу, ирж тэмцээн үзэхгүй юм уу гэдэг байсан. Би үзэх юмсан, бүүр оролцох юмсан гэж бодно. Тэгсэн мөртлөө өөрийгөө голно. Чадахгүй мөртлөө очиж хүмүүст дараа болоод яахав гэж бодоод цааргалаад байсан. Харин энэ жил Триатлоны холбооны дэд ерөнхийлөгч Жаргалсайхан урилга гардууллаа. Хичнээн жил хэлүүллээ, очихгүй байх эвгүй юм даа гэж хүндэтгээд очъё гэсэн. Гэтэл Жаргалсайхан, “Та зүгээр нэг очих биш, тэмцээнд оролц” гэсэн. Тэмцээний удирдамжийг сонссон чинь болмоор ч юм шиг. Сонирхогчдын ангилал нь боломжийн, оролцож болмоор санагдсан. Гол нь би түрүүлэх нь чухал биш, оролцож нэг ч гэсэн хүнийг энэ спорт руу уруу татах нь л чухал байлаа.
-Бэлтгэл…?
-Яг ингээд өөрөө уралдахад туршлага дутаж байна. Дугуй, гүйлт дээр бол бусдаас дутаад байх юм алга. Сэлэхэд жаахан хүнд байлаа. Би ер нь сэлэх дуртай, гайгүй сайн сэлчихдэг байсан юм. Би сэлэх их дуртай, бас ч гайгүй сэлчихдэг байсан. Харамсалтай нь шөрмөсөө таслуулаад түүнээс хойш мөр мултардаг болчихсон. Мөрний аяга нь сэтэрчихсэн. Тийм учраас хамаагүй даллахад эвгүй байлаа. Мөрөө гэмтээснээс хойш хэдэн жил би ерөөсөө сэлээгүй л дээ. Сая бараг далласангүй. Мэлхий самралтаар явсан. Тиймээс аргагүй хоцорсон л доо. Сэлэлтээс бол ядраагүй, гэхдээ л хоцорсон. Мөрнийхөө мултралаас сэргийлж сэлэлтийнхээ аргыг өөрчлөхгүй бол өмнөх шигээ хүчтэй даллаж сэлж болохгүй байна.
-Гэхдээ та яагаад усандаа босоод алхсангүй вэ. Зарим тамирчин ядрахаараа алхаж харагдсан?
-Би дүрмээрээ явах гэж их хичээлээ. Надад нэг ч алхаж болохгүй, дандаа сэлээрэй, ядарч байгаа бол зогс, эсвэл сэлэлтийнхээ аргаа өөрчил, харин алхаж л болохгүй гэсэн. Би тэр дагуу сэлээд байлаа. Нөгөө хэд маань яваад байдаг. Би буруу үлгэр үзүүлж болохгүй шүү дээ. Ерөнхийлөгч байсан нэг хачин нөхөр ирчихээд л зарим нэг хүн шиг гүйгээд байж болохгүй л дээ. Сонирхогчийн зарим нь яваа л биз. Би бол тэгж болохгүй. Анхнаасаа л журмыг ганц ч зөрчиж болохгүй гээд сэлчихсэн. Дугуй руу шилжихэд би өмнөх хүмүүс маань хэр зэрэг хол явсан бол гэж бодохгүй юу. Анзаарч харж байсан. Сонирхогчдын ангилалд оролцсон тамирчдаас юу анзаарагдсан гэхээд дугуй унахдаа өөд газар араагаа удирдаж чаддаггүй юм байна. Араагаа удирдаж явахгүй бол өгсөх зам их хүнд байдаг. Тэгж явахаар их ядардаг. Хоёр тийшээ найгаад л их хүнд явж байгаа нь анзаарагдсан. Дугуй байнга унадаг надад бол энэ нь боломж. Би ганц хоёроор нь гүйцээд гүйцээд явсан. Гэтэл уралдааны зам тавхан километр. Энэ бол дугуйн дээр маш ойрхон зай. Дорхноо ороод ирсэн. Дахиад нэг тойрог хийсэн бол бүр илүү олон тамирчныг гүйцэх боломжтой байлаа. (инээв) Сонирхогчийн тэмцээнээс юу анзаарагдсан гэхээр сэлэлтдээ илүү анхаараад гүйлт, дугуй хоёрын зай арай богинохон санагдсан. Гүйх замд зарим тамирчин алхаж байгаатай таарсан. Шогшиж ч байсан. Би бас залуусынхаа хор шарыг хөдөлгөөд өмнөх тамирчиндаа дөхөөд очихоороо “За гүйцлээ шүү” гэж байгаа юм. Залхуураад шогшоод эсвэл алхаад явж байсан хүмүүс чинь намайг гүйж байхыг хараад гүйж эхэлж байгаа юм. Ялангуяа миний өмнө 150 метр орчмын өмнө нэг махлаг залуу ядарсан байртай явж байсан. Намайг харангуутаа л гүйчихсэн. Эргэж хараад л гүйгээд байсан. Яг барианд бараг зэрэгцээд орсон. Тэр залууд бас өрсөлдөөнтэй сайхан санагдсан байх гэж найдаж байна.
-Ирэх жилийн Триатлоны улсын аваргын тэмцээнд орох уу гэж асуувал эртдэхгүй байх?
-Амьдрал баян. Гэхдээ зав зай гараад сэлэлтийн бэлтгэл жаахан хийчихвэл оролцоно оо. Гэхдээ сонирхогчийн ангилалд биш элит ангилалд ороод үзье гэж бодлоо. Илүү сонирхолтой байж магадгүй. Дэлхийн залуусын сонирхлыг маш их татаж байгаа спорт манайд хөгжиж байгаад би ч бас хувь нэмэр оруулмаар байна. Уулын цана, триатлон гээд экстрим спортууд манай улсад орж ирж байгаа нь зөв хандлага.
-Сонирхогчдын ангилалд оролцсон тамирчдаас олны анхаарлын төвд яах аргагүй та байлаа. Таныг илүү их анхаарч ажиглалаа л даа. Сэлэлтын дараа дугуй руу шилжихдээ та урдаа байсан арваад тамирчныг гүйцэж түрүүлсэн, гүйлт дээр бас нэлээд тамирчныг ардаа орхисон. Энэ хоёр төрлийн зам илүү урт байсан бол танд боломж бас тэр хэрээр нэмэгдэх байсан болов уу гэж үзэгчийн хувьд анзаарагдсан…
-Мэдээж энэ хоёр төрөл надад илүү ойр байсан. Дугуй унах, гүйх гэдэг бол миний байнгын бэлтгэлтэй байдаг төрөл. Элит ангиллын дугуйн зам, гүйх тойрог гурав дахин хол байсан. Тэгэхээр сэлэлтээрээ алдсаныгаа нөхөх боломжтой юм билээ.
-Элит дээр жишээ нь сэлэлтээр түрүүлсэн залуу барианд орохдоо нэгээр гарч чадаагүй.
-Тэгсэн, бас Гансүх гээд залуу сэлэлт дээрээ дундуур орж ирсэн. Хашир туршлагатай тамирчин, дугуйгаараа нөхөөд, гүйлтээрээ бас нөхөөд яг барианд хоёроор орж ирсэн. Гурван төрлийн аль алинд нь тэнцүү бололцоо олгох нь ийм л ашигтай юм билээ.
-Таныг “IronMan” клубын тамирчин гэж зарлаж байсан. Энэ клубт бэлтгэл хангасан уу?
-Нарнаа гэж триатлоны спортыг Монголдоо хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулж яваа залуу байдаг юм. Надтай хамт дугуй унадаг залуу л даа. Триатлоны тэмцээнд оролцох урилга авчихаад энэ тухайгаа Нарнаад хэлсэн. Олон жил сэлээгүй гэдгээ ч хэлсэн. Тэгсэн хамтдаа хоёр, гурван бэлтгэл хийгээдхье гээд өөрийн клуб дээрээ урьсан. Нарнаа “IronMan” клубын тамирчин юм билээ. Тэгээд л энэ клубын нэр дээр орлоо. Энэ баг маань байгуулагдаад гуравхан сар болж байгаа юм билээ. Гэсэн ч амжилт дүүрэн оролцсон.
-Үнэхээр төмөр хүмүүс л энэ спортыг сонгож хичээллэх юм байна гэж бодогдсон шүү. Задгай усанд сэлээд л, шууд дугуйгаар олон километр уралдаад л, гүйгээд л.
-Ironman-ууд 10 орчим км усанд сэлээд 180 км дугуйгаар жийдэг, 42 км гүйдэг юм билээ. Дэлхийн рекорд 8.30 цаг байдаг. Төмөр хүн гэхээс аргагүй. Олимпийн төрөл нь 1500 метр сэлээд 40 км дугуйгаар явж, 10 км гүйдэг. Чадвал би олимпийн замыг туулъя гэж бодож байгаа. Хамгийн гол нь сэлэлт дээр л бэлдэх хэрэгтэй байгаа.
-Задгай ус сэлэхэд өөр байна уу?
-Арай өөр юм байна. Усан санд баримжаатай. Доороо шугамтай, ус тунгалаг. Тэгээд явах зам ойлгомжтой. Маш тухтай нөхцөлд бид бассейнд ордог юм байна. Харин нуурын ус бол замаг, шороо шавхайтай, булингартай. Хаана сэлж байгаа нь баримжаалахад хэцүү. Би жишээ нь анх гарахдаа бөмбөлгөө харалгүй нэлээд цаашаа явчихсан. Элитийн төрөлд нэг эрэгтэй тамирчин буруу замаар яваад буцаад нэлээд цаг алдаж байгааг та хэд харсан л байх. Нуурын ус сэлэлтийн техник бас нэлээд шаарддаг юм байна. Бассейнд бол толгойгоо өргөх ямар ч шаардлага байхгүй, бүх юм харагдаж байдаг. Хүйтэн ус руу орж байгаа учир зарим тамирчин шөрмөс татаж байна лээ. Миний хувьд тийм асуудал гарсангүй.
-Дугуйн бэлтгэл бол танд хангалттай байдаг биз дээ?
-Би өөрөө дугуй унах их дуртай. Өдөр болгон биш гэхэд долоо хоногтоо дөрвөөс таван удаа дугуйгаар явчихна. Нэг явахдаа 30-40 км явчихдаг болохоор гайгүй л дээ.
-Богд уулыг та бас тойрдог байх аа. Хэдэн км байдаг юм бэ?
-110 км байдаг юм.
-Богд уулыг гороолоход хичнээн цаг зарцуулдаг вэ?
-Зургаан цаг л явдаг юм. Тасралтгүй жийхэд зургаан цаг л болдог. Хааяа бэлдсэн хөнгөхөн зүйл иднэ, ихэнхдээ зөвхөн ус уугаад л явчихдаг. Залуусыг би бас Богд уулаа дугуйтай тойроорой гэж уриалдаг юм. Их гоё, гороолж байгаатай адилхан санагддаг.
-Та зундаа Богд уул руу хэдэн удаа явж амждаг вэ?
-Хоёр удаа л явдаг. Цаг заваа зохицуулна, хамт явах хүмүүсээ харна. Хоёроос илүү хэтрэхгүй юм аа.
-Дугуйгаар бол багаасаа хичээллэсэн үү?
-Хар багын л дугуй унадаг байсан. Сүүлд Ерөнхий сайд байхдаа нэлээд эрчимтэй унаж эхэлсэн. Ерөнхийлөгч байхдаа ч унадаг байсан. Солонгост эмчлүүлж байхдаа Хан мөрний эргээр дугуйгаар их явсан. Эмч нар ч зөвлөж байсан. Таны зүрх судасны үйл ажиллагааг сайжруулахад дугуй унах, гүйх их чухал. Тийм учраас байнга дугуй унаж, гүйж байгаарай гэж зөвлөж байсан. Хан мөрний эргээр дугуй унаж, Ёидогийн цэцэрлэгт хүрээлэнд гүйдэг байсан.
-Одоо өглөө бүр гүйх цаг гарч байна уу?
-Нэг хэсэг би өдөр болгон гүйдэг байлаа. Сүүлийн үед дугуйгаа арай илүү унаж байгаа. Хамт дугуй унадаг хүмүүс маань ч их сонирхолтой. Өөрөөсөө илүү хүмүүстэй хамт дугуй унах гоё байдаг. Чирэгдэж, өөрийгөө хурцалж унадаг. Нарнаа, Өлзий-Орших гавьяаттай би жишээ нь дугуй хамт унадаг. Унах техникийг нь харж туршлага судлах жишээний. Гүйлтэн дээр Буджаргал гээд мундаг залуутай хааяа хамт гүйдэг. Даанч Буджаргал маань гүйнэ гээд тив алгасаад явчихдаг. Тэгэхээр хамт гүйх хүнгүй болчихно. (инээв)
-Та өглөө хэр эрт босдог вэ?
-Янз бүр л байдаг. Сая ууланд гарах гээд нэлээд эрт босч бэлтгэл хангасан. Уулыг басч болохгүй. Тулгатай хамт (МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга сурв) өглөө тав хагасаас зургаагийн хооронд уулынхаа бэлд очоод дээшээ авирдаг байсан. Эсвэл Мөнхсайхантай хамт уулын бэлтгэл хийнэ. Мөнхсайхан гэж манай намд байдаг, өмгөөлөгч залуу бий. Уулын орой руу шууд авирдаггүй. Ташуу ташуугаар тэшиж гардаг юм. Түүнтэй хамт бас тэгж тэшиж, ташуу замаар уул руу гардаг. Мөнхсайханы философи их гоё. Тэр заавал орой дээр гарах биш, гүйж жаргалыг эдлэх гэдэг юм. Заавал ядраад л орой дээр гарна гэж зүтгээд л “Хөөх ямар хол юм” гэж ялархаж бодохгүй, зүгээр л жаргаж гүйж байна гэдэг. Өглөө 6.50 гэж гүйдэг залуу. Биедээ ачаалал өгөөд сэтгэл зүйн хувьд жаргаж гүйдэг залуу. Ингэж гүйдэг болсноосоо хойш арван кг хаячихлаа гэж байна лээ. Ер нь спортоор хичээллэхийн хамгийн наад захын ашиг тус биеийн жингээ хэвийн хэмжээнд барих боломжтой. Жин гэснээс хүн өөртөө хоолны дэглэм тогтоох ёстой гээд би нэг шог яриа хэлдэг юм. 35 нас хүртлээ хүн юу дуртайгаа, хоногт хэдэн ч удаа хамаагүй ид, чи шингээж чадна. 35-45 нас хүртлээ арван жил чи өдөрт гурван хоол идэж сур. Өглөө, өдөр, орой. Түүнээс илүү хэрэгггүй. 45-55 насны хооронд оройн хоолноосоо хааяа татгалз. 55-65 насны хооронд оройн хоол бүү ид. 65-75-ын хооронд ганц хоёр цагаан хоол идэж бай. 75-85 насанд цагаан хоолонд ор. 85-аас дээш насанд өдөр бүр цагаан хоол ид гэж хэлээд байгаа юм. Хүн ерөөсөө мөнхийн 25 настай юм шиг сэтгэж хооллож болдоггүй юм байна. Өдөрт хичнээн удаа хооллоод л, би багадаа дуртай байсан юм гээд хурц хоол идээд байвал чиний бие эсэргүүцдэг юм байна. Биедээ буруу ачаалал өгсөөр байгаад зүрх судас, тархины судасны хатуурал болно. Энэ хэд бүгд буруу хооллолттой холбоотой байдаг. Хүн ер нь хэд ч наслаж болно. Гагцхүү тэр хугацаандаа эрүүл сэтгэдэг байх ёстой. Хүн яах гэж амьдарч байгаа билээ дээ. Зүгээр нэг төмс ногоо шиг байж болохгүй биз дээ. Сэтгэж чаддаггүй, бодож чаддаггүй бол утгагүй биз дээ. Эрүүл сэтгэдэг байхын тулд хоол болон спорт маш чухал. Хүн төрөхдөө л програмчлагдсан мэт зарим хүн ярьдаг. Үгүй шүү дээ. Хамгийн энгийнээр хэлэхэд зовоох тусам бие чангардаг. Оюун ухаан ч мөн адил. Ямар нэг хэл суръя гэж хичээх тусам оюун ухаан хөгшрөхгүй. Залхуураад л байвал эрт хөгширнө. Бие ч, оюун ухаан ч тэр ялгаагүй. Хөдөлмөрлөвөл хөгширдөггүй. Харамсалтай нь манай монголчууд эрт хөгшрөөд байна. Залхуураад байна. Оюун ухааны хувьд хэзээ ч залхуурч болохгүй. Германууд яаж байна. Тэтгэвэрт гарлаа, дахиад л дээд сургуульд сурч байна. Намайг Ерөнхийлөгч байхад манай улсад Элчин сайдаар ажиллаж байсан герман хүн “Би удахгүй тэтгэвэрт гарна. Нутагтаа очоод дээд сургуульд орно. Монголд ирээд Буддын шашны нарийн философи хоосон чанарын тухай их сонирхдог боллоо. Тиймээс Буддын судлалаар дээд сургуульд сурна, цол хамгаална” гэж байсан. “Би Германдаа очоод тэтгэвэрт гарна. Гэхдээ дахиад сурна. Миний хувьд дахиад амьдрал эхэлж байна” гэж байсан. Тийм гоё зорилготой.
-Таны хоолны дэглэмийг сонирхож болох уу?
-Би оройн хоол огт иддэггүй. Өдрийн хоолноос хойш хоол иддэггүй. Өдрийн хоолоо хамгийн оройдоо 15 цагт иддэг. Тэгж тогтоод 15 жил болж байна. 1982-1984 онд Зохиолчдын холбоонд байхдаа О.Дашбалбар бид хоёр цагаан хоолтон болж байсан. Одоо ч гэсэн заримдаа бүтэн өдөр цагаан хоол иддэг. Ний нуугүй хэлэхэд тэр бүхэн нөгөө айхтар өлсгөлөнгийн үеэр надад тус болсон. Бясалгал, спорт, цагаан хоолны дэглэм тэр үед надад их тус болсон. Амьдрал баян, юу ч тохиолдож болно. Тэр үед хоолоо зохицуулж, оюун ухаанаа удирддаг байх хэрэгтэй юм байна гэдгийг маш сайн ойлгосон. Өглөөдөө би махан юм иддэггүй. Хүнд хоол идье гэвэл өндөг идчихдэг. Өглөө овьёосны, гурвалжин будааны чанамал каш иднэ. Талх масло, жимсний чанамал идчихнэ. Манай Цолмон маш сайхан каш хийдэг. Өдөр хоол иднэ. Би нэг их хоол голоод байдаггүй юм. Заавал тийм хоол иднэ гэсэн юм байхгүй. Зохиолчдын холбоонд байхдаа цагаан хоолтон болж байх үед “Цог” сэтгүүлийн Ч.Нацагдорж хэлж байсан. Сахал Нацагдорж гэдэг юм даа. Их амьдралын ухаантай хүн. Тэрбээр, Дашбалбар бид хоёрт “За хоёр залуу сайн байна. Гэхдээ юу ч идсэн хамаагүй сэтгэл чинь л бохирдохгүй байх нь чухал шүү. Түүнээс цагаан хоол идсэнээрээ ариухан сэтгэлтэй болчихдог юм биш шүү. Гэхдээ юу ч идсэн шингээж чаддаг болвол зүгээр шүү гэж хэлж байсан” гэж байсан. Тэр үгийг би одоо ч санаж явдаг. Яахав хоол сэтгэлд бас нөлөөлнө л дөө. Махан хоол хүнийг догшин болгодог талтай. Хэтэрхий хурц хоол л идэхгүйг хичээдэг. Түүнээс биш тийм ч хоол иддэггүй, ийм ч хоолонд дургүй гэдэггүй. Миний хооллох философи бол хоолыг олуулаа идэх. Гэр бүлээрээ, хамт олноороо, найз нөхдөөрөө хооллох дуртай. Олуулаа идсэн хоол шингэц ч сайн байдаг. Дээр үед хүн түүхий мах идэж байх үедээ тархи толгойны хөгжил гэж бараг байгаагүй. Хүний бүх цус түүхий махыг боловсруулахад дайчлагдаж байсан. Харин гал гэдэг айхтар гоё нээлт хийснээр тархины хөгжилд хувьсгал авчирсан. Гал дээр хоолоо болгож иддэг болсноор хүн төрөлхтөн сансарт ниссэний дайтай л нээлт хийсэн. Галыг яаж дээдэлдэг байсан нь Ховдын Цэнхэрийн агуй дахь гал манаж байсан ул мөрөөс харагддаг. Хэдэн мянган жил гал манасан мөр тэнд байдаг. Болсон хоол иддэг болсноос хойш хүний ходоодны үйл ажиллагаа эрс багасаад цус нь тархиа хөгжүүлэхэд дайчлагдсан. Хүн төрөлхтөн тэгж хөгжсөн нь үнэн юм чинь бид одоо ч гэсэн ходоодондоо их ачаалал өгч яах юм. Тархиа ажиллуулахын оронд ходоодоо ажиллуулж яах юм, тийм үү. Эцсийн эцэст хүн ходоодныхоо төлөө амьдарч байгаа юм уу, тархиараа ажиллаж амьдрах гэж байгаа юм уу гэдэг л асуулт гарч ирнэ. Ходоодныхоо төлөө амьдарч байгаа бол одоо яая гэхэв. Олдсон газар бүртээ идээд л явахаас. Тархиа хөгжүүлье гэж байгаа бол хоолноосоо санаатайгаар, соёлтойгоор татгалзаж сурах хэрэгтэй. Хоолноос татгалзлаа гээд хүн өлсдөггүй юм. Магадгүй илүү баяр баясгалантайгаар эрүүлээр өөрийгөө удирдаж сурдаг. Эрүүл биед саруул ухаан гэдэг дээ.
-О.Дашбалбар гуай та хоёр 1982 онд яагаад цагаан хоолтон болохоор шийдэж байсан юм?
-Яахав, тэр үед буддын шашныг тогтолцоо маань хүлээн зөвшөөрдөггүй байлаа. Бид тогтолцоотойгоо зарим зүйл дээр бас санал нийлэхгүй байлаа. Сайн юмны хажуугаар саар зүйл ч байсан. Тэрэнд шүүмжлэлтэйгээр хандаж байсны нэг нь энэ. Шүүмжлэлтэйгээр хандахдаа яадаг байсан гэхээр хориотой зүйл рүү тэмүүлдэг байсан. Буддын шашин хориотой байсан, тэгэхээр буддын шашныг судалсан. Хориотой ном уншсан, хориотой дуу хөгжим сонссон. Энэ дуун дээр юу өгүүлсэн болоод хориод байдаг юм гээд сонирхож судална. Би орос сургуульд сурч байсан болохоор оросоор ойлгоно, англи хэл үзсэн болохоор англиар ойлгоно. Надад давуу тал байсан л даа. Тэгээд буддын шашин нэгэнтээ л Монголын нэг том соёл юм чинь илүү гүнзгий судалъя гээд судалсан. Гүнзгий судлахын тулд өөрөө бас тэр орчинд орох ёстой болдог. Тэгээд л цагаан хоолтон болж байлаа. Буддын шашин судлахаар өөрийн эрхгүй мацаг барих соёл, махнаас татгалзах соёл, аливаа амьд амьтанд хор учруулахгүй байх соёл гээд л бүгдийг өөр дээрээ тусгаж авдаг. Цагаан хоолтон болох маань тэр үед оюуны хэрэгцээ байлаа. Бид хоёр бие биенийгээ зоригжуулж байсан учир цагаан хоолтон болж чадсан. Муу зүйл байгаагүй. Гэхдээ тухайн үед махыг орлох юм бараг байсангүй. Сүү цагаан идээ ч ховор байлаа. Бид хоёрын хоол чанасан төмс, жигнэсэн лууван байцаа, будаа л байлаа. Аарц цөцгий нүдний гэм. Цагаан хоолтон байх амар биш байсан ч маш гоё байсан. Миний хувьд уураг дутагдаад цус бүлэгнэлт удааширч эхэлсэн. Аав, ээж санаа зовоод ятгаад, уургаа нөхөхийн тулд эргээд хоёр жилийн дараа маханд орж байсан. Мах орлох өөр зүйл олдоогүй учир махан хоол идэж эхэлсэн. Гэхдээ тэр үеэс эхлээд өөрийгөө удирдахад маш амар болсон.
-Та бясалгал хийж байгаа юу?
-Одоо тэр болгон амжихгүй. Хааяа маш богино хугацаанд бясалгана. Бясалгал хийх маш гоё, гэхдээ хэцүү. Өөрөө өөртэйгөө л тэмцдэг. Хүний оюун ухаан өөрөө саваагүй сармагчинтай адилхан гэдэг. Нэг ч тийм юм бодоод, нэг ч өөр юм хүсээд л. Тэр саваагүй сармагчинг гинжилж нэг газар суулгаж сурна гэдэг их хэцүү. Бясалгал бол оюун ухааны маш гайхалтай дасгал болдог. Худлаа юманд маш их хууртдаг гэдгийг бясалгал мэдрүүлдэг. Нөгөө газар байхдаа ч би бясалгал хийж байсан. Мэргэн хүмүүсийн номыг уншиж байхад хүн бясалгал хийгээд сурчихвал хүн өөрөө бясалгал хийхгүй бясалгаж амьдардаг болчихдог юм билээ. Явж байхдаа, хоол идэж байхдаа, хүнтэй ярьж байхдаа хүртэл бясалгаж байдаг болчихдог гэнэ лээ. Тэр бол дараагийн шат байх аа.
С.Ононтуул
Зочин · 2018/08/01
dahij garaasai uls turd
Зочин · 2018/08/01
dahij garaasai uls turd
Зочин · 2018/08/01
dahij garaasai uls turd
з · 2018/08/01
энэ дурак улс тороос зайлаа гай болно цолмонгийн засаглал ттгтоно
з · 2018/08/01
энэ дурак улс тороос зайлаа гай болно цолмонгийн засаглал ттгтоно
з · 2018/08/01
энэ дурак улс тороос зайлаа гай болно цолмонгийн засаглал ттгтоно
з · 2018/08/01
энэ дурак улс тороос зайлаа гай болно цолмонгийн засаглал ттгтоно
Зочин · 2018/08/01
энэ дурак улс тороос зайлаа гай болно цолмонгийн засаглал ттгтоно
Zochin · 2018/08/01
Saihan, surgamjtai zuilsuud helj bna. Tand eruul enh, ajliin amjilt husye!
Zochin · 2018/08/01
Saihan, surgamjtai zuilsuud helj bna. Tand eruul enh, ajliin amjilt husye!
Zochin · 2018/08/01
Saihan, surgamjtai zuilsuud helj bna. Tand eruul enh, ajliin amjilt husye!
Зочин · 2018/08/01
Saihan, surgamjtai zuilsuud helj bna. Tand eruul enh, ajliin amjilt husye!
Зочин · 2018/08/01
Saihan, surgamjtai zuilsuud helj bna. Tand eruul enh, ajliin amjilt husye!
Зочин · 2018/07/31
olsoglon zarlaad bsan ugaasaaa ooriigoo beldtsen bsal ym bnshdeeee