Цахим сүлжээнд ан, амьтан агнасан зураг тавих хориотой
2018/08/09
Хөдөө орон нутгаар амарч зугаалж яваа иргэд хууль бусаар тарвага агнаж боодог хийх, мөн малчид хууль бусаар агнаж бусдад өндөр үнээр зарах тохиолдол газар авах хандлагатай байна. Уг нь хуулиа дагавал гурван жилийн өмнөөс тарвага агнахыг хориглосон байдаг.
Гэтэл сүүлийн өдрүүдэд тарваган тахлын сэжиг илэрчээ гэх мэдээлэл хот, хөдөөд зэрэгцэж гарахын хажуугаар амарч зугаалж яваа иргэд сошиал сүлжээнд хулгар шарын ангаар “гангарч”, бие биедээ гайхуулах, бусдыг уруу татах нь ихэсч байна. Тухайлбал, “Хөдөө гаръя, тараг ууя, тарвага идьё”, “Сая наадмаар зуслан дээр тарвага шарж идэх гэж хөгөө чирлээ”, “Энэ жилийн тарвага ийм том болжээ, амт гэж янзтай” гэхчилэн тарваганы махтай зураг сошиалд тавих нь нэгэн төрлийн реклам сурталчилгаа шиг болоод байна. Хууль бусаар тарвага агнасан энэ мэт үйлдэлд мэргэжлийн хяналтын байгууллагууд албан ёсны шаардлага тавьж байгаа ч тоох хүн алга. Мөн тарваганы мах идээд тахал тусах магадлал өндөр байна гэдгийг иргэдэд анхааруулж зөвлөөд ч, хүлээж авах хүн цөөхөн байгаа бололтой. Тиймээс бид хууль бусаар тарвага агнавал ямар хуулийн хариуцлагыг хүлээх вэ гэдгийг мэргэжлийн байгууллагуудаас нь асууж тодруулсан юм.
ЦЕГ, Мэргэжлийн хяналтын байгууллагуудаас асуухад, “Амьтны тухай хуульд амьтан тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглосон заалт бий. Энэ хуулийг зөрчвөл Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн дагуу хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах бөгөөд тарвага агнасан хувь хүнийг 300 нэгж, хуулийг этгээдийг 3000 нэгжээр торгоно” гэж заасан байдаг. Экологи эдийн засгийн үнэлгээгээр эр тарвага 170 мянган төгрөг, эм тарвага 200 мянган төгрөгийг хоёр дахин нэмэгдүүлэн тооцож торгоно гэв.
ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АН, АМЬТАН АГНАСАН ТОХИОЛДОЛД 150.000-1.5 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО
Мөн энэ тухай ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн тасгийн дарга, цагдаагийн хошууч П.Очбадрах дараах мэдээллийг өгч байна.
– Сүүлийн үед цахим сүлжээнд ховор ан амьтан агнасан, аялж зугаалсан иргэд тарвага агнаж, хорхог боодог хийж идэж байгаа зураг их харагдах юм. Энэ тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх зохицуулалт байдаг уу?
-Иргэд, олон нийт хуулийн мэдлэг, мэдээлэл дутмагаас болж хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилд санамсаргүйгээр холбогдох, үйлдэх тохиолдол их байна. Энэ нь эргээд байгаль дэлхийгээ хүний гараар сүйтгэх, хууль зөрчиж хариуцлага хүлээх хүртэл үр дагаварыг авчирч байна. Тухайлбал, Улсын тусгай хамгаалалттай газар, нутаг дэвсгэр хаанаас эхлээд хаана дуусч байгааг иргэд тэр болгон мэддэггүйгээсээ болоод тусгай хамгаалалттай газарт нэвтэрч, ан амьтан агнах явдал гардаг. Түүнчлэн зохих зөвшөөрөлгүй ан, амьтан агнасан, түүнийгээ бэлэн хүнсний бүтээгдэхүүн болгосон зургийг нийгмийн цахим сүлжээнд тавьсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэх хуулийн зохицуулалттай байдаг.
–Тэгвэл элбэг тархацтай амьтныг хууль бусаар агнасан бол ямар хариуцлага хүлээлгэх ёстой вэ?
-Эрүүгийн хуулинд нэн ховор, ховор төрлийн амьтныг хууль бусаар агнасан тохиолдолд хариуцлага хүлээлгэхээр заасан. Гэтэл элбэг тархацтай амьтан нь Эрүүгийн хуулинд орхигдсон. Үүнийг Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлд тусгайлан оруулж өгсөн. Зөвшөөрөлгүй, хууль бусаар элбэг тархацтай амьтныг агнасан, хадгалсан, худалдсан худалдан авсан субъектуудыг тодорхой зааж өгсөн. Иргэн зөвшөөрөлгүй элбэг тархацтай амьтныг агнасан тохиолдолд 150 мянган төгрөгөөр торгох, хуулийн этгээдийг 1 сая 500 мянган төгрөгөөр торгох хуулийн хариуцлага бий” гэсэн юм.
Б.Туул
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
zochin · 2018/08/09
tsahim orchind an amitan agnasan zurag horiotoi, harin tsahim suljeend huuhen agnasan boov, boojgoiniihoo zurgiig tavibal shuuheer tsagaadna, uneheer teneg gaj balai sistem yum da,