Жил бүрийн намартай зэрэгцээд Ерөнхий боловсролын сургуулийн бүртгэл болж эцэг эхчүүд хүүхдүүдээ аль л сайн гэсэн сургуульд оруулахыг хүсдэг.

Мэдээж хэрэг өөрийн хүүхдээ мэдлэг боловсролтой хүн болгохын тулд боловсролд нь анхаарлаа хандуулах зөв хэрэг ч гэлээ сүүлийн жилүүдэд энэ төрлийн эрэлт нь улсын сургуулиудыг бараг л төлбөртэй сургууль шиг болгож байна. Ерөнхий боловсролын сургууль нь харьяалалын дагуу сурагчдаа бүртгэдэг ч гэлээ зарим нэг сургуулиудын хувьд харьяалалын хүүхдүүдээс гадна төлбөр, хандиваар оруулах нь их.

Энэ байдал нь байдаг л зүйл болсон мэт харагдахаас гадна үнэ ханш ч жилийн жилд нэмэгдсээр. Жишээ болгон хэд хэдэн сургуулийн нэрс дурьдаж болно. Эдгээр сургуулиуд нь төлбөр авдаг гэдгийг хүн бүр мэддэг ч арга хэмжээ авдаг газар гэж үгүй. 

Эцэг эхчүүдийн дунд гарсан яриагаар Нийслэлийн лаборатори 1 дүгээр дунд сургууль л гэхэд энэ жилийн хувьд бага ангид хахуулиар хүүхдээ оруулахад зуучлагч гэх этгээд нь 4500 долларын үнэ хэлж байжээ. Харин 23-р дунд сургуулийн хувьд хүүхдээ оруулахад 5 сая төгрөг дор хаяж шаардлагатай болдог гэнэ. 

Тэгвэл гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Хан Уул дүүргийн 18-р сургуулийн хувьд харьяалал харгалзахгүй сурагчид бүртгэдэг ч эхлээд шалгалт өгч хүүхдээ элсүүлэн авдаг байна. Харин энэ шалгалтанд тэнцээгүй хүүхдүүд өнөөх л хандив тусламжийн анги эсвэл хахуулиар ороход 3 сая төгрийн ханштай байдаг сурагтай. 

Үүнээс гадна Монгол-Оросын хамтарсан 3-р сургууль л гэхэд 15 сая төгрөг гэх мэтээр үлгэр домгийн мэт үнэ ханштай Улсын сургуулиуд жилээс жилд нэмэгдсээр.

Бараг л хувийн сургууль шиг өндөр төлбөртэй улсын сургуулиудын үнэ ханшийг цэгцлэх талаар Боловсролын яамны үе үеийн удирдлагууд дийлдэггүй бололтой. Харин нь өнөөх хээл хахуульд нь орооцолдоод ч явж байгаа. 

Уг нь Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа улсын төсвөөс санхүүждэг сургуулиудаас хамгийн өртөг өндөртэй нь нөгөө л хандиваар, хахуулиар хүүхдээ оруулдаг тус сургуулиуд.

Тухайлбал, улсын төсвөөс нэг сургуульд л гэхэд нэг жилд 1.2 тэрбум төгрөг дунджаар төсөвлөдөг. Үүнээс гадна сурагчдаас сургалтын төлбөр авдаг. Товчхондоо улсын төсвөөс санхүүждэг сургуулийн хувьд сурагчдаас төлбөр авах ёсгүй гэдгийг анхааруулж арга хэмжээ авах ёстой ч энэ нь хэрэгждэггүй.

Энэ мэтээр Улсын гэх тодотголтой ерөнхий боловсролын сургуулиудад мөнгөн төгрөгний гажиг тогтолцоо бий болоод байхад нүд нь балай, чих нь дүлий мэт өнгөрүүлсээр. Өөр үгээр хэлбэл эцэг эхчүүд ч өөрсдөө үүнд буруутай. Аль сайн гэж хүүхдээ чирч  яван үнэ ханшийг өсгөхийн оронд харьяа дүүргийнхээ сургуульд үр хүүхдээ сургаад, багш боловсон хүчний сургалтанд нь анхаарлаа хандуулах хэрэгтэй болов уу. 

С.Отгон