Цэцэрлэгийн багш нар хэрэглээгээ хүүхдээр хангуулдаг болсон уу
2018/09/16
Хичээлийн шинэ жилийн эхний долоо хоног иргэдийн уур, бухимдлаар үргэлжилж байна. Шалтгаан нь сургууль, цэцэрлэгийн багш нарын ажил хаялт. Гэтэл үүний хажуугаар халаасны мөнгөө шавхан байж өгсөн цэцэрлэгийн хүүхдийн сургалтын хэрэглэгдэхүүн нь гологдож багш нарын ажил хаялтаас дутахгүйгээр эцэг, эхчүүдийг бухимдуулж эхэллээ. Хүүхдүүдээ бүртгэж авахдаа л цэцэрлэгийн багш нар нь тийм үнэтэй, брэндийн ийм дэвтэр ном, харандаа, усан будаг, ариун цэврийн цаас, гар нүүрийн саван авчир гэж тушаана. Эдгээр зүйлийг бэлтгэхийн тулд багадаа 200-300 мянган төгрөг шаардлагатай. Ингээд л эцэг эхчүүд хайж, эрж сурсаар байдгаа баран байж авсан нөгөө зүйлс нь одоо хэрэггүй болсон гэнэ. “Нэгэнт бэлтгэчихсэн юм чинь энэ жилдээ хэрэглүүлчихье” гэж хэлэх зүрх, зоригтой эцэг, эх гарч ирэхгүй учир буруу харж уйлж, зөв харж инээхээс өөр яалтай ч билээ. Учир нь, зарим цэцэрлэг самнаас авахуулаад ор хөнжлийн даавуугаар нь ижилсүүлнэ гэсэн шаардлага тавьж байна.
... Халаасны мөнгөө шавхан байж өгсөн цэцэрлэгийн хүүхдийн сургалтын хэрэглэгдэхүүн нь гологдож багш нарын ажил хаялтаас дутахгүйгээр эцэг, эхчүүдийг бухимдуулж эхэллээ ...
Сүүлийн үед сургалтын хэрэглэгдэхүүний жагсаалтад багтаагүй янз бүрийн зүйлийг цэцэрлэгийн багш нар нэхэж байна гэдэг гомдол тасрахаа больсон. Өмнө нь тосон бал, харандаа үзүүрлэгчийг нэмж, дэвтэр, скоч зэргийг хассан байдаг. Гэвч үнэтэй брэндийн зүйл нэхсэн хэвээр. Улсын нэгэн цэцэрлэгийн хүүхдийн эцэг, эхээс нэхэж буй зүйлийг нь жишээ болгоё. Хэдийгээр тэс хөндлөн огт хамааралгүй зүйл нэхээгүй ч үнэтэй болгоныг нэр зааж оруулсан нь эцэг, эхчүүдэд дарамт болж байна.
Тухайлбал, Баянзүрх дүүргийн ... тоот цэцэрлэгийн гурван настнуудын нэгэн анги доорх зүйлсийн жагсаалт гарган өнөө маргаашгүй авчир гэж эцэг, эхчүүдийг шамдуулсан байна. Үүнд дөрвөн ширхэг “Johnson,s baby pure protect шингэн саван, тус брэндийн дөрвөн ширхэг хатуу саван, Kleenex mini max амны болон ариун цэврийн цаас тус бүр дөрөв, splat juise шүдний оо хоёр, шүдний сойз хоёр ширхэг дээр нь зургийн дэвтэр /20 хуудастай/ дөрөв, тосон харандаа /үзүүрлэдэггүй зургаан өнгө, найман см/-тай хоёр ком, усан будаг /зургаан өнгө, гуаш/ хоёр, цавуу /найман гр/ гурван ширхэг зэргийг бэлтгэхийг шаардсан байна.
Өмнө нь өчнөөн мөнгө зарцуулан байж сургалтын хэрэглэгдэхүүнийг нь бэлтгэчихсэн эцэг, эхэд дээрх зүйлд дахин 200-300 мянган төгрөг зарцуулна гэдэг тийм ч амар биш. Сургууль соёлд явдаг олон хүүхэдтэй айлд бүр ч хүнд тусах нь мэдээж. Өнөөдөр өрөөс өрийн хооронд бор хоногоо арай ядан өнгөрөөж буй эцэг, эх олон. Цэцэрлэгийн эрхлэгч, багш нар үүнийг бас бодолцож үзээсэй. Боловсролын сайдын 2004 оны 85 дугаар тушаалаар нэг хичээлийн жилд цэцэрлэгийн хүүхдийн эцэг, эхээр сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслийг жагсаалтын дагуу бэлтгүүлэн авдаг. Өөр ямар нэгэн байдлаар тоглоом, анги танхим тохижуулах зорилгоор эцэг, эхээс мөнгө төгрөг хураах нь хуулиар хориотой.
Бас нэгэн жишээ дурдахад Сонгинохайрхан дүүргийн улсын нэг цэцэрлэг 4-5 хүүхдийн тухайн жилд хэрэглэх хэрэглэгдэхүүнийг эцэг, эхээс нь авахгүйгээр мөнгийг нь авч ангидаа хэрэгцээтэй өөр зүйлд зарцуулна гэсэн байна. Хүүхдүүдээс олон тоогоор авсан хэрэглэгдэхүүнээс илүү гардаг нь үүнээс харагдаж байна. Энэ мэт жишээг хэлэх хүн цөөнгүй. Ахлах бүлгийн хүүхэд ч яахав 12 өнгийн будгийн харандааг бүрэн ашиглаад, жилдээ дөрвөн шингэн савангаар гараа угаачихдаг байх. Гэтэл өнөөдөр дөнгөж бага бүлгийн хүүхэд энэ бүхнийг жилийн туршид хэрэглэнэ гэхэд хүн үнэмших үү. Чухам үнэндээ сар, улиралд нь биш нэг дор бөөндөөд авч байгаа энэ хэрэглэгдэхүүнээр цэцэрлэгийн захирал, багш нар, ажилчид тансаглаж, нэгэн жилийг өнгөрөөдөг гэхэд нэг их ташаа болохгүй биз ээ.
М.Энх
www.unen.mn
Зочин · 2018/09/17
ЦААДУУЛ ЧИНЬ ГЭР ЛҮҮГЭЭ АВЧ ЯВНА ҮЛДСЭН ДЭВТЭР ХАРАГДААГ НЬ ЗАРДАГ ЮМАА. ЭНЭ БОЛ ХУДЛАА БИШЭЭ
Зочин · 2018/09/17
ЦААДУУЛ ЧИНЬ ГЭР ЛҮҮГЭЭ АВЧ ЯВНА ҮЛДСЭН ДЭВТЭР ХАРАГДААГ НЬ ЗАРДАГ ЮМАА. ЭНЭ БОЛ ХУДЛАА БИШЭЭ
Зочин · 2018/09/16
нэг хүүхдээс маш олон юм авдаг шүү үнэн шүү харандаа дэвтэр гээд нэг жилийн хэрэглээ гээд бөөн юм авдаг нь үнэн
зочин · 2018/09/16
энэ бүх цэцэрлэгт байдаг, өчнөөн мөнгө авсан хувийн цэцэрлэг гэхэд эднийг бүгдийг нэхэж бэлдүүлсэн байна лээ. манай ач хүү 3 настай, хөөрхий тэр амьтан 5 ширхэг 00-ийн цаас хэрэглэж дуусах уу. 5 гарын саван дуустал угаах уу . Багш нарын хувийн хэрэгцээнд явдаг гэж би итгэлтэйгээр хардаж байна. Ер нь сургууль цэцэрлэгийн багш нар ядуугаа гайхаад жижиг орлого байгаад л байна шүү . Боловсролын яам үүнийг анхаараарай
зочин · 2018/09/16
хүүхдүүдээ хэл амгүй харуулж байгаач
иргэн · 2018/09/16
Аль нэг Дүүрэг Хорооны Цэцэрлэгүүдын Дугаарыг нууцлаад ч байх юмгүй бүх Цэцэрлэгүүд Эцэг эхчүүдээс Жилийн хичээлийн хэрэглэл Ариун цэврийн хэрэглэл гэж жило болгон авдаг ш дээ Сугалаанд Аз нь гийж Хүүхдээ Цэцэрлэгт оруулсан Эцэг эхчүүд Баярлаж хөөрсөндөө Хэл амгүй л авч өгнө Зарим юм нь Шаардлага хангахгүй Багшийн Сэтгэлд хүрээгүй гээд Буруу зүйл авчирсан болж таарна Ингээд бүх юмыг нь бүрдүүлээд болчих юм бодтол тийм биш юм Хагас жилийн дундаас нөгөө Жилийн хэрэгцээны зүйлүүд дууссан гээд тийм тийм зүйл авчир гэнэ Зарим нь алга болчихсон байна авч өгөхөөс өөр аргагүй Эцэг эхчүүд Багшийн Дарамт шахалт Шаардлагын дор эхний жилээ авна иймэрхүү маягаар Сургуульд ортол нь Ясли цэцэрлэгээ дүүргэнэ Дараа нь Сургуулийн Багш нарын Дарамт шахалт Шаардлага үргэлжлэнэ