Хавтаст хэрэг: Хөгжийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатын 4.6 тэрбум төгрөгийн хохиролтой хэрэг
2018/10/12
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат нарыг нэг л өдөр цагдан хорьсон. Цагдан хорьж, саатуулсан түүний хэргийг удаан хугацаанд мөрдөн шалгасны дүнд шүүхэд шилжүүлсэн байдаг. Гэвч энэ хэргийг дахин мөрдөн шалгах хэрэгтэй гэдэг үндэслэлээр анхан шатны шүүхээс мөрдөн байцаалтад буцаажээ. Бид энэ хэргийн талаар дэлгэрэнгүй хүргэж байна.
Н.Мөнхбат нь Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн “Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг /...ашгийн төлөө төрийн өмчит хуулийн этгээд байна.../, 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь хэсэгт /ашигтай ажиллах/, 19 дүгээр зүйлийн 19.5.8 дахь хэсэг /төлөөлөн удирдах зөвлөлийн саналыг үндэслэн Хувь нийлүүлэгчдийн хурлаас зөвшөөрсний дагуу Хөгжлийн банкны хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлж, чөлөөтэй мөнгөн хөрөнгийг зах зээлд хөрвөх чадвартай, өндөр зэрэглэлийн санхүүгийн хэрэгсэлд үр өгөөжтэй байршуулах.../, Засгийн газрын 2011 оны 151 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “МУХБ-ны дүрэм”-ийн 5.1.3 /байршиж байгаа чөлөөтэй мөнгөн хөрөнгийг бусад санхүүгийн байгууллагаар дамжуулан зах зээлд хөрвөх өндөр чадвартай санхүүгийн хэрэгсэлд зохистой, үр өгөөжтэй байршуулах/, 10.8 /...гүйцэтгэх удирдлага нь Хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудлыг хамтын удирдлагын зарчмаар шийдвэрлэнэ.../, МУХБ-ны гүйцэтгэх захирлын 2012 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн А46 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Гүйцэтгэх захирлын ажлын байрны тодорхойлолтын 1.2.1-ийн 16 /төлөөлөн удирдах зөвлөлийн саналыг үндэслэн Хувь нийлүүлэгчдийн хурлаас зөвшөөрсний дагуу банкны хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх, чөлөөтэй мөнгөн хөрөнгийг зах зээлд хөрвөх чадвартай, өндөр зэрэглэлийн санхүүгийн хэрэгсэлд үр өгөөжтэй байршуулах.../, МУХБ-ны Төлөөлөн удирдах зөвлөлийн 32 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “МУХБ-ны гүйцэтгэх захирлын ажлын байрны тодорхойлолт”-ын 3.1-ийн 15 /Төлөөлөн удирдах зөвлөлийн саналыг үндэслэн Хувь нийлүүлэгчдийн хурлаас зөвшөөрсний дагуу банкны хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх, чөлөөтэй мөнгөн хөрөнгийг зах зээлд хөрвөх чадвартай, өндөр зэрэглэлийн санхүүгийн хэрэгсэлд үр өгөөжтэй байршуулах/, ТУЗ-ийн дарга ..., Н.М нарын хооронд байгуулсан 2013 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 13/50 дугаартай “Хөлсөөр ажиллах гэрээ”-ний 3.2.1 /гүйцэтгэх захирал нь батлагдсан бизнес төлөвлөгөөний биелэлтийг хангах, ашиг орлогыг нэмэгдүүлэхийн тулд, банкыг бизнесийн зохистой, зөв, оновчтой удирдлагаар хангаж ... ажиллах үндсэн үүрэгтэй/, 5.2.1 /Банкинд аливаа хохирол учруулахгүйгээр ажил үүргээ гүйцэтгэнэ.../, МУХБ-ны ТУЗ-ийн 2012 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 40 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Актив, пассивын удирдлагын бодлого”-ын 4.2.2-ын 7 /Эх үүсвэрийн чөлөөт үлдэгдлийг ... төлбөрийн чадвар өндөртэй системийн хэмжээний дотоодын арилжааны банкуудад төвлөрлийн эрсдэлийг бууруулах, өрсөлдөөнт зарчим баримтлах замаар 1 жилээс бага хугацаагаар үр ашигтай байршуулах.../ гэснийг тус тус зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Хөгжлийн банк дахь чөлөөт мөнгөн хөрөнгийг арилжааны банкинд хугацаатай байршуулах үйл ажиллагааг бие даан шийдвэрлэж 2013 оны 9 дүгээр сарын 5-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр буцаан татах шаардлагагүй арилжааны банкуудад байршуулсан 121 ширхэг мөнгөн хадгаламжийг хугацааны өмнө буцаан татсанаас хүүгийн орлогыг алдагдуулж, Хөгжлийн банкинд 4.664.017.501,15 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Н.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос яллагдагч Н.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлага нөхцөл хангагдаагүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзжээ.
Үүнд: 1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн чанар, хэр хэмжээг мөрдөн шалгах ажиллагааны явцад хангалттай тогтоож ирүүлээгүй байна. Учир нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд ялангуяа шинжээчийн дүгнэлтүүдэд дурдсан хохирлын тооцооны асуудалд анхааралтай хандах ёстой.
Шинжээч Ө.Гантөр ирүүлсэн материалд үндэслэн мөнгөн хадгаламжийн хугацаа нь дууссан боловч өөр мөнгөн хадгаламжийн хугацааг цуцлан хадгаламжаа буцаан дуудсан тухайн өдрөөр тооцож үзэхэд хугацаатай хадгаламжуудын гэрээг хугацааны өмнө цуцалж мөнгийг буцаан дуудсаны улмаас 1.497.214,83 ам.доллар, 1.223.799.425,94 иен, 501.696,31 евро, 9.437.290.214,75 төгрөгийн хүүгийн орлого авч чадаагүй байна...” гэж дүгнэсэн байна. Нөгөөтэйгүүр шинжээч Ө.Гантөрийн гаргасан дүгнэлт Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 “Шинжээчийн дүгнэлтийг шинжээчийн хувийн болон байгууллагын тэмдгээр баталгаажуулснаар хүчинтэйд тооцно...” гэсэн хуулийн заалттай зөрчилдөж байгааг тэмдэглэвэл зохино.
Гэтэл прокуророос хохирлын хэмжээг яллах дүгнэлтдээ шинжээч Ш.Хандсүрэн, Б.Халиунаа, Б.Буян нарын огноо дугааргүй, хохирлын хэмжээг нэгтгэн дүгнээгүй хэмжээг үндэслэн /зөвхөн шинжээчийг байцаасан тэмдэглэлд нийт 4.664.017.501,15 төгрөг гэж дүгнэсэн/ тодорхойлогдоогүй дүнгээр хохирлын хэмжээг дүгнэжээ. Өөрөөр хэлбэл Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5 дахь хэсэгт “шинжээчийн дүгнэлт” гэж шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд хийсэн шинжилгээний явц, үр дүнг тусгасан нотлох баримтын эх сурвалж болох баримт бичгийг...” ойлгох бөгөөд үр дүнг дүгнэлтэд бүрэн тусгалгүйгээр зөвхөн байцаагдсан тэмдэглэлдээ үр дүнг нэгтгэсэн нь учир дутагдалтай болжээ.
Мөн эдгээр шинжээч нар шинжээч Ө.Гантөрийн дүгнэлтийн талаар “...шинжээч Ө.Гантөрийн хийсэн тооцоолол зохих журмын дагуу үнэн зөв хийгдсэн боловч нотлох баримт дутуу байснаас зөрүүтэй гарсан байна...” гэсэн атлаа “...Ө.Гантөрийн 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн дүгнэлт үнэн зөв, үндэслэлтэй гарсан эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй байна...” гэсэн зөрүүтэй, хоёрдмол утга бүхий тайлбарыг хийсэн нь ойлгомжгүй байна. Нөгөөтэйгүүр яллагдагч болон түүний өмгөөлөгч нарын гомдолд дурдсан “Монгол банкны хянан шалгах хэлтсийн харъяалал бүхий шинжээч нар дүгнэлт гаргасан асуудал нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “Хараат бус байх...”, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4 дэх хэсэгт “...тухайн хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал...” гэсэн тус тус заалтуудыг зөрчсөн байж болзошгүй...” гэсэн нь үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл Монгол банкны тодорхой эрх ашиг хөндөгдсөн нөхцөл байдал байсаар атал тухайн банкны хамаарал бүхий шинжээч нараар дүгнэлт гаргуулсан нь гомдол үндэслэлтэй байж болзошгүйг тодорхойлж байна. Иймд хараат бус, хөндлөнгийн шинжээч нараас бүрдсэн шинжилгээний багаар дүгнэлт гаргуулах нь хэргийн бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолтой гэж үзнэ. Иймд Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн санхүү, эдийн засгийн шинжээч нараас наад зах нь 3, үлдсэн нь бусад байгууллагаас томилон зохист байдлаар бүрдүүлэх нь хөндлөнгийн байр сууринаас дүгнэлт гаргах, хэргийг үнэн зөв, тал бүрээс нь бодитойгоор хянан шийдвэрлэхэд чухал үр нөлөөтэй болно.
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлд заасан журам ноцтой зөрчигдсөн бөгөөд энэ ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэж болохгүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, энэ хэрэгт холбогдон шалгагдаж байсан Ч.От, Б.Ш нарт холбогдох хэргийг анх 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 266 дугаар зүйлийн 266.2, 265 дугаар зүйлийн 265.2, 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллагдагчаар татжээ. Улмаар 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр татсан боловч прокуророос 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 266 дугаар зүйлийн 266.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан “...гэмт хэрэгт тооцохгүй болсон” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил байх тул хуульд заасан журмын дагуу зөвтгөх нь зүйтэй.
3. Яллагдагч Н.Маас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд 145 хуудас бүхий баримтуудыг /зарим баримт нь хэрэгт авагдсан/ гаргаж өгсөн бөгөөд уг нотлох баримттай холбогдуулан хамтын шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтнуудыг хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй асуудлыг шалгаж тодруулах.
4. Хэдийгээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гомдол, хүсэлт гаргаагүй боловч хэлэлцүүлгийн шатанд гаргасан хүсэлт, гомдлыг нэг мөр шалгаж тогтоох. Үүнд: Хөгжлийн банкны хөрөнгөөр Худалдаа хөгжлийн банкнаас талбай худалдаж авсан асуудлын хүрээнд яллагдагч О, Ш нарт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэх гомдол /Улсын Ерөнхий прокурорын газарт гомдол гаргасан гэх/ зэрэг ажиллагааг нэмж мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцааж, хэрэг прокурорт очтол яллагдагч Н.Мад урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Тэгвэл энэ хэргийн талаар Н.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ хэрэг нь Хөгжлийн банкны чөлөөт мөнгөн хөрөнгийг үр ашигтайгаар банк хоорондын зах зээл дээр байршуулахтай холбоотой асуудал юм. Энэхүү үйл ажиллагаа нь банкуудад байнга хийгдэж байдаг, өдөр тутмын үйл ажиллагаа. Тухайн үед зарцуулах шаардлагагүй чөлөөт мөнгөн үлдэгдэлийг арилжааны банкуудад өндөр хүүтэйгээр байршуулж банкийг ашиг орлоготойгоор ажиллуулах зорилготой байсан. Энэ үйл ажиллагааг намайг ажилд орохоос ч өмнө хийдэг байсан, ажлаас гарсны дараа ч хийсээр байгаа өдөр тутмын үйл ажиллагаа. Энгийн үйл ажиллагааг хохирол үүсгэсэн гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шинжээчийн дүгнэлтээр хохирол үүсгэсэн гэж үзэж байгаа бичиг баримт нь өөрөө эргэлзээтэй байсан. Шинжээчийн дүгнэлттэй танилцахад алдаатай, илт мэргэжлийн бус дүгнэлт олон байсан. Жишээлбэл, хохирол үүсгэсэн гэж үзэж байгаа 2 тоог нийлүүлэн 1 хохирол гэж үзсэн. Тухайн өдөр Монгол банкны харилцах дансанд хангалттай мөнгө байсан гэж үзсэн байсан. Гэтэл шинжээчийн дүгнэлтэд харилцах дансны мэдээ, материал байхгүй байсан. Миний мэдэхээр Хөгжлийн банкаас “Монгол банк”-нд валют тус бүрээр нь данс нээсэн байдаг. Бүх валютыг хооронд нь адилхан гэж үзэж болдоггүй. Гэтэл шинжээчид ганцхан харилцах данс, түүнд нь хүүгүй мөнгө байдаг юм шиг дүгнэсэн байсан. Хөгжлийн банкаас “Монгол банк”-нд харилцах данс нээсэн учир нь Хөгжлийн банкны хуулиар тус банкны бүх гүйлгээг Монгол банкны харилцах дансаар дамжуулж хийнэ гэсэн заалт байдаг. Хуулийн шаардлагыг хангасан үйлдэл байсан. Харилцах дансны гол зорилго нь мөнгийг хадгалах биш, банк хоорондын гүйлгээг хийх зорилготой данс. Энэ нь Хөгжлийн банкнаас гадагшаа гарч байгаа гүйлгээнүүд ч ордог, банкинд орж ирж байгаа гүйлгээнүүд ч ордог. Гэтэл гүйлгээ хийдэг тусгай зориулалтын дансыг хадгаламжийн үйл ажиллагаатай харьцуулсан нь алдаа дутагдалтай, мэргэжлийн бус зүйл гэж хувьдаа үзэж байна. Мөн шинжээчид хадгаламжийн дансанд байгаа хөрөнгийг хугацаанаас өмнө татахдаа зөвхөн зээл олгох зорилгоор татах байсан, бусад зорилгоор мөнгөн хөрөнгийг татах ямар ч шаардлага байгаагүй гэх зэрэг дүгнэлт гаргасан байсан. Хөгжлийн банк нь цалин олгох, улсад татвар төлөх, гаднаас авсан зээл, бондын хүүг төлөх зэрэг өргөн хүрээний үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Энэхүү гүйлгээнүүдийг хийх шаардлагагүй мэт бичсэн байсан. Миний гомдолтой байгаа зүйл нь шинжээчийн дүгнэлтийн аргачлалын алдаатай байдлыг бүрэн нотолсон нотлох баримтыг өөрийн зүгээс гаргаж өгсөн. Шалгагдаагүй үлдсэн олон тооны бичиг баримтууд байхад тэр бүгдийг шалгаагүй. Эдгээр нотлох баримтуудаас харахад зээл олгох шаардлагаар биш төгрөгтэй харьцах иений ханш огцом өссөн болохоор энэ эрсдэлээс хамгаалах зорилгоор төгрөгийн хадгаламжуудийг хугацаанаас өмнө яаралтай татаад иенд хөрвүүлээд, иений хадгаламж болгон цаашид байршуулсан байдаг. Гэтэл шинжээчид тухайн өдөр Монгол банкны харилцах дансанд хангалттай хэмжээний мөнгө байсан гэж бичсэн. Тэр нь бидэнд хэрэгтэй төгрөг нь байсан уу, доллар байсан уу гэдэг нь мэдэгдэхгүй. Оруулж ирсэн мөнгөө үргэлжлүүлэн хүүтэй иений хадгаламж болгоод орлого аваад явж байсан гэдгийг огт шалгаагүй, шалгах шаардлагагүй гэж дүгнэсэн гэж би ойлгосон. Хамгийн гол нь намайг бие дааж энэ асуудлыг шийдвэрлэсэн гэдэг. Гэтэл гэрчийн мэдүүлгээс харахад намайг Монгол Улсын Хөгжлийн банкны Актив, пассивын удирдлагын газрын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцдоггүй байсан. Угаасаа тийм эрх байхгүй. Захирал нь өөрөө улсаас томилогддог гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн. ТУЗ-д үйл ажиллагаагаа тайлагнан, түүнээсээ цалинжиж, хараа хяналт удирдлага дор ажилладаг. Гэтэл энэ газрын үйл ажиллагаанд намайг хөндлөнгөөс оролцож байгаагүй гэдгийг тухайн газрын хэлтсийн ажилтнууд гэрчилсэн. Зөвхөн тухайн үед захирлаар ажиллаж байсан буюу миний удирдлага дор ажилдаггүй үүсгэгч компаний гишүүн худал мэдүүлэг өгсөн. Энэ асуудлаар харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст би гомдол гаргасан байгаа. Энэ утгаар өмнөх нэг шинжээчийн дүгнэлтийг Монгол банкны ажилтнаар гаргуулсан ч эргэлзээтэй гээд хүчин төгөлдөр бус болгосон. 2 дахь удаагаа дүгнэлт гаргахад алдаатай, тодорхой бус дүгнэлт гаргасан шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад ийм алдаатай шинжээчийн дүгнэлт гарсан бэ гэдгийг харахаар тухайн үед намайг ажиллаж байхад хүчин төгөлдөр байсан хуулийн дагуу Монгол Улсын Хөгжлийн банкны ТУЗ-ын 6 гишүүний 3 гишүүнийг хараат бус гишүүн байхаар заагаад тэр 3 гишүүний нэгийг нь Монгол банкнаас шууд санал болгож томилуулдаг байсан. Өөрөөр хэлбэл Монгол банк дотроосоо нэг албан тушаалтныг санал болгоод тэр хүнийг нь Засгийн газар шууд хүлээж аваад тогтоолоор томилдог байсан. Монгол банкны төлөөллийг Монгол Улсын Хөгжлийн банкны удирдлагад оролцуулах, хараат бус гишүүнээр ажиллуулах үүргийг тухайн үед дангаараа Монгол банкны хяналт, шалгалтын газрын захирал нь өөрөө хийдэг байсан. Өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээчдийн өдөр тутмын шууд удирдлага нь гүйцэтгэх захирал бөгөөд гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн байсан буюу миний өдөр тутмын шууд удирдлага байсан. Монгол банкны хяналт шалгалтын газрын захирал нь давхар Монгол Улсын Хөгжлийн банкны ТУЗ-ын дотоод аудитын дэд хорооны даргаар ажилладаг байсан. Өөрөөр хэлбэл өдөр тутам бид нарын үйл ажиллагаанд хяналт тавьдаг байсан. Б нь Монгол Улсын Хөгжлийн банкны үндсэн ажилтан буюу ТУЗ-с томилогдсон. Нийт гүйцэтгэх удирдлагын 6 хүний бүрэлдэхүүнтэй баг байсан. Хадгаламжийг байршуулах, буцаан татах асуудлыг Хөгжлийн банкны тухай хууль, дотоод дүрэм журмын дагуу Актив, пассивын удирдлагын хороо гэдэг байгууллага шийдвэр гаргах эрхтэй. Тодорхой хязгаараас доошоо хэмжээг нь Актив, пассивын удирдлагын газрын захирал нь дангаараа гаргах эрхтэй. Өөрөөр хэлбэл гүйцэтгэх захирал энэ үйл ажиллагааг бие дааж явуулах ямар ч боломж байхгүй.” Гэж тайлбарласан байгаа юм.
Зочин · 2018/10/14
za denduu nurshih yumaa
z · 2018/10/13
zaluu huniig heregt tulhsen ardah ezed ni haana baina