Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ыг тараах санаачилга гаргаж УИХ-ын даргатай зөвшилцөх бичиг хүргүүлээд байгаа билээ. Энэ нь манай улсын хувьд анхны тохиолдол юм. Энэ талаар хуульч Ү.АМАРБАТТАЙ ярилцлаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ өөрөө тарах ёстой гэх санал гаргаж, УИХ-ын даргатай зөвшилцөхөөр хүргүүллээ. Ерөнхийлөгчийн хувьд хэд хэдэн саналыг үндэслэл болгосон.Гэхдээ бүх нийтийн эв нэгдлийг илэрхийлэгч байх учиртай Төрийн тэргүүн парламентыг тараах санаачилга гаргасан нь хэр зөв шийдэл вэ. Та хэрхэн дүгнэж байна вэ?

-Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн бол тарна. Боломжгүй гэж үзэх эсэх нь парламентын гишүүдийн итгэл үнэмшил буюу олонхын шийдэх хэрэг. Тиймээс ийм үндэслэлээр парламент өөрөө тарна гэсэн зохицуулалт байхгүй. Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч бүх ард түмнээс сонгогдсоныхоо хувьд тодорхой үндэслэл дэвшүүлэх эрх нь нээлттэй. Энэ нь нэг хүний итгэл үнэмшил, байр суурь байж болох ч парламент Үндсэн хууль бусад хуулийг зөрчсөн эсэхийг эцэслэн тогтоож шийдэх газар нь Үндсэн хуулийн Цэц шүү дээ. Миний харж байгаагаар Ерөнхийлөгч УИХ-ын үйл ажиллагаанд улс төрийн дүгнэлт хийх байдлаар УИХ-ыг тараах ундэслэлийг гаргаж ирлээ гэж харж байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ыг тараах Ерөнхийлөгчийн санал нь Үндсэн хууль болон Үндсэн хуулийн Цэцээс баталгаажуулсан үндэслэл биш учраас парламент тарах хэмжээний шалтгаан болж чадахгүй.

-Тэгэхээр Ерөнхийлөгч улс төр хийж байна гэж ойлгож болох уу?

-Улс төрийн албан тушаал хашиж байгаа хүн учраас өөрийнх нь бүрэн эрх. Ерөнхийлөгчийн  институцын зүгээс хийж болох алхмаа улс төрийн замаар илэрхийллээ гэж харж болно.

-Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд ажил авсан даруйдаа л АТГ-ын даргыг солих саналаа илэрхийлж эхэлсэн. Өргөдлөө өг гэсэн шахалтыг ч удаа дараа үзүүлсэн. Үүнтэй холбоотойгоор АТГ-ын даргын суудал УИХ-ын бүрэн эрхтэй эн зэрэгцлээ гэх шүүмжлэл гарч буй. Үүнд та ямар байр суурь илэрхийлэх вэ?

 -Ерөнхийлөгч ийм алхам хийх болсон нь үндсэн гурван шалтгаантай гэж харж байна. Нэгдүгээрт 1992 онд томьёолсон Үндсэн хуулийн тогтолцоо ийм алхам хийхэд хүргэсэн байж болох юм. Учир нь, парламентын сонгодог засаглалтай бүх оронд Төрийн тэргүүнээ парламентаас юмуу парламентын гишүүд дээр тодорхой тооны орон нутгийн төлөөллийг нэмээд сонгодог. Өөрөөр хэлбэл, бүх ард түмнээс сонгодоггүй. Ингэснээр парламентаас сонгогдсон Ерөнхийлөгч хязгаарлагдмал бүрэн эрх эдэлдэг. Нэн түрүүнд томилгоонд бараг оролцдоггүй, улс төрийн үйл ажиллагаа явуулдаггүй. Зөвхөн онцгой үе буюу дайны байдал үүссэн эсвэл Засгийн газар нь бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон үед эрх нь нэмэгддэг. Нэг ёсондоо хүнд нөхцөл байдал үүссэн үед л эрхээ давуулан эдэлдэг буюу аваарын гарц маягаар үүрэг гүйцэтгэдэг. Гэтэл манай улс парламентын засаглалтай хэрнээ Ерөнхийлөгчөө бүх ард түмнээс сонгодог. Бүх ард түмнээс сонгогдсон хүн маань улс төрийн эрх мэдэл эдлэх, олон төрлийн томилгоонд оролцох зэргээр парламенттайгаа харилцан хамааралтай болчихдог. Ийм нөхцөлд Ерөнхийлөгч, парламент хоёр үл ойлголцох тохиолдол гараад байдаг. Жишээлбэл, АНУ-ын Ерөнхийлөгч аливаа томилгоог шууд хийх эрхтэй байдаг бол манайд ийм боломж байхгүй учраас заавал парламентаасаа хараат болчихоод байна л даа. Ингэснээр үл ойлголцол үүсээд зогсохгүй хямралын шинж рүү орох эхний шалтгаан болоод байна.

Хоёрдугаарт, сонгуулийн амлалттай шууд холбоотой. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч маш олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулна гэх зэргээр ард иргэдэд амлаж, итгэл үнэмшил төрүүлэн дэмжүүлээд сонгогдчихсон. Үүнийгээ биелүүлэх ёстой. Үгүй бол ард иргэд дүнгээ тавьж таарна шүү дээ.

-Бүрэн эрхийнх нь хугацаа дуусахын цагт ард түмэнд хэлэх үггүйдэж мэдэх учраас чадах зүйлээ хийж байна гэсэн үг үү?

 

-Х.Баттулга гэдэг хүн 2021 онд иргэдийн өмнө дүнгээ тавиулна шүү дээ. Тэр үед "Би юу ч хийж чадсангүй" гээд зогсч болохгүй биз дээ. Харин үүний оронд "Намайг энэ хүмүүс ажил хийлгээгүй. Ийм бломжийг ерөөсөө олгохгүй байна. Миний зүгээс гаргасан зөв алхмыг энэ парламент таслан зогсоогоод байна шүү" гэдэг мессеж нь УИХ-ыг тараах саналаар дамжин ард иргэдэд харуулах алхам гэж харж байна. Түүнчлэн УИХ-ыг тараах "Ерөнхийлөгчийн санаачилга нь улс төрийн наймаа байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ бол мэдээж хувь хүний хардлага гэдгийг тодотгоё. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч УИХ-ыг тараах санаачилгаараа дамжуулан өөр ямар нэгэн асуудлыг парламентаар зөвшөөрүүлэх, өөрийн талд шийдүүлэх гэж байж болох юм. Хамгийн сүүлийн жишээ татахад, хэдхэн сарын өмнө Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд Ерөнхийлөгч зарим хүнийг санал болгосон ч  ёсчлохгүй байсан шүү дээ. Гэтэл нэг өдөр л бөөнд нь оруулаад дэмжээд явчихсан. Яг үүний адилаар улс төрийн наймаа, тохиролцоо хэлбэрээр парламентыг шахаанд оруулах, эсвэл өөрийнхөө сул талыг нөхөхийн тулд Үндсэн хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх замыг сонгосон байж болох юм.

-Ерөнхийлөгчийн хувьд бүрэн эрхийнхээ хүрээнд санал гаргасан. УИХ-аар ч шийдвэр гаргаж таарна. Хөндлөнгөөс таны харж байгаагаар Ерөнхийлөгчийн энэ санал биелэх боломжтой юу?

-Нэгдүгээрт, энэ санал төдий зүйл. Өөрөөр хэлбэл, УИХ-ыг тараах тухай саналаа зөвшилцөхөөр УИХ-ын даргад хүргүүлсэн. Нэг ёсондоо УИХ-ыг тараах эсэх тухай ярьж эхлэхээс өмнөх процесс өрнөж байна. Тараах тогтоолын төсөл өргөн барих субьект нь дан ганц Ерөнхийлөгч биш. УИХ-ын даргатай хамтарч тогтоол гаргах ёстой. УИХ-ын даргын зүгээс тараах саналд хариу өгснөөр зөвшилцлийн үйл явц өрнөнө. УИХ-ын даргын зүгээс өөрийнхөө удирдаж буй парламентыг тараая гэж санал өгөх магадлал тун бага гэж бодож байна. Нөгөө талдаа УИХ-ын дарга ямар санал өгснөөс үл хамааран парламентаар тараах эсэх асуудлыг хэлэлцэнэ. УИХ-ын гишүүдийн олонх нь мэдээж парламентыг тараахгүй гэж кноп дарах нь ойлгомжтой. Учир нь, УИХ-ын гишүүд улс төрийн тодорхой замнал туулж байна. Нэгэнт парламентын гишүүн болсон хүн бүрэн эрхээ дутуу дулимаг эдлэхийг хүсэхгүй. Хэдийгээр тодорхой асуудал байгаа нь үнэн ч хүн болгоны ярьдаг, нийгэмд байдаг асуудлууд энэ парламент тарснаар эцэс болчихгүй. Хэрвээ УИХ тарвал дахин сонгууль зарлаж, шинэ парламент бий болно. Энэ цагт ч мөн дээрх асуудал, бухимдлыг шийдэх баталгаа байхгүй шүү дээ. Харин ч нэг парламентын нас богиносно. Энэ нь тийм таатай зүйл биш.

-Гарц шийдэл нь юу вэ. Ерөнхийлөгч АН-аас сонгогдсон. УИХ-ын дарга эрх баригч намын дарга байсан хүн. Хоёр өөр намынхаа хүн эдгээр албан тушаалыг хашиж байгаа болохоор зөрчил энэ хүртлээ хурцдаж байна уу. Уг нь АН-ын бус Монгол Улсын Ерөнхийлөгч байх учиртай шүү дээ?

-Нэн түрүүнд гарц нь улс төрийн соёл. Үүний тулд ямар нэгэн хууль өөрчлөх шаардлагагүй шүү дээ. Хууль тогтоох байгуулага буюу парламент Ерөнхийлөгчийг ийм алхам хийх хүртэл улсын төсвийг магадгүй ашиг сонирхолтойгоор батлах гэх, төрийн тэргүүний зүгээс гаргасан саналыг дэмжихгүй байх гэх мэтээр Ерөнхийлөгчийн хийх алхамд нөлөөлж байж болох. Ер нь улстөрчид, намууд тэр дундаа эрх баригчид улс төрийн өндөр хариуцлагатай байгаад улс төрийн соёлтой байх хэрэгтэй. Мэдээж Ерөнхийлөгч ч мөн улс төрийн өндөр соёлтой байх ёстой.

-Ерөнхийлөгч гомдол тавих байдлаар УИХ-ыг тараана гэж байгаа нь улс терийн соёлгүйн илэрхийлэл гэж та хэлж байгаа хэрэг үү?

-Миний дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр биелэхгүй, парламент намайг дэмжихгүй, солихыг хүссэн албан тушаалтнуудыг солихгүй байна гэх шалтгаанаар улс төрийн алхам хийгээд байна шүү дээ. Энэ нь тухайн хүний хувь рейтинг, улстөрчийн замнал байж болох ч урт хугацаандаа ард иргэдийн амьдрал, улс үндэстний эрх ашигт эерэг нөлөө үзүүлэх эсэхийг бодолцох хэрэгтэй л дээ. Цаашлаад хамгийн том гарц бол 1992 оноос хойш одоог хүртэл шийдэж чадахгүй байгаа ганц асуудал. Нэг ёсондоо, цаашдаа энэ улс орныг Ерөнхийлөгч удирдах уу эсвэл Ерөнхий сайд уу гэх. Энэ тухайд олон нийтэд буруу ойлголт хүрээд, хүргээд байгаа. Ерөнхийлөгчийн засаглал гэхээр нэг хүний гарт орно, парламентын засаглал гэхээр 76 хүн улс орныг удирдаад байна гэж хараад байдаг. Бодит байдалд Ерөнхийлөгчийн засаглалтай улс орныг Ерөнхийлөгч удирдана. Харин парламентын засаглалтай бол Ерөнхий сайд удирдцаг. Өөрөөр хэлбэл, аль ч тохиолдолд парламент нь хуулиа тогтооно, төсвөө батална. Аль ч улс оронд байдаг жишиг. Гагцхүү тэдний баталсан төсөв, хууль хэрэгжүүлэх ажлыг амьдралд, иргэдийн өмнө Ерөнхийлөгч хариуцах уу, эсвэл Ерөнхий сайд уу гэх сонголт бий. Монголчууд алийг нь ч сонгоогүй. Ерөнхий сайд нь нэг хэсэг намын дарга ч биш, УИХ-ын гишүүн ч биш байлаа шүү дээ. Гэтэл Ерөнхийлөгч нь тусдаа эрх мэдэлтэй, парламентын спикер нь бүр эрх мэдэлтэй болчихоор гол хариуцалч гэж байхгүй больчихсон. Эцсийн дүндээ парламентын засаглал муу муухай гэдэг дүр зураг харагдаад байдаг. Тиймээс бид нэг талдаа гарах зайлшгүй шаардлагатай болчихоод байна. Өнөөдрийнх шиг парламентын засаглалтай атлаа Ерөнхийлөгчийг бүх нийтээр сонгодог, Ерөнхий сайдын асар олон эрх мэдлийг парламент нь эдэлдэг нөхцөл байдлыг халах хэрэпгэй. Ерөнхий сайдынхаа эрх мэдлийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Улмаар парламентыг тараах хүртэлх эрх мэдлийг олгочихож болно. Ингэвэл парламентын гишүүд кнопоо үнэлэх замаар Ерөнхий сайдаас буюу гүйцэтгэх засаглалаас төсөв мөнгө, зээл хүртдэг байдлыг болиулах боломжтой юм.

М.Өнөржаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин