Монголчууд мөдхөн зуун хувь загалмайн шашныг дээдлэн шүтдэг болох нь
2018/11/02
Монгол улс 1993 онд төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийг батлан хэрэгжүүлснээр шашны олон урсгал зэрэгцэн оршиж, үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдсэн. Мөн сүм, хийд шинээр байгуулах зөвшөөрөл олгох ажиллагаа 1994 оноос эхэлсэн.
1994 онд улсын хэмжээнд 93 сүм, хийд үйл ажиллагаа явуулж байсан бол өнөөдөр 3.6 дахин нэмэгдсэн байна. Харин түүний олонх нь христийн шашных байна. Цаашлаад Монгол улс Буддын шашинт улс гэсэн ангиллаас хасагдах болсныг судалгаа, тоо баримт харуулж байна. Монголд шашин шүтдэг нийт иргэдийн 54.2 хувь нь христ, 34.6 хувийг буддын, 5.1 хувь нь ислам үлдсэн зургаан хувь нь бусад шашныг шүтдэг гэсэн судалгаа байна. Мөн статистикийн хорооны мэдээллээр 2017 онд шашны 344 сүм, хийд бүртгэгдсэний 180 нь христийн шашных байгаа юм. Харин манай уламжлалт Буддын шашны сүм, хийд 136 байдаг аж. Христийн шашин ийн хүн амд нөлөөлөх байдлаар манлайлах болсон нь маркетингтэй холбоотой. Энэ шашин хүн ам олноор суурьшдаг аймгийн төв, нийслэлд хүрээгээ тэлэх бодлого баримталж зорилгоо биелүүлсээр байгааг баримтаар харж болно. Дархан-Уул аймагт буддын шашны таван хийд байдаг бол христийн шашны 15 сүм ажиллаж байна. Орхон аймгийн 16 шашны байгууллагын 11 нь христийнх. Улаанбаатар хотод гэхэд л 179 сүм, хийдийн 127 нь христийн, 43 нь буддынх байна. Үүнээс гадна аймгийн төвүүдэд тус шашны 52 сүм байгаа. христийн шашны сүм, залбирлын танхимууд сүсэгтнүүдийнхээ амьдралд бодитоор нөлөөлөх оролдлогыг цуцашгүй явуулдаг.
Тиймдээ ч өсвөр үеийнхний сонирхолыг тус шашин ихээр татдаг болжээ. ҮСХ-ны 2017 оны мэдээллээр, Говь-Алтай аймагт буддын хийдэд ганцхан банди шавилан суралцаж ахуйд христийн сүмд 80 хүүхэд суралцаж байна. Мөн Хөвсгөл аймагт буддын хийдэд 11 банди, христийн сүмд 27 хүүхэд суралцаж байх жишээтэй. Ийм тохиолдолд монголчуудын голлох шашин христ болчихжээ гэж дуу алдах нь бараг илүүц болж. Буддын шашин сүсэгтний хүрээ, нэр хүндээ алдахад олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Орон нутагт буддын шашны сүм хийд 93 байдаг ч дийлэнх нь уулын ам, тайгын тагтад байрлаж, хүн зонд үйлчилдэг гэхээсээ овоо, тахилга, уул хангай, лус савдагт “захирагддаг”аас сүсэгтнийхээ хүрээг тэлж чадахгүй байна. Хот суурин газрын хийд, дуган “нүд улаан, мөнгө цагаан” гэгчээр ашгийн төлөө улайран зүтгэж, хамба нар нь ямбаа булаалдаж буддын шашныг булай болгож буй нь бас л баримтаар илэрч байгаа. Энэ талаар саяхан манай сонины №210-т /2018.10.25/ хэвлэгдсэн “Хамба лам нарын хагарал уламжлалт шашнаа мөхөөх нь ээ” гарчигтай нийтлэлд тодорхой өгүүлсэн. Буддын шашин баларч, бусад шашин эзэгнэж эхэлсныг дээрх тоо, баримт нотолсоор атал манай шашин мандан бадарч байгаа гэж маргах зориг төрөхгүй байна. Буддын шашны болохгүй, бүтэхгүй олон жишээг энд дурдаж цухал, цүхэл төрүүлэх нь ч илүүц биз. Манай улс үндсэн хуулиараа иргэний шашин шүтэх эсэхийг нээлттэй олгосон хойно “Лаагаа иднэ үү луувангаа мэрнэ үү” эрх чөлөөний асуудал.
Харин улс, үндэстний хувьд хүн амын дийлэнх нь ийн шашнаа сольж байгаа нь сайн уу, муу юу! аль нэг шашныг өөр хооронд нь харьцуулан, энэ нь сайн, тэр нь муу гэх угаасаа үндсэн хуулиар хориотой. Гэтэл яг энэ шалтгаанаас болоод гаднын шашны гаж нөлөөллийн тухай дуу, хоолойгоо гаргах эрхгүй баймааргүй байна. ҮАБЗ-ийн захиалгаар хийсэн судалгаагаар 2003 онд 66.8 хувь нь буддын шашин шүтдэг гэсэн бол 2010 онд 53 хувь, 2017 онд 34.6 хувь болтлоо буурсан нь нэгийг өгүүлж байна. Мөн ҮАБЗ шашны байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих цаг зайлшгүй болсныг нийгэм, эдийн засгийн нөлөөлөл харуулсаар байгаа. ҮАБЗ хожуу ч гэсэн үүний эхлэл болгож “Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай хууль”-ийг шинээр батлахаар шамдаж буй нь сайшаалтай. Гэтэл иргэдийн дийлэнх олонх нь христийн шашныг шүтээд эхэлсэн бол байдал бишдэх олон үр дагавар учрах бололтой. Үндэстний дийлэнх олонх нь христ шүтэж байгаа бол төрийн шашныг христ болгох санал, төсөл ч хууль тогтоох байгууллагад өргөн баригдах цаг удахгүй дэг. Яагаад болохгүй гэж шоволзох пасторууд Монголд олон бий гэдэг нь ХЗДХЯ-наас зохион байгуулсан шашны хуулийн анхны хэлэлцүүлэг дээр тодорхой харагдсан. тус хэлэлцүүлгийн үеэр христийн шашныхан ХЗДХЯ-наас боловсруулж буй хуулийн төслийг өөрсдийн эрх ашигт нийцүүлэн батлуулахын төлөө зүтгэнэ гэсэн байр суурийг илэрхийлж байна лээ.
• Христийн шашны үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөх агуулгатай олон заалт шинэчилсэн хуулийн төсөлд бий.
• Дархан-Уул аймагт буддын шашны таван хийд байдаг бол христийн шашны 15 сүм ажиллаж байна. Орхон аймгийн 16 шашны байгууллагын 11 нь христынх.
• ҮАБЗ хожуу ч гэсэн үүний эхлэл болгож “Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай хууль”-ийг шинээр батлахаар шамдаж буй нь сайшаалтай.
Тэр ч бүү хэл христийн шашны нам байгуулах тухай яриа гарч эхэллээ. Шинээр боловсруулж буй хуулийн ихэнх заалт христийн шашныг хүлээн зөвшөөрөх чиглэлийг баримталж байгаа. Тухайлбал шашны бүлэг гэх 10-аас дээш хүнтэй бүлэгт шашны үйл ажиллагаа явуулах эрхийг өгч байгаа. Мөн төрөөс аливаа нэг шашин, шашны урсгал, чиглэлийг төрийн, эсхүл албан ёсны шашин гэж тогтоохгүй байхаас эхлээд шашны номлол түгээгчийг хүлээн зөвшөөрөх хүртэл өөрчлөлтүүд орж байгаа. Энэ мэт христийн шашны үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөх олон заалт шинэчилсэн хуулийн төсөлд бий. Монгол улс иргэдэд аливаа шашныг шүтэх эрхийг чөлөөтэй олгох нь гарцаагүй. Харин дээрх тоо баримтаар илэрхий давамгайлж эхэлсэнзарим урсгалыг хязгаарлах заалтуудыг тусгахад анхаарах шаардлага бий болов уу. Тэгэхгүй бол төр, шашны уламжлалт зан үйл ч өөрчлөгдөх магадтай. Наад зах нь үндсэн хуульд заасан “Төр нь шашныг хүндэтгэж, шашин нь төрөө дээдлэнэ” гэсэн заалтын дагуу иргэдийн дийлэнх олонхын шүтэж эхэлсэн христийн шашинд хүндэтгэл үзүүлэх болж байна. Сар шинээр Гандантэгчэнлин хийдэд залбирдаг төрийн гурван өндөрлөг Зул сарын баяраар христийн сүмд хүндэтгэл үзүүлэх дүр зураг ч тодорч байна. Инээдэмтэй мэт санагдах ч хуулиараа ийм л байдал руу орно. Харин тийм нөхцөл байдалд хүргэхгүйн тулд бодлогоор хязгаарлах нь зүй. “Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай хууль”-ийн үзэл баримтлал ч үүнд чиглэсэн байх учиртай.
Тус хуулинд сүм, хийдээс татвар авах, гаднын байгууллагаас хандив авах, гадаадын иргэн Монгол улсад шашны байгуулага нээхийг хориглох зэрэг бодлогын чухал заалтууд бий. Бас насанд хүрээгүй хүүхдийг шашин, сүм хийдийн ажиллагаанд оролцуулахад эцэг эхийн зөвшөөрлийг заавал авах зохицуулалтыг шинээр тусгаж байгаа нь олзуурхууштай. ҮАБЗ-ийн гол бодлого ч эцсийн дүндээ үндэстэн доторх шашин хоорондын талцал, хуваагдлыг бий болгохгүйн төлөө зорьж байдаг биз. Түүний тулд гаднын шашны хэт давамгайллыг хазаарлах хэрэгтэй санагдана. Барууны загварыг хуулбарлах дуртай манай улс төрчид үүнийг дөгөөж христийн намын эрх ашгийг парламентад тулгаад эхэлбэл үзэл бодлын хуваагдал тэндээс эхлэх ёр зөгнөөстэй. Дайн тулааны хөлд нэрвэгдэн сүйрч буй хөгжил буурай орнууд улс төр, эдийн засгийн хямралаас бус шашин, үзэл бодлын зөрчлөөс улсаараа талцан зовж байгаа жишээ олон байна. Жалга дов, яс, аялгаараа хуваагдахдаа тулдаг монголчуудын хагарлын дараагийн шалтгаан шашны талцал болвол гамшиг тэндээс ундарна. Өнөөдөр монгол айлд уламжлалт шашинт ээж, христийн шашинт хүүхдийн хоорондын зөрчил газар авч байгаа нь үүнийг далласан зөгнөл гэлтэй. Үндсэн хуулиар шашныг хэтэрхий чөлөөтэй тавьснаас өнөөгийн замбараагүй байдлыг бий болгосон. Харин шинэ хуулиар одоо л хазаарлаж авахгүй бол дахиад нэг арван өнгөрөхөд Монголын хүн ам тэр чигээрээ “халелуя” хэмээн дуулж, загалмай зүүсэн байх цагийг тэвчээртэйгээр, тэсэн хүлээх болж байна.
П.Батбөх
Засгийн газрын мэдээ
zochin · 2018/11/03
Mongolchuud buddgaa shvtnee
Зочин · 2018/11/02
ЭРГҮҮ ТЭНЭГ ЭРҮҮЭЭ АВЧ НУРУУГАА МААЖМАР
Зочин · 2018/11/02
ХРИСТЫН НОВШНУУДАД ӨӨРСДӨӨ ЦОВДЛУУЛАХ ЦАГ ИРНЭ ДЭЭ
зочин · 2018/11/02
буддын шашнаа цэвэр ариунаар шүтэн дээдэлж явах юмсан даа. Христ лалын шашны талаар магтан ярихад миний уур цухал төрдөг. төрийн томчууд христийн шашны сүм хийд байгуулахад бас авилгаа авч, улс орноо улам доройтуулахад хуюв нэмрээ оруулж байна. Яах вэ
Зочин · 2018/11/02
Sain niitlel bolson bn
эргүү богд · 2018/11/02
Христ нь дээрээ. Буддизмыг шахан зайлуулья
Зочин · 2018/11/02
ийм илт яс хаясан байдлаар шашны талаарх мэдээлэл оруулж болохгүй батбөх гуай хуулийн хариуцлага гэж байна. тэр төвдийн шашныг монголын уламжлалт гэж нэрлээд байдаг хүмүүсийн зорилгыг ойлгохгүй юм. янхан эргүүлдэж баар хэссэн халзан толгойт сүмд нь орж ирсэн хөгшнөөс яаж мөнгө салгах вэ гэж бодож толгойгоо гашилгадаг шашин гэж байхгүйлдээ. ядарсан тэтгэвэрийн хөгшнийг ийм ч ном/төвд шүлэг/ уншуул тийм ч засал хийлгэ тэхгүй бол үр хүүхэд чинь үхнэ хатна гэж байгаад хамаг мөнгийг салгадаг энэ шашин биш шүү. буддын шашинтай зүүн өмнөд ази, зүүн азийн япон солонгос тайланд гээд орнууд байна тэнд шашин нь соёл, гэгээрэл, ёс суртахууныг сургаж хөгжил дэвшилийг авчирч байна төвд шүлэг уншилгүйгээр шүү. монгол төвд 2-т байдаг энэ гаж шашин гэж хэлхэд хэцүү зүйл сайн сайханд биш харанхуй доройтолруу уруу татаж байдаг.