ЭХЭМҮТөвийн эмч аборт хийхдээ умайн хана, нарийн гэдсийг нь цоолжээ
2018/11/14
2016 оны 10 дугаар сарын 20-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд иргэн Г.Г соруурын аргаар үр хөндүүлэх мэс ажилбар хийлгэжээ. Энэ хагалгааны үеэр ЭХЭМҮТөвд яаралтай тусламжийн тасагт эх барих эмэгтэйчүүдийн эмч ажилтай Б.У өвчтөнд тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс Г.Г-ийн умайн хана, нарийн гэдсийг цоолж бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан байна.
Бусдад хүнд гэмтэл учруулсан эмч нь Монгол улсын иргэн, Б.У гэгч. Тэрбээр 1987 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, эх барих, эмэгтэйчүүдийн эмч мэргэжилтэй, ЭХЭМҮТөвд яаралтай тусламжийн тасагт эх барих эмэгтэйчүүдийн эмч ажилтай, ам бүл 3. Баянгол дүүрэгт оршин суудаг , ял шийтгэлгүй нэгэн.
Тэрбээр үр хөндүүлэх мэс ажилбар хийхдээ бүсгүйн умайн хана болон нарийн гэдсийг нь цоолсон бөгөөд үүнийгээ хүлээн зөвшөөрөөгүй. Харин эмч ажилдаа хайнга хандсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр батлагджээ. Шинжээчийн 15291 тоот дүгнэлтэд: “...Г.Ган-Эрдэнийн биед умай, нарийн гэдэсний цооролт, умайг бүхэлд нь авах, нарийн гэдсийг тайрч, залгах мэс заслын дараах байдал хэвлийн хөндийн шингэн хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь 2016 оны 10 дугаар сарын 20-ний өдөр үүссэн шинэ гэмтэл байна. Соруурын аргаар үр хөндөх ажилбар хийгджээ. Үр хөндөх ажилбарын үед умай, нарийн гэдсийг цоолсон байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11, 3.5.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэжээ.
Мөн эмч ажилдаа хайнга хандсан болох нь Хяналт шалгалт хийсэн тухай 12-06/447 танилцуулгын 3 дахь заалтад: “...Эмчийн оношилгооны ур чадвар дутмагаас үр хөндөлтийн үеийн хүндрэлийг оношилж, тусламж үзүүлээгүй, ажилбарын дараа үйлчлүүлэгчийг гэрт нь буцааснаар хүндрэлийг хожуу оношлоход хүргэсэн.... Яаралтай тусламжийн их эмч Б.У 2016 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн 13 цагт үр хөндөлтийн мэс ажилбарын үед техникийн алдаа гарч умай цоорч, гэдэс гэмтсэн үр хөндөлтийн цогц үйлчилгээг дутуу хийгдсэн нь иргэний гомдлыг үндэслэлтэй гэж дүгнэлээ. Эмчлэгч эмч Б.У нь эмчийн оношилгооны ур чадвар дутмагаас үр хөндөлтийн дараах хүндрэлийг цаг тухайд оношилж, тусламж үзүүлээгүй, ажилбарын дараа үйлчлүүлэгчийг гэрт буцааснаар хүндрэлийг хожуу оношлоход хүргэсэн” гэжээ.
Мэргэжлийн хяналтын газрын хяналт шалгалт хийсэн тухай танилцуулгын 8-д: “...8.1-д Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн их эмч Б.У нь эхийг 2016 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн 13 цагт үзээд, эхийн биеийн байдлыг дутуу үнэлсэн, үр хөндөлтийн ажилбарын явцад техникийн алдаа гаргаж умай цоолж хүндрэлийг оношлоогүй байгаа нь Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3 дахь заалт, Эрүүл мэндийн сайдын “Эмнэлгийн мэргэжилтний баримтлах ёс зүйн хэм хэмжээ”-г шинэчлэн батлах тухай 2013 оны 446 тушаалын 3.3 дахь заалтыг, эрүүлийг хамгаалах технологи үр хөндөлтийн тусламж үйлчилгээ MNS5488:2005 стандартын 14.1 дахь хэсгийг, 8.2-т Үйлчлүүлэгчид үр хөндөлтийн өмнө, дараа зөвлөгөөг бүрэн дүүрэн тайлбарлаж хэлээгүй, мэс засал /мэс ажилбар хийлгэх зөвшөөрлийн хуудсанд эрсдэл, хүндрэлийг зөв оновчтой тусгаагүй, халдвараас сэргийлэх зорилгоор ажилбараас өмнө /30 мин/ антибиотик хэрэглээгүй, өвдөлт намдаах ямар арга сонгосон талаар тэмдэглээгүй, хүндрэл гарсан тохиолдолд яаралтай тусламж үзүүлэн эмнэлэгт хэвтүүлэн хянаж эмчлээгүй зэрэг нь Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3, эрүүл мэндийн сайдын “Эмнэлгийн мэргэжилтний баримтлах ёс зүйн хэм хэмжээ”-г шинэчлэн батлах тухай 2013 оны 446 тушаалын 3.3, 4.3 дахь заалтыг, Эрүүлийг хамгаалах технологи үр хөндөлтийн тусламж үйлчилгээ MNS5488:2005 стандартын 9.1, 9.3, 11.1, 12.2.1, 18.2, 18.5, 18.5.2 дахь хэсгийг, 8.3-т Их эмч Б.У нь үр хөндөх ажилбарын үед хүндрэл гарсныг оношилж чадаагүй, тасгийн эрхлэгч, ахлах эмч нарт хэлж хамтарсан үзлэг хийгээгүй, хийж буй ажилбарын үйл ажиллагаанд тавьсан хяналт хангалтгүй, багаар ажиллаж чадаагүй, эхэд эрсдэл хүлээгдэж байгааг тооцоогүй, үр хөндөлтийн цогц үйлчилгээг стандартын дагуу хийгээгүй байгаа нь Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3 дахь заалт, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хөдөлмөрийн дотоод журмын 1.6.1.а, захирлын журам батлах тухай 2014 оны 524 тушаалын 3 дугаар хэсгийн 3.2 дахь хэсгийг тус тус зөрчсөн байна” гэсэн дүгнэлтүүдээр батлагдаж байгаа юм.
Тиймээс анхан шатны шүүхээс ч Б.У-г өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс өвчтөний бие махбодид хүнд гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 02 жилийн хугацаагаар хасч, 02 жил хорих ялаар шийтгэсэн.
Харин давж заалдах шатны шүүхээс алдаа гаргасан эмчийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эмчлэх эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж гурван мянган нэгж буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн юм.
Тиймээс бүсгүйчүүд болон залуу гэр бүлүүд гэр бүл төлөвлөлт хийж энэ мэт болзошгүй эрсдэлээс сэргийлэх хэрэгтэйг сэрэмжлүүлж байна.