Бага юман дээр яасан ч их боргов доо, бид
2018/11/19
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгодог жижиг, дунд үйлдвэрийн зээлийн асуудал бөөн шуугиан дэгдээж байна. Фэйсбүүк, твиттерт хаягтай болгон би хоцорчих вий гэсэн шиг бүгд ам амандаа шуугьж, сэтгэгдэл, жиргээ оруулж, олон нийтээрээ хэлэлцүүлж, зээл авсан төрийн түшээдийг бөмбөгнүүлж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ч эл асуудлыг тасралтгүй хөндөж байна.
Энэ бүхнийг тоймлоод харахад бид бага юман дээр яасан ч их боргов доо. Сайдыг огцруулж болбол Засгийн газрыг унагаж, бүр болохоор бол УИХ-ыг тараах хэмжээнд энэ асуудал өндрөө авав. Жинхэнэдээ хэл ам дагуулсан ЖДҮ гээд байгаа асуудал чинь том юмны дэргэд бол өчүүхэн юм шүү дээ.
Энэ тухай УИХ-ын гишүүн Ж.Батзандан чуулганы хуралдаан дээр “Бусдын кнопыг дарах чинь ЖДҮ-ээс том асуудал шүү дээ. Бусдын өмнөөс кноп дарж хууль батлах нь ЖДҮ-ээс том асуудал. 30-уулаа сууж байгаад хууль батлах нь ЖДҮ-ээс том асуудал. Эрдэнэтийн 49 хувийг хулгайд алдчихаад өнөөдөр чимээгүй сууж байгаа чинь ЖДҮ-ээс том асуудал шүү. Хөгжлийн банкны хулгайч нартайгаа хариуцлага тооцож чадахгүй байгаа чинь ЖДҮ-ээс том асуудал шүү. “Сахал” Эрдэнэбилэгийн 33 км замыг 200 тэрбумаар улсад шахсан чинь ЖДҮ-ээс том асуудал шүү. Таван толгойд барьсан хулхи хар замыг 190 тэрбум төгрөгөөр улсад шахсан чинь ЖДҮ-ээс том асуудал шүү. Цахилгаан станцын гэрээг Багануур дээр хийж Монгол Улсын цахилгааны тусгаар тогтнолыг Хятадуудад өгсөн чинь ЖДҮ-ээс том асуудал шүү. Одоо бүгдээрээ ЖДҮ ярьж эргэлдээд нэг их ёс суртахуун ярьж бөхөлзөөд өнгөрөх юм уу” гэж УИХ-ын гишүүд, төрийн өндөрлөгүүдэд хандаж хэлсэн. Түүний хэлсэнчлэн тэр том мөнгөнүүдийн хажууд ЖДҮ бол зүгээр л зээл. Буцаагаад төлөх юм. Түрүүчээсээ төлөөд эхэлчихсэн.
Тэгвэл ЖДҮ-ийн дэргэд АСЕМ ямар их мөнгөн дүнтэй асуудал билээ. АСЕМ-аар бараг 400 тэрбум төгрөгийг хяналтгүй зарцуулсан нь одоо ч асуудал болон яригддаг сэдэв. Уг арга хэмжээнд нийтдээ 395.7 тэрбум төгрөг зарцуулсныг тухайн үед аудитын газраас мэдээлж дараа нь 14.8 тэрбум төгрөгийн зөрчил илэрснийг нийтэд зарласан. АСЕМ-ын зарцуулалтыг харахад улсын төсөв мөнгийг үнэхээр замбараагүй үрэн таран хийж, хөрөнгө болон үлдсэн олон тэрбумын үнэтэй эд зүйлсийг хувьдаа завшицгаасан нь тогтоогдсон.
“Үнэ тогтворжуулах хөтөлбөр” гэж айхавтар том үйл ажиллагаа явуулсныг хүмүүс санаж байгаа. Данагар гэхэд дэндүү данагар төсвийг уг хөтөлбөрт тусгаж өгсөн байдаг. Ийм хөтөлбөр явуулахын тулд Монголбанкнаас хичнээн тэрбумын төгрөг хэвлэлээ. “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”- ийг хэрэгжүүлэхэд 2.423.477 914.903 буюу хоёр их наяд дөрвөн зуун хорин гурван тэрбум дөрвөн зуун далан долоон сая, есөн зуун арван дөрвөн мянга, есөн зуун гурван төгрөгийг гаргасан байдаг ч уг мөнгөний 600 тэрбум төгрөгийн зарцуулалтын дүн одоо болтол олдоогүй байгаа.
Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг 400 сая ам.доллараар худалдаж авсан гэх Худалдаа хөгжлийн банкны асуудал бас бий. Мөн тус банкны “Хөтөлийн цемент шохой” ХХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК зэрэг томоохон үйлдвэрүүдэд хөрөнгө оруулалт нэрээр нөлөөгөө тогтоосон асуудлын цаана асар их хэмжээний мөнгөний асуудал нуугдаж байгаа. Энэ мэт бүгд мэддэг, тухайн үедээ шуугиад өнгөрч байсан ч асуудал нь шүүх хяналтын байгууллагын шатанд ирэхээрээ замхарчихаад байдаг олон том асуудал, хэргүүд бий. Энэ бүгдийг ЖДҮ-тэй адилхан шуугих юм байгаа биз дээ. Аманд багтахааргүй их хэмжээний мөнгөн дүнтэй, улсын эдийн засагт ноцтой хор хохирол учруулсан булхай луйваруудыг захаас нь нэрлэвэл зөндөө байна. Энэ бүгдэд адилхан шуугих юм байгаа биз дээ, нийгмээрээ. Өрнөж буй үйл явдлыг ажиглахад ард түмэн, олон нийт жижиг чулуугаар том чулуу хөдөлгөх тактик барьж байгаа болов уу гэж харагдаж байгаа юм. Жижиг, дундын зээл гэсэн жижиг, дунд хэмжээний юмыг ярьж байгаад энэ сэдвээ улам хүч авахуулж үүнийхээ салхинд том асуудал руу нийтээрээ шууран орох үүд хаалгаа бага ч болов нээчихлээ. Үүнээс цаашлаад төрд гарсан улсууд, төр барилцаж байсан зарим эрхмүүдээс хариуцлага нэхэхээр бэлдэж байна гэж таамаглаж болохоор байгаа юм. Тийм ч болохоор эхлээд ЖДҮ-ийн эргэн тойрон дахь асуудлаар галаа өрдөж ноцоож байгаад дараа нь том асуудал руугаа орж жинхэнээсээ хуйхлаад өгч мэдэх юм. Галаа өрдөөд эхэлчихсэн учир энэ эрчээ алдалгүй дээрх том асуудлуудыг орхилгүй, ЖДҮ-ийн зээлийн асуудалтай адилхан шуугьж, улс орны хэмжээнд асуудал болгон гаргаж ирэхийг уриалж байна.
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, “Таван толгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Г.Дэнзэн гэх залуугийн улсад учруулсан 17 тэрбумын хэрэг, хоёрдугаар ДЦС-ыг түшиглээд гэр хорооллын айл өрхүүдийн тэн хагасынх нь хэрэглээг хангах утаагүй түлшний үйлдвэр барина гээд “Аморе интернэшнл” компанийн авч одсон 14 тэрбум төгрөгийн дэргэд ЖДҮ-ийн асуудал юу ч биш гэдгийг мэдэж байгаа биз дээ.
Эх сурвалж: Өдрийн сонин
шаабар · 2018/11/19
Энэ нийтлэлийг гаргаж бичсэн нь сайн. Гэхдээ иргэдийн дургүйцлийг ихээр хөдөлгөх эхлэл болсон ЖДҮ ийн асуудыг саармагжуулан орхиж болохгүй. Бага чулуугаар их чулууг хагалдаг ёсон буй. ЖДҮ г эхлээд шийдвэл бусад асуудал руу хүссэн ч эс хүссэн ч орж л таарна. Хугацаа алдвал аль ч үгүй болно, Барьсан барьцаа бүү султга. ЖДҮ- г жижиг гээд орхих аваас "олон санаат оргож чадахгүй " гэдэг болно шүү. Барьцаа чангал.