-50 хэмийн хүйтэнд хээр хоносон ч дөрвөн хүүхэдтэйгээ эсэн мэнд гарч чадсан Монгол бүсгүй
2018/12/22
Энэ бүсгүйг Тунгалаг гэдэг. Увс аймгийн Тэс сумын хүн. Өнгөрсөн өвөл Увс аймагт онцгой хүйтэн өвөл болсон билээ.
Тэр их хүйтний үеэр Ч.Тунгалаг Улаангомоос Тэс сум орохоор явах замд машиных нь ремэн тасарч “таг” суужээ. Сумын төв ороход 30 гаруй км газар үлдсэн байж. Увс аймгийн эрчим хүчинд ажилладаг тэр Тэс суманд хуваарилагдан ажиллахаар явж байгаад ийм зүйл болжээ. Тунгалаг 2-17 насны 4 хүүхэдтэйгээ явсан аж. Хөрсөн дээрээ шөнөдөө хамгийн багадаа -50 хэм хүйтэрдэг Их нууруудын хотгорт хөлдөхгүй хонохын тулд тэсвэр тэвчээрээс илүү их ухаан хэрэгтэй юм. Ер нь -50 хэмд гадаа хононо гэдэг чинь зарим хүний санаанд багтахгүй биз.
Харанхуй болсон учир хаашаа ч явах аргагүй. Утас сүлжээгүй. Аль нэг талаас машин ирэх байх гэж найдан хүлээжээ. Өөр ямарч аргагүй л дээ. Машин ирсэнгүй. Учир нь Улаангом Тэс хооронд явдаг хоёр зам байдаг юм. Тунгалагийн явсан зам зуны зам байж. Нөгөө зам нь өвлийн зам учир машин ирэх боломжтой байж. Зуны замаар ачааны тэрэг л хааяа явдаг юм байна. Тухайн үедээ буруу замаар явсанаа ч мэдээгүй гэнэ. Хаашаа л харна машин ирж байгаа юм санагдаад байсан хэмээн бүсгүй ярив. Энэ бол горьдлого тээсэн бодлын үзүүр юм. Амь дүйсэн ийм хэцүү цагт харсан бүхэн хөдлөх шиг болдог нь үнэн л дээ. Тунгалаг дөрвөн хүүхэдтэйгээ эсэн мэнд хоносон. Энэ нь түүний дөрвөн зөв шийдэлтэй холбоотой. Өглөөний гэгээ орохоор нь түлээ түүж гал түлж дулаацсан гэнэ. Тэгээд хоёр том хүүхдээ хэл хүргүүлэхээр сумын төв рүү явуулж хоёр бага хүүхдээ хараад үлджээ.
Нэгд: Тэр шүдэнз буюу галтай явж. Бүсгүй тамхи татдаггүй. Аав нь байнга галтай явж бай гэж захидаг байсан болохоор машиндаа ч цүнхэндээ ч шүдэнзтэй байж. \Асаагуур бол бас найдвар муутай\ Галтай явсан нь түүний нэг сайн тал байв.
Хоёрт: Тэр хөнжил гудастай явж. Мөн гайгүй дулаан хувцастай явсан бололтой. Энэ нь бас зөв байв.
Гуравт: Хамгийн сүүлчийн мөчид хүүхдээ цасаар хучсан гэнэ. Энэ бол сүүлчийнх ч биш хамгийн найдвартай арга. Тэр их хүйтэнд үүнээс илүү арга бараг л байхгүй. Хэдийгээр тухайн үедээ зөв боловч буруу шийд бас гаргаж.
Эхний буруу шийдэл: Унтвал хөлдөнө гээд хүүхдүүдээ унтуулахгүй шөнөжин дуулуулсаар гэгээ оруулсан гэнэ. Энэ бол маш аюултай шийдэл юм. Гэвч азаар муу зүйл болоогүй байна. Уг нь мэддэг хүн бол хүүхдүүдийг ядаж нэг цаг унтуулах ёстой. Бүр болохгүй бол 10 минут ч болов унтуулахгүй бол болдоггүй. Даарсан хүний нойр сэргэдэг. Тэр сэргэсэн нойр хүйтэн байсан ч дийлдэхгүй унтвал хүн сэрдэггүй унтаа чигтээ хөлддөг. Хэсэгхэн унтуулаад сэрээчихвэл дахиж бараг унтдаггүй юм.
Хоёр дахь буруу шийдэл: Гал түлж дулаацуулсны дараа том хоёр хүүхдээ тусламж дуудуулахаар явуулжээ. Уг нь бол гал түлж дулаацсаны дараа биш цасаар устай газар бол хүйтэн усаар хөл гарыг нь угаагаад явуулсан бол илүү найдвартай юм.
Галтай газраас гарсан хүн хүйтэн ус, цасаар биеэ угаасан хүнээс илүү хурдан хөлддөг. Яагаад вэ гэвэл гаднаас авсан дулааныг дотор халуун барьдаг юм. Дотор халууны сэлбэлт нь халуун хоол цай байдаг. Хээр хоносон хүмүүс хоосон байж таарна. Тиймээс галд дулаацах нь тухайн үедээ сайхан боловч маш хурдан илчээ алдах магадлалтай юм. Гэхдээ хоёр охин эсэн мэнд явж хэл мэдээ хүргэж чаджээ.
Тунгалаг бага хоёр хүүхдээ нэгийг нь үүрээд нэгийг нь хөтлөөд 10 гаруй км явсан байдаг. Ингэхдээ машинаасаа мишок хүрз хоёр л авсан аж. Энэ бол гайхалтай зөв шийдвэр юм. Хүч тамир барагдаж цааш явах боломжгүй болохоор нь мишоконд хоёр хүүхдээ хийж хэвтүүлээд цасаар хучжээ. Тэгэхдээ яг замын ирмэг дээр байрлуулж хүрзээ хажууд нь хатгаж тэмдэг хийж. “Хэрэв би хөлдвөл түүгэр явсан машин хүүхдүүдийг харна гэж бодсон” хэмээн бүсгүй ярьсан. Сэтгэл өмөрч нулимс мэлмэрэм эхийн сэтгэл мөн шүү... Тэгээд сум руу явсан хоёр охиныхоо араас зам дагаад алхжээ. \Явсан хоёр хүүхдэдээ санаа зовоод байж чадаагүй учир 10 гаруй км алхсан бололтой\ Тусламжийн машин ирэхэд итгэж өгөхгүй байсан гэдэг. Шөнөжин, өдөржин машин ирж байгаа юм санагдаад байсан хүнд бодитоор машин ирэхээр үнэмшиж чадахгүй байж л дээ.
-Хүүхэд чинь хаана байгаа юм бэ гэж хүн асуухад л сая нэг юм итгэсэн гэнэ.
Тэсийнхнээс өөр хүн тэсэх аргагүй хүйтэнд Тэсийнхэн л тэсдэг юм гэдгийг Тунгалаг бүсгүй хүүхдүүдтэйгээ харууллаа. Тэвчээр чадвараас гадна ухаантай байж хүйтнийг давдаг юм гэдгийг тэр үйлдлээрээ хэллээ... Хэдийгээр өөрийнх нь хүүхэд боловч 4-н хүүхдийн амь аварна гэдэг шагшин магтах ёстой зүйл мөн. Хэний ч хүүхэд байсан тэр аврах байсан нь үнэн юм.
Эх сурвалж: Tal Bicheech
Зочин · 2018/12/23
Сургамжтай л юм хол явах гэж байгаа хүмүүс ер нь анхаарал болгоомжтой яаж ч магадгүй гэж бэлтгэлээ хангаж явахгүй бол машин техник,гар утасанд найдалт байхгүй өвөг дээдсийн эх эцгийнхээ зөвлөгөөг дагасны хүчинд эсэн мэнд гарчээ. Мундаг бүсгүйд баяр хүргэе.
Зочин · 2018/12/23
-50хэмд ус байх у. Буруу шийдвэр ч гэх шиг. Хүн тодорхой хэмжээгээр дулаацсаны дараа алхвал энергээ удаан хадгалж даарахгүй. Энэ бүсгүй харин ч ухаалаг мундаг бна. Унтвал хүн сэрж чаддаггүй. Их даарч хөлдөөд ирэх үед хүн халууцаж бга юм шиг мэдрэмж төрж хувцасаа тайлж унтаж эхэлдэг. Тийм ч учраас хөлдөж үхсэн хүмүүс гутал хувцасаа тайлсан бдг. Юм бичих гэж оролдож бга бол ийм асуудалд шүүмж биш ямар гайхалтайгаар энэ бүхнийг туулсаныг бич
зочин · 2018/12/22
Гайхалтай, бүх боломжоо эцэст нь тултал хийжээ, бурхан харсан байна.
zochin · 2018/12/22
uhaantai busgui