Монгол Улсын аварга Сүхбаатарын Мөнхбаттай ярилцлаа.


-Сайхан өвөлжиж байна уу аварга аа?

-Сайхан өвөлжиж байна. Өнтэй сайхан өвөл болж байна.

-Үндэсний эрх чөлөөний ой “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх барилдаан удахгүй болно. Чансаа өндөр бөхчүүд барилддаг тус барилдаанд та хоёр ч удаа түрүүлж байсан санагдана?

-Сүүлийн үед чансаа өндөр 128 бөхийн барилдаан зохиогдох нь олон болжээ. Энэ барилдааны тухайд “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх гэдэг утгаараа бөхчүүдэд илүү үнэ цэнэтэй. 2011 онд Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойгоор анх түрүүлж байлаа.

-Хоёр дахь удаагаа түрүүлэхэд нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж бугуйн цагаа дурсгаж байсан шүү дээ?

-Тэгсэн. Өөрийнх нь нэртэй хүмүүст дурсгадаг цагаа надад дурсгаж байсан. Ерөнхийлөгчийн цом дээр түрүү бөхийн нэр бичигдэж шилжин яваад жижиг хувилбар үлддэг.

-Танай гэр бүл шинэ жилийн баярыг хэрхэн тэмдэглэж өнгөрүүлдэг вэ?

-Миний хамгийн дуртай баяр маань. Хүүхэд байхад л манай гэр бүлийнхэн шинэ жилийн мод засаад л халуун дулаан уур амьсгал дунд тэмдэглэж өнгөрүүлдэг байгаа. Сүүлийн хэдэн жилийн тухайд Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд илүү ач холбогдол өгч шинэ жилийн баярт цөөхөн оролцдог болсон. Амжилттай барилдаж ард түмэндээ шинэ жилийн бэлэг барихыг илүүд үздэг болсон шүү.

-Өнгөрсөн жил Увс нуур дэвжээний бөх улсын харцага Т.Баасанхүү цомын эзэн болсон. Өнөө жил харцагын бэлтгэл сургуулилт хэр зэрэг байгаа бол?

-Т.Баасанхүү мөрний бэртэлтэй байж байгаад сая хагалгаанд орсон, өнөө жилдээ зодоглож амжихгүй байх. Бусад нь зодоглох байх. Аравдугаар сараас хойш Увс нуур дэвжээнийхэн тогтмол бэлтгэлтэй байгаа. Найр наадмын үе ард хоцорч бөхчүүдийн бэлтгэл жигдэрсэн харагдсан.

-2007 оны хавар бил үү дээ “Аваргуудад хүндэтгэл үзүүлэх” барилдаанаар аймгийн заан С.Мөнхбат гэж жижигхэн залуу гараад Д.Сумъяабазар аварга тэргүүтэй улсын том цолтнуудыг хаяж их шөвөгт шалгарч анх олонд танигдаж байсан. Тэр барилдаануудынхаа талаар?

-Хамгийн том цолтой бөх өвдөг шороодуулсан минь тэр л дээ. Д.Сумъяабазар аваргыг сугадаж тонгороод давж байсан. Сүүлд Сумъяабазар аварга “Хүндэтгэлийн барилдаанаараа аварга бөхөд л унаж байж дээ” гэж хэлж байсан. Тэр өдөр До.Ганхуяг, Х.Мөнхбаатар гээд улсын наадмын түрүү бөхчүүдийг цувуулж хаяж байлаа.

-Таны барилдааныг ажиглахад хүний хий зайг алдалгүй ашиглаад давж байгаа харагддаг. Энэ онцлогоороо тэгш ойн барилдаанд түрүүлж аварга цол хүртсэн гэж бөхийн багш дасгалжуулагчид ярьдаг юм билээ?

-Барилдаан ч шинж чанар тогтож давтаж, бодож сэтгэж байж хүнд сууна. Мэх техникийг хурдан сурч өөртөө суулгах нь байгалиас заяасан авьяас юм болов уу гэж боддог юм. Би өөрийн мэх техникээ хөгжүүлэх, яаж өөрчилбөл илүү боловсронгуй болгох талаар үргэлж бодож сэтгэж явдаг юм. Сүүлийн үед золгооноос бөхчүүд их сайн барилддаг болсон байна. Намхан хүн золгооноос яаж сайн барилдах талаар суралцаж байна. Улсын аварга О.Балжинням, улсын гарьд Б.Гантогтох нарын золгооны техникийг харж суралцаад орчин үеийнхтэй харьцуулаад л суралцана шүү дээ.

-Б.Гантогтох гарьдын бөх бэлтгэх арга барил их онцлогтой гэдэг юм билээ?

-Багш болгон өөр өөрсдийн гэсэн онцлог арга барилтай. Үндэсний бөхийн тухайд эхэлж хүнээ судлаад ямар бэлтгэл зохих, ямар төрийн мэх техник суулгавал илүү үр дүнтэйг багшийн нарийн ухаан шийднэ. Багш 20 залуу бөхөд нэг л мэх техник давтуулаад байхад хоёр юм уу гурван залууд таарна. Хүн болгоны өөр өөрийн онцлогт нь таарсан бэлтгэл сургуулилт хийлгэх нь илүү үр дүнтэй. Гантогтох гарьд энэ тал дээр мундаг хүн.

-Өнгөрсөн жилийн наадмын талаар хоёулаа ярилцъя л даа. Таны хувьд сайн барилдаж их шөвөгт шалгарсан шүү дээ?

-Би 2017 оны наадмаар миний бэлтгэл их сайн байсан. Дээшээ түрүү үзүүр бодож зодоглосон л доо. Хар багаасаа хамт бэлтгэл хийгээд бөхийн дэвжээний жаргал зовлонг хамтдаа туулж өдийг хүргэсэн найз маань заан цолны даваанд гурав дахь удаагаа гараад ирэхэд нь амлаад цолыг нь ахиулж өгсөн. Ө.Бат-Орших маань сайхан барилдаж гарьд цол хүртсэн шүү дээ. Өнгөрсөн наадмын тухайд үндэсний бөхийн бэлтгэл нэг удаа л хийсэн. Нуруугаа бэртээчихсэн л дээ. Улсын наадмын даваанаас давааны хооронд деклоденк тариад л барилдсан. Шөвгийн дөрөвт үлдсэн. Ид барилдаж байгаа аварга цолтой хүн их шөвөгт шалгарна гэж зориогүй нь мэдээж.

-Т.Бэгзсүрэнтэй хийсэн барилдааныхаа талаар. Завханы бөхчүүд танд их хэмжээний мөнгө санал болгосон тухай яриа наадмын дараа гарсан байна лээ?

-Тийм зүйл болоогүй ээ. Долоогийн даваанд хэд хэдэн аймгийн цолтнууд гарч ирсэн. Бодож байгаад хаяна гэж амлаад л давсан.

-Их шөвөгт гараад ирэхэд Ч.Санжаадамба аварга таныг амласан. Та өмнө нь давж байсан шүү дээ?

-Тактикийн алдаа гаргасан л даа. Санжаадамбын өөрийнх нь талд нь барьцаа халаад барилдааны хяналтаа алдчихсан. Нэг мэдсэн өнөөх хутгаагаа хийгээд л дор нь орсон байна лээ. Сүүлд бичлэгээс харахад хутгасан хөлөнд маань наагаад хавирсан байсан. Дархан мэх нь шүү дээ Санжаадамбын.

-Нөгөө талд Н.Батсуурь аварга Н.Жаргалбаяр заан хоёрын дунд ширүүн барилдаан болсон. Энэ барилдааны талаар?

-Хоёулаа л бэлтгэл сайтай байсан. Хоёулаа л түрүүлэх зорилготой зодоглосон. Сэтгэл зүйн бэлтгэл өндөртэй нь давж түрүүлсэн болов уу.

-Тэр жил таныг тавын даваанд Дундговийн А.Алтанхуягийг амлаад унахад залуугаараа найраа хийлээ гэж олон хүн шүүмжилсэн дээ?

-Буугаад өгчихсөн гэж олон хүн ярьдаг. Би барилдаж байх хугацаандаа хэнд ч бууж өгөхгүй гэж өөртөө тангарагласан. Монгол бөхөөрөө бахархаж, омогшиж явдаг аварга цолтой хүний хувьд энэ уламжлалынхаа ирээдүйн хөгжилд бохир зүйл оруулчихгүй юм шүү гэж хичээдэг. Өөрийнхөө биеэр залуу бөхчүүддээ үлгэр дуурайл үзүүлэх юм шүү гэж бодож явдаг юм. Алтанхуягтай барилдаад л дийлэлгүй унасан.

-Та А.Алтанхуягийг яагаад амласан юм бол. Дөрөв дэх удаагаа начин цолны даваанд аймгийн арслан цолтой босч байсан нь тэр шүү дээ?

-Дөрвийн даваанд Н.Түвшинбаяр заантай барилдахыг нь тогтож анзаарахад их сул байгаа юм шиг харагдсан л даа. Яаж гар амар дээшээ явах тухай л бодож байсан учраас юм бодолгүй очоод л амлачихсан. Тэгсэн эргэн тойронд байсан хүмүүс “Энэ олон залуус байхад чи Алтанхуягийг амлаад байхдаа яадаг юм гээд уцаарлах маягтай байсан”. Аав маань хүртэл “Чи яах гэж Алтанхуягийг амлаж байгаа юм” гэж зэмлэж байлаа. Бүх наадамчид л Алтанхуягийг улсын цол хүртчихээсэй гэж залбирч дэмжиж байсан юм билээ. Би ч өргөж гаргаж ирээд л халтираад дор нь орчихсон. Тэр олон хүний хүч энерги нөлөөлсөн юм болов уу гэж боддог юм. Бөх хүн амаа зөв авч байх хэрэгтэй юм билээ.

-Сүүлийн жилүүдэд аварга арслангууд хөдөө орон нутгийн наадам хэсч найраа хийх нь мэр сэр харагдах боллоо. Мөн төрийн хүндэтгэлийн барилдаан болж байхад тоохгүй “Алтан бүс”-ийн төлөөх барилдаан руу явчих юм. Том цолтой хүнд хэр ёс зүйтэй үйлдэл вэ?

-Монгол бөхийн оргил цолонд хүрээд энэ их уламжлал соёлын хамгийн том тээгч болчихоод хаана ч хамаагүй очиж барилдаад байх нь буруу гэж хувьдаа боддог юм. Тэр С.Мөнхбат ч байна уу, П.Бүрэнтөгс ч байна уу хамаагүй. Төрийн наадамд түрүүлсэн хүн арай өөр юм бодож сэтгэж явах ёстой. Би сар шинийн барилдаанд түрүүлчихээд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийнд очиж золгосон юм л даа. Очоод суухад Чой Хамбын дээр намайг суулгаж байсан. Миний дээр анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Ерөнхий сайд Д.Бямбасүрэн нар сууж байлаа. Ахмадаа хүндэтгэдэг сар шинийн баяраар тэр том шашны тэргүүний дээд талд миний аварга гэдэг цолыг хүндэтгээд суулгахад их л юм бодож суусан даа. Би өөрөө бурхны шашинтай хүн л дээ. Аварга цолыг сэвтээхгүй өндөрт өргөж явах ёстойг тэр үед илүү ухаарсан шүү. Иймээс л аймгийн наадам битгий хэл улсын наадамд найраа хийхгүй зөв барилдаад эрч хүчтэй үетэйгээ хамт дуусъя гэж бодож явдаг юм.

-Анх бөхийн дэвжээ рүү ямар зорилготой алхаж орж байсан бэ?

-Сүртэй том зорилго тавьж байсангүй ээ. Аравдугаар ангид байхдаа өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд барилдахдаа аварга Ч.Санжаадамба, улсын заан Н.Түвшинбаяр, улсын заан М.Өсөхбаяр нартай анх хүч үзэж байлаа. Эхний 10-т шалгарчихаад сэтгэл өндөр нутаг буцаж байлаа. Нутагтаа очоод сумын заан л болчих юм сан гэж мөрөөдөж байлаа шүү дээ. Сум орон нутагт очиход сумын заанууд чинь бие хаагаараа ч хийж буй үйлдлээрээ ч үлгэр дуурайл үзүүлдэг байсан болохоор тэр л дээ. Хотод ирээд бол улсын цол авъя гэж зорьж байсан.

-Анх Бөхийн өргөөнд зодоглож байсан үеэ эргээд дурсвал?

-ШУТИС-ийн оюутан байхдаа анх өргөөнд гарч байсан санагдаж байна. Дэвж гарчихаад хаанаас гарсанаа мэдэхгүй толгой эргээд зогсож байснаа эргээд санахад инээд хүрдэг юм. Ингээд зогсож байгаад улсын заан Р.Даваанямын хүү Лхагвадорж начинтай оноолт таарлаа. Бид хоёр хоёулаа залуу бөхчүүд. Лхагваа ч миний хажууд жигтэйхэн өндөр цагаан залуу байлаа. Барьцалдаад л бужигнаад явчихсан. Сая нэг сэрэхэд би дээр нь хэвтэж байсан. Тэгээд Баянхонгорын Сэр-Од, Хэнтийн Баатархүү гээд хүчтэй арслангуудыг давж бөх болох хүсэл минь улам оргилж эхэлсэн дээ. Заалнаас ч салахаа больсон доо.

-Мөнхбат аварга маань хойшоо сууж байна уу даа гэх хандлага бөх сонирхогчдын дунд анзаарагдах болсон. Та наадмаас хойш нэг ч барилдсангүй шүү дээ?

-Одоо залуу хүн шиг том мөрөөдөл тавиад зүтгэхэд хэцүү. Гэхдээ энэ формоо алдалгүй Ардын хувьсгалын 100 жил хүртэл барилдъя гэсэн бодолтой байна. Доогуур даваанд унаад аварга цолыг сэвтээгээд байх сонирхол надад алга. Өнөөдөр бэлтгэл хийж хүчээрээ амжилтад хүрье гэдэг залуус ховор болоод байна. Бэлтгэл хийж аажимдаа сайжрахын оронд ийм тариа тариулчихъя, тийм хүч оруулдаг эм хэрэглэчихье гэх хандлага залуучуудын дунд нийтлэг ойлголт болоод байна. Цээжээр нь яр гарчихсан, жигтэйхан их ааг омогтой болчихсон залуус хаа сайгүй л харагдах юм. Энэ чинь өнөөх допингийн ул мөр шүү дээ. Энэ залуус ирээдүйгээ бодохгүй, допингийн хор нөлөөг ухамсарлахгүй өнөө маргаашийн ганц нэг давааг илүү үзээд байгаа нь харамсалтай. Допингтой тэмцэж устгахгүй бол хүү төрвөл бөх болно гэж бэлгэддэг сайхан уламжлал ул мөргүй устаж алга болно шүү.