Яг ингэж бухимдаж байгаа иргэн цөөнгүй байна.  Учир нь  Ерөнхий сайд маань ам.долларын өсөлтийг барьж чадаагүй,  хэдэн хүний халаасийг зузаатгаснаас  болж  өнөөдөр шатахууны үнэ өсөөд байгаа.

Шатахууны үнэ 90 төгрөгөөр нэмэгдсэн чинь  хувийн тэргээрээ халтуур хийгчид  км нь  800-1000 төгрөгөөр явдаг болгочих гээд л “үзэж тарж, үсэрч наалдаж” байна. Уг нь шатахууны үнэ нэмэгдлээ гэхэд ингэж  100-300 төгрөгөөр нэмэх шаардлагагүй юм байгаа. Өөрөөр хэлбэл хувийн тэргээрээ халтуур хийгчид  мөнгө олохын төлөө ухамсаргүй зан гарган, хүн чанараа уландаа гишгэж бусадтай хэрүүл зарга үүсгэж, нохой гахайгаар дуудалцах шаардлагагүй юм.   

Өчигдрийн нэг жишээ, машинд нь суугаад хүрэх газартаа очсны дараа  км нь 1000 төгрөгөөр явж байгаа шүү гээд  “ам ангаймаар” дүн хэлж байгаа юм. “Үгүй ээ чи суухад хэлэхгүй яасан юм бэ?” Гээд  хэлэхээр үгийн зөрүүгүй, гэрлийн хурдаар давхисаар анх суусан газарт нь хүргэж өгөөд “Наанаасаа өөр таксинд суу” гэж тавлаж, өөрийнхөө цаг, бензинийг үрсэн ухамсаргүй тэнэг жолоочтой таарсан.  “Муу шулаач, шуналын тулам” гэж бодсон ч зөөлрүүлэн хэлэхээр амьдрал хэцүү байгаа болохоор та нарыг шулахаас өөр арга алга хэмээн  ярина.  

Өнөөдөр өглөө ажлаасаа хоцрохгүй гээд  таксинд суутал “1200-аар явж байгаа ш дээ ахын дүү! Шатахуун 1770 болчихсон  мэдсэн үү?  Ахын дүү халтуурчин бид чинь Жаст ойлын бензээнээр л машинаа тэжээдгийм ш дээ” гээд улаахгүй, ичихгүй хэлэх юм.  

Үнэн хэрэгтээ  өнөөдөр манайхан бензин бага иддэг буюу hybrid машин унадаг.  Үүнд ингэж үнэ нэмээд байх шаардлага байхгүй.  Цахилгаан биш байсан ч 1км-т 1 л иддэг машин биш л бол 1 литр бензин 100 төгрөгөөр нэмэгдэхэд км-ийн үнийг 100-300 төгрөг нэмнэ гэж байж боломгүй асуудал. Нөгөө талаас үүнийг ингэж огцом өсгөх шаардлага ч байхгүй.  Өөрөөр хэлбэл 700 төгрөгөөр яваад хангалттай ашиг олоод болоод байдаг байсан шүү дээ.  Тэгээд ч хувийн халтуурчдын зарим нь  тамхи үнэртүүлсэн, бохир,  дээрээс нь зам мэдэхгүй юм байж 1000, 1500, 2000... гэх мэтээр л үнийн дүнг заавал 100-400 төгрөг нэмж хэлдэг улсууд.  

Хувийн халтуурчид хэзээ ч улсдаа олсон ашгаасаа мөнгө тушаадаггүй. Татварынхан дээр би халтуур хийгээд олсон ашгийнхаа 10 хувийг нь төлөх гэсэн юм гээд орж ирж байсан хүн нэг ч байдаггүй л юм билээ. Татварынхан үүнийг батална. Тэгэхээр  татвар төлөхгүй, хараа хяналтгүй  дураараа дургиж байгаа хүмүүс бол халтуур хийгчид болж таарч байгаа юм.  

Мэдээж хэрэг хэнд ч гэсэн амьдралд нь тав арван цаас хэрэг бололгүй л яахав. Гэхдээ хүн чанар, ухамсараа ингэж уландаа гишгэж болохгүй ээ.  Үүнийг шийдэх хоёр боломжит арга байна.  

Арга1:  Өнөөдөр нийслэлийн хэмжээнд дунджаар 6000 гаруй хүн хувиараа таксинд явж байгаа бөгөөд  тэдний  үйлчилгээ ямар ч хяналтгүй, стандарт дүрэм журам  байхгүйн дээр хяналт тавих газар нь ч тодорхойгүй байна. Тиймээс энэ албан бус үйлчилгээг албажуулан, тоолууртай болгож, Нийтийн тээврээс баталж өгсөн тарифаар  үйлчилгээ үзүүлдэг болгох хэрэгтэй. Хэрэв илүү мөнгө нэхвэл торгулдаг, жолоодох эрхийг нь хасах гэх мэтээр хариуцлагын механизмыг нь бүрдүүлээд өгчихвөл  үйлчлүүлэгчдээс илүү төлбөр авдаг байдал зогсоно. Стандарт батлагдчихвал Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуулийн  дагуу ЗЦГ, Нийтийн тээвэр, МХЕГ гэх мэтчлэн холбогдох  салбарууд нь чиг үүргийнхээ хувьд хяналтаа тавина гэсэн үг.

Арга2: Украйны хатуу хуулийг Монголын хөрснөө буулгах. Тодруулбал Украйнд хуулийн дагуу бол зөвшөөрөлгүйгээр, хувийн машинаараа халтур хийгээд цагдаад баригдвал цагдаа нар машиныг нь шууд хураан улсын орлого болгож байхаар болжээ.

Ингэснээр улсын орлого нэмэгдэнэ, албан ёсны таксины орлогыг хаахгүй, зорчигчдын амь нас эрүүл мэндэд баталгаа өгөх зэрэг олон давуу талтай.  

 

А.Баярмаа