Хүний эрхийн хуульч М.Ичинноров найз залуудаа 48 цаг зодуулж нас барсан байж  болзошгүй  Ц-ийн хэрэгт стратегийн өмгөөлөл үзүүлж байгаа билээ.  Харамсалтай нь Г.Алтанхүү нэр хүндэд халдлаа, стратегийн өмгөөлөл хийхдээ нэр хүндэд халдсан хэмээн  Чингэлтэй  дүүргийн шүүхэд гомдол гаргасан байна. Үүнтэй холбоотойгоор М.Ичинноров сэтгүүлчдэд хандсан бөгөөд энэ үеэр түүнээс цөөн зүйл тодрууллаа.

 - Талийгаач Ц-г өнгөрсөн хугaцаанд өөр хүнээс жирэмслэсэн, архи уудаг гэх мэтээр бичиж байгаа. Та хэрхэн дүгнэж байна вэ?

-  Бусдыг буруутгах замаар өөрсдийгөө өмөөрөх хандлага байдаг.  Дэлхийн II дайны үед Фашистууд Еврейчүүд ийм  муухай хүмүүс учраас тэднийг алж устгаж болно гэсэн үндэслэл хэлж байсан.  Яг үүн шиг эмэгтэйчүүдтэй холбоотой хэрэг дээр өөрсдийг нь буруутгадаг.  Тухайлбал эмэгтэйчүүдийг архи уусан, завхай байсан, богино банзал өмссөн зэргээр буруутгаад өөсрдөө гараад ирдэг.  Ийм тохиолдолд эмэгтэйчүүд зарга үүсгэж явахаасаа санаа төвөгшөөдөг. Яагаад гэхээр нэгэнт бие сэтгэлээрээ хохирчоод байхад нэмээд нэр хүндэд халддаг хохирол бий болдог. Энэ нь манай улсад хүний эрхийн  өмгөөлөл хөгжөөгүйтэй шууд холбоотой.

- Талийгаач үнэхээр  зарим хэвлэлд гараад байгаа шиг хүн байсан уу?    Та талийгаачийг хувь хүн талаас нь судалсан уу?

-     Энэ хэрэгт мэдээж хэрэг ар гэрийнхэнтэй нь хамтарч ажиллаж байгаа. Ямар ч эцэг эх хүүхдээ хамгийн сайхан нь гэж хэлдэг. Ер нь найзууд, хамаатан, эцэг эхийнх нь хэлж байгаагаар бол архи дарс уудаггүй, хүмүүжилтэй төлөвшилтэй хүүхэд байсан гэдгийг бүгд хэлж байгаа.

- Шүүх эмнэлэгийн дүгнэлтийн талаарх таны байр суурь?

- Шүүх эмнэлэгийн дүгнэлттэй би албан ёсоор танилцаагүй болохоор бодиттой мэдээлэл өгч чадахгүй. Миний авсан мэдээгээр бол шүүх эмнэлэгийн дүгнэлт хангалтгүй гарсан гэж сонссон.

- Талийгаачийг архины хордлогоо нас барсан гэдэг нь бодитой дүгнэлт үү?

-  Хэрвээ архины хордлогоор нас барсан бол цус алдаж үхдэггүй. Хэрвээ архины хордлогоор нас барсан юм бол хамт архи уусан Г.Алтанхүү өөрөө яагаад үхээгүй юм бэ гэсэн хувилбаруудыг л дэвшүүлж байна.

- Талийгаачийн гэр бүлийнхэн Шүүх эмнэлэгийн дүгнэлттэй танилцсан болов уу?

- Гэр бүлийнхнээс нь нэг хүн, өмгөөлөгчдөөс нь нэг хүн шүүх эмнэлэгийн дүгнэлттэй танилцсан байгаа.

- Шүүх эмнэлэгийг удаа дараа буруу дүгнэлт гаргасан гэж үзэж байна.  Үнэхээр Шүүх эмнэлэгийн эмч нар буруу дүгнэлт гаргасан бол  хуулийн дагуу хариуцлага хүлээдэг үү? Эмчийн ёс зүйгээрээ хариуцлага хүлээдэг үү?

- Эмч нар бараг хариуцлага хүлээдэггүй. Эрүүгийн хэрэгт  шүүх эмнэлэгийн дүгнэлтийг  чухалчилж үздэг практик тогтчихож. Тэгэхээр энэ дүгэнлт 100 хувь нотлох баримт мөн үү гэдэгт асуултын тэмдэг тавигдаж эхэлж байна. Үнэхээр шударга байна уу? Үгүй юу гэдэгт асуултын тэмдэг тавигдаж байна. Үүнийг бид “гэрэлд гаргаад” ирэхээр  өөрөө цэвэрлэгээгээ хийдэг. Та бид өнөөдөр Шүүх эмнээг өөрчлөгдөх эхлэлийг тавьж байна гэж  энэ хэргийг эерэгээр харахыг хүсэж байна.

- Шүүх эмнэлэнийн дүгнэлтээр үхлийн шалтгааныг зодуураас болоогүй гэхээр энэ хэрэг “замхрах” хандлага ажиглагдаж байна?

- Шүүхийн шинжилгээний дүгнэлт туйлын үнэн бөгөөд цорын ганц нотлох баримт болохгүй. Хэргийн нөхцөл байдалд хэргийн гэрч байгаа, талийгаачийг зоддог байсныг нотлох гэрчлэх үйл явцууд байгаа.

- Таныг нэр төрд халдсан гэх үндэслэлээр  эрүүгийн хэрэг үүсгэчихлээ.  Та одоо юу хийхээр төлөвлөөд байна вэ?

-  Би өөрийгөө өмгөөлнө.  Өчигдөр цагдаад өөрийгөө хамгаалах байцаалт өгсөн байгаа. Энэ хэрэг цаашид хэрхэн өрнөхийг тайван ажиглаж байна. Яагаад гэвэл би ямар ч буруугүй, би хэнийг ч гүтгээгүй, гүтгэх ямар ч сонирхол байхгүй.

 Цаана чинь гурван эмэгтэйн нэг нь ямар нэг хэлбэрийн хүчирхийлэл, дарамтан доор амьдарч байна. Үүний цаана дор хаяж хоёр хүүхэд, эцэг эх, нийгэм байгаа. Хүчирхийлэлгүй нийгмийн төлөө ажиллаж байгаа намайг эрүүгийн хэрэгт татаж байгаад гуньж гутрах зүйл алга. Харин би үүнийг эерэгээр шийдэгдэж, олон эмэгтэй, хүүхдийн эрх ашиг хамгаалагддаг сайхан нийгэм бий болоосой гэж хүсэж байна.

- Сэжигтэн Г.Алтанхүүгийн талаас таныг дарамталсан, сүрдүүлсэн тохиолдол гарсан уу?

- Г.Алтанхүү өөрөө над дээр  эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр гомдол гаргасан. Өөрөөр тодорхой зүйл байхгүй.  

- Таньд Эрүүгийн хуулийн ямар зүйл ангиар  эрүүгийн хэрэг үүсгүүлээд байгаа вэ?

-  Эрүүгийн хуулийн  252-р зүйл буюу хүнд гэмт хэрэгт гүтгэсэн гэдэг үндэслэлээр  үүсгүүлээд байгаа.

- Г.Алтанхүүг  хаана шалгаж байгаа вэ?

- Сүхбаатар дүүргийн 2-р хэсэгт  Эрүүгийн хуулийн 91.1 гэсэн зүйл ангиар  шалгаж байгаа. 

- Энэ хэрэг дээр ажиллаж эхэлсэнээс хойш танд олон захидал, хүсэлт их ирсэн байх? 

            - Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хамтдаа тэмьцье гэж Монгол Улсын Ерөнхийлөгч уриалсан. Энэ урианд олон улсын байгууллагууд идэвхитэй нэгдэж оролцож байна. Мөн сэтгүүлчдийн дунд аян зарлаж байгаа.

 Гэр бүлийн хүчирхийлэлд амь насаа алдаж байгаа эмэгтэйчүүдийг хохироосон буруутай этгүүдэд зохих ял оноохгүй байгаа нь харагдсаар байна. Өнгөрсөн сарын эхээр 50 настай 4 хүүхдийн ээж Уранчимэг гэх эмэгтэй хамтран амьдрагчийнхаа гарт харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарлаа. Хохирогчийн зүүн хацрыг нь нүд хүртэл нь зүссэний улмаас маш их цус алдаж ухаангүй байж байгаад нас барсан. Гэтэл шүүх эмнэлэгийн эмчийн дүгнэлтээр талийгаачийг хөнгөн гэмтэл, хөдөлмөрийн чадвараа хэр хэмжээнд алдсан нь тодорхойгүй, ухаан алдалт түр зуурынх гэсэн дүгнэлт гаргасан байсан. Энэ мэтчилэн гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой маш олон захидал ирсэн. Үүнээс Дархан-Уул аймагт 21 настай сувилагч бүсгүй найз залуугийнхаа гарт амь насаа алдсан хэргийн талаар хохирогчийн ах нь надад захидал бичсэн.Ер нь эхнэр, хамтран амьдрагч эсвэл найз охиныхоо амь насанд хүрвэл монгол улсад гэмт хэрэгт тооцогдохгүй болж байна. 

 

- Тодруулга өгсөн таньд баярлалаа.