Монголын морин спорт уяачдын холбоо нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага дэргэдээ эрдэмтдийн зөвлөл байгуулж байгаагаа өнөөдөр мэдэгдлээ. Тодруулбал, Тус холбоо нь Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн, судлаачдын баг бүрэлдэхүүнтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Уг арга хэмжээнд ХААИС-ийн ректор, доктор, профессор Т.Хэрүүга, ХААИС-ийн сургалт эрхэлсэн дэд захирал, доктор Б.Буянзаяа, ХААИС-ийн эдийн засгийн, хөгжлийн бодлогын зөвлөх доктор Д.Батмагнай, Мал эмнэлгийн их сургуулийн захирал, доктор, профессор А.Гомбожав, Мал аж, ахуйн био технологийн сургуулийн эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч захирал, доктор Д.Гүрбазар, мөн тус сургуулийн доктор, дэд профессор Ж.Сайполда, Мал эмнэлгийн их сургуулийн доктор П.Эрдэнэтогтох, Мал эмнэлгийн их сургуулийн тэнхимийн эрхлэгч, доктор, Ч.Хоролмаа,  доктор П.Ням-Осор,  доктор, дэд профессор С.Бямбацогт, доктор, адуу судлаач Г.Биньеэ, ХААИС-ийн Морьтон клубын тэргүүн н.Хосбаатар нар оролцлоо. Мөн ММСУХ-ны Ерөнхийлөгч Ц.Батсайхан, ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Хишигбаатар, ажлын албаны дарга Б.Батбаатар, Адууны килинк судлалын холбооны захирал Наранбаатар, Тахь, судлалын холбооны төлөөлөл нар оролцож, санал бодлоо хуваалцав.



 

"Монголын морин спорт уяачдын холбоо" нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын Ерөнхийлөгч Ц.Батсайхан "Өнөөдрийн бидний энэхүү байгуулж байгаа санамж бичиг нь Монголын уяачид, малчин ард түмэнд маш их ач холбогдолтой арга хэмжээ гэж үзэж байгаа. Яагаад гэвэл, бидний өмнө тулгамдаад буй адуун генетик судлал, Монгол адууны эрүүл мэндийн асуудал дээр том цар хүрээтэй ажил хийгдэж байгаагүй билээ. Энэ асуудлыг зөвхөн энэ жил ярьж байгаа зүйл биш. Өмнө нь нэлээдгүй олон удаа Хөдөө аж ахуйн их сургуулийн удирдлага, эрдэмтэн, судлаач нартай ярьж, хэлэлцэж байсан. Өнөөдөр ийнхүү ажил хэрэг болж байгаад талархаж байна. Цаашдын хамтын ажиллагаа амжилттай явах ерөөлийг тавья” гэлээ.

Энэхүү санамж бичгийн зорилго нь Монгол адуу судлалын төвийг үүсгэн байгуулах, тус төвөөр дамжуулан Монгол адууны онцлог, стандартыг тогтоох, адуун аж ахуйн хөгжлийг шинэ түшинд гаргах мөн Шинжлэх ухааны үндэслэл бүхий судалгаа, шинжилгээ хийх, нийтэд сурталчлан таниулахад талууд хамтран үр дүнтэй ажиллахад орших юм байна.

 

 -“Хамтран ажиллах санамж бичигтээ 9 чиглэлийг онцгойлон тусгажээ-



1.Монгол адуу, нутагшсан монгол адуу, эрлийз монгол адууны үүлдэр, угсааг шинжлэх ухааны үндэслэлд тулгуурлан генетик нөөцийг судлан тогтоож, үнэлэлт, дүгнэлт өгөх

2.Монгол адууны онцлог, стандарт, эталоныг дэлхийн бусад орнуудын судалгааны үр дүнтэй харьцуулан тогтоох

3.Монгол адууны аж ахуйн хөгжлийн зүй тогтол, онцлогийг Дэлхийн адуу судлал, аж ахуйн онцлог, хөгжилтэй харьцуулан судлах,

4.Монгол адууны генетик чадвар, биологи, эдийн засгийн үнэлэмж, үр ашгийг тогтоох чиглэлээр эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх,

5.Монгол адууны эрүүл ахуй, мал эмнэлгийн цогц үйлчилгээг үе шаттайгаар хөгжүүлэх,

6.Монгол адууны өв соёл, үнэдсний бахархал, тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болох талаар уламжлал, шинэчлэлийг шинжлэх ухааны үндэслэлтэй удирдан зохион байгуулж, түгээн дэлгэрүүлэх,

7.Монголын уламжлалт морин уралдаан, морин спортын хөгжил, онцлог, цаашдын чиг хандлагыг тогтоох,

8. Монголын хурдан морины тэжээллэг, эрүү ахуй, спортын мал эмнэлгийг төрөлжүүлэн хөгжүүлэх,

9.Монголын морин спортыг олон улсын түвшинд хүргэхэд судалгаа, сургалт, санхүү, эдийн засаг, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, 

-Энэхүү санамж бичгийн зорилгыг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг зохион байгуулах зорилгоор хоёр тал хамтарсан ажлын хэсэг, мэргэжлийн зөвлөл байгуулж ажиллана.

Энэхүү 9 заалтын 6 заалт нь Монгол адуугаа судлах, шинжлэх ухааны үндэслэлтэй монгол адуугаа товойлон гаргах, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зэрэгт суурилан олон улсын морин спортыг нэвтрүүлэх, монгол адууг дэлхийн түвшинд уралддаг болгоё гэдгийг онцлон тусгасан байна.

Дээрх санамж бичигт монголын морин спорт уяачдын холбоо нь зөвхөн морин уралдааныг зохион байгуулдаг газар биш гэдгийг талууд онцлов.

 


Тус үйл ажиллагааны үеэр ХААИС-ийн сургалт хариуцсан захирал, доктор Б.Буянзаяагаас тодруулга авлаа.

-Санамж бичгийн хүрээнд Монгол адууны судлалын төв байгуулах талаар тусгасан байна. Хэзээнээс энэхүү судалгааны ажлаа эхэлсэн бэ?

-Монгол адууны нийгэмлэг гэж 1989 онд байгуулагдаж байсан. Монголчууд адуундаа их анхаарч яам хүртэл байгуулж байсан түүхтэй. Бидний хамтран ажиллах санамж бичиг нь шинжлэх ухааны байгууллага, сүүлийн үед ММСУХ монгол наадам болохоор цэгцлэхэд шинжлэх ухааны үүднээс хандая. Энэ нь монгол төрийн наадамд монгол адуу уралдана гэдэг асуудлыг их ярьдаг. Харин энэ асуудалд тухайн үеийн морины комиссын шийдвэр янз бүр байснаас хамаарч уяачид наадамдаа сэтгэл хангалуун бус байх үйлдлүүд их гарах болсон. Үүнтэй холбоотойгоор бид шинжлэх ухааны үндэслэлээр монгол адууныхаа стандартыг тогтоох ёстой. Ингээд монгол адууны төв байгуулья гэж ярилцсан. Сүүлийн 20-иод жил эрлийз, Монгол адууг ялгах асуудал маргаантай байгаа бөгөөд шинжлэх ухаааны үүднээс шийдэх боломжтой. Энэ нь монгол адууг сайжруулах, олон улсын түвшинд уралдах чадавхитай бий болгох талаасаа зөв. Гэсэн хэдий ч үүнийгээ шинжлэх ухааны үндэслэлтэй системтэй явах ёстой. Үүн дээр манай эрдэмтдийн тусгайлан хийсэн судалгаанууд байдаг. Үүнийгээ бодлогоор зангидах нь чухал. ММСУХ нь Монгол төрийн өөрсдөө хийж, гүйцэтгэж чадахгүй байгаа ажил дээр ажиллаж байгаагаараа энэ байгууллагын онцлог. Маш том ач холбогдол юм. ММСУХ өнөөдөр шинжлэх ухааны байгууллагатайгаа хамтран ажиллах санал тавиад санамж бичигт гарын үсэг зурж байгаад талархаж байна. Ирээдүйд бид монгол наадамдаа нүдээр харж зүсэлдэг, эрлийз, монголоор нь ялгадаг асуудал байхгүй болно. Цаашдаа бид адуугаа уралдуулахдаа бар кодоор уншуулдаг ч юм уу маш хурдан асуудлыг шийддэг, маргаангүй наадам зохион байгуулахад шинжлэх ухааны оролцооны ач холбогдол байгаа болов уу гэж бодож байна.

-Өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Үйл ажиллагаа хэзээнээс эхлэх вэ?

-Санамж бичигт гарын үсэг зурсан өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа эхлүүлнэ. 9 заалт байгаагаас зургаан монгол адууны судлалын талаар тусгасан. Зөвхөн уралддаг адууны талаар ярихгүй. Тухайлбал, биологийн нөөцийг яаж эдийн засгийн эргэлтэд оруулах уу гээд олон зүйл бий. Бид удахгүй эрдэм шинжилгээний хурлаа хийнэ. Хамгийн гол нь ММСУХ нийгэмд тулгамдаад байгаа цаашид юуг хөгжүүлэх үү, яах уу гэдгийг захиалгаа өгч бид захиалгын дагуу ажиллана гэсэн үг. Хөдөө аж ахуйн их сургууль зөвхөн ММСУХ-ны захиалгын дагуу ажиллахгүй. Монгол адууг хөгжүүлэх асуудал олон улсын түвшинд маш их эрэлттэй байгаа Япон, Хятад, Солонгос улсын олон байгууллагууд манайхтай монгол адууны генетикийг судлая гэсэн саналыг тавиад байгаа. Харин энэ ажлыг хурдасгаж ажиллаж байгаа ММСУХ-нд талархах ёстой.

-Эрдмийн зөвлөл байгуулахын давуу тал?

-Эрдмийн зөвлөл байгуулснаараа бид аливаа асуудлыг таамгаар биш үзэмжээр биш, судалгаанд тулгуурлаж шийдвэр гаргах ёстой. Ямар шийдвэр туйлын зөв байх уу гэхээр гаргах процесс нь судлагдаж гарсан уу гэдэгтэй байгаа юм. Цаашдаа ММСУХ-ны шийдвэрүүд шинжлэх ухаанд тулгуурлан гарах болно. Бид 9 чиглэлээр хамтарч ажиллана. Бид ямар адууг монгол адуу гэх вэ гэдгийг шинжлэх ухааны үндэслэл судалгаан дээр тогтоох ёстой.Түүнээс хэн нэгэн хүн хараад шийддэг асуудал биш юм.

-Монгол адууны үүлдрийг албан ёсоор бүртгэж авсан уу?

-Одоогийн байдлаар монгол адууны үүлдэрийг олон улсад бүртгэж авсан эсэх талаар тодорхойгүй байна. 

-Эрлийз адууг нүдэн баримжаагаар таних боломж бий юу?

-Энэ бол Монгол адуу. Энэ нь эрлийз адуу гээд таних асуудал улам бүдгэрч байна. Цаашид бид судалгаандаа тулгуурлаж 4 сая адуугаа зөв бүртгэлжүүлээд авчихвал бүх удам угшил нь тодорхой болно. Худлаа ярих нөхцөл бололцоогүй болтол л сайн судлаж, бүртгэлжүүлээд бар кодчуулна. Зөвхөн лабораториас гадна түүх чухал.

-Монгол наадамд монгол адууг сэрвээний өндрөөр хэмжиж ялгана гээд заачихсан. Энэ нь хэр зөв шийдвэр вэ?

-Өнөөдөртөө бол зөв. Гэхдээ бол бид нар генетик судалгаанд суурилдаг шийдвэрлэх ёстой. Энэ ажлыг хийж гүйцэтгэхэд 2.3 жилийн хугацаа шаардлагатай.