Хүүхдэдээ "хор" худалдаж авахгүйн тулд хилээр зөвхөн "Эко" тэмдэглэгээтэй тоглоом нэвтрүүлье
2014/03/06
Монгол улс бараг л 3 сая хүн амтай болох гэж байгаа. Гэтэл манай улсын аюулгүй байдалд заналхийж байна уу гэлтэй. Ийн хэлэхийн учир нь энхрий бяцхан үрсийн минь бага настай шууд холбогддог зүйл бол тоглоом. Гэтэл энэхүү тоглоом нь сүүлийн үед тэдний минь эрүүл мэнд, цаашлаад амь насанд нь халтай болж таарлаа. Эрүүл мэндийн яамны харьяа Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс зах, худалдааны төвүүдэд худалдаалагдаж байгаа хүүхдийн тоглоомд хорт бодис агуулагдсан эсэхийг судалж үзжээ.
Энэхүү судалгаанд есөн худалдааны төвд худалдаалж байсан 62 төрлийн тоглоомын 23-т нь химийн элемент, таван төрлийн химийн хорт бодис орсныг тогтоосон байна.
Тоглоомын бүтэц найрлагад байх ёсгүй хар тугалга, цайр, хром, хөнгөн цагаан зэрэг хорт бодис илэрчээ. Эдгээрээс хар тугалга нь хүүхдийн тоглоомны найрлагад огт байх ёсгүй бодис юм. Шинжилгээний хариуг ЭМЯ-нд хүргүүлээд байгаа аж.
Дээрх хорт бодисууд нь тоглоомыг өнгө оруулж, гялгар, өнгө үзэмжтэй болгодог тул тод өнгөтэй, резинэн материалтай тоглоомуудаас ихэвчлэн уг бодисууд илэрдэг юм байна. Усан дотор хийж тоглодог нугас, дэгдээхэй, хүүхдийн хазаж тоглодог зөөлөн тоглоом, наймаалж зэрэг хэлбэрт тоглоом хорт бодисын агуулгатай байдаг гэж мэргэжилтнүүд анхаарууллаа.
Мөн чихмэл тоглоомууд ч нян, тоосонцор агуулж байдаг тул бага насны хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг ч шууд нөлөөлдөггүй аажмаар хордуулдаг тул хүүхэд цочимтгой, унтамтгай болж, цаашлаад төв мэдрэлийн системд нь сөргөөр нөлөөлж, архаг хордлогод оруулах аюултай байдалд хүргэдэг юм байна.
“Хүүхдүүд хавдраар өвчилж байгаа гол шалтгаан тоглоомноос нь үүдэлтэй” гэсэн мэдээллийг сонссон хэн ч цочиролт орно. Бидний ууж буй ус, идсэн хүнс, өмсөж зүүсэн хувцас, амьсгалж буй агаар хүртэл эрүүл мэндэд хортой бодисоор дүүрсэн гэх. Гэтэл одоо үүн дээр хүүхдүүдийн минь тоглодог тоглоом хүртэл хор бодис агуулдаг гэдгийг мэргэжилтнүүд мэдэгдлээ.
Олон улсын худалдааны төв "Нарантуул зах", "Хархорин зах, "Бөмбөгөр" худалдааны төв зэрэг олон захууд бий. Үүнээс гадна барааны дэлгүүрүүд, гадаа гудамж талбайд худалдаа наймаа эрхэлдэг газрууд тав алхаад л таардаг. Эдгээрийн зарж байгаа тоглоомд цаашлаад монгол улсын хилээр орж ирдэг хүүхдийн гэх тодотголтой болгонд нэг бүрчлэн хяналт шалгалт хийж чаддаг болов уу? гэх асуулт яахын аргагүй анхаарал татаж байгаа юм.
Мэргэжилтнүүдийн дүгнэлтээр, хүүхдийн тоглоомны 80 хувь нь хэрэгцээнд нийцэхгүй 10 хувь нь хүүхдийн сэтгэхүйд аюултайгаар нөлөөлөх, тодруулбал хүүхдийг ууртай, түрэмгий болгох тоглоомууд ихээр байгаа аж.
Иймд тоглоом импортлогчид хятад болон бусад улсын тоглоом үйлдвэрлэгч байгууллагатай гэрээ байгуулж, баталгаажилт чанарын тэмдэгтэй бүтээгдэхүүн оруулж ирэх цаг аль хэдийнээ иржээ.
Энэ тал дээр төр бодлогын хэмжээнд зохион байгуулж, хяналтаа чангатгах хэрэгтэй. Стандарт боловсруулахад их мөнгө шаардагддаг гээд суугаад байвал бидний ирээдүй хойч үе яах вэ. Монголчууд бид удам судраа үлдээдэг босоо хийморьтой хэмээн өөрсдийгөө магтдаг хүмүүс. Гэтэл өнөөдөр хүүхдийнхээ тоглож наадах эрхийг нь хасах, аль эсвэл хүүхдүүдээ өвчин зовлонд шаналгаж суух уу. Хэлж ирдэггүй хийсч ирдэг зүйл бол өвчин гээд суугаад баймааргүй байна. Энэ өвчин гэгчээс бас урьдчлан сэргийлж байсан болно гэдгийг та бид хэн хэн нь мэднэ. Тиймээс хүүхдийн тоглоомыг оруулж ирэх хяналтаа чангатгаж урд хөршөөс тоглоом оруулж ирмээгүй байна. Мөн холбогдох газрууд нь өнөөдөр зах зээл дээр худалдаалж буй химийн хорт бодистой тоглоомуудыг нарийвчлан шинжилж устгалд оруулах нь чухал.
Хэн ч хүүхдээ дагуулаад дэлгүүр орж болно гэтэл хамт яваа хүүхэд нэг тоглоом авья гээд нэхээд зогсоход эцэг эхчүүд бид яах вэ? наадах чинь эрүүл мэндэд чинь хортой тоглоом гээд хүүхдээ уйлуулаад гомдоох уу. Аль эсвэл үгэнд нь орж тэдэнд хорыг худалдаж авах уу! Ингэхгүй нь тулд энэ тэндгүй зарагдаж буй тоглоомуудыг бүгдийг нь хяналт шалгалтаар оруулмаар байна. Хилээр зөвхөн "ЭКО" гэсэн тэмдэглэгээтэй тоглоом оруулж ирэх шаардалага иржээ гэдгийг хаа хаанаа ойлгож ухамсарлах хэрэгтэй.
Дэлхийн хүүхдийн тоглоомын томооохон үйлдвэрлэгчид хорт бодис ашиглаагүй болохоо баталгаажуулан “ЭКО” гэх тэмдэглэгээг тоглоомын шошгонд байрлуулж хэвшсэн. Тэгэхээр хүүхэддээ зөвхөн эко тоглоом сонгож хилээр нэвтрүүлдэг больё. Эс бөгөөс бяцхан үрсийнхээ бас тоглож наадах эрхийг хасч нөгөө хүүхдийг хаан мэт шүт гэдэг сургаалийг мартах уу.
Өнгөрсөн онд дэлхийн тоглоомын зах зээлийн 90 хувийг дангаараа хангадаг БНХАУ-ын тоглоом үйлдвэрлэгч 10 хотын нийт 97 үйлдвэрийн тоглоомноос хортой формальдегид гэх бодис их хэмжээгээр илэрч, үүний дагуу тус улсын төрийн байгууллагуудаас шалгалт хийхэд эмнэлгийн хог, хаягдал буюу зүү, тариур гээд элдэв өвчтэй хүмүүст эмчилгээ хийж байсан зүйлүүдээр хүүхдийн тоглоом хийж байсныг илрүүлснээ мэдэгдсэн уг мэдээ олон улсыг цочроосон явдал гарч байсан удаатай.
Хүүхдийн эрхэлж нааддаг зүйлс гээд дуугүй өнгөрч болохгүй асуудал гэдгийг холбогдох газрууд анхаарч ажиллана гэдэгт найдаж байна.
Х.Даваа
Зочин · 2014/03/07
Зочин · 2014/03/07