Маргааш 2500 охид эрхийнхээ төлөө тэмцэж бүжиглэнэ
2014/03/06
“ОХИД ХҮЧИРХИЙЛЛИЙН БАЙ БИШ!!!” ТЭМЦЛИЙН АРГА ХЭМЖЭЭ
НҮБ-ын Ерөнхий Ассемлей жил бүрийн 10-р сарын 11-ний өдрийг “ОЛОН УЛСЫН ОХИДЫН ЭРХИЙГ ХМАГААЛАХ ӨДӨР” болгон тунхагласан билээ. Уг тэмдэглэлт өдрийг тохиолдуулан “ГҮНЖ” төв болон Хөөрхөн Зүрхнүүдийн аян хамтран 2 үе шаттай кампанит ажлыг өрнүүлсэн юм.
Канад сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр бага насны охидын эсрэг бэлгийн хүчирхийллийг таслан зогсоох зорилгоор “ОХИД ХҮЧИРХИЙЛЛИЙН БАЙ БИШ!!!”
кампанит ажлыг өрнүүлж байна. Уг кампанит ажил Хүний эрх өдөр буюу 2013 оны 12-р сарын 10-наас 2014 оны 3-р сарын 8-нд буюу Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах өдрийг хүртэл зохион байгуулагдаж байна.
Манай улсад охидын эрхийг ноцтойгоор зөрчиж буй олон асуудлууд байгаагийн нэг нь БАГА НАСНЫ ОХИДЫН ЭСРЭГ ҮЙЛДЭГДЭЖ БУЙ БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ юм. Хүчиндэх гэмт хэргийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа төдийгүй, насанд хүрээгүй охид энэ төрлийн гэмт хэргийн золиос болох нь ихэсч байна.
- 2013 оны байдлаар нийт 394 “хүчиндэх” гэмт хэрэг үйлдэгдсэн байгаа нь өмнөх оноос 29 нэгжээр нэмэгдсэн.
- 2013 оны эхний 8-н сарын байдлаар улсын хэмжээнд 109 насанд хүрээгүй хүний эсрэг үйлдэгдсэн “хүчиндэх” гэмт хэрэг гарчээ.
- 2013 оны 10 сарын байдлаар Нийслэл хотын хэмжээнд насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэх 54 гэмт хэрэг гарсан нь өмнөх оноос 17 нэгжээр буюу 45,9%-иар нэмэгджээ.
- Манай улсын хэмжээнд хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг үйлдэгддэг гэмт хэргийн 87,8%-ийг “хүчиндэх” гэмт хэрэг эзэлдэг байна.
“Охид хүчирхийллийн бай биш!!!” кампанит ажлын хүрээнд дараах үйл ажиллагааг амжилттай явууллаа.
- “Бид хүүхэлдэй биш” охидын эрхийн дуу бүтээлээ. Дууны аяыг Ганг, үгийг Хүний эрхийн активистууд зохиож, Дуучин Маралжингоо болон реппэр Gennie нар дуулж амьдруулсан.
- “Охид хүчирхийллийн бай биш!!!” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг 2014 оны 1-р сарын 17-21-ны өдрүүдэд МУЗ-ийн ХААН банк дах “Улаан гэр” арт галлерейд гаргалаа. “GREEN” студийн зурагчин Ц. Одончимэгийн “охидын эрх”, “охидын эсрэг хүчирхийлэл”, “охидын тэмцэл” сэдэвт 60 гэрэл зургийг олны хүртээлд толилууллаа.
- 180 охид оролцсон “Биднийг сонс!!!” охидын эрхийн анхдугаар форумыг 2014 оны 2-р сарын 19-ний өдөр “Ампер хаус” хурлын танхимд зохион байгуулсан бөгөөд
- Гэр бүлийн орчин дах охидын эрхийн асуудал
- Сургуулийн орчин охидын эрхийн асуудал
- Олон нийтийн газар дах охидын эрхийн асуудал
- Тусгай хэрэгцээт охидын эрхийн асуудал гэсэн 4 үндсэн сэдвийн хүрээнд охид өөрсдийн үзэл бодол, дуу хоолойгоо илэрхийлсэн. Форумын дүнд “ОХИДЫН УРИАЛГА”–ыг оролцогч охид өөрсдөө хэлэлцэж, боловсруулан “Залуу эмэгтэйчүүдийн дуу хоолой” форумд танилцуулсан.
- Охидын эрх, охидын тэмцлийг харуулсан 2 төрлийн богино хэмжээний видеог бүтээсэн.
- Нийслэлийн 42 ЕБС-ийн 4200 охид эрхийнхээ төлөө тэмцэж, бэлгийн хүчирхийллийг эсэргүүцэж охидын эрхийн дуунд “Бид хүүхэлдэй биш” тэмцлийн бүжгийг сургуулийн нийгмийн ажилтнуудын оролцоотойгоор зохион байгууллаа.
“Охид хүчирхийллийн бай биш!!!” кампанит ажлын хаалт болгож Нийслэлийн Хүүхэд Гэр Бүлийн Хөгжлийн Газар болон Улаанбаатар Чуулгатай хамтран 2014 оны 3 дугаар сарын 8-ний өдөр буюу Эмэгтэйчүүдйин эрхийг хамгаалах олон улсын өдөр “Чингис”-ийн талбайд 12 цагаас 2500 охид оролцсон “Бид хүүхэлдэй биш!!!” тэмцлийн бүжгийг зохион байгуулах гэж байна. Энэхүү тэмцлийн бүжигт 42 сургуулийн 2500 охид оролцож эрхийнхээ төлөө нэгдэнэ. Улсын Их Хурлын Гишүүн Л. Эрдэнэчимэг охидын эрхийн төлөө нэгдэж, өөрийн үзэл бодлоо илэрхийлнэ.
Мөн түүнчлэн энэхүү арга хэмжээг зөвхөн тэмцлийн бүжиг байхаар хязгаарлахгүй бөгөөд дараах үйл ажиллагааг зохион байгуулна.
- “Охидын эрх”-ийн ЛОГО бүтээнэ.
- Оролцогч сургууль бүр хүчирхийллийн эсрэг мессэж үг бүтээнэ.
- Үзэл бодлоо илэрхийлэх нээлттэй индэр ажиллуулна.
- Охид, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө уран бүтээлчдийг нэгтгэнэ.
3 САРЫН 8 БОЛ БАЯРЫН ӨДӨР БИШ. ЭМЭГТЭЙЧҮҮДЙИН ЭРХИЙН ТӨЛӨӨХ ТЭМЦЛИЙН ӨДӨР
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Зочин · 2014/03/09
Hovguudee ailgachiv daa. Dandaa muu bodoltoi baij bolohgui.