Өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн эрдэмтэд, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллага хамтран мэдээлэл хийж, монгол хүсний ногооноос пестицид гэх бодис илэрсэн талаар мэдэгдсэн нь багагүй шуугиан тарилаа. Монголчууд эх орондоо үйлдвэрлэсэн ногоогоо элдэв төрлийн химийн бодисгүй, хамгийн эрүүл, хамгийн сайн нь хэмээн итгэдэг байсан. Гэтэл тэрхүү хүнсний ногооноос нь хүний биед хортой, хорт хавдар үүсгэдэг гэх пестицид бодис илэрлээ гэсэн болохоор үнэндээ нийгэмд багагүй бухимдал, айдас үүсэв. Гэхдээ долоо хоногийн сүүлээр ЭМШУИС-ийнхан дахин мэдээлэл хийж, “Пестицид хүний биед тийм ч хортой биш. Байнга хэрэглээд байвал 20-30 жилийн дараа хавдраар өвчлөх нэг шалтгаан болж магадгүй” гэсэн зүйлийг ярьсан. Нэг ёсондоо хийсэн мэдээллээ эргээд үгүйсгэв. Нөгөөтэйгүүр мэргэжлийн хяналтын байгууллага, Засгийн газар, ҮХААЯ-ны төвшинд ч бас дээрх мэдэгдэлд хариу тайлбар өгч, пестицидийн хэрэглээг төр хангалттай өндөр төвшинд хянадаг, зохих төвшиндөө байгаа үед хүний биед ямар ч аюулгүй гэж байлаа. Ямартай ч өнгөрсөн долоо хоногийн “сенсаци”-уудын нэг болох пестицид гэх бодисын талаар нэгдсэн ойлголт өгөхийг зорилоо. 

 

Пестицид гэж юу вэ

 

Пестицид нь дотроо олон янз. Ямар ногоонд хэрэглэхээсээ хамаарч өөр өөр байдаг аж. Хүнсний ногоо, ургамлыг хортон шавьжаас хамгаалах нэг төрлийн химийн бодис. Энэхүү бодисыг дэлхий нийтээрээ өнөөдрийг хүртэл хэрэглэсээр байгаа. Ямар төрлийн ногоо, ургамалд хэдий хэмжээтэй байх вэ гэдгийг мэргэжлийн байгууллагууд нарийн тогтоож өгсөн байдаг. Энэ стандарт мөрдөгдөж байгаа үед пестицид хүний биед ямар нэгэн хор нөлөө үзүүлдэггүй аж. Түүнчлэн хилээр орж ирж буй пестицидийн бодис, түүнийг оруулж ирж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад ҮХААЯ, хилийн мэргэжлийн хяналтын байгууллагын хүрээнд хяналт тавьдаг байна. Мөн пестицидийг зарж, борлуулж буй байгууллагууд жил бүр пестицидийн борлуулалтын тайлангаа ҮХААЯ-нд хүргүүлдэг, мөн тухайн жилд зарж, борлуулах пестицидийн бодисынхоо төлөвлөгөөг холбогдох байгууллагаар батлуулдаг аж. Нэг ёсондоо Монгол Улсад пестицидийн хэрэглээ хангалттай өндөр төвшинд хяналттайгаар явагдаж байгаа гэдгийг албаныхан хэлж байна. Нөгөөтэйгүүр дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад Монголд пестицидийн хэрэглээ тун бага байдаг аж. Өнгөрсөн жилийн байдлаар улсын хэмжээнд хилээр 500 тонн пестицид орж ирсэн гэх дүн мэдээ байна.

 

Пестицид хүнсний аюулгүй байдалд харш биш

 

Дэлхий даяар пестицидийг хэрэглэсээр байгаа гэдгийг дээр дурьдсан. Хэдийгээр химийн элдэв янзын аргыг хүнсний ногоо тариалахад хэрэглэхгүй байх санаачилгыг анх 1960-аад оноос хойш ярьсан ч өнөөг хүртэл химийн аргуудыг хэрэглэсээр байна. Учир нь химийн арга нь хямд, зардал багатай, аюул, эрсдэл ч багатай байдаг аж. Мэдээж химийн хор учраас хэмжээнээсээ хэтэрвэл хүний биед хортой. Гэхдээ зохих хэмжээндээ байгаа үед ямар ч хүнсний ногоо, төмсийг боловсруулсны дараа пестицид ул мөргүй арилдаг юм байна. Нэг ёсондоо пестицид хүнсний аюулгүй байдал, тэр дундаа бүрэн боловсруулсан хүнсний аюулгүй байдалд харш биш. Тийм ч учраас Мэргэжлийн хяналтын байгууллага бүрэн боловсруулсан бүтээгдэхүүнд пестицидийн ямар нэгэн шинжилгээ хийдэггүй гэнэ.

 

Монгол ногоондоо итгэж болох уу

 

Төмс, хүнсний ногооны тариалалт, үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч томоохон улс орнууд пестицид болон бусад төрлийн элдэв бордоо, химийн бодисыг маш өргөн ашигладаг. Харин монгол ногоо эдгээртэй харьцуулахад органик хүнс хэмээн монголчууд хэлэх дуртай. Үнэхээр ч химийн бодисын маш өргөн хэрэглээтэй тэдгээр улс орнуудтай харьцуулахад монгол ногоог органик буюу ямар нэгэн химийн бодис хэрэглээгүй, бордоогүй гэж хэлэх боломжтой гэдгийг мэргэжлийн байгууллагынхан онцолж байна. Ялангуяа жижигхэн хэмжээний тариа тарьдаг, төмс, ногоо тариалдаг айлуудын хувьд пестицид огт хэрэглэдэггүй гэж хэлж болно. Учир нь пестицидийг маш нарийн технологийн дагуу зөв зүйтэй хэрэглэх ёстой. Тийм учраас хүн бүр пестицид авч хэрэглээд байдаггүй. Манай улс дахь хэрэглээ нь томоохон аж ахуйн нэгжүүдийн төвшинд ч бага зэрэг байгаа гэж хэлж болох аж. Товчхондоо бол монгол ногоо, төмсний чанар, аюулгүй байдалд одоохондоо эргэлзэх зүйл үгүй гэдгийг мэргэжлийн байгууллагынхан болон судлаачид батлан хэлж байгаа юм. 

 

Л.Энхдэлгэр