Нууцын жагсаалтад багтсан стратегийн ордуудын мөрөөр Цуврал №4
2014/03/08
Стратегийн ач холбогдол бүхий ордын хоёрдугаар хавсралтын томоохон ордууд өдгөө яагаад гадны хөрөнгө оруулагчдын гарт голдуу орчихоод байгаа, энэ ордууд хэний гараар орж, яагаад ашиглагдах хугацаанаасаа өмнө ашиглагдаж, төрийн оролцоогүй байгаа талаар өгүүлэх цуврал нийтлэлүүд маань үргэлжилж байна. Монгол Улс хуулиараа стратегийн ач холбогдол бүхий 15 ордыг төрийн мэдэлд авч, төрийн оролцоотой болон төрийн 100 хувийн оролцоотойгоор өдгөө ашиглаж байгаа бол хойч үеийнхэнд 39 ордыг стратегийн ач холбогдол бүхий хэмээн хадгалж үлдээх учиртай гэсэн тодотголоор УИХ-ын 27 дугаар тогтоолыг баталж байсан нь одоогоос долоон жилийн өмнөх үйл явдал билээ.
Гэтэл нууцын жагсаалтад багтсан гэх тодотголтой эдгээр 39 орд өнөөдөр бүгд лиценз нэрийн дор зарагдаж, хувьцаа нь олон улсын хөрөнгийн биржүүд дээр хэдэн арван саяын үнэд хүрч, хэдхэн хүний халаасыг түнтийлгэж байна. Санаатай болоод санамсаргүй байдлаар их хэмжээний нөөцтэй ордуудаа олны хэл амнаас холдуулдаг болохоос биш үндсэндээ шатлалаараа манай улсад стратегийн гээд нэрлэчихээр орд 15 ч биш, 39 ч биш бүр 200 орчим байгаа мэдээлэл бий. Энэ нь 10 гаруй үзүүлэлтийг давж гарсан ордууд гэсэн үг юм.
Эдгээр нь:
1. Ашигт малтмалын төрлийн ач холбогдол
2. Нөөц, баялгийн хэмжээ, нөөцийн үнэлгээний түвшин
3. Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн геологи судалгааны ажлын байдал
4. Чанарын үзүүлэлт
5. Техникийн нөхцөл
6. Дэд бүтцийн хөгжил
7. Жилд үйлдвэрлэх бүтээгдэхүүний хэмжээ
8. Байгаль орчинд нөлөөлөх байдал
9. Улсын болон орон нутгийн төсөвт шууд орох орлого
10. ДНБ-ний таваас дээш хувийн үйлдвэрлэл гэсэн томоохон үзүүлэлтүүдийг давж гарсан ордууд гэсэн үг. Ийм ордын судалгаанууд ч одоо хэр нь хийгдэж байгаа. Харин судалгаа нь хийгдээд, жагсаалтад орсон ордуудыг бид хэрхэн, яаж ашиглаж байна вэ, эсвэл хэн, яаж ашиглаж байна вэ гэдгийг зайлшгүй судлах, мэдэх шаардлага тулгарч байгаа юм. Гэвч энэ мэдээлэл нэгэнт хаалттай болжээ. Харин ил болсон хэрнээ бидний эзэмшиж, ашиглаж, басхүү хувь хүртэж болохгүй бусдыг тэжээж буй ордууд өнөөдөр хэний гараар ороод хаачив гэдэг нь сонирхолтой болов уу. Ийм ч учраас манай сэтгүүл стратегийн ордуудын мөрөөр цуврал мэдээллийг уншигч танд хүргэж байгаа билээ.
Стратегийн ач холбогдол бүхий ордын хоёрдугаар хавсралтад хоёрхон алтны орд багтсан байдаг. Учир нь, алтны ордууд энэ хавсралтыг гарахаас өмнө эзэдтэй болж, бусдын гараар орсон гэсэн үг. Угаасаа ач холбогдлын хувьд хамгийн чухал нь алт, зэсийн орд. Ийм ч учраас хоёрдугаар хавсралтад алтны хоёрхон ордыг багтаажээ гэсэн хардлагыг тээж болохоор. Энэ хоёр ордын нэг нь Тавтын орд, нөгөөх нь Төв аймгийн Жаргалант сумын нутагт орших Нарантолгойн алтны орд аж. Нарантолгойн алтны орд Улаанбаатар хотоос 120 км зайд оршдог бөгөөд 1974-1980 онд Герман-Монголын хамтарсан экспедици Нарантолгойн алтны үндсэн ордод хайгуул хийж, нөөцийг нь тогтоожээ. Нөөцийг B+C1-3158,5кг C2-5219,2кг гэж тооцсон байна. Алтны ордтой Нарантолгой уул нь сумын төвөөс таван километрийн зайд тариалангийн талбайн дунд оршдог бөгөөд 375 га газрыг хамардаг юм.
Судалгааны хувьд ордын гадаргуу, газрын доорх малталтууд болон цооногийн чөмгөөс авсан дээжлэлт чанарын өндөр түвшинд хийгдсэнээс гадна ордын геологийн нөхцөл, түүхий эдийн шинж чанар, хүдрийн баяжигдах чанарын судалгаа өндөр түвшинд хийгдсэн ба ерөнхийдөө ордын хайгуул, судалгааны ажил маш сайн боловсруулагджээ. Энэ нь Нарантолгойн алтны ордыг үйлдвэрлэлийн аргаар ашиглах боломжтойг нотолж өгсөн аж.
Нарантолгойн алтны далд уурхайн орд нь Хэнтийн нурууны баруун хэсэгт, Бороогийн алтны бүлэг ордын район нь Сэлэнгэ, Төв аймгийн нутагт харъяалагдах ба тэдгээрээс Сүжигтэйн орд нь Борнуур, Нарантолгой нь Жаргалант сумын нутагт оршино. Нутгийн ард иргэдийн хувьд газар тариаландаа ач холбогдол өгч амьдарч ирсэн болоод ч тэр үү алтны орддоо саяхныг хүртэл төдийлөн анхаарч, ач холбогдол өгөлгүй байсаар иржээ. Харин энэ зуур хойноос урагшаа гэсэн “хорон” бодлогоор монгол газрын алтны ордыг оросууд хятадуудад шилжүүлсэн байдаг. Угаасаа ч Бороогийн салбар орд болох Нарантолгойн алтны уурхайн лицензийг анх 1997 онд “Бороо гоулд” компани авч байсан нь түүх болон үлдэж, энэ талаархи дурсамж, архивын материал л хадгалагдсан юм. Түүнээс хойш Нарантолгойн орд нийтдээ бусдын гар дамжин дөрвөн ч удаа зарагдсан бөгөөд эцэс сүүлд нь энэ цагийн монголчуудын “орд” гэх бүхий л олигтой, өөдтэй газрыг өөрсдийн болгоод авчихсан хятадуудын гарт очжээ.
Хэтэрхий үндсэрхэг үзэл ханхалсан мэт энэ нийтлэл уншигч танд санагдаж болох ч үнэндээ монгол хүн бүр “лиценз”, “хөрөнгө оруулалт” гэх нэрийн дор Монголын баялаг урд хөрш рүү урсаж байгаад харамсаж суудаг нь чин үнэн билээ. Харин энэ бүхнийг ард түмний нэрийг барьсан цөөн хэдэн хүн удирдан зохион байгуулж, бүх зүйлд нь хаалт болж байгаа гэдгийг зориуд дурдмаар байна. Энэ дундаа Нарантолгой мэтийн томоохон ордуудыг монголчууд энэ цагт биш ирээдүй цагт үлдээх учиртай байсныг учир мэдэх хүмүүс зориуд дурддаг билээ. Угаасаа ч улсын хөрөнгөөр хайгуул, судалгаа шинжилгээг нь хийгээд тогтоочихсон байдаг ордуудыг нөөцийг нь багаар хэлж, лицензийг нь авчихаад дамжуулан зардаг үйлдэл уул уурхайн салбарт нийтлэг болжээ. Ийм ч учраас Нарантолгойн алтны ордын нөөцийг 10 тонн хэмээжээ. Заамарын хэмжээнд хүрэхгүй ч 22 тонн ба түүнээс ч их тонны нөөцтэй байх магадлалтайг анхны судалгаагаар нь тогтоож байсан түүхийг мартаж болохгүй. Ийнхүү нөөц баялаг арвин, алтны чанараараа дээгүүрт жагсах Нарантолгойн орд Монголынх гэсэн нэршилтэйгээр Хятадынх болсон билээ. Хятад руу нүүгээд явчихаагүй ч өнөөдөр энэ ордыг эзэмшиж байгаа хүмүүс нь хятадууд аж.
1997 онд Нарантолгойн алтны ордын лицензийг “Бороо гоулд” компани анх авчээ. Тэд Бороогийн ордыг ухаж төнхөхөөс гадна Нарантолгойн уулархаг нутаг дахь алтанд мөн давхар шунаж байлаа. “Бороо гоулд”-д хувь эзэмшдэг байсан Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболд мөн өөрийн эзэмшилд байдаг “Алтай трэйдинг” компани руу Нарантолгойн алтны ордын лицензийг шилжүүлжээ. Харин дараа нь оросууд түүнийг өөрсдийн болгосон байдаг юм. Мэдээж, энэ наймааны үнэ ханш тодорхойгүй, тэдгээр компаниудын хооронд нууц хэвээр үлдсэн нь ойлгомжтой. Тодорхой зүйл гэвэл 22 орчим тонн алтны нөөцтэй ордыг арав, хорин сая төгрөгөөр наймаалцаагүй байж таарна. Зарим баримтаас харвал 1997 онд Нарантолгойн ордын лиценз хэрхэн олгогдсон нь тодорхойгүй, мөн хэн авсан нь ч тодорхойгүй байдаг билээ. Харин ордыг наймаалцах, дамжуулах, компаниас компани руу шилжүүлэх ажиллагаа 1998 оноос идэвхитэй хийгдэж, хэд хэдэн гар дамжсан байдаг нь анхаарал татаж байгаа юм. Ямартай ч хамгийн түрүүнд “Бороо гоулд”, түүний хамааралтай “Алтай трэйдинг” компаниас эхлэлтэй гэдэг нь маргашгүй үнэн билээ. Харин 1998 оны долоодугаар сарын 30-ны өдөр уг лиценз “Наутилиус” компанийн мэдэлд очсон байна. Yүний дараа буюу 2001 оны долоодугаар сарын 27-нд “Жеодриллинг” компанид шилжжээ.
2004 оны арванхоёрдугаар сарын 22-нд “Жеодриллинг” компани “Восток-Эрдэс” компанид шилжvvлсэн байх юм. Yүний дараа “Тэн Хун” компани 2005 оны хоёрдугаар сарын 04-ний өдөр шилжvvлэн авчээ. “Тэн Хун” компани бол цианит натри, мөнгөн усыг оруулж ирээд Нийслэлд хүртэл асгаж нийтийг цочроож байсан, 25 тонн цианит натри оруулж ирсэн компани гэдгийг монголчууд мартах учиргүй. БНХАУ-ын “Зижин майнинг” группын хөрөнгө оруулалттай тус компани өдгөө Монголын тал нутагт хууль бүхнийг зөрчиж, хүн мал, газар шороог хордуулах ажлыг гаргуун сайн хийж байгаа. Хаа газар ажилласан, хэний компани байлаа ч хамгийн гол нь тухайн газар нутгийнхаа хуулийг дээдэлж, хуулинд захирагдан ажиллах ёстой авч “Тэн Хун” компанид, ер нь Монголын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн хятад компаниудад ийм зүйл байдаггүй аж. Тэр ч бүү хэл, хятадууд Нарантолгойн алтны үндсэн ордын нэрээр Хонконгийн Хөрөнгийн бирж дээр их хэмжээний мөнгө босгосон байдаг билээ.
Ордын олборлолт эхлэхээс өмнө Монголын томоохон алтны ордод эзэн сууж, олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа гарган ашиг олсон энэ явдлаас гадна тус компани одоогийн байдлаар Төв аймгийн Жаргалант сумын нутагт 15 мянган метр квадрат хаягдлын даланг бий болгож, хатуу хучилт хийсэн боловч тэрхүү хучилт нь шаардлага хангаагүй, Монголын эрс тэс хүйтэн уур амьсгалд хагарч, өөрөөр хэлбэл байгаль орчныг их хэмжээгээр сүйтгэн олон сая долларын гарз хохирол учруулаад байгаа аж. Хятадын “Зижин Майнинг” группын охин компани гэгдэх “Тэн Хун” компани одоогоор Нарантолгойд далд уурхайн олборлолт явуулж байгаа бөгөөд тэнд хийсэн шалгалтаар бэхэлгээ нь шаардлага хангахгүй, хугарч няцарсан байдалтайгаар үйл ажиллагаагаа явуулж, ер нь хөдөлвөл хууль зөрчдөг, ажилчдыг хохироодог, тавьсан шаардлагыг хүлээж авдаггүй талаар монгол ажилчид нь мэдээлж байна.
Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга “Тэн Хун” компанийн үйл ажиллагаа аюул заналхийлж байгааг дотроо бодож яваа нь лавтай. Учир нь, газар тариалан эрхлэлтээр дээгүүр ордог Төв аймгийн Жаргалант сумтай хаяа дэрлэн ногоон талбайтай зэрэгцэх шахам “Тэн Хун” компани алт олборлож, баяжуулах үйлдвэрээ барьж байгуулан, өөрсдийн гэсэн вант улсыг байгуулж, төмөр хашаагаар хэрээд авчээ. Хамгийн хэцүү нь тэдний бий болгосон хогийн далан, тэсэлгээ болон баяжуулалтдаа ашигладаг химийн төрөл бүрийн бодисоор тариа, ногоон талбай хордохгүй гэх баталгаа байхгүйг нутгийн иргэд Х.Баттулга сайдад удаа дараалан уламжилж, яаралтай арга хэмжээ авахгүй бол Хонгор сумын араас аюул даллах нөхцөл ойрхон байгааг сануулсаар ирсэн гэдэг. Үүнийг батлах гэсэн юм шиг “Тэн Хун” компанийн ажилтан Лю Жиан Ми гэгч хятад хүн 400 грамм орчим мөнгөн ус алдсан хэрэг ч гарч байсан түүхтэй.
Мөн 2012 оны есдүгээр сарын 28-ны өдөр тус компанийн ажилтан Пүрэвсүрэн гэх эмэгтэй ажлаа хийж байгаад цианит натрид хордон ухаан алдаж унажээ. Ийм тохиолдол мэр сэр багагүй гардаг бөгөөд хамгийн гол нь “Тэн Хун” компани цианит натри ашигладгаас болж ажилчдынх нь биеэр үл мэдэг зүйл туурч, тархи толгой өвдөх нь хэвийн үзэгдэл болсон, энэ нь цаашлаад агаар, хөрсөөр дамжин нийслэлчүүдийн ихээр сонгон хэрэглэдэг Жаргалантын төмс, хүнсний ногоонд нэвчвэл яах вэ гэсэн аймшигт асуултыг тавихад хүргэж байгаа юм. Мэдээж, энэ бол гаднаасаа хордож буй монголчуудын хүнсээр нь дамжуулан хөнөөх өөр бодлого, мөн анхааралгүй байсны гай гарч болзошгүй нөхцөл байдал юм. Иймд хоттой ойрхон төмс, хүнсний ногоо тариалж байгаа энэ бүс нутагт химийн хамгийн хорт бодисуудаар алт баяжуулж байгаа тус компанийг яах вэ гэсэн асуудал нутгийн иргэдийн дунд байгаа аж.
Мэргэжлийн хяналтынхан хууль зөрчдөг, Монгол нутгийн газар шороог бусниулдаг хийгээд бохирдуулдаг, үүний хажуугаар монгол ажилчдынхаа эрх ашгийг зөрчдөг Хятадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниудын тэргүүн эгнээнд “Тэн Хун” компанийг нэрлэж чадна. Тийм ч учраас тус компанийн үйл ажиллагааг хэд хэдэн удаа зогсоох шийдвэр гарч байсан ч үр үндсээр нь тасалчихаагүй болохоор нөгөөдүүл нь эргээд л ажиллаад эхэлдэг байх юм. Одоогоор “Тэн Хун” компани “Далд аргаар ашиглах аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм гээчийг ноцтой зөрчиж тусгай зөвшөөрлийн талбайгаас гарсан, баяжуулах үйлдвэрийн хаягдын аж ахуйд ойн зурвас байгуулж, хашаа хамгаалалт хийгээгүй, ашигласан бохир ус, алт олборлосон угаадас зэргийг хөрсөнд шингээж байгаа” зэрэг олон томоохон зөрчлийг нэгэн дор нэрлэж болно. Хамгийн гол нь уурхайн ашигласан ус хөрсөнд шингэж байгаа нь Усны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх заалт, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 09 дүгээр зүйлийн 9.6 дахь заалтыг тус тус зөрчиж байгаа үйлдэл юм.
Гэсэн хэдий ч тус уурхай жишим ч үгүй үйл ажиллагаагаа явуулж, өдгөө баяжуулах үйлдвэр барьчихаад Монголын баялгийг олборлож байгаа юм. Манайхаас авдаг арга хэмжээ нь гэвэл “Тэн Хун” компанийн үйл ажиллагааг л түр зогсоох явдал гэнэ. Өмнө нь Нийслэлд мөнгөн ус, цианит натри асгаж байсан тус компани одоо ч энэ аргаараа алт олборлож байгаа аж. Харин манай төрөөс авдаг арга хэмжээ нь торгох, эсвэл үйл ажиллагааг нь түр зогсоох юм. 18-20 жилийн хугацаатай энэ ордыг ашиглах “Тэн Хун” компанийнхан 22 тонн алтны нөөцийг нь энэ хугацаанд амжиж хурдхан шиг ухаж дуусгах зорилготой нь гарцаагүй. Тэдэнд байгаль орчин сөнөөх, монгол хөрсийг хордуулах нь огт хамааралгүй бөгөөд зөвхөн өөрсдийн эрх ашгийг л бодож байгаа гэдэг нь ажилчидтайгаа харьцах харьцаанаас нь эхлээд үйлдэл бүрээс нь илэрдэг. Иймдээ ч хогон далан босгож, тариалангийн талбай бүхий газруудыг бохирдуулж байгаа юм. Монголын төр хоёрдугаар хавсралтын алтны хоёрхон ордын нэг гэж нэрлэгддэг Нарантолгойн ордыг өдгөө хятадуудад өгчихөөд байгаа энэ асуудал эргэж харах ёстой зүйлийн нэг билээ.
Зочин · 2014/03/10
Batbold Bayar 2-g ***lgaach ene 2-s ih yum garna shvv adgiin *****nuud
Зочин · 2014/03/09
ZariinSan.com
Зочин · 2014/03/09
uhej dald oruul taarna ene eh ornoo zarsan toriin tusheediid **** yumsan
ovgon luuhaaan · 2014/03/09
Hi ya manai dotor ulsaaa iheee hvchirheg shvv. Ter chigeeree mongol manaih baisaan manjaas hoish tvr tusgaarlasan odooo butsaad negdvaaaa mongol ahan dvvs mineeeee. Ene zovhon ochvvhen luuhanii bodloooo.