Энэ сарын 3-ны өдөр Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамлаалах нийгэмлэгүүдийн мэгдсэн холбоо болон Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн судлаачдын хамтарсан судалгаагаар дотоодын ургацын ногооны 275 дээжний 40 хувьд, импортийн хүнсний ногооны 80 хувьд хүний биед хортой, хорт хавдар үүсгэгч пестицид хэмээх бодис агуулагдаж байгаа олон нийтэд талаар мэдээлсэн.

Тухайлбал, Сэлэнгэ аймгаас ирсэн ногооны дээжийн 55, Төв аймгаас 34 хувь, Өмнөговь аймгаас 33 хувьд нь бордооны орц, хэвийн хэмжээнээс хэтэрсэн, өөр төрлийн хортой бодисын агууламж ч байх ёстой хэмжээнээс илүү их байсан нь тогтоогдсон гэсэн юм. Үнэхээр ч хортой гээд байгаа пестицид гэх бодис нь хүний төв мэдрэлийн тогтолцоонд нөлөөлдөг, дотоод шүүрлийн булчирхай, зүрх судасны тогтолцоонд нөлөөлөхийн дээр бэлгийн эсийг хордуулж, ургийн гаж хөгжилд нөлөөлдөг гээд олон сөрөг нөлөө үзүүлдэг гэсэн. Тэдний шинжилгээ хийсэн дээжнүүдээ “Намрын ногоо өдрүүд” зэрэг үзэсгэлэн худалдаанаас авж хийсэн гэж тодотгосон юм.

МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУД БОЛОН ХОЛБОГДОХ ЯАМ НЯЦААВ

Түүнээс хоёр хоногийн дараа Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны ахлах мэргэжилтэн Г.Эрдэнэцэцэг, Эрүүл мэндийн яамны мэргэжилтэн Д.Ганзориг болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ХХААҮҮХГ-ын дарга Ю.Галсан зэрэг албаныхан хамтран нийгэмд тархаад байсан мэдээлэлд няцаалт хийсэн. Албаныхны зүгээс “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдааны үеэр өдөр тутам шинжилгээ хийж ажилласан. Мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрууд дүүргүүд дэх мэргэжлийн хяналтын байцаагч нар байнгын хяналт тавьж ажилсаар ирсэн. Тухайн шалгалтуудаар ногоонд илэрсэн пестицидийн хэмжээ хүний биед хор нөлөө учруулах хэмжээний биш, хэвийн хэмжээнд байсан гэнэ. Мөн пестицидийг ургамалын эм гэж ойлгох хэрэгтэй гэнэ. Өөрөөр хэлбэл, хүн өвдөхөөрөө эм хэрэглэдэгтэй адил тухайн ургамлын өвчин эмгэг, хортон шавьжийг усгаж, ургацыг нэмэгдүүлэх чиглэлд хэрэглэдэг химийн бодис аж. Үүнийг дэлхий нийтээрээ хэрэглэдэг. Харин ч хамгийн сүүлийн үеийн дэвшилттэй, хоргүйжиж, хурдан задардаг химийн элемент гэлээ. Газар тариалангын химийн бодисуудыг гурван сайдын хамтарсан тушаалаар жил болгон шинэчлэн баталдаг. Улмаар үүнтэй холбоотой зөвшөөрлийн жагсаалтыг ч өөрчилжээ. Мэдээж тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүд импортоор оруулж ирдэг юм. Оруулж ирээд хэрэглээнд тараадаг. Харин тэрнийх нь хэрэглээнд төрийн бус байгууллага, фермерүүдийн холбоо, бодлогын яам, мэргэжлийн хяналтын орон нутаг дахь салбарын ургамал хорио цээрийн байцаагч нар байнгын хяналт тавьж байдаг аж. Дээр нь мэргэжлийн хяналтын газрын зүгээс Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн эрдэмтдийн хийсэн сулдалгаа учир дутагдалтай, хүмүүсийн шинжилгээ судалгааны тайлан мэдээг авч судлахад, оюутнуудын сургалтын судалгааны хүрээнд хийгдсэн иж бүрэн түвшинд хүлээн зөвшөөрөгдөх тийм судалгаа биш байсан гэнэ. Улсын итгэмжлэгдсэн лабортариудын шинжилгээний дүнг хүлээн зөвшөөрч асуудлыг тавьдаг гэх зэргээр няцаасан юм.

ТӨВ АЙМГИЙН ТАРИАЛАНЧИДЫН НЯЦААЛТ

Үүний дараа Төв аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын Үйлдвэр, газар тариалангийн хэлтсийн дарга Ж.Сүрэнхорол тэргүүтэй тус аймгийн тариаланчид мэдээлэл хийсэн. Тус аймгийн ногооноос хорт бодис илэрсэн гэх мэдээлэл цацагдсанд харамсаж буйгаа илэрхийлсэн юм. Монгол улс хортон шавжийг устгах бодис буюу пестицидийг хамгийн бага хэрэглэдэг улсын нэг гэнэ. Гадаадын хөгжилтэй орнуудад нэг га талбайд дээд тал нь 1200, дунд түвшинд 600, хамгийн бага төвшинд 340 литр пестицидийг хэрэглэдэг гэсэн судалгаа байдаг аж. Гэтэл манай улс нэг га талбайд 1.6 литрийг хэрэглэдэг гэнэ. Өөрөөр хэлбэл, Газар тариалангийн үйлдвэрт пестицид хэрэглэдэгээрээ дэлхий нийтийн улс орнуудын хамгийн сүүлд байдаг. Мөн уг асуудлыг анх сөхөж тавьсан хүмүүс тариаланчидтай хамтарч ажиллаж яагаад болохгүй гэж мэдэгдээд, газар дээрээс нь шууд дээж авч, шаардлагатай бол ногоогоо тарьж байгаа газарт нь шинжилгээ хийж болно гэж бас л няцаалтыг хийсэн юм.

ЕРӨНХИЙ САЙДЫН НЯЦААЛТ

Гуравдугаар сарын 6-нд болсон Ерөнхий сайдын 30 минут уулалтаар Монголд ургасан төмс, хүнсний ногооноос хорт бодис илэрсэн гэсэн мэдээллийн талаар сэтгүүлчид түүнээс лавлахад “Эх орныхоо хөрсөнд ургасан төмс хүнсний ногоогоор дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангадаг болох гэж хичээж байгаа энэ үед ийм мэдээлэл цацагдсанд харамсч байна. Хүнсний ногооноос хорт бодис илэрсэн талаар мэргэжлийн байгууллагаар шалгуулсан. Энэ мэдээлэл үндэслэлгүй болохыг шинжилгээгээр баталсан” гэсэн юм.

Ийнхүү хүнсний ногоонд пестицид хэмээх бодис их хэмжээгээр агуулагдаж байна гэх мэдээлэлд олон талаас няцаалт хийсэн. Гэвч иргэдийн дунд эргэл­зээ арилаагүй. Чанартай хэмээн амтар­хан иддэг байсан Монгол ногоо ир­гэдийн зүгээс хардлага дагуулсаар байна. Ерөнхий сайд хүртэл хоргүй гэж хэлж байхад эргэлзэх юу байна гэж бодхоор л хоргүй гээд батлаад шинжлээд гаргаад ирсэн шинжилгээний дүнг одоо хүртэл олон нийтэд дэлгэж үзүүлээгүй шүү дээ. Хоргүй л гэж хэлсэн болохоос хэн ч баталж харуулаагүй. Хортой гэх мэдээлэл цацагдах үед Мэргэжлийн хяналтын газрын төв лаборатори захуудын ногоонд шинжилгээ хийгээд дүнгээ тайлбарласан бол иргэдийн дунд эргэлзээ төрөхгүй л байлаа. Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нэгдсэн нийгэмлэгүүдийн холбооноос Эрүүлмэндийн шинжлэж ухааны их сургуульд хийсэн судалгаа үр дүнд хор ихтэй гээд гарчихсан байна. Харин мэргэжлийн хяналтын лаборатороос пестицид зохих хэмжээнд байгаа гэж байгаа. Хоёр өөр лабораторит шинжилгээ хийсэн учраас дахин хөндлөнгийн лаборатороор шинжилгээ хийлгэвэл хариу ямар гарах бол.

Д.МЯГМАРДОРЖ