Нийслэлийн Засаг даргын зүгээс “Хөрөнгө оруулалтын ажлын хяналтыг сайжруулах тухай” А/143 тоот захи­рамжийг энэ сарын эхээр гаргасан нь тендерчдийн зүрхэнд шар ус хуруулж, иргэд хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах том алхам болов.

Зарласан тендерийг замаас нь гувчуулан улсын хөрөнгийг хэдэн тэрбумаар нь халаасалж сурсан тен­дерчдийн балгаар хэн хохирдог вэ. Гагцхүү иргэд, хэрэглэгчид л хохирдог. Үүнийг зогсоохоор дээр дурьдсанчлан нийслэлийн удирдлагууд “хар жагсаалт” гарган олон нийтэд зарлах юм байна. Ялангуяа зам, барилгын салбараас илүү харж, билүү долоогоод сурчихсан компани, аж ахуйн нэгж болон тэдэнтэй хуйвалдан хэдэн тэрбумаар нь гударч амташсан албан тушаалтнууд энэ сургаар нуруу руу нь хүйтэн мөс өнхөрч байгаа биз. Төрөөс тендер шалгаруулж ажлыг нь өгөөд байхад дахин дахин мөнгө нэхэж гэдийгээд суугаад байдаг нөхдүүд бий. Энэ нь нөгөө авлигажсан төсөвтэй объектууд байна гэсэн үг. Шууд хэлэхэд авлигажсан төсөв гэгдээд буй төсөвт өртөг нь нэмэгдсэн объектууд ихэвчлэн өмнөх Засгийн үед тендерээ авчихсан барилга байгууламж, авто замын ажлууд байгаа билээ.

Төлөвлөгөөгөөр болон авлигажсан төсөв шингээсэн олон барилга бариулснаас болж маш олон иргэн, хэрэглэгч уйлахаас наагуур амьдарч байна. Энэ бүхний буруутнуудыг олж тогтоон хуулийн дагуу хариуцлага тооцож, эрээ цээргүй үйлдлийг нь зогсоож эхэлсэн нь нэн сайшаалтай. Ямарваа зам барилгын ажил гэрээний үндсэн дээр хийгддэг нь тодорхой. Анх бид ийм үнээр тийм бүтээн байгуулалт хийнэ гээд гэрээ хийдэг. Тэгснээ гэрээгээ зөрчиж, төсвийн мөнгөнөөс хумсалдаг. Ийм л этгээдүүдийг нэр устай нь олон нийтэд зарлахаар нийслэлээс шуурхай аян эхлээд байгаа. Үүнийг тодорхой өгүүлье. Энэ талаар нийслэлийн Засаг даргаас гаргасан захирамж нь тодорхой хуулийн заалт дээр үндэслэсэн гэдгийг дурдах нь зүй. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 “а”, 29.2, Барилгын тухай хуулийн долдугаар зүйлийн 7.2.6, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.7, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5 дахь заалтыг тус тус үндэслэсэн нь бий. Тухайлбал Нийслэлийн нутаг дэвсгэрт улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан авто зам, барилга байгууламжийн ажилд дутаг­дал гаргасан байгууллага, албан тушаал­тан­тай хариуцлага тооцох зорилгоор доорхи арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болжээ.

Авто зам, барилга байгууламжийн ажил нь дутуу, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гүйцэтгэгч аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалтыг холбогдох байгууллагуудаас нэгтгэн авч, нийтэд зарлах ажлыг эхний ээлжинд гүйцэтгэх юм. Асуудал үүгээр зогсохгүй. Дээрх зөрчил гаргасан гүйцэтгэгч аж ахуйн нэгж байгууллагыг шалгаруулсан Үнэлгээний хорооны гишүүд, уг авто зам, барилга байгууламжийн ажлыг хүлээн авсан Улсын комиссын бүрэлдэхүүнийг ч нийтэд зарлана. Хуулийн дагуу хариуцлага тооцуулах санал боловсруулах ажлыг НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, Тамгын газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтэс, нийслэлийн Дотоод аудитын алба гүйцэтгээд эхэлсэн. Түүнчлэн бүх “но”-г мэдсээр байж нүдэн балай, чихэн дүлий өнгөрөөсөн нөхдүүд ч жавтий хүртэхээр болжээ. Нийслэлийн нутаг дэвсгэрт улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр баригдсан дутуу гүйцэтгэлтэй, чанарын шаардлага хангаагүй авто зам, барилга байгууламжийн ажлын зураг төслийг боловсруулсан, уг зураг төсөлд экспертиз дүгнэлт гаргасан, зохиогчийн хяналт тавих үүргээ биелүүлээгүй, барилга угсралтын ажлын гүйцэтгэлд техникийн хяналт тавигүй байгууллага, албан тушаалтны жагсаалтыг ч гаргах гэж байгаа. Үүнийг гаргаж олон нийтэд зарлах ажлыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Дотоод аудитын алба тус тус хариуцна.

Манайд нэг ужиг өвчин бий. Гэм хийсэн хүний толгойг илээд л байдаг. Цаадахь нь үүндээ улам даварч олон түмнийг хохироосоор байдаг. Үүний цаана нөгөөх л авлига, хээл хахууль оршдог билээ. Нийслэлийн нутаг дэвсгэрт улсын болон нийслэлийн хөрөнгөөр хийгдсэн зам, барилга байгууламжийн ажлын шаардлага хангаагүй, дутуу гүйцэтгэсэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй олон аж ахуйн нэгж, байгууллагыг бид мэднэ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсаар байгаад доль цохичихсон эдгээр “сайн эр”-үүдийн нэр усыг монголчууд бараг цээжилчихсэн биз. Гэтэл эдгээр “сайн эр”-үүдийн гэмийг нь мэдсээр байж дахин худалдан авах ажиллагааны шалгаруулалтад оролцуулж шалгаруулаад байгааг юу гэх вэ. Үүний цаана авлигажсан төсөв л яваад байна. Ийм байдал бий болгож, гардан удирдсан албан тушаалтанд хариуцлага тооцох төдийгүй хуулийн байгууллагад ч шилжүүлэн шалгуулахаар нийслэлийн зүгээс зэхээд байгаа. Энэ нь иргэд, хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах том алхам болох учиртай. Үүгээр зогсохгүй техникийн нөхцөлийг зөрчиж барилга барьсан аж ахуйн нэгж, иргэнд дахин барилга угсралтын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосон, албан тушаалаа урвуулан ашигласан, эрх мэдлээ хэтрүүлсэн байж болзошгүй албан тушаалтнууд ч гэм үйлдсэн зэмээ хүртэх тойргийн гадна үлдэхгүй болохыг нийслэлээс анхааруулав. Ямартай ч мэдээллийн санд бүртгэгдэж хар жагсаалтад орж олон нийтэд зарлагдсан авто зам, барилгын компаниудаас яс хагацаж, авлигажсан төсвийн амтанд орсон албан тушаалтнуудаас салснаар иргэд, хэрэглэгчид, үйлчлүүлэгчдийн эрх ашиг бодитойгоор хамгаалагдах болох нь ээ.

 

Б.ХАНГАРЬД