Хоёр жилийн хувьчлал буюу хөрөнгө орлого нь 20 дахин үржсэн “Сол Ин Хуа”
2014/03/26
Өнөөгийн улс төр дэх өш хонзонгийн цэцэг буюу Сол Ин хуа нь Д.Сугар аж. Нэгэн цагт журмын нөхдийг нь уйлуулж байсан ардчиллынхныг амаа барьтал чадсанаар нь түүнийг ийн тодотгож болно.
Тэртээх 1992 онд Ардчилсан хүчин ялалт байгуулж, төрийн гэх тодотголтой бүхнийг үнэгүйдүүлэн халаасласныг түүх өөрөө гэрчилнэ. Үр дүнд нь шинэ үеийн хөрөнгөтнүүд мэндэлсэн. Энэ үйл явц олон жил олонхи байж, дангаараа Засгийн эрхэнд зайдагнаж байсан ууган улс төрийн хүчнийг ёстой л асгартал уйлуулах нь тэр. Тухайн үед журмын нөхдийн нь амталсан шорвог нулимсыг Д.Сугар 2006 онд ардчиллынханд мэдрүүлэв. Тэрбээр Төрийн өмчийн хорооны даргаар томилогдсон даруйдаа 20 гаруй аж ахуйн нэгжийг төрөөс тусгаарлажээ. Тодорхой баримтууд ишлэвэл, “Монгол эм импекс” ХК, “Дархан мах экспо”, “Агро сервис”, ДБЭХС хүчилтөрөгчийн станцын барилга, Хилийн цэргийн 0119 ангийн заалны барилга, ТӨХ-ны 14 дүгээр байр, Хужирт рашаан сувилал, аялал жуулчлалын төв, “Цагаан нуга” зуслан, “Электрон техник” машин судлалын нэгдэл, “Ховд цемент”, “Авто импекс”, Геронтлогийн төвийн байр, УМЭХ-ийн Биоцехийн барилга, Барилга архитектур, Мал эмнэлгийн хүрээлэнгийн биоцехийн барилга, барилгын технологийн коллежийн барилга гэх мэтчилэн дурьдвал сонины зай талбай үнэндээ л багадна. Дээрх нэр дурьдагдсан аж ахуйн нэгжүүд зөвхөн 2006-2008 оны хооронд буюу Сугарын сугаар хувьчлагдсан байдаг.
Дээр нь Хадгаламжийн банк, “Говь”, Улсын цирк гэхчлэн томоохон газрууд нэмэгдчихнэ. Мөн Мардайгаас Чингисийн далан хүртэлх 131 км төмөр замын 93 км-ийг нь “Бүрхээст хайрхан” ХХК-д зарсан гэхчлэн хөвөрдчихөөд байгаа. Эрдэнэт, МИАТ-ийг эс тооцвол төрд данстай ихэнх өмчийг Төрийн өмчийн хороо толгой мэдэн хувьчилсан нь энэ. 24 тэрбум орчим төгрөгийн хөрөнгөтэй “Говь” компанийг 13 тэрбумаар хувьчилснаас болж хэсэгтээ л хэл ам салаагүй. Энэ талаар Д.Сугар “Хэдэн жилийн өмнө “Говь”
ХХК-ийг 11 саяар зарах гээд чадаагүй. Бид 13.8 тэрбумаар хувьчилсан нь үнэн. 20 жил ажилласан энэ үйлдвэрийг хурдхан зарахгүй бол эргээд төрд лай болж мэдэхээр байсныг нуугаад яахав” гэж өөрийгөө өмгөөлмөөр аядаж суусан. Улсын циркийг мөн л 1.5 тэрбум төгрөгөөр намын дүүдээ хувьчилсан нь өдгөө сөхөгдөж, Д.Сугарын нэр дэд гарчиг мэт дагалдаастай. “Хадгаламж” банкны хувьчлал ч хуудуутай болсон талаар сөхөгдөхөд номын хавчуурга шиг чирэгдчихсэн л явсан. Ямартаа л Д.Сугарын суганд хавчуулагдаагүй гарсан хувьчлал хуруу дарам хэмээх хэлц гарсан байхав.
Өмч хувьчлал ийн цэцэглэхтэй зэрэгцэн мань хүний орлого ч хэдэн арван хувиар арвижсан гэж байгаа. 2007 онд ТӨХ-ны дарга Д.Сугар жилд 15.167.9 (мян.төгрөгөөр) төгрөгийн орлоготой. Харин гэр бүлийн гишүүний орлого нь 2.316.9 төгрөг. Хоёр орон сууцтай. Бусад ангилалд орох нэг барилга байгууламжтай бөгөөд эдгээр нь нийт 425.000.0 төгрөгийн өртөгтэй. Тухайн үед “Ланд круйзер-105”, “Ниссан Х-трэйл”, “Тоёота виста” маркийн гурван автомашинтай бөгөөд 86 сая төгрөгөөр үнэлжээ. Мөн 98 бод, 350 бог малаа 65.800.0 төгрөгөөр үнэлсэн. Газар эзэмших эрхийн хоёр ч гэрчилгээтэй. Хадгаламжиндаа 110.000.0 төгрөгтэй, Үндэсний үнэт цаасны 30 хувийг эзэмшдэг бөгөөд 167.000.0 төгрөгөөр үнэлэгддэг хэмээн мэдүүлж байсан бол жилийн дараа гэхэд түүний жилийн орлого 209.464.5 төгрөг болж хэмжээлшгүй ихээр арвижсан байдаг. Харин гэр бүлийн гишүүд нь орлого олохоо больж, мань хүний олж ирсэн хэдээр амьдралаа залгуулдаг болсон бололтой юм. Энэ бол дээрх аж ахуйн нэгжүүдийн хувьчлал явагдсан он жилүүдэд мань хүний халаасан дахь хөрөнгө хэрхэн үржигдсэн талаарх АТГ-ын Хөрөнгө орлогын мэдүүлэг. Машины нь загвар гэхэд л жил жилээр сайжирч, эцэстээ Лексус 570 хөлөглөдөг болчихсон байв. Энгийн нэг Төрийн алба хаагч байтугай боломжийн эргэлттэй бизнесмэн ч нэлээд түнтэгнэж байж эзэмших төмөр хүлэг шүү энэ.
Өвөрхангайн гаралтай энэ эрхэм нутаг нугынхнаа дээш татаж, зарим нэгийг нь өөрийнхөө хөрөнгө дээр суулгасан барин тавим мэдээллүүдийг ч үгүйсгэх боломжгүй. Тэнэг л биш бол төрийн хар дансанд бүртгэлтэй аж ахуйн нэгжийг өөр дээрээ бүртгүүлэхгүй нь ойлгомжтой. Тэнэг болохгүйн тулд хаа холын, хар элгийн хүнийг дуудаж ирүүлээд данслалтай биш. Авч зугатаад алга болчих биш, ах дүү, амраг садан, нутаг нугынхныхаа нэр дээр дансалж, нууц ноёнтноор нь амьдардаг бичигдээгүй хууль Монголд л бий. Иймээс дээрх хувьчлагдсан гэх аж ахуйн нэгжүүдийн эзэд хэн болох, хэрхэн ямар замаар хувьд ирсэн түүхийг бид цувралаар хүргэхээр бэлтгэлээ.
Үргэлжлэл: Дараагийн дугаарт
Л.НИНЖСЭМЖИД
Зочин · 2014/03/28
shorond hataahgui yu hiigeed bailgaad baidag baina aa
Зочин · 2014/03/27
луйварчиныг шоронд явуулаач.
Зочин · 2014/03/27
kkk