Манай улсад хүн худалдаалах гэмт хэргийн анхны хохирогч одоогоос 12 жилийн өмнө буюу 2001 онд гарч байжээ. Үүнээс өмнө энэ талаар яригдаж байсан ч албан ёсоор 2000 онд анхны тандалт судалгаа хийж эхэлсэн байна. Харин одоо хүний наймаа далд бус ил цэцэглэх болсон нь аюулын харанга дэлдээд удаж буй.

Хүний наймаа гэж юуг хэлдэг вэ гэвэл, хүнийг биеийн үнэлүүлэх, боолчлох, залилан уран мэх ашиглаж тухайн хүнийг улс дамнуулан худалдахыг хэлнэ. Энэ гэмт хэрэгт охид бүсгүйчүүд хамгийн их өртдөг. Тэдэнд их цалинтай ажил амлах, их, дээд сургуульд хямд зардлаар сургана гэх сайхан үгээр хууран өөрсдийн эгнээндээ оруулдаг аж.

Манай улсыг хүний наймааны эх сурвалж болон дамжин өнгөрөх гол цэг мэтээр төрийн бус байгууллагууд мэдээлдэг. Хүн худалдаалах гэмт хэргийг хэн үйлддэг вэ? гэмт этгээдүүд  сайтар зохион байгуулагдсан гэмт хэргийн бүлэглэл, эсвэл өөрөө тухайн гэмт хэргийн хохирогч болж байсан этгээд энэ хэрэгт холбогдож үйлдэх нь элбэг тохиолддог байна.

Мөн хүний наймааны нэг хэлбэр нь мөлжлөг. Үүнд нь  бусдын биеийг үнэлүүлэх буюу бэлгийн харьцаа, албадан ажиллуулах буюу үйлчлүүлэх, боолчлол буюу боолчлолтой төсөөтэй заншил, эрх чөлөөгүй байлгах, эрхтнийг нь авах зэргээр ойлгоно.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар хүн худалдаалах гэмт хэрэг дараах хэлбэр, төрлөөр голчлон үйлдэгдэж байна. Үүнд: Бэлгийн мөлжлөг, Хөдөлмөрийн мөлжлөг, Захиалгат гэрлэлт.  Бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдаалах гэмт хэрэгт ихэвчлэн охид, залуу эмэгтэйчүүд өртдөг байна. Судлагдсан эрүүгийн хэргүүдээс үзэхэд 30 хувь нь 18-21 насны,  20 хувь нь 21-26 насны, 11 хувь нь насанд хүрээгүй эмэгтэйчүүд байна гэсэн судалгаа бий.

Тэгвэл сүүлийн үед хөдөлмөрийн мөлжлөг хэлбэр рүү орсон байна. Энд хохирч байгаа хүмүүсийн дийлэнх хувь нь бага насны хүүхдүүд байгаа аж. Тэр дундаа 12-14 настай хүүхдүүдийг циркийн үзүүлбэрт оролцуулах нэрийдлээр гадаад улсад аваачиж хөдөлмөрийн мөлжлөгт оруулж байсан хэргийг илрүүлжээ. Улмаар тухайн хүүхдүүдийг эх оронд нь авчирч хэрэгт шалгалтын ажиллагааг явуулж байгаа гэнэ. Мөн цагдаагийн байгууллага дангаараа ГХЯ, төрийн бус байгууллагуудтай хамтраад гадаад орнуудад эрх нь зөрчигдсөн хууль эрхзүйн туслалцаа авах шаардлагатай болсон 18 иргэнийг Монгол Улсад аюулгүй авчирчээ.

Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэн "Ерөнхийдөө иргэдэд бизнесийн болон ямарваа нэг санал гадны байгууллагаас чөлөөтэй ирдэг.  Тухайлбал, өөр улсад очиж өндөр цалинтай ажил хийх үү, гадаадын сургуулиудад суралцах уу гэх мэтээр саналууд ирдэг. Тэгвэл иргэд  ийм төрлийн саналд анхааралтай хандах хэрэгтэй. Ямаршуу хүн, ямар туршлагатай байгууллага энэ саналыг явуулсан юм. Би ямар байгууллагад хандаад байгаа гэдгээ хянах хэрэгтэй. Хэрвээ иргэн өөрөө хүсвэл цагдаагийн байгууллагад ирээд тухайн байгууллага хувь хүнийг шалгуулах ч бүрэн эрхтэй шүү дээ. Манай иргэдийн дунд түгээмэл алдаа байдаг. Тодруулбал, Монгол Улсаас өөр оронд өндөр цалинтай л гэсэн бол ямар ч хамаагүй арга хэрэглэж байж гарахыг боддог. Хууль бусаар визийг нь бүрдүүлж, өөрсдөө гэмт хэрэгт өртөх боломжийг хангачихаад байдаг. Үүн дээр хуулийн байгууллага урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг нэлээдгүй явуулж байна. Ингэснээр ийм төрлийн хэрэгт хохирсон иргэд харьцангуй багассан. Цаашид иргэд хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх зайлшгүй шаардлагатай. Хүн худалдаалах хэрэг маань анх манай улсад бүртгэгдэж байхдаа бэлгийн мөлжлөг хэлбэрээр илэрдэг байсан" гэсэн юм.

Х.Даваа