- Одоо яая гэх вэ, өөр ажил олдож л таараа, хажууд нь гэдэс хонхолзоод хэрэг алга хэмээн бодсоор улирлын амралтаараа ажиллахаар бүртгүүлсэн зоогийн газартаа ажилд тэнцэж чадаагүйдээ сэтгэл гундуухан явсан Хэрлэн зэргэлдээх цайны газар луу орлоо.

Чингээд хоолны цэс харж хэсэг сууснаа түрийвчээ нээн харвал ердөө л бүтэн таваг хоол ч авч хүрэхээргүй хэдхэн төгрөг байв. Хэтэвч нимгэн ч сэтгэлээр баян оюутан бүсгүй нэг их мөнгөтэй хүн шиг царайлан ямар хоол захиалах тухай эрэгцүүлэн хоолны цэс харжээ суутал хувцас хунар нь хир даг болж, үс гэзэг нь ширэлдсэн бяцхан охин орж ирээд сайртаж борлосон гартаа барьсан сонингоо сарвайж тэнд суусан хүн бүрээс шахуу:

-Ах аа, телевизийн хөтөлбөр аваарай, эгч ээ сонин авахгүй биз? хэмээн царайчлангуй бас аргадангуй харцаар асууж явтал төдөлгүй түүнээс ганц хоёр насаар дүү болов уу гэмээр бас нэг бяцхан хүү орж ирээд мөн л сонингоо зарахаар буланд сууж байсан махлаг шар залуу руу очвол:

-Авахгүй авахгүй. Хоол ч тайван идүүлэхгүй, ядаргаатай юм гээд ширэв татав. Түүний арын ширээнд урт хумсаа гайхуулах мэт улаан хэтэвчээ атгаж суусан ганган эгчид дөхөж очоод мөн л сонин авахыг санал болговол:

-Авчихсан шүү дээ, яах гээд байдаг юм хэмээн уцаарлахад цэмцэгнэсэн зөөгч бүсгүй тэндээс яаравчлан ирж мөнөөх эгчээс хүлцэл өчөөд хөөрхий хоёрыг бараг хөөх шахуу гаргалаа. Энэ зуур тэднийг ажиж суусан Хэрлэн:

-Өөрсдөө хүүхэд байгаагүй юм шиг, ядарсан балчир амьтдад дэндүү муухай хандах юм гэж битүүхэн бухимдсан ч гаднаа юу ч хэлж чадалгүй өнгөрөв. Чингээд байгаа мөнгөнөөсөө харих унааны зардлаа цааш хийгээд  аяга цай, дөрвөн буузтай авлаа. Зөөгчийг хүлээж хүлээж арай гэж захиалга авчрахад нь сая нэг хооллохоор зэхэж байтал хажуухан талаас нь шингэн дуугаар:

-Эгч ээ, хоёр пирошки авъя гэхэд нь гайхан харвал нөгөө жаалууд хэдийдээ ороод ирснийг бүү мэд ямартаа ч сонин зарсан нь лавтай охин нь бяцхан бор гараараа хэдэн аравт хорьтын дэвсгэрт эвлүүлээд сууж байх нь тэр. Хэрлэнгийн өрцний гүнээс хөврөх өрөвч нинжин сэтгэл балчир охины тийн суухыг төдийлөн харж түвдэлгүй өмнөх хоолоо барьсаар нэг л мэдэхнээ тэдний ширээнд очсон байв. Охин түүн рүү гайхсан ч шинжгүй тормойсон нүдээ гурвалжин болгож нэг хяламхийн харснаа дахин зөөгч бүсгүйг дуудлаа. Ингээд гурвантаа дуудахад зөөгч бас л ирсэнгүй. Хэрлэн хоолойгоо засаад, их л найрсгаар инээвхийлэн байж:

-Миний хоёр дүү сонин зараа юу? гэхэд жаал хүү шууд л толгой дохин:

-Тийм

-За тэгээд хэдийг зарав даа?

-Дөрөв

-Аан хэмээн бяцхан бодол болсноо:

-Тэгээд хоёрхон пирошки захидаг нь яаж байгаа юм бэ, ядаж цай авч уугаач хэмээн охинд аргадангуй хэлбэл:

-Үлдсэн нь бид хоёрын мөнгө биш ээ, сонин авахдаа буцааж өгдөг юм байхгүй юу гэж мөнгөө имрэнгээ хариулав. Ийнхүү асуултад товч бас тодорхой хариулж суух хэвлүүхэн тэр охиныг өрөвдөн хайрлах сэтгэл нь улам оргилж болгоомжтой гэгч нь цай, буузаа түүн рүү дөхүүлээд:

-Май, ид ид, та хоёр хуваагаад идчих. Эгч нь нэг ч амсаагүй байгаа гэв. Энэ удаад охин гайхаж, бас ч жаахан бишүүрхэнгүй мөнгөө базлан суухад нь Хэрлэн:

- Эгч нь өгч байгаа юмаа, миний дүү ав л даа гээд аргадангуй хэлэхэд охин цовоо дуугаар баярласнаа илэрхийлээд хүүтэй хуваан идэж гарлаа. Тэднийг ийнхүү амтархан идэхийг ажиж суусан Хэрлэн саяхан ходоод гэдэс нь нуруутайгаа наалдахын даваан дээр явснаа таг мартаад тэднийг өрөвдөн хайрлах сэтгэлд автлаа.

-Өдий багаасаа ийм хатуу бэрхийг туулаад айхтар жаалууд байна шүү хэмээн бодож охинтой ойр зуурыг ярилцах зуур хүү бяцхан гараа орчлонгийн нүгэлд дүрж, түүний халаасыг тэмтэрч суухыг Хэрлэн даанч нэг гадарласангүй.

Тэд хооллож дуусаад нүд нь сэргэж, баярласан талархсанаа хүүхдийн цовоо цолгиун дуугаар хэлээд явж одоход балчир жаалуудын инээж баярлахыг харсандаа сэтгэл нь уужирсан Хэрлэн цайны газрын үүдэнд гараа далласаар хоцроод тэднийг гудамж тойрон одтол нь харж зогсов. Ингээд эргэж явахдаа халаасаа тэмтрэвэл хоосон оргиод явчих нь тэр. Хэдхэн төгрөгтэй түрийвч, гар утас зэрэг нь алга болсныг сая мэдээд, дэмий л юу ч үгүй үлдсэн хоосон халаасандаа гараа хийгээд дурамжхан алхаж явтал чанх дэргэд нь:

-Худалдагч ажилд авна. (Жич: Цалин өндөр, оюутан байж болно) гэх зарыг уншаад Хэрлэн шил толь нь гялалзсан шинэхэн дэлгүүр лүү саяын болсон явдлыг ор сураггүй мартаад инээмсэглэн явж орлоо.

 

                                                                          Э.Үржинханд                                                  

                                                               “Шувуутай цүнх” өгүүллэгийн түүврээс