Г.Отгонбаяр: Бензин хайгаад явах уу, цахилгаан машин аваад хэмнэлттэй амьдрах уу гэх сонголт гарч ирлээ
1 цагийн өмнө

Авто-Механик инженер Г.Отгонбаяртай цахилгаан машины талаар ярилцлаа.
-Дэлхий нийтээрээ цахилгаан машиныг хэрэг-лээнд нэвтрүүлж байна. Тэгвэл цахилгаан машины давуу тал нь юу вэ?
-Хоёулаа онол гэхээсээ илүү практик амьдрал дээр цахилгаан машины ач холбогдол ямар байдаг талаар ярилцъя. Сүүлийн үед цахилгаан машины талаар хүмүүс их ярьж байна. Магадгүй цаг үеийн нөхцөл байдлаасаа шалтгаалсан байх. Угаасаа дэлхий дахинд цахилгаан машин хүч түрэн орж ирсэн шүү дээ. Одоогийн байдлаар Хятад, Япон, Америк, Их Британи, Солонгос гээд олон орон цахилгаан машиныг хэрэглээндээ бараг бүрэн нэвтрүүлсэн гэж хэлж болно. Шалтгаан нь гэвэл ерөөсөө байгальд ээлтэй, эко учраас. Америк гэхэд том оврын буюу хүнд даацын автомашинуудаа бүгдийг нь цахилгаанд шилжүүлсэн. Ер нь 1900 оны үед Америкт бүртгэлтэй автомашины 38 хувь нь цахилгаан байсан гэдэг. Гэтэл манай улсад одоо импортоор орж ирж байгаа нийт автомашины 10-15-хан хувь нь цахилгаан машин байгаа.
Өнөөдөр 2025 он шүү дээ. Бид Америкийн 1900 оны үеэс доогуур түвшинд байна. Тэгэхээр дэлхий дахинд цахилгаан машин бол шинэ технологи биш байгаа биз. Харин монгол улсад цоо шинэ технологи болчихсон. Монголчууд одоог хүртэл энэ талаар ямар ч ойлголтгүй байгаа нь өөрөө асуудал болоод байна. Түүнээс гадна дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсөн шинжлэх ухааны ололт, амжилтад бид өнөөдрийг хүртэл эргэлзсэн хэвээр. Эцэст нь ямар нэгэн асуудал тулгарахад цахилгаан машины талаар бодож эхэлсэн байх жишээтэй. Сүүлийн гурван сар үе үе бензин тасарлаа. Одоо ч бензин, дизелийн тогтвортой байдал эргэлзээтэй байна. Тэгээд л салбар, салбартаа гарц, шийдэл хайсан.
-Тэгвэл шийдэл нь цахилгаан машин гэсэн үг үү?
-Тийм. Цахилгаан машин нь бензинээр ажилладаггүй, утаа униар гаргадаггүй учраас манай улсад хамгийн тохиромжтой буюу ирээдүйтэй машин гэдгийг онцолж хэлье. Манайх шиг шатахууны асуудалтай улсад үнэхээр тохиромжтой шийдэл шүү.
Харин нөгөө талд монголчууд цахилгаан машин гэж юу болох талаар одоо ч сайн мэдээлэлгүй. Эсвэл цахилгаан машин хэт үнэтэй учраас баячуудын хэрэглээ гэж боддог. Бодит байдал дээр бидний сайн мэдэх “Приус”-ээс чинь арай үнэтэй л байгаа. Яагаад гэвэл он залуу. Ийм учраас “Приус- ээс үнэтэй байх нь аргагүй биз дээ. Зарим хүн бензинээр ажилладаггүй машин байдаг гэдэгт огт итгэдэггүй. Тийм машин гэж юу байдаг юм гэх жишээтэй. Зүгээр л реклам гэх өнцгөөс хардаг. Тиймдээ ч цахилгаан машин авч өөртөө эрсдэл үүсгэхийг хүсдэггүй. Яг үнэндээ манай монголчууд шинэ зүйл туршихаас айдаг байхгүй юу. Эрсдэл, хохирол, алдагдлын талаар бодож, бодож эцэст нь “Приус”-ээ худалдаж авдаг. Бидний бодит нөхцөл байдал ийм л байна.
-Манай улс бусад оронтой харьцуулахад эрс, тэс уур амьсгалтай шүү дээ. Энэ утгаараа цахилгаан машин хэр дулаахан вэ?
-Одоо бол хөгжүүлэлт, сайжруулалт хийгээд илүү дулаахан болсон. Нэлээн хэдэн жилийн өмнө цахилгаан машин худалдаж аваад, хэрэглэж байсан хүмүүс бий. Манай улс бусад орныг бодвол хэт хүйтэн уур амьсгалтай. Тиймээс тухайн үедээ цахилгаан машины паарны халаалт муу байна гэх асуудал үүсч байсан. Харин одоо технологийн дэвшлээ дагаад цахилгаан машины паар ямар ч асуудалгүй болсон. Үнэхээр сайн халдаг юм билээ. Өөрөөр хэлбэл, цахилгаан машин тениэр халдаг, тосол гэж байхгүй. Сүүлийн үед манай монголчуудын цахилгаан машины хэрэглээ бага ч гэсэн нэмэгдэж байгаа. Дээр хэлсэнчлэн нийт импортын автомашинуудын 10-15 хувийг цахилгаан машин эзэлж байна.
Өмнө нь таван хувь ч хүрэхгүй байдаг байсан юм. Мөн БНХАУ-аас цахилгаан машин хамгийн их импортлогдож байгаа. Ерөнхийдөө 60 kВт батерейтай цахилгаан машин дунджаар 350-450 км замыг таван цагийн хугацаанд нэг удаагийн цэнэгээр туулдаг. Харин 80-100 kBт батерейтай нь 450-600 км замыг таваас долоон цагийн хугацаанд нэг удаагийн цэнэгээр туулах чадвартай байдаг. Хамгийн гол нь бензин огт шаардлагагүй гэдгээрээ онцлогтой. Цахилгаан машинтай хүнд бензин хомсдох, тасалдах бол асуудал биш.
-Та сая монголчууд цахилгаан машины талаар сайн ойлголтгүй учраас хэрэглээ бага байна гэсэн. Тэгвэл яаж иргэдийн цахилгаан машин худалдан авах хандлагыг нэмэгдүүлэх вэ?
-Хамгийн гол нь приус шиг цахилган машины талаар сайн мэдээлэл түгээмээр байна. Үүнээс гадна нэг асуудал бий. Цахилгааны холболт буюу цэнэглэлтийн асуудлыг нь шийдэх хэрэгтэй. Колонкууд шиг цэнэглэх газруудыг бий болгож өгвөл хүмүүс цахилгаан машин худалдаж авах нь нэмэгдэнэ. Уг нь цахилгаан машины үнэ нэлээд боломжийн юм билээ. Одоо бидний өмнө бензин хайгаад явах уу, цахилгаан машин аваад хэмнэлттэй амьдрах уу гэх сонголт гарч ирлээ. Өнөөдөр нэг литр бензин хэдэн төгрөг билээ. Тэгвэл цахилгаан машин аваад хэчнээн төгрөг хэмнэх вэ гэдгийг ч бодож үзэх хэрэгтэй. Хамгийн наад зах нь цахилгаан машин нэгдүгээр эгнээгээр зорчдог, өдөр харгалзахгүй замын хөдөлгөөнд оролцдог гээд давуу тал олон. Харамсалтай нь монголчууд хэрэглэж сураагүй. Өөрөөр хэлбэл, цахилгаан машиныхаа давуу тал, онцлогийг мэдрэхгүй байна.
Уг нь үүнийг таниулаад, мэдрүүлчихвэл хүмүүс маш их худалдаж авна даа. Энэ бүгдийг хийгээгүйгээс үүдэн манайхан одоо ч приусээ яриад л явж байгаа. Яагаад бид өөрөөр сэтгэдэггүй юм бэ. Шинэлэг зүйл хэрэглээндээ нэвтрүүлье гэж огт бодохгүй. Хаана, яаж цэнэглэх вэ гэж шалтаг тоочиж, үл итгэсэн хандлага гаргадаг. Цахилгаан машиныг цэнэглэхэд хэцүү зүйл огт байхгүй. Монголчуудын нэг сул тал нь хэт баригдмал, алдахаас айдагт л бүх асуудлын зангилаа байгаа юм. Өнөөдөр захын нэг автын инженерээс очоод асуухад цахилгаан машиныг приусээс дор гэж хэзээ ч хэлэхгүй.
А.Даваадулам
ӨДРИЙН СОНИН







Зочин · 54 минутын өмнө
TSAG SEXSDEX UILCHLI BOOW XXN BOOW DOLOOJ80955877