Манай сонины сурвалжлах баг Улаанбаатар хотоос 600 орчим километр замыг туулж, Дорноговь аймгийн Сайншанд хотын тавдугаар багийн нутаг дэвсгэрт хүрч очлоо. Малчин Д.Норсүрэнгийнд аяны дөрөө мулталж, зорьж ирсэн хэрэг зоригоо танилцуулав.

Угаас зочломтгой монгол зангаар угтах нь хол оос яваа бидэнд тун таатай байлаа. Гэвч сурвалжлахаар очсон асуудал маань хэн бүхний санааг чилээсэн ураны олборлолт байсан болохоор бидний дунд харамсаж халагласан, цөхөрч гундсан яриа хөвөрсөөр байв. Малчин Д.Норсүрэнгийн хувьд ураны олборлолт явуулдаг уул уурхайн компанитай ойрхон нутагладаг ажээ. Одоогоос хэдэн жилийн өмнө бол уурхайн бараг хажууханд нь амьдардаг байж.

Харамсалтай нь уран олборл олтын компани нутагт нь эзэн суусан тэр цагаас учир битүүлгээр мал нь үхэж, ураг төл нь хүртэл гажигтай мэндлэх болсон учраас чадлаараа зайдуухан нүүж, Сайншандын тавдугаар багт нутаглах болжээ. Гэхдээ л Улаанбадрах сумтай хил залгаа байдаг болохоор өдгөө ч гэсэн ураны олборлолт хүрээлэн буй орчинд нь нөлөөлж байгаа тухай ярьж байсан юм. Ялангуяа хүн, малын ундаалах ус нь хатуулаг ихтэй, янз бүрийн химийн хор илрэх болсон талаар учирлаж байлаа. 

Манай сурвалжлах багтай хамт судлаач шинжээчид болон иргэний нийгмийн хөдөлгөөний төлөөллүүд явсан юм . Тэд усны хат уулаг болон хөрс, ургамал дахь цацрагийн тунг хэмждэг тусгай зориулалтын багажтай очжээ. Учир нь Дорноговь аймгийн Улаанбадрах, Сайншандын энэ бүс нутаг ураны олборлолтын уул уурхайн хөлд нэрвэгдэж, байгаль экологийн тэнцвэрт байдал нь алдагдаад байгааг эрдэмтэд онцолдог.

“МОДОН ШАНД”-ААС ИХ ДАЛАЙН УС ХҮРТЭЛХ ЭМГЭНЭЛТ ТӨРХ

Ургахын улаан нартай уралдаж, Улаанбадрах сум, Сайншандын тавдугаар багийн гүний худгуудаар явж, хэмжилт хийж үзлээ. Ойр орчмын ганц нэг айлаар орж, мэнд мэдэлцэн мэдээлэл солилцон явав. Говьд ус ховор, ховор дээрээ хороор бохирлогдсон бол бүр ч их эмгэнэл. Бидэнтэй “Урангүй Монголын төлөө” ТББ-ын тэргүүн Я.Хундаганай хамт явсан бөгөөд тэрбээр замд тааралдсан гүний худгийн усыг тусгай зориулалтын багажаар хэмжиж байсан юм. Хамгийн түрүүнд Д.Норсүрэн гуайн амны худаг “Модон шанд”-ын уснаас дээж авч, багажаар хэмжилт хийж үзлээ. Гүний усны хатуулга болон шүлт, хүчлийг хэмжиж үзэхэд 540 заасан юм. Уг нь усны хатуулаг нь 100-аас доош байх ёстой гэнэ. Энэ талаар Я.Хундаганай “Замдаа ууж явсан цэвэр усныхаа хатуулгыг сая хэмжиж үзэхэд 30 зааж байна. Мөн бид харьцуулж харуулахын тулд Улаанбаатар хотын хорооллын нэгэн орон сууцны карантны усанд багажаараа усны хатуулгыг хэмжиж үзлээ. Хэмжилтээр 87-той гарч байна. 

Харин дөнгөж сая “Модон шанд” худагт хэмжилт хийхэд усны хатуулаг нь байх ёстой хэмжээнээсээ тав дахин буюу 540 зааж байна. Энэ бол маш их өндөр үзүүлэлт. Ийм хэмжээний хатуулагтай усыг хүн мал ундандаа хэрэглэхэд хориотой. Хэрэглэхээсээ өмнө ядаж, шүүж хэрэглэх хэрэгтэй. Их хатуулагтай усыг удаан хугацаагаар ууж хэрэглэвэл эрүүл мэндэд асар их хортой” гэж байлаа. Говийн айлууд хоорондоо хол. Ойролцоогоор 50-60 километрийн зайтай буудаг аж. Бид давхисаар дараагийн айлын худаг дээр ирлээ. Малчин Н.Энхболдын “Шувууны ус” нэртэй энэ худгийг ойр орчмын айл өрхүүд хамгийн цэвэр цэнгэг устай байх магадлалтай хэмээн ярьдаг ажээ.

Учир нь энэ худаг нь уран олборлолтын уурхайгаас зайдуу байдаг болохоор тэр. Тэгвэл энэ усанд хэмжилт хийж үзэхэд хатуулгын хэмжээ нь 250 заасан юм. Бусад худгаа бодоход бас ч арай дээр гэдэг нь үнэн ажээ. Залуу малчин Н.Энхболд “Манай энэ хавийн ус л хэцүүдэж байна. Ер нь төл малын мөч нь тэнийдэггүй, жижигхэн нүдтэй, таван туурайтай гажигтай төрдөг үзэгдэл их гарна. Орон нутгийн бид энэ их жигтэй асуудлыг ураны олборлолтоос нөлөөлсөн гэж харддаг. Учир нь ураныг гаргаж авах арга нь хүн мал, хүрээлэн буй орчинд их хортой л гэх юм билээ” хэмээж байв. Гэрийн ойр орчмыг ажиглахад нохой нь эцэнхий гэж жигтэйхэн харагдав. Хамгийн гол нь байнга биеэ маажиж харагдав. Чих нь унжчихсан, арьс нь хууларсан байх аж. Яагаад ч юм нэг л гундуухан дүр төрх энэ орчмын айл өрхөөс ажиглагдах.

Уг нь урьд цагт говийн намар налайж, нүүдэлчдийн соёл иргэншлийг тээсэн малчин өрхийн төрхөөс нүнжиг ханхалж байдагсан. Ингэж бодсоор “Тал хонгорын хар толгойн ус” гэх нэртэй худаг дээр ирлээ. Хатуулгыг нь хэмжиж үзэхэд 485-тай гарав. Мөн “Тал хонгорын үзүүр сухай”, “Их далайн ус” нэртэй худгуудаар явж, хэмжилт хийхэд 400-780 хүртэл хатуулагтай гарсан юм. Ийм өндөр хатуулагтай усыг ууж байгаа хүн, мал яаж ч эрүүл байх билээ. Сүүлийн хэдэн жил Улаанбадрах, Сайншандын Зүүнбаянгийн иргэдийн дунд дотор эрхтэний өвчлөл ихсэж, төрөх насны эмэгтэйчүүдийн дунд зулбалт ихээр тохиолдох болжээ. Ямар сайндаа энэ нутгийнхан “Мал өсгөхөөс зүрхшээж байна, хүүхэд төрүүлэхээс айж байна” хэмээн ярих вийдээ.

УРАН ОЛБОРЛОЛТ БА ЦАЦРАГИЙН ХОР

Улаанбадрах суманд ураны олборлолт хийж буй “Бадрах энержи” ХХК гэх компани нь ураныг “Гадар доор уусган олборлох арга”- аар ялган авдаг байна. Энэ нь газрын гүнд хүхрийн хүчлийн уусмал шахаж, ялган авдаг арга аж. Энэ арга нь хамгийн хямд өртгөөр уран олборлох сайн талтай ч эсрэгээрээ байгальд хамгийн хортой гэнэ. Яаж ч бодсон хүхрийн хүчлийг хөрсөнд шахна гэдэг газрын хөрс, усанд нөлөөлж, улмаар гүний усны бохирдол үүсгэх магадлалтай нь тодорхой. Тиймдээ ч орон нутгийн малчид ойрын жилүүдэд үүсээд байгаа хүндрэлүүд нь ураны олборлолттой шууд холбоотой хэмээн харддаг аж. Манай сонины сурвалжлах баг нутгийн иргэдийн зааж өгснөөр уран олборлолтын өрөмдлөгөөс гарсан хаягдал шаврыг булшилсан байх магадлалтай гэх газар нь ирлээ. Зөвхөн ойр орчимд биш ойролцоогоор 10-20 километрийн эргэн тойронд ургасан өвс ургамал, хөрс шороонд хэмжилт хийхэд цацрагийн төвшин өндөр үзүүлэлттэй гарсан юм. Тодруулбал, зарим газарт цацрагийн хэмжээ 0.2-0.4 микрозевирт зааж байв.

Энэ нь цацрагийн хувьд өндөр үзүүлэлт гэнэ. Учир нь цацрагийн тун тэг заах ёстой ба тэгээс илүү зааж байгаа бол эрсдэлтэй бүс аж. Ураны уурхайн хаягдлын цацрагтай тоос шороо нь салхинд туугдан хөрс, ургамал тэр байтугай ил задгай орших усыг хүртэл бохирдуулж байна. Хэдий гарт баригдаж нүдэнд харагдахгүй ч тэр цацраг хүн малыг чимээгүй хөнөөсөөр. Үүнээс үүдэлтэй амьгүй болон төрөлхийн гажигтай хүүхэд төрөх, ураг зулбалт, хоёр сүүлтэй гүрвэл, бод малын дотор эрхтэн муудах, мал төхөөрөхөд чанаж болгочихсон мэт элэгтэй байсан гэх сэтгэл эмзэглүүлэх асуудлыг нутгийн иргэд ярьсан юм.

Д.ГАНТӨР: “ХОРДОЖ ҮХЭХЭЭС БОСОЖ ҮХЬЕ” ГЭСЭН ХҮН МАНАЙ НУТАГТ ОЛОН БИЙ

Орон нутагт нь үүсээд байгаа уран олборлолтын асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд олон жил тууштай тэмцэж байгаа нэгэн хүнийг бид зорьж очиж уулзсан юм. Тэр бол Улаанбадрах сумын хоёрдугаар баг Баянбогдын Засаг дарга Д.Гантөр. Тэрбээр “Манай нутагт 2012 оноос үхэр тугал өмнө нь үзэгдэж байгаагүй шалтгаанаар үхээд эхэлсэн. Түүнээс хойш төл зулбах, гажигтай төрөх, түүнчлэн малын дотор гэдэс идэхийн аргагүй болсон. Манай эндхийн ураны компани 2015 оны Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг луйвардаад батлуулчихсан. “2020 онд сунгагдана. Үүнийг батлуулахгүй шүү хэдүүлээ гэж сум нийтээрээ эсэргүүцэж заргалдсан” боловч амжилт олоогүй, 2021 онд сунгачихсан. “Бадрах энержи” гэх энэ компани газрын төлбөр өгөхгүй гэдэг. Бид үр удмаараа хохирч байна. Нутгийн иргэд буу бариад босно гэж хүн болгон цухалдсан.

Засгийн газар энэ асуудлыг авч хэлэлцэхгүй бол босохоос өөр сонголтгүй. Нутгийн ардынхаа хүүхдүүдийг хэрэгт оруулах вий гэхээс эмээж байна. “Хордож үхэхээс босож үхье” гэсэн хүн манай нутагт олон бий” гэв. Манай сонины сурвалжлах баг “Бадрах энержи” ХХКийн кемпээс ердөө хоёр километрийн зайтай байрлах Б.Ариунболдынх гэх айлд очлоо. Ундны усаа 30 гаруй км зайнаас нэг явахдаа 300 литр ус зөөж хэрэглэдэг тухайгаа өгүүлж байв. Үхэр, тэмээгээ 10 км гаруй тууж усалдаг. Нутгаасаа дайжаад явмагц мал нь нутагруугаа зүтгэдэг. Цөөхүүлээ учир малаа дийлдэггүй гэв. 

Мөн “Бадрах энержи” ХХК нь хөл хорионы үеэр үйл ажиллагаагаа явуулсаар байсан гэнэ. Тус компанийнхан энэ нутгаас мах, усаа ч хэрэглэдэггүй. Бүгдийг Улаанбаатар хотоос авчирдаг талаар өчиж байв. Тус компани үндсэн олборлолтоо эхэлсэн тухай компанийн н.Энхжаргал гэх захирал нь өнгөрсөн наймдугаар сард нутгийн иргэдэд ярьсан байна. Өсөж төрсөн нутаг нь нүдэн дээр нь үгүйрч байгааг хараад өр өвдөж байгаагаа учирлах нутгийн иргэдийн нэгэн төлөөлөл малчин н.Энхбатынхаар орлоо. Улаанбадрах сумын хоёрдугаар багийн малчин н.Энхбат “Манайх хоёр сайхан үрээ алдсан. Охин минь 2018 онд төрөөд хүүхэд нь хүн болж чадаагүй. Тухайн үед нэг их юм бодсонгүй. Гэтэл өнгөрсөн хавар хоёр дахиа төрсөн ч бас л харамсалтайгаар хүүхдээ алдсан. Эмч нар уушгинаас нь эдээ гарсан гэж л хэлсэн. Хүүхэд урагт байхдаа зүгээр байсан боловч төрөөд 14 хоног сэхээнд байсаар эндсэн. Энэ бол цэвэр ураны уурхайн үйл ажиллагаатай холбоотой. Учир нь тухайн үед эмч нар манай охиноос “Танайх ураны уурхайгаас хэр хол байдаг вэ” хэмээн асууж байсан гэсэн. Энэ бол нэгийг бодогдуулах асуулт байгаа биз. Угаасаа малаас харахад л ойлгомжтой шүү дээ. Би малд байнгын задлан хийж үздэг.

Саяхан ямаа орилоод үхэхээр нь задалж үзэхэд элэг нь шүүрхийдүү болчихсон байсан. Ийм мах идэж байгаа хүн ямар л олиг байв гэж дээ. Хүн, мал ууж болохгүй лацтай худаг байдаг гэж ярьдаг ч түүнээс бид амьжиргаагаа залгуулдаг. Мал хариулахад хүндэрч байна. 2018 оны хавар найман хөлтэй ишиг гарсан. 10 жилийн өмнө үйл ажиллагаа нь эхлэхэд мал ийм болтлоо дордоогүй. Таван жилийн өмнөөс малын уушги сэвтэж эхэлсэн. Бидний үг төр засагт хүрдэггүй. Хэрүүл тэмцэл хийж зөндөө л явлаа. Төр засагт хаягдсан юм шиг санагдаж байна. Үүнийг зогсоох арга чарга байдаггүй л юм байх даа” хэмээн халаглаж байв. Улаанбадрах суманд ураны олборлолт хийж буй “Бадрах энержи” ХХК-ийн уурхайн үйл ажиллагаатай танилцаж, мэдээлэл авахыг хүссэн ч уурхайд нэвтрүүлэхээс татгалзсан юм. “Бадрах энержи” ХХК ураны олборлолтын үйл ажиллагаа эхлүүлсэн талаар Улаанбадрах сумын Засаг дарга Г.Ганбүрэн онцоллоо. Тэрбээр “Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Хөдөөгийн бодлогын хороо”- ноос шалгалт хийхэд механик үйл ажиллагаа эхэлчихсэн. Эхний байдлаар 167 кг шар нунтгийг гаргаад авчихсан байсан. Энэ компани 2016 онд үйл ажиллагаа явуулж байсан.

Тухайн үед давирхайд наалдуулах аргаар уранаа ялгаж байгаа гэдэг тайлбар өгсөн удаатай. Өөрсдийнх нь хэлж байгаагаар тэр үед 2.8 тонн уран ялгасан гэж хэлдэг. Гэхдээ бидний харж байгаагаар 2.8 тонноос ч илүүг олборлосон байх магадлалтай гэж боддог. 

Яагаад гэвэл, компанийнхан 33 пошикт хадгалж байгаа гэдэг. Тэгэхээр нэг пошкийг 200 килограммаар бодоход 6.6 тонн болж байгаа юм. Ийм эргэлзээтэй байдал үүсэж байгаа учраас бидний зүгээс уранаа хадгалж байгаа агуулахыг үзье гэсэн хүсэлт тавьсан боловч “Боломжгүй” гэсэн хариу өгсөн” гэв. Тал нутагтаа тааваараа бэлчих мал нь өвчилж, хүн ард нь цөхрөнгөө барсан ийм дүр зургийг харан сурвалжилж явахад өөрийн эрхгүй зүрх шимширч байлаа. Улаанбадрах сумынханд нүүрлээд байгаа энэ их гай гамшгийг төр засаг анхааралдаа авч, ураны уурхайн үйл ажиллагаанд хатуу хяналт тавих шаардлага нэгэнт үүсчээ.

Уран гэдэг бол онцгой ашигт малтмал. Дэлхийн хөгжингүй улс орнууд өдгөө ураныг олборлохоос татгалзаж байна. Учир нь ураны олборлолтын үйл явц нь дахин хэзээ ч нөхөн сэргээгдэхгүйгээр байгалийг хөнөөдөг гэнэ. Ийм байхад Монгол шиг хөгжил буурай орон ураныг байгаль дэлхий, хүн малын эрүүл мэндэд аюулгүй байдлаар олборлож чадах уу. Тийм түвшинд бэлтгэгдсэн боловсон хүчин, мэргэжилтнүүд Монголд бий юу.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН