Ковид-19 цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулж, эдийн засгаа хамгаалах зорилгоор манай улс өнгөрсөн нэг жилийн хугацаанд таван их наяд болон 10 их наяд төгрөгөөр хэмжигдэх хоёр ч хөтөлбөр дэвшүүллээ. Их наяд гэж хэр их тоо вэ?

Товчхон хэлбэл, энэ нь сая ширхэг сая гэсэн үг. Эсвэл мянган ширхэг тэрбум гэж тооцож болно. Ийм хэмжээний мөнгийг 20 мянгатын дэвсгэртээр тоолохын тулд бүтэн нэг жил зургаан сар шаардлагатай.

Хэрвээ тэрбум секундээр цаг хугацааг ухраавал 1995 онд очиж чадна. 2015 онд Монголбанкны ипотекийн хөтөлбөр хэрэгжүүлэхэд гурван их наяд төгрөг гаргаж, 80 гаруйтай мянган өрх шинэ байрны түлхүүр атгаж байв. Энэ хэмжээгээр бодвол таван их наядаар Улаанбаатар хотын гэр хорооллын өрхийг бүгдийг нь хоёр өрөө байранд оруулчих боломжтой гэж тооцож болно. 2019 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын төсвийн орлого (2018 оны) түүхэндээ анх удаа 10 их наяд төгрөг давсан талаар баяртай мэдээлэл цацагдаж байв. Гэвч ердөө хоёр гурван жилийн дараа үүнээс ч их хэмжээний хөрөнгө зарцуулах хөтөлбөр зарлагджээ.

 

 

Үр дүн нь одоогоор сайнгүй байгааг энд дурдах нь илүүц биз. Бүтэн жилийнхээ төсвийн орлогоос давсан хөрөнгөөр эрх баригчид юу хийв? Парламентын сөрөг хүчний зүгээс төдийгүй нийгмийн сүлжээнд татвар төлөгчдийн их наядаар хэмжигдэх хөтөлбөрийн тайлан үр дүнг нэхэж байгаа.

 

 

 

Харин эрх баригчид, “Бид дэлхийн бусад бүх улсуудын нэгэн адил цар тахлын эсрэг төсөв, мөнгөний зохицуулалтын арга хэмжээ авсан” гэхээс өөр дорвитой хариулт өгөлгүй өнөөг хүрлээ. Дэлхий нийтээрээ глобалчлалд нэгдсэн энэ цаг үед олон улсыг хамарсан нийтлэг асуудлыг нуун дарагдуулах боломжгүй юм. Тийм ч учраас коронавирусийн эмчилгээ найман сая төгрөгөөр хэмжигдэхгүй, сэжигтэй иргэдийг тусгаарлах хугацаа 21 хоног биш гэдгийг албаны хүмүүсийн ам харах шаардлагагүйгээр мэдэж болно.

Үүнтэй нэг адил цар тахлын эсрэг хөтөлбөрийн санхүүжилтийн хэмжээ, үр дүнг ч бусад улсынхтай харьцуулж дүгнэх тийм ч хүнд биш. Өнгөрсөн сард Калифорнийн Их сургуулийн профессор Пьер-Оливье Гуранчесийн ахалсан эрдэмтэн судлаачдын баг дэлхийн улс орнууд хямралын эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн үр дүн, цаашид дэлхийн эдийн засагт үзүүлэх нөлөөллийн талаар хийсэн судалгааныхаа тайланг танилцуулсан юм. Дэлхийн улс орнуудын нийт ДНБ болон гадаад худалдааны 90 орчим хувь нь оногддог 64 улсын өгөгдөлд ажиллаж судалгаа хийсэн учраас бодитой дүгнэлт гарсан гэдэгт эргэлзэх хэрэггүй. Судлаачид нэлээдгүй сонирхолтой дүгнэлтүүд хийсэн байна. 

 

 

2020 онд дэлхийн эдийн засаг -3.6 хувь буурсан. Хэрвээ Засгийн газрууд ойролцоогоор ДНБийнхээ 11 хувиар хэмжигдэх санхүүжилтийг цар тахлын эсрэг зарцуулаагүй гэж тооцвол дээрх үзүүлэлт ердөө 0.67 хувь нэмэгдэх байсан гэнэ.

 

 

 

Өөрөөр хэлбэл нэг долларын дэмжлэг эдийн засгийн гарцыг дөнгөж 6-7 центээр дэмжсэн байх юм. Цар тахлын сөрөг нөлөөллөөс иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор олгосон бэлэн мөнгө, зээл, татварын хөнгөлөлт болон бусад арга хэмжээнүүдийг багцлан тооцож үзвэл хөгжингүй орнууд ДНБнийхээ 16.6 хувь, хөгжиж буй улсууд 5.9 хувийг зарцуулжээ. Энэ дүнг дундчилбал 11.3 хувь болно. Харамсалтай нь, төрөөс олгосон дээрх санхүүжилтийн бараг 40 орчим хувийг санхүүгийн боломжтой компаниуд авсан гэх дүгнэлт ч багагүй анхаарал татаж байгаа юм. Ингээд Калифорнийн Их Сургуулийн судлаачдын багийн гаргасан үндсэн гурван дүгнэлтүүдтэй манай улсад хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдийг харьцуулж үзье.

 

Дүгнэлт 1. Багц арга хэмжээнүүд аж ахуйн нэгжүүдийн дампуурах эрсдэлийг хоёр дахин бууруулсан

 

Дэлхийн нийт ажил эрхлэлтийн талаас илүү хувь жижиг, дунд бизнес эрхлэгчдэд оногдож байна. Хөгжиж буй орнуудын жижиг, дунд үйлдвэрлэлийн хэмжээ ДНБ-ийх нь 40 орчим хувь, хөгжингүй орнуудын хувьд 55 хүртэлх хувийг эзэлдэг. Аливаа улс орны эдийн засгийг жижиг, дунд үйлдвэрлэлгүйгээр төсөөлөх аргагүй гэсэн үг. Цар тахлын хямрал эхэлмэгц санхүүгийн нөөц нь хязгаарлагдмал, үйл ажиллагаа нь банкны санхүүжилтээс шууд хамаардаг жижиг дунд үйлдвэрлэгчид хамгийн түрүүнд өртсөн юм. Тиймээс ихэнх улсын Засгийн газар хөнгөлөлтийн эхний багцаа энэ салбарын үйл ажиллагааг дэмжихэд зориулсан байдаг. Ийнхүү жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих зорилготой 500 орчим нэр төрлийн хөтөлбөрүүд хэрэгжсэн юм. Нийт санхүүжилтийн дүнг дундчилж гаргавал ойролцоогоор улс бүрийн ДНБ-ий 5.1 хувьд хүрэхээр байна. Энэ нь төсвөөс зарцуулсан хөрөнгийн тэн хагастай тэнцэхүйц хэмжээ юм.

Хэрэв 2020 онд ийм хөнгөлөлт, зохицуулалтын арга хэмжээ аваагүй бол тухайн улс орнуудын ЖДҮ эрхлэгчдийн ес хүртэлх хувь нь үйл ажиллагаагаа бүрэн зогсоох байжээ. 2020 оны дүнгээр энэ салбарт дампуурлын тоо тооцоолж байснаас хоёр дахин бага буюу ойролцоогоор 4.3 хувьтай гарчээ.Энэ нь ковидын цар тахал гараагүй тохиолдолд байж болох тоотой дүйж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хөгжингүй орнуудын авч хэрэгжүүлсэн зохицуулалтын арга хэмжээ үр дүнгээ өгч хямралын өмнө тооцоолж байсан дүнгээс ч бага хэмжээнд дампуурлыг барьж чаджээ.

 

ХАРИН МОНГОЛ УЛСАД ЮУ БОЛОВ?

 

2020 оны дөрөвдүгээр сарын эхээр авч хэрэгжүүлсэн таван их наядын хөтөлбөрт аж ахуйн нэгж, компаниудыг НДШ(нийгмийн даатгалын шимтгэл)-ээс чөлөөлөх, ажилтан, албан хаагчдын цалин, хөлсөнд ХХОАТ(хувь хүний орлогын албан татвар) ногдуулахгүй байх, ноолуурын зээл олгох, 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс бензин, шатахууныг литр тутамд нь 300, түүнээс дээш төгрөгөөр бууруулах зэрэг долоон арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөснөө танилцуулсан юм. Энэ нь хямралд яг ямар аж ахуйн нэгж өртөж байгааг огт тооцоогүй болох нь анзаарагдана. Үүний нэг жишээ нь 2020 оны сонгуулийн өмнөхөн ямааны кг ноолуур тутамд 20 мянга байхаар тооцоолж тэрбум тэрбумаар мөнгө тараасан явдал юм. Үүнийг лавтай “ковидтой тэмцэж байгаа арга хэмжээ” гэж хэлж боломгүй.

Харин бусад улсын хувьд эдийн засгийнхаа гол салбар төдийгүй олон ажлын байр шингээдэг салбар руугаа чиглэсэн оновчтой арга хэмжээ авч тэр нь үр дүнгээ өгсөн байх юм. Манай улсын хувьд хэрэгтэй салбар руу чиглэсэн бус харин хоёр сонгуульд зориулж нийт сонгогчдын санал авах зориулалттай гэж болохуйц хэд хэдэн арга хэмжээ авсан.Эдийн засгийнхаа голлох ямар салбарыг онцлох, ажлын байр олноор бүрдүүлдэг ямар салбарыг дэмжвэл тахлын аюулын хэмжээ бага байж болох талаар дорвитой тооцоо судалгаа хийгээгүй нь өнөөдрийн өндөрлөгөөс ил харагдана. Уг нь тахлаа хазаарлачихсан, коксжих нүүрсний үнэ түүхэнд байгаагүй өндөр үнэтэй энэ цаг үеийг ашиглаж чадсан бол эдийн засгаа хоёр дахин тэлэх алтан боломжоо алдахгүй байх байсан юм. Харамсмаар.

 

Дүгнэлт 2. Төрийн дэмжлэгийн дийлэнх хувийг санхүүгийн хувьд хөл дээрээ баттай тогтсон компаниуд хүртжээ.

 

Төрөөс авч хэрэгжүүлсэн зохицуулалтын арга хэмжээ нь тахлын улмаас дампуурах эрсдэлтэй компаниудын 36 хувь, ажлын байрны 47 хувь, цалин орлогоо алдах эрсдэлтэй ажилчдын 36 хувьд хүрсэн гэдэг статистик дүн байдаг. Гэвч бодит байдал дээр төрөөс гаргаж буй нийт зардлын ердөө зургаан хувь нь цар тахалд нэрвэгдэх ажлын байр, цалингийн орлогыг хамгаалж чадсан гэсэн дүгнэлтийг судлаачдын баг хийжээ. Харин хөнгөлөлттэй багцын 88 хувийг цар тахлыг өөрсдийн нөөц бололцоогоор даван туулж чадахуйц аж ахуйн нэгжүүд хүртсэн бол үлдсэн зургаан хувь нь дэмжлэг авсан ч дампуурсан аж ахуйн нэгжүүдэд оногджээ. Иймээс үр дүнгүй санхүүжилтийн хэмжээ дэлхийн улс орнуудын ДНБ-ийх нь 4.5 хувь буюу төсвөөс зарцуулсан багцын 40 хувьтай тэнцэж байна. 

 

 

Жижиг, дунд бизнесийг дэмжихийн тулд хөгжингүй орнууд ДНБ-ий 6.1 хувь биш бүр ДНБ-ий 0.13 хувийг, хөгжиж буй орнууд ДНБийхээ 1.9 хувь биш харин 1.5 хувь зарцуулахад хангалттай байсан ажээ. Монгол Улсын Засгийн газар нийтдээ 15.1 их наядаар хэмжигдэх хоёр томоохон хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. 

 

 

Донор улс орон, санхүүгийн олон улсын байгууллагуудаас нэг тэрбум ам.долларын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл авсан. Эрдэнэт УҮГ-аас 650 тэрбум, Оюу Толгой ХК-ийн арбитрын шүүхийн барьцаанд байсан нэг их наяд төгрөг... гэх мэтээр ихээхэн хэмжээний хөрөнгө зарцуулж байгаа нь дэлхийн дунджаас бараг гурав дахин илүү байна. Монгол Улс бүтэн жилийнхээ төсвийнхөө орлоготой тэнцэхүйц хэмжээний хөрөнгийг цар тахлын эсрэг арга хэмжээнд зарцуулаад байна.

Америкийн судлаачдын гаргасан үр дүнгүй зардлын хувь хэмжээгээр тооцоход л ядарсан эдийн засагтаа чамгүй хохирол учруулж амжжээ. Тооцоо судалгаагүй их наядаар хэмжигдэх хөтөлбөрийн сөрөг үр дагавар олон жил үргэлжилж, ирээдүйд багагүй балаг тарих нь. Үүнийг зөвхөн гадаад өрийн хэмжээ богино хугацаанд асар ихээр нэмэгдсэн үзүүлэлтээс харж болно.

 

Дүгнэлт 3. Хөнгөлөлттэй арга хэмжээ авсны үр дүнд эдийн засагт зомби компаниудын хэмжээ огцом нэмэгдээгүй

 

Зомби компани гэж ямар аж ахуйн нэгжийг хэлдэг вэ. Эдийн засаг хямралтай үед аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа эрхлэх нь өндөр эрсдэлтэй.

 

 

Өөрөөр хэлбэл, өр төлбөр нь нэмэгдэх, дампуурах нь энүүхэнд. Иймээс ажиллаж буй нэр зүүж төрөөс олгож буй хөнгөлөлттэй зээл авах нь чухал. Цар тахал эхлэхийн өмнө дампуурлын ирмэг дээр ирсэн аж ахуйн нэгжүүд ч бага хүүтэй зээл хүртэх нь авралын эцсийн боломж байж болох юм. 

 

 

Сүүлийн жилүүдэд үйлдвэрлэлийн бүтээмж буурсан шалтгаануудын дунд зомби үйлдвэрлэгчдийн тоо нэмэгдсэн гэх жишээ дурдагдах болсон. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн бүтээмж бага учраас зах зээлд илүү үр ашигтай компаниудыг нэвтрүүлэхгүй саад учруулдаг. Тиймээс ийм аж ахуйн нэгжүүдийн тоо нэмэгдэх тутам нийт эдийн засгийн бүтээмж буурдаг. Зах зээлд үр ашигтай ажиллах компаниуд тэдэнд шахагдах нь чөлөөт зах зээлийн зарчим алдагдах, ажил эрхлэгчдийн тоо багасах зэрэг хор хөнөөлтэй. Гуранчесийн багийнхан өнгөрсөн онд хямралын дэмжлэг авсан компаниудын 13 хувийг зомби ангилалд багтааж болох юм гэсэн тооцоолол хийжээ.

Мөн эдгээр компаниуд цар тахлын өмнө дампуурлын ирмэг дээр ирчихсэн байсныг тодотгожээ. Улсаас үзүүлсэн дэмжлэгийн ердөө 2 хувь буюу тухайн улсын ДНБ-ний 0.1 хувиас бага хэмжээтэй санхүүжилтийг энэ ангилалд багтдаг компаниуд авчээ. Өнгөрсөн жил хөнгөлөлтөд хамрагдсан компаниудын хувьд 2021 оны эцэс гэхэд 70 хувь нь хөл дээрээ тогтох магадлалтай бөгөөд 23 хувь нь үйл ажиллагаагаа зогсоох ангилалд орж магадгүй аж. 

Өөрөөр хэлбэл, дэлхийн улсуудын цар тахлын эсрэг авч хэрэгжүүлсэн хөнгөлөлттэй санхүүжилтээс шалтгаалж хэт олон зомби аж ахуйн нэгжүүд бий болохгүй юм байна. Харин манай улсын хувьд байдал эсрэгээрээ байна. Өнгөрсөн онд хөл хориотой ихэнх аж ахуйн нэгжүүд сул зогсож байхад манай улсын хадгаламжийн хэмжээ огцом буюу дөрвөн их наядаар төгрөгөөр өссөн нь анхаарал татдаг.Л.ОюунЭрдэнийн Засгийн газрын 200 өдрийн тайланд 10 их наядын цогц төлөвлөгөөний гүйцэтгэл 3.4 их наяд төгрөгт хүрсэн гэж мэдэгдсэн. Цогц төлөвлөгөөний санхүүжилтийг Монголбанканд хуримтлагдсан ТБҮЦ (Төв банкны үнэт цаас)-ыг зах зээлд гаргаж эргэлтэнд оруулах замаар гаргаж байгаа. Төлөвлөгөө зарлах үед буюу 2021 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр ТБҮЦ (Төв банкны үнэт цаас) 8.3 их наяд төгрөг байсан юм. Гэтэл үүнээс 3.4 их наяд төгрөгийг зарцуулсан гэдэг тайлан гарчихаад байхад аравдугаар сарын 4-ний байдлаар ТБҮЦ 8.5 их наяд төгрөг болж өссөн байх юм. Уг нь найман их наядаас гурвыг нь хөтөлбөрийн хүрээнд зарцуулж зах зээлд нийлүүлсэн юм бол Монголбанкны үнэт цаас таван орчим их наяд төгрөгт хэлбэлзэх ёстой л доо.

 

 

Гэвч эсрэг үзүүлэлт гарчээ. Энэ нь арилжааны банкууд зах зээлд мөнгө гаргахаас илүүтэй ТБҮЦ (Төв банкны үнэт цаас) худалдаж авах нь найдвартай гэж урьдын адил үзсээр байгааг баталгаажуулах баримт.

 

 

Өөрөөр хэлбэл, Засгийн газраас хэрэгжүүлж буй хөтөлбөр эдийн засагт төдийлөн үр дүнгээ өгөхгүй байгаа дүр зураг харагдаж байна. Эдийн засгийн хямрал ч үргэлжилж байгаа аж. Мөн танил тал, эрх мэдлээр дамжсан гурван хувийн хүүтэй тусгай зээл өндөр хүүтэй хадгаламж болчихсон юм биш биз гэх хардлага төрөх үндэслэл бий. Өөрөөр хэлбэл, манай Засгийн газраас хэрэгжүүлж буй хөтөлбөр олон улсын нэршлээр зомби аж ахуйн нэгжүүдийг төрүүлээд байгаа юм биш биз гэх эмзэглэл байна.

Учир нь, ЖДҮ үйлдвэрлэлийг дэмжих зээл цар тахлыг эхлэх үеэр биш харин бүтэн жил өнгөрсөн хойно 10 их наядын цогц төлөвлөгөөнд орж ирсэн. Бүтэн жил үйл ажиллагаагаа хэвийн аваад явчих ЖДҮ-чид манай улсад бараг байхгүй болов уу. Ийнхүү дэлхийн улс орнуудын хэрэгжүүлсэн төсөв, мөнгөний бодлого алдаа эндэгдэлтэй ч өмнөө тавьсан зорилтоо биелүүлсэн бол манай улсын хувьд тооцоо судалгаа маруухан хэрнээ асар их хэмжээний мөнгөн дүнтэй байгаа оноогүй хөтөлбөрүүд улсынхаа эдийн засгийг “Сэхээний тасаг”-т аваачих магадлалыг улам өндөр болгосон байх юм.

 

 

 

ЭДИЙН ЗАСГИЙН УХААНЫ ДОКТОР Р.ДАВААДОРЖ