Хүний эрхийн нөхцөл байдлын талаар хуульч, өмгөөлөгч Р.Булгамаатай ярилцлаа.


-Олон улсын хүний эрхийн өдрийг манай улс саяхан тэмдэглэн өнгөрүүллээ. Хэдийгээр өнгөрсөн ч гэсэн хүний эрхийн нөхцөл байдал ямар байгааг бид нэхэн тодруулах ёстой. Та бол хүний эрхийг хамгаалах гол фронт дээр ажилладаг хуульчийн хувьд энэ талаар бодит байдлыг хэлэх байх?

-Хүний эрхийн олон улсын өдөр тохиож, энд тэндгүй хэлэлцүүлгүүд явж харагдсан. Хамгийн гол нь өнөөдөр Монгол Улсад хүний эрхийн асуудал ямар байна вэ гэдэг дээр бодит дүгнэлт хийх цаг нь болсон. Хэдийгээр манайх Хүний эрхийн олон улсын конвенцэд нэгдэн орж, Үндсэн хуулийнхаа 16 дугаар зүйлд хүний эрх, эрх чөлөөний хэм хэмжээг тодорхой хуульчлан зохицуулсан ч бодит амьдрал дээр хэрэгжихгүй байна. Үндсэн хуулийн 10.1 дүгээр зүйлд бий. Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц Монгол Улсын хууль тогтоомжийн нэгэн адил хүчинтэй гэдэг. Гэтэл энэ маань хууль зүйн хамгааллын түвшинд байж чадахгүй байдаг нь анхаарал татаж байгаа. Учир нь хүний эрхийн байдал манай улсад өдрөөс өдөрт дордож байна гэсэн дүн шинжилгээг мэргэжлийн байгууллагууд, хүний эрхийн хамгаалагчид дүгнэж бичээд байгааг бид зүгээр өнгөрөөж болохгүй. Ялангуяа ковид, цар тахлын үед хүний эрх илүү их зөрчигдсөн. Учир нь төрөөс гаргаж байгаа шийдвэрүүд, түүнийг хэрэгжүүлж байгаа албан тушаалтнууд хүний эрхийг дордуулдаг, зөрчдөг нийтлэг дүр төрх бий болчихлоо. Тодруулбал, Үндсэн хуулиар заасан жагсаал цуглаан хийх эрхтэй холбоотой асуудал дээр иргэдэд хууль зүйн үндэслэлгүй шаардлага тавьсантай холбоотойгоор жагсагч иргэд болон хууль хүчний байгууллагуудын дунд үл ойлголцол үүсч, өнөөдрийг хүртэл өрнөж байх жишээтэй.

Түүнээс гадна шийдвэр гүйцэтгэлийн байгууллагууд, жишээ нь хорих ангиудад хүний эрх зөрчигдөж байгаа маш олон кейс сүүлийн үед гарах боллоо. АТГ-ын комиссаруудтай холбоотой гомдол маш олон иргэдээс гаргасаар байна. Бас л нөгөө хэрэг хянан шийдвэрлэх, мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэнд зүй бус шаардлага тавьдаг, эсвэл ёс бусаар ханддаг, сэтгэл санааны хохирол учруулах замаар эрүүдэн шүүдэг зөрчил байсаар байна. Эрүүдэн шүүлт гэдгийг заавал бие мах бодыг нь зодож цохьсоноор илрэхгүй. “Гэр бүлийн гишүүнийг чинь шалгана”, “Нөхрийн чинь банкны хуулгыг шалгана шүү” эсвэл “Чи ажлаа өгөөд хялбаршуулсан журмаар асуудлаа шийдүүлсэн нь дээр дээ” гэх зэргээр хуульд заагаагүй ёс бус харилцаануудыг гаргадаг байдал нийтлэг болжээ.

-Цагдаагийн ажилтнууд хүний амь насанд хүрсэн хэргийн шүүхийн шийдвэр хүний эрхийн зөрчилд шинэ кейс болсон гэж хуульчид ярьж байна. Та хохирогчийн өмгөөлөгчөөр оролцсон байх аа?

-Цагдаагийн байгууллагын албан хаагчид иргэдийн амгалан тайван байдлыг хангахын төлөө ажиллаж байгаа гэх боловч өргөсөн тангараг нь бодит амьдрал дээр эсрэгээрээ байгаагийн нэг жишээ энэ. Төв аймагт цагдаагийн хоёр албан хаагчийн холбогдсон хэрэг хоёр жил гаруй шалгагдаж шүүхийн шийдвэр саяхан гарсан.

Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нэг цагдааг нь гэм буруутай гэж тооцсон. Цагдаа нар хүний эрхийн мэдрэмжгүйгээр өөрсдийнхөө албан үүргээ урвуугаар ашиглаж хүч хэрэглэж халдсан үйл баримт юм. Үүнийг өнөөдөр шүүх олж харж дүгнэж байгаа нь нэг талаар цагдаа хууль хүчний байгууллага гэлтгүй албан тушаалтнууд ажил үүргээ гүйцэтгэхдээ хянамгай, хүний эрхийн мэдрэмжтэй байхыг сануулж байгаа хэрэг юм. Нөгөөтэйгүүр цагдаагийн албан хаагч төрийн албаныханд хүний эрхийн боловсрол олгох ажил маш чухал байна. Цагдаагийн ажилтнууд иргэдэд шаардлага тавихдаа хүч хэрэглэсэн, зүй бус үйлдэл гаргасан гэдэг нь тогтоогдож, гэм буруутай буюу хүнийг болгоомжгүйгээр амь насыг нь хохироосон гэж үзсэн. Энэ бол ховор кейс.

Сүүлийн үед хүний эрхийн зөрчил дээр анхаарууштай нэг асуудал бол сошиал орчинд хүний нэр хүндэд халддаг тухай. Шүүхээс гэм буруутай нь тогтоогдоогүй байхад нийгмээрээ яллаж хүний эрхийн зөрчдөг явдал онц ноцтой байдалд хүрч байна. Манайд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хууль гэж хэдхэн зүйл ангитай жижиг хууль бий. Энэ хуульд өөрчлөлт оруулах цаг болсон байна. Цахим хэрэглээний харилцааг зохицуулсан хуультай болох, иргэд хүний эрхийн мэдрэмжтэй байх, хүний эрхэд хүндэтгэлтэй хандах асуудлыг цахим хэрэглэгч нарт ухамсарлуулан ойлгуулах, хуулийн зохих хариуцлага оноох асуудал чухал байна.

Саяхан УИХ-аас баталсан Хувь хүний нууцын тухай хуулинд нууцыг задруулсан этгээдэд хорих ял хүртэл оногдуулах зохицуулалт орлоо. Ганц энэ зохицуулалтаар шийдэгдэхгүй. Цахим хэрэглэгч гэж хэн бэ, цахим орчинд ямар дэг журам байх ёстой вэ, бусдыг гүтгэж доромжилбол ямар хууль зүйн хариуцлага хүлээх вэ гэдгийг бид нухацтай авч үзэх ёстой. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14-т худал мэдээлэл тараах гэдэгт зорчих эрхийг хязгаарлах, торгох л зэрэг зохицуулалттай байна. Гэтэл бусдыг гүтгэдэг доромжилдог, түүнийгээ олон нийтийн сүлжээгээр түгээдэг, эсвэл нийгмээрээ ялладаг, баалдаг, сошиал ертөнцийн давлагаанд тааруулж төрийн шийдвэрийг гаргадаг албан тушаалтнуудын үйлдэл хүний эрхийн ноцтой зөрчил. Үүнд л өнөөдөр хуулийн зохицуулалт, төрийн хамгаалалт хэрэгтэй байна.

-Манай улсад хүний эрхийг хамгаалдаг гол байгууллага бол ХЭҮК. Комисс дотроо хүний эрх хамгаалал, эрүүдэн шүүлтээс ангид байлгах хүний эрх хамгааллын чухал асуудлыг хариуцдаг хоёр орон тоо жил гаруй хоосон байлаа. Ийм нөхцөлд хүний эрхийн асуудал ярихад хүндрэлтэй юм?

-ХЭҮК-ын хамгийн гол хоёр асуудлын хүрээнд хяналт тавих ёстой гишүүд томилогдохгүй байгаа учир шалтгаанд олон хүчин зүйл нөлөөлж байгаа байх. Хүний эрх, хууль дүрэм хэрэгжүүлэх гэдэг талаасаа хандвал даруйхан шийдэгдэх ёстой асуудал. Гэтэл ийм амин чухал хариуцлагатай асуудал дээр улс төрийн өнгө аяс байгаа учраас албан тушаалтнууд сонгон шалгаруулах асуудал учир дутагдалтай яваад байна уу гэж харж байгаа.

Үнэндээ эрх баригчид, албан тушаалтнууд “Монголд эрүүдэн шүүлт байхгүй” гэдэг байдлаар хандаад байна. Бараг “ХЭҮК-ын дээрх чиг үүргийн гишүүд байсан байгаагүй асуудал яваад л байна ш дээ” гэдэг байдлаар өнгөц дүгнэж байгаа нь асар их учир дутагдалтай. Эрүүдэн шүүлт гэдэг орчин цагийнхаа нийгмийн хөгжлийг дагаад хувьсан өөрчлөгдөж байна. Нөгөө л хоол ундыг нь өгөхгүй, зодож занчдаг, кинон дээр гардаг шиг байдал өнөөдөр үгүй болсон. Эрүүдэн шүүлт олон хэлбэрээр бий болж байна. Сэтгэл санааны дарамт учруулах байдлаар, “Чамайг ялтан болгоно шүү”, “Шоронгийн хулгайч болгоно”, “Эрх чөлөөг чинь хязгаарлуулж чадна шүү”, “Наранд гарах асуудал чинь миний эрх мэдэлд байна” гэх байдлаар илэрдэг. Эсвэл хорих ангид ял эдэлж байх хугацаандаа тэнд авах ёстой үйлчилгээг бүрэн авч чадахгүй байх асуудалд л ХЭҮК-ын гишүүдийн хараа хяналт, нүд чих хэрэгтэй байдаг.

Миний хувьд гол төлөв хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийн асуудал дээр ажилладаг өмгөөлөгчийн хувьд хэлэхэд, 461 дүгээр ангид насанд хүрээгүй хүүхдээс байцаалт авах, таньж олуулах зориулалтын өрөө байдаггүй. Түүнээс гадна хоригдож байгаа эмэгтэйчүүдийн хувьд эрүүл мэндийн үйлчилгээ авах асуудал учир дутагдалтай байсаар байна. Хорих ангид янз бүрийн архаг, суурь өвчтэй, мөн жирэмсэн эмэгтэйчүүд ял эдлэх тохиолдол бий. Жирэмсэн эмэгтэйчүүд гэхэд хорих ангийн хүйтэн цементэн шалан дээр байсаар доороосоо даарч хөрснөөс бол тонус өгөх, цус алдах, зулбах, бүр цаашлаад эрүүл мэнд, амь насаа алдах ноцтой хохирол учрах эрсдэлтэй нөхцөлд байна. Тэдэнд яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх нөхцөл шаардлага учир дутагдалтай. Миний хоёр ч үйлчлүүлэгчид ийм асуудал тулгарсан. Хорих ангид эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмч, техник хэрэгсэл байхгүй. Бие нь гэнэт муудсан үйлчлүүлэгчээ мэргэжлийн эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлэхийн тулд прокурор, шүүгчээс зөвшөөрөл авах гэсээр 4-7 хоног алдаж байх жишээтэй. Үүнээс болж хүний эрүүл мэнд, амь нас эрсдэх нөхцөлд хүрэх дөхсөн. Энэ нь өөрөө хүний эрхийн ноцтой зөрчлийн илрэл дүр төрх юм.

Энэхүү асуудлаар нэг өмгөөлөгч гомдол гаргаад явах уу, мэргэжлийн ХЭҮК-ын гишүүн хариуцаад явах уу гэхэд тэнгэр, газар шиг ялгаатай. Энд л ХЭҮК-ын гишүүний сэтгэл зүтгэл, анхаарал халамж, нүд чих хэрэгтэй байна. Тийм учраас ХЭҮК-ын гишүүдийг бүрдүүлэх, ажиллагааг нь хэвийн явуулах нөхцөлөөр төр яаралтай хангаж өгөх ёстой.

-ХЭҮК-ын тэр хоёр гишүүний албан тушаал дээр өрсөлдөх хуульчид олдоогүй гэх тайлбар хэлээд байгаа шүү?

-ХЭҮК-т орох хуульчид олдохгүй байна гэх эрх баригчдын байр суурины эсрэг байна. Энэ олон мянган хуульчдын хөдөлмөр зүтгэл, нийгэм хүний эрхийн төлөө хичээнгүйлэн ажиллаж байгаа байр байдал, боловсрол мэдлэгийг үнэгүйдүүлж харлуулж болохгүй. Харин өөрсдийнхөө үйл ажиллагаанд дүгнэлт хийх хэрэгтэй. Бодит байдал дээр ямар мэдрэмж, итгэл үнэмшил төрж байна вэ гэвэл сүүлийн үед хуулийн гол салбарт томилогдож байгаа хүмүүс улс төрийн нөлөөллөөр, дэмжлэгтэйгээр томилогдож байна.

Хичнээн нийгмийн төлөө гэсэн хичээл зүтгэл, эрмэлзэлтэй байсан ч гэсэн намын дэмжлэг өгдөг байдал арилахаас нааш шударга хүмүүс гол ажилддаа очиж чадахгүй. Дэмжсэн намынхаа төлөө ажилладаг байдал хүний эрхийн салбарт хэрхэвч байж болохгүй. Угтаа нам, нам бус байхаас үл хамаарч хийсэн бүтээсэнтэй, хийх хүсэл эрмэлзэл, чадвартай хүмүүс сонгогддог тогтолцоо Монголд бий болохоос нааш зарчим, шударга ёсны асуудал хөндөгдөхгүй. Үүнийг л илүү анхаараасай гэж хүсч байна.

-Комиссын гишүүд бүрдэхээс гадна тэдний эрх зүйн хэмжээ хүчгүй, сул байна гэх шүүмжлэл сүүлийн хэдэн жил явж ирсэн. Та энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?

-Угаас ХЭҮК-ын гишүүдийг бүрдүүлснээр асуудал бүрэн шийдэгдчихэж байгаа юм биш. Комиссын гишүүн шүдгүй арслан лугаа байдалтай байгаа, эрх зүйн байдал нь. Яг өнөөдөр бодит амьдрал дээр ХЭҮК-т өргөдөл гомдол гаргаад л хүний эрхийн зөрчил арилаад, зөрчил гаргасан этгээдүүдэд хариуцлага хүлээлгэдэг бодит тогтолцоог бий болгох шаардлагатай.

ХЭҮК бол зүгээр л дүгнэлт гаргаад илж таалаад суудаг байгууллага, албан тушаалтнаас цаашгүй. Энэ байдлыг л өөрчлөх хэрэгтэй. Хариуцлага тооцдог, зөрчлийг таслан зогсоодог, урьдчилан сэргийлэх ажлыг хийдэг хүчин чадал бий болгохгүйгээр энэ асуудал цааш төгс төгөлдөр гольдролоор явж чадахгүй.