Боловсролын салбарын 2026 оны төсвийн төсөлд олон нийтийн саналыг авах хэлэлцүүлэг өнөөдөр Боловсролын Яаманд болж байна. 

Уг хэлэлцүүлгийн үеэр Боловсролын Яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга н.Должинсүрэн Боловсролын салбарын 2026 оны төсвийн төслийг танилцууллаа. 

 

Төсвийн төсөлд тусгаснаар ирж буй онд Боловсролын сайд 5.5 их наяд төгрөгийн орлого бүрдүүлж, 4.2 их наяд төгрөгийг зарцуулахаар байна. Зарлагын дүнгийн 3.6 их наяд төгрөг нь урсгал зардал, 561 тэрбум төгрөг нь хөрөнгийн зардал байна. 

2025-2026 оны хичээлийн жилд төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудад 234,670, хувийн хэвшлийн сургуулиудад 33,524 хүүхэд суралцах төсөөлөлтэй байгаа юм. Харин цэцэрлэгт 268,195 хүүхэд, хувилбарт сургалтаар 13,678 хүүхэд суралцахаар тооцож, шаардлагатай санхүүжилтийг тусгажээ. 

Тус яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга н.Должинсүрэн "Зарим санал санхүүжилтийн хязгаарыг давахаар байгаа. Тухайлбал сургуулийн өмнөх боловсрол дээр байр ашиглалтын үйлчилгээ. Ачаалал өндөртэй газруудад цэцэрлэгийн зориулалтаар байр түрээслэхэд 21.2 тэрбум төгрөг тусгасан. Түрээсийн тариф нэмэгдсэн тул хязгаараас давсан.

Ажил олгогчоос олгох тэтгэмж, урамшуулал дэмжлэг 47.7 тэрбум төгрөг, тоног төхөөрөмжийн нөхөн хангалтын зардал л 66 хувиар нэмэгдэж, 5.8 тэрбум төгрөг байхаар тооцлоо.

Ерөнхий боловсролын хувьд ч ажил олгогчоос олгох тэтгэмж, урамшуулал, дэмжлэг нь хязгаарт нөлөөлж байна. Үүний зэрэгцээ суралцагчийн тоо нэмэгдсэн, мөн 6-9 дүгээр ангийн хүүхдүүдийг Үдийн цай хөтөлбөрт хамруулахтай холбоотой зардал нэмэгдсэн.

Дотуур байрны үйлчилгээ, төрийн бус өмчийн цэцэрлэг, сургуулийн хувьсах зардал нь суралцагчийн тооноос хамаарч хязгаар дээр давж байна" гэж танилцууллаа.

 

Боловсролын Яамны хэвлэлийн төлөөлөгчөөс ирэх хичээлийн жилээс 6-9 дүгээр ангийнхныг Үдийн цай хөтөлбөрт бүрэн хамруулах эсэх талаар тодруулахад "Үе шаттай хамруулахаар төлөвлөж, саналаа оруулж байгаа. Эхний ээлжид ирэх хичээлийн жилд 6 дугаар ангийн сурагчдыг хамруулахаар төлөвлөсөн" гэх хариултыг өгөв.