Монголчууд бидний тухайд өнгөрсөн жилүүд нь боловсролыг шинэчлэх гэсэн олон үзэл баримтлал уралдсан, олон сайд солигдсон, олон арга хэмжээ авч хэрэгжүүлсэн,.. эцэстээ тун таагүй байдалд хүрсэн, нэг ёсондоо АЛДАА нь хэтэрсэн он жилүүд байж, энэ бүхний үр дүнд боловсролын төлөв байдал сүрхий муудаж, энэ цаг үеийнхээ эрэлт хэрэгцээг хангаж чадахгүйд хүрээд байна.

Боловсролыг шүүмжлэх иргэдийн дуу хоолой нэмэгдлээ. УИХ–ын энэ удаагийн чуулганаар Боловсролын багц 6 хуулийг хэлэлцэж байна. Түүнд судлаачид, иргэдийн санал бодлыг тун нухацтай бодож тусгах ёстой.   

Юуны өмнө бид орчин үеийн БОЛОВСРОЛ ямар болоод байгаа, ирээдүйд яаж өөрчлөгдөх талаар нэгдмэл шинжлэх ухаанч чиг баримжаатай болмоор байна.  Монголын Ирээдүй Судлал Нийгэмлэгийн тэргүүн, доктор, профессор, Монгол Улсын Гавъяат багш Ц.Дэмбэрэлтэй манай сурвалжлагч МОНГОЛЫН БОЛОВСРОЛ: ӨНӨӨ ба ИРЭЭДҮЙ сэдвээр цуврал ярилцлага хийсний 5-р хэсгийг хүргэж байна.  

 

 

 

Чанартай боловсролын тухай

 

 

 

Боловсролыг Сайн ба Муу, Чанартай ба Чанаргүй гэж  ангилахдаа баримталдаг шалгуур гэж бий юу ?  

 

 Эхлээд нэг зүйлийг тэмдэглэн хэлье. Эдүгээ хүртэл Монголд боловсролын талаархи ойлголт  ихэд ерөнхий байгаа учраас чанартай боловсрол, боловсролын чанар гэж юу болох, эдгээр нь ялгаатай эсэх, түүнийг яаж хэмжих, ер нь сайн ба муу боловсрол гэж байх эсэх асуудал тодорхойгүй болсон. 

Одоо БОЛОВСРОЛ гэж ерөнхийлж  ярих цаг яавч биш. Маш тодорхой ярих учиртай. Тодорхой ярихгүй бол ЮУ ч хийж болохгүйд л хамаг учир оршино. Тодорхой ярина гэхээр тодорхой хүчин зүйлүүдийг тодруулаад, дараа нь түүнийгээ тойрч асуудлаа шийднэ гэсэн үг. 

 

Чанартай боловсрол гэхээр ерөнхийд нь томоор харсан ойлголт юм. Үүнийгээ дотор нь нэгд, Сайн боловсролын талаас, хоёрт,  боловсролын тогтолцооны чанарын талаас, гуравт, боловсролын чанар гэх өнцгөөс тодруулдаг боллоо.   

Боловсролыг тэгш хамран сургах,  тэгш боломжийг хангах,  бүх нийтийг хамрах  зэрэг шаардлагуудаар  түлхүү тодотговол сайн боловсролд ойртдог.  Энэ нь орчин үед   НҮБ–ээс дэвшүүлсэн  зорилт.

Боловсролын хамрах хүрээг ихэд өргөтгөсөн ойлголт.  Жишээ нь,  А хувилбар: 100 хүүхдээс онцгой элит боловсролтой 1, дундавтар боловсролтой 2, сулавтар боловсролтой 7,  үлдсэн 90 нь огтоос боловсролгүй.   

 

В хувилбар : Эдгээр  100 хүүхдээсээ жирийн элит нь 3, үлдсэнээс нь  ядаж   60 –г нь, чадвал 80 –г нь  өөрийгөө аваад явчих хэмжээнд хүргэж боловсруулах.   

А ба В  хувилбарууд  том ялгаатай.  А-н  сул боловсролтой 7 хүн аажимдаа ядуурна. Ингээд А хувилбар нийгмээ нэвтэд нь ядууруулна. Хүн амынх нь 97 % ядуурна.  Гэтэл  В–н өөрийгөө аваад явчихдаг. 83  хүн бол их өөр. Энэ нь нийгэмд тод харагдана. 

Орос орон XVIII  зууны сүүлчээр А хувилбарыг сонгожээ. Нөгөөх онцгой элит  1-нь гадаадруу одож, ард нь харанхуй орос орон.  200–аад жил ийм байсаар 1917 онтой золгож, Октябрын хувьсгалын галд шатсан.  Одоо өндийх гэж оролдоод дийлэхгүй байна. Харин баруун европын орнууд  В хувилбарыг  зорьсон аж. 

Сайн боловсролтой холбогдоод сүүлийн жилүүдэд улс орны нийт хүн амын боловсролын ерөнхий түвшинг нилээд чухалд тооцох боллоо. 

 

Боловсролын түвшин нь дээшлэх тусам хүний сэтгэл ханамж нэмэгддэг. Амьдралын мөн чанарыг ухаарсан, сэтгэл дүүрэн, амьдралд учрах бэрхшээлийг даван туулах сэтгэлийн хаттай хүн л аз жаргалтай амьдардаг аж. 

Тийм хүн заавал өндөр ашигтай бизнес хийх, бусдаасаа  тасархай  баян байх албагүй юм.

Тэгээд ч МӨНГӨ, АЗ ЖАРГАЛ хоёр дээшээгээ чиглэсэн эерэг холбоотой гэсэн нотолгоо олдоогүй.

 

Харин мөнгө, аз жаргал хоёр доошоогоо чиглэхээр сөрөг хамааралтай байдаг. Тодруулбал, ядуурах тусам аз жаргалаас холдоно гэсэн үг. Байдал нэгэнтээ ийм байх тул  их сургуулиуд олон нийтийн шинжтэй болсноор  алтан дунджийг барьдаг болов. Уламжлалт элит их сургуулиудын бусдаасаа илт тасархай байсан тэр цаг өнгөрч байх шиг.  

 

САЙН боловсролтой орнуудаас нэрлэнэ үү ?

 

 Нийт хүн амын дотор дээд боловсролтой хүмүүсийн эзлэх хувь хэмжээ илүү өндөр байгаа тэр улсыг САЙН БОЛОВСОРСОН гэж  үзэх боллоо. 

Хүмүүсийн боловсрол ихэд дээшилж байгааг энэ үзүүлэлт харуулна.  Энэ тухайд Канад улс дэлхийд тэргүүлж байна. 

 

2020  оны байдлаар, Канад улсын хүн амын  56,3 %  нь ЭЗХАХБ  (OECD-Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага) -н шалгуураар ямар нэг хэмжээгээр дээд боловсролтой байна. Араас нь Япон, Израйль удаалсан. Нэр төртэй ухаалаг сайхан амьдарч чадаж байгаа бол тэрээр сайн боловсорсон хүн юм. 

Энэ тухайд монголын уламжлалт үнэт зүйлсийн дотор бидэнд авах юм бага бус бий дээ. Ер нь л, нэг сайтар эрэгцүүлэн тунгаамаар байна аа, ялангуяа, манай одоогийн энэ боловсролыг. 

 

БШУЯ боловсролоо улам САЙН болгоно гэж ярьж, ажилласаар  өдий хүрлээ. Дорвитой үр дүн харагдахгүй л байна даа?

 

 БШУЯ гуай  1.Сайн боловсролтой болох,  2.Боловсролын тогтолцоогоо сайжруулах, 3.Боловсролоо чанартай болгох зорилтуудынхаа  алиныг нь  яаж ахиулах  тухайд эхлээд зөв баримжаатай болох хэрэгтэй.Одоогоор БАНТАН болчихоод байгаа. БШУЯ сүүлийн 30 жилд тувт боловсролын санхүүжилт ба зохион байгуулалтыг ярилаа.    Эдгээр нь боловсролын чанарын шинэчлэлийн 6 үндсэн зорилтын хамгийн үр нөлөө багатай сүүлчийн хоёр нь юм. БШУЯ яагаад ингэж боловсролын чанарын шинэчлэлийг араас нь, аль сул хэсгээс нь барьж авав гэхээр бас ч гэж бодит учир шалтгаан бий.  Энэ сүүлчийн хоёр нь ХҮН-ээс ангид юм.  Яг ХҮН–ээрээ оролдохгүй.  Тэгэхлээр, үг хэл шүүмжлэл багатай,..энэ утгаара амар юм. Өнгөрсөн жилүүдэд ЯАМ  маань Суралцагч,  Багш, Куррикулум, Үнэлгээ, Боловсролын инстүүц,.Мэдээллийн орчин. Зорилго  гэх боловсролын 7 бүрэлдэхүүний нэгийг нь ч өөдтэй шинэчилж чадсангүй.  Эдгээр нь ХҮН–тэй заавал холбогддог.

 

Өмнө би хэлсэн дээ, монголд боловсрол хүн хоёр салсан гэж,.. түүний үр дүн энэ шүү дээ. Хүнээсээ саланги хол байгаа юмаар хөөцөлдөөд түүнийгээ боловсролын чанарын шинэчлэл гэж ойлгосоор өдий хүрсэн нь АЛДАА болов. Уг нь боловсролын цөмд ХҮН байж, шинэчлэл хүнрүүгээ чиглэх ёстой л доо. Даанч манайхан хуучнаараа бодож сэтгэдэг  хэвээрээ  байсаар их цаг  алдлаа. Цаг алдвал  бүгдийг алддаг.

 

 Манай боловсролынхон сүүлийн үед ТЭГШ БОЛОМЖ  гэх олонтаа ярих боллоо?

 

СУРАЛЦАГЧ БҮРТ ТЭГШ БОЛОМЖ  БҮРДҮҮЛЭХ  гэдэг бол САЙН боловсролд ойртох маш чухал зорилт.  Яагаад гэвэл,  суралцагч бүр  суралцахуйн талаасаа өөр өөр, тэдний билиг авъяас чадварууд ихээхэн ялгаатай. Иймд тэд ялгаатай  боломжийг шаардана.

 

Нэг нь их боломжийг, нөгөөх нь арай бага боломжийг,.. гэх мэт .СУРАЛЦАГЧ БҮРД  ТЭГШ  БОЛОМЖИЙГ ХАНГАХ нь тэдгээр ялгаатай билиг авъяас чадваруудыг  илрүүлж,..тэднийгээ ялгаатай боломжуудаар хангахыг хэлж буй.   

Эндээс хичээл сургалт нь суралцагчдын сонирхол, эрэлт хэрэгцээ, ялгаатай байдлыг хүндэтгэсэн, уян хатан олон хувилбартай байх шаардлага үүснэ. Одоогоор манайд ийм биш байна. Бүх суралцагчидад  яг адилхан нэг л хөтөлбөрийг  тулгадаг. Хөгжлийн  бэрхшээлтэй хүүхдүүдэд өөр боломж олгох нь зөв бол нөгөө талдаа оюуны өндөр чадвартай хүүхдүүдэд бас  өөр боломжийг бүрдүүлэх ёстой. Ингэж байж ТЭГШ БОЛОМЖ бүрдэнэ. 

 

БШУЯ тэгш боломж гэхээр гагцхүү хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хамаарна гэж ойлгодог шиг билээ. БШУЯ–д тийм хэлтэс байгуулсан,.. өмнөх  УИХ–н “билиг төгөлдөр“ хэдэн гишүүд олимпиад уралдааныг зогсоо, өрсөлдөөнт зах зээл монголд тохирохгүй байна,.. ер нь бусдаас түрүүлж сурах нь АЮУЛТАЙ гэж үглэсээр байгаад,.. Одоо тэгээд сум хороо хэсэг бүрт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургуультай болоод, тэгээд  араас нь бүх  ЕБС–ээ  энэ чиглэлрүү хазайлгаад,..

 

Бид яг хүн төрөлхтөний хөгжил дэвшлийн эсрэг зүгрүү замнаж эхлэх нь дээ,.. Яана даа, яана, бүү мэд ээ.  БШУЯ–ны  IQ-г тогтоож, яаралтай арга хэмжээ авмаар  байдаг,.. 

 

 

Ярилцсан С.Сарнай 

 

Ярилцлагын 1-р хэсгийг энд,

2-р хэсгийг энд, 3 ба 4-р хэсгийг энд дарж тус тус уншина уу