ТОНУУЛЧИДДАА ИДҮҮЛСЭН МОНГОЛ

 

Бүх гэмт хэргээс хамгийн адгийнх нь өөрийн эх орныг тонох. Хөгжлийн банк гэдгийг эх орноо тоногчдод зориулж зохиож, байгуулж, ажиллуулсан. Монгол шиг эх орноо тонон дээрэмдэх гэсэн хулгайч нар л төрийн эрхэнд үхэлдэн чихэлдэн гарч ирдэг оронд алив банк төрд хамаарч болдоггүй юм байна гэдгийг 1991-1998 оны туршлага тод харуулсан. Хэдийгээр тэр үед арилжаа хийдэг банкуудыг төрийн мэдлээс гаргасан боловч үүнээс хойш "Хадгаламж", удалгүй "Төрийн банк", тэгээд "Хөгжлийн банк" байгуулагдаж тонуулчдад барьж идүүллээ. Тэд цадахгүй, ийм тогтолцоонд дээрэмдсэн их баялагийг буцааж өгөх ч үгүй.

 

 

 

Монголын банкны тогтолцоог нураахуйц хууль зохион хэсэг гар чичрэн банкны хадгаламжийг хүүгүй болгох, чөлөөт валютын хөдөлгөөнийг хаах, мөнгөний алив урсгалд тээг тавих зэргээр аашлан үүнээ хуульчилсан нь чөлөөт зах зээлийн зарчмын эсрэг байсан ч үүнээ авилгатай тэмцэж байна, төгрөгийн нэр хүндийг өсгөж байна, Швейцарь, Японы туршлагыг хэрэгжүүлж байна гэх мэтээр бүлтэрч байсан нь эцэст нь луйвар дээрэм тонуулаа нууцлах, цусалсан мөнгөө тэр чигээр нь гол гаргах арга технологи байжээ.

 

 

 

Доорх "Хөгжлийн банк ба улс төрийн нөлөөл" гэсэн материалыг эдийн засагч Л.Баян-Алтай аль 2010 онд буюу Хөгжлийн банкны тонуул дөнгөж эхэлж байхад бичиж нийтлүүлсэндээ ингэж болохгүй, ингэвэл сүйрнэ, үүнээс яаж тойрч гарах зэрэг зөвлөмж бичин илжигний чихэнд алт хийх гэж оролджээ. Баян-Алтай урьд нь Английн нэрт эдийн засагч Пол Коллиэрийн "Адагт үлдсэн тэрбум" бүтээлийг орчуулж хэвлүүлсэн юм. Энэ дэлхий дээрх 7-8 тэрбум хүмүүсийн нэг тэрбум нь гарч чадахгүй ангалд унажээ гэж тодорхойлоод яагаад ингэв гэдгийг судлан дүгнэлт өгсөн гайхамшигт бүтээл. Төр нь хулгайч, дээрэмчин, тонуулчдаар дүүрсэн нэлээд хэдэн оронд олон жилийн тогтсон тонуулаас болж хүн ард нь эргээд гарч чадахгүй гүн ангалд унажээ. Бид яг араас нь орж байна. Энэ бол уншсан хүнд том сануулга байсан юм.

 

Л.Баян-Алтай

 

Хөгжлийн банк ба улс төрийн нөлөөлөл 

 

(Энэхүү өгүүлэл Нээлттэй Нийгэм Форумаас эрхлэн гаргаж байсан Бодлогын Асуудал цувралын No.5 буюу 2010 оны 10-р сарын дугаарт хэвлэгджээ.)

 

Оршил

 

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны долдугаар сарын 20-ны өдрийн 195-р тогтоолын дагуу Монгол Улсын Хөгжлийн Банкийг байгуулан, улмаар тус оны гуравдугаар улиралд багтаан зохих журмын дагуу үйл ажиллагааг нь эхлүүлэх болсон билээ.Хөгжлийн банк байгуулах шийдвэр ийнхүү гарсан ч өнөөгийн байдлаар олон нийт, татвар төлөгчдийн хувьд маш олон зүйл тодорхойгүй байна. Тус байгууллагын зорилго, үйл ажиллагааны чиглэл, санхүүжилтын эх үүсвэр, удирдлага, зохион байгуулалтын талаар иргэд, судалгааны байгууллагууд, иргэний нийгмийн дунд хэлэлцүүлэг явагдсангүй, тэдний санал бодлыг сонссон алхам хийгдсэнгүй гэж хэлэхэд болно. 

 

Олон улсын туршлагаас харахад, тухайн улс орны хөгжилд дорвитой түлхэц болох үйл ажиллагаа, үйлчилгээг хувийн салбар нь дангаараа нийлүүлэх чадавхихангалтгүй нөхцөлд засгийн газрын дэмжлэгтэй ийм төрлийн санхүүгийн институти байгуулдаг ажээ. “Development Finance Institutions” буюу “Хөгжлийн Санхүүгийн Байгууллага”(ХСБ) гэж нэрлэгддэг эдгээр байгууллагын нэг хэлбэр нь хөгжлийн банк юм. Өнөөдөр дэлхий даяар үйл ажиллагаа явуулж буй 750 гаруй ХСБ байгаа бөгөөд тэднийг үндэсний хөгжлийн банк, хөгжлийн санхүүгийн корпораци, ЭксИм банк, хөдөө аж ахуйн банк гэхчлэн олон янзаар нэрлэдэг. Хөгжлийн банкууд нь нийгэм, эдийн засгийн томоохон үр нөлөө бүхий төслүүдэд урт хугацааны санхүүжилт олгохоос гадна судалгаа, зөвлөх үйлчилгээ болон техникийн туслалцааг ч үзүүлж байна. 

 

Аль нэг улсын хэмжээнд, өөрөөр хэлбэл дотооддоо үйл ажиллагаа явуулдаг хөгжлийн банкыг үндэсний хөгжлийн банк гэх ба энэ нь голдуу аж үйлдвэрлэлийн хөгжлийн эхний үе шатанд байгуулагддаг бөгөөд тухайн орны эдийн засагт онц чухал ач холбогдолтой боловч хувийн хэвшлээс санхүүжүүлэх боломжгүй салбаруудыг урт хугацааны зээл, санхүүгээр хангадаг аж[1]. Гэхдээ эдийн засаг, бизнесийн орчин асар их хурдацтай өөрчлөгдөж буй өнөө үед олон орны засгийн газар төрийн хөрөнгөөр үүсэн бий болж, үйл ажиллагаа явуулж ирсэн хөгжлийн банкуудын үүрэг, бүтэц, зохион байгуулалт, удирдлагын тогтолцоог эргэн харахад хүрчээ. Хөгжлийн төлөө гэсэн сайхан зорилго тавин, татвар төлөгчдийн хөрөнгөөр, янз бүрийн хөнгөлөлт эдлэн гарч ирдэг ийм байгууллагуудын хувь заяа муугаар эргэсэн гашуун туршлага олон бий. Нөгөө талаар, өнөөг хүртэл хөгжлийн банкны хувьд нийтээр хүлээн зөвшөөрсөн загвар бүтэц алга байна. 

 

Хэдийгээр тооны хувьд цөөн ч боломжийн амжилттай ажиллаж ирсэн хөгжлийн банкууд бий. Ийм тохиолдолд засгийн газар нь эхнээсээ хөгжлийн банкны хувьд маш ухаалаг, оновчтой механизмыг бий болгож, хууль эрх зүйн орчинг зөв тодорхойлж өгсөн байдаг. Ингэж чадаагүй бол ийм төрлийн санхүүгийн байгууллага нь урт хугацааны туршид тогтвортой ажиллах боломжгүй болж, яваандаа дампууран үйл ажиллагаагаа зогсоохоос аргагүй байдалд хүрдгийг Латин Америк, Африк, Зүүн Азийн зарим орон дахь олон жишээнээс харж болно.

 

Олон улсын туршлага,сургамж

 

Анхны хөгжлийн банкууд 1930-аад онд үүсч бий болсон бол 1950-иад оноос колоничлол задран унаж, шинэ улсууд тусгаар тогтнолоо зарлаж, улмаар үндэсний хэмжээний болон олон талт хөгжлийн банк олноор байгуулагдах болов. Тусгаар тогтнолоо дөнгөж олсон, хөгжиж буй орнуудын хувьд эхэн үедээ хөгжлийн банкууд нь тухайн улсын аж үйлдвэрлэл, худалдааг эрчтэй хөгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй байв. Улмаар засгийн газар хоорондын, түүнчлэн бүс нутаг дамнасан үйл ажиллагаа явуулдаг санхүүгийн байгууллагууд (Дэлхийн Банк, Азийн Хөгжлийн Банк гэх мэт) үүсэн бий болж, үндэсний хөгжлийн банкуудтай холбогдон ажиллах болов. 

1960-аад оны үед түгээмэл байсан аж үйлдвэржүүлэх, импортыг орлох зэрэг уриа лоозонтой байсан хөгжлийн банкны чиг хандлага өөрчлөгдөж, нийгмийн хөгжлийг дагасан шинэ зорилтууд гарч ирэв. Тухайлбал, экспортыг дэмжих, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, санхүү зээлийн шинэ дэвшилтэт бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх ажиллагаа эхэлсэн байна. Харамсалтай нь1970, 1980-иад онуудад үндэсний хөгжлийн банкууд олноороо дампуурч хаалгаа барьсанаас үүдэн ийм байгууллагуудын ирээдүй бүрхэг болов. Хөгжиж буй орнуудад хөгжлийн банк болон төрийн өмчит банкууд нь хөгжил дэвшил авчрах нь байтугай санхүүгийн хямралыг үүсгэсэн тохиолдол ч гарчээ. Үүнээс болж олон оронд хөгжлийн банкыг хувьчилж, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийж, эсвэл үйл ажиллагааг нь бүрмөсөн зогсоож байв.[2] 

 

Мэдээж санхүүгийн хямрал хөгжлийн банкны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байсан ч гол асуудал нь ийм төрлийн байгууллага дахь засаглал болон удирдлага менежменттэй холбоотой дутагдал байв. Тухайлбал, Өмнөд Ази, Латин Америк, Африк тивийн Сахарын цөл хавийн орнууд дахь хөгжлийн банкуудын дийлэнхид чанаргүй зээлийн нийт багцад эзлэх хувь 50 хүртэл байх тохиолдолд түгээмэл байжээ[3]. Үүнээс улбаалан олон улсын санхүүгийн байгууллагууд хөгжлийн санхүүгийн байгууллагуудад олгодог зээлийнхээ хэмжээг 1990-ээд оны эхнээс эрс бууруулсан ажээ[4].

Нөгөө талаар, Зүүн Азийн орнуудын хөгжлийн банкуудын үйл ажиллагаа нь бусад бүс нутаг дахь хөгжийн банкуудтай харьцуулах юм бол илүү амжилттай явж ирсэн байна. Зүүн Азийн хөгжлийн банкуудын амжилтын нууц нь тэдний үйл ажиллагааг аль болох улс төрөөс ангид байлгах гэж засгийн газрууд нь хичээсэн, нөгөө талаар зээлийн төсөл бүрийг бодитойгоор дүгнэх, үнэлэх, хянах хөшүүрэг, механизмыг бий болгож чадсанд оршино. Жишээ нь, Япон болон Сингапурын хөгжлийн банкууд нь засгийн газраас авсан мөнгөө эргүүлж төлөхдөө хүү төлдөг байсан нь банкны удирдлагаас хамгийн бодитой, эргэж төлөгдөх төслүүдийг л санхүүжүүлэх нэг хөшүүрэг болж байв. 

 

Хөгжлийн банкуудыг дампуурахад хүргэдэг үндсэн шалтгаанууд нь:

 

Хөгжиж буй орнуудын засаглал нь сул байсан, нөгөө талаар ийм төрлийн банкны хувьд удирдлага, санхүү, үйл ажиллагааны тал дээр мэдлэг, чадвартай боловсон хүчин хомс байсан явдал.

Улс төрийн нөлөөлөл их байдгаас шалтгаалан тухайн засгийн газрыг дэмжигчид нь зээлийн ихэнхийг авах нь түгээмэл байсан.

Хөгжлийн банкны менежментийг сайн хийж чадаагүй, зохицуулалт муу байсан, нөгөө талаар арилжааны зарчмаар ажиллаж чадаагүй явдал.

Хөгжлийн банкны тавьдаг зорилго нь их явцуу, зарим тохиолдолд оновчтой бус байсан, түүнчлэн тус байгууллага нь тухайн улс орны санхүүгийн тогтолцооны нэг хэсэг бололгүйгээр бие даасан, салангид үйл ажиллагаа явуулсан.

Хөгжлийн төлөөх зорилго нь санхүүгийн хувьд үр өгөөжтэй байх, зардлаа нөхдөг байх гэсэн зарчимтай олон тохиолдолд зөрчилдаж байсан явдал. (Өөрөөр хэлбэл, хөгжлийн банкуудын хувьд санхүүгийн өгөөж нь маш бага мөртлөө нийгмийн хөгжилд тустай төсөл хөтөлбөрүүдийг зээлжүүлэх нь амаргүй байв[5].)

Зах зээлийн түвшингээс доогуур хүүтэй зээл олгох ба энэ нь хувийн салбарын зээлдүүлэгчдэд нөлөөлөх зэрэг ажээ. Өөрөөр хэлбэл, арилжааны банкуудаас эрс бага хүүтэй зээлийг олгох нь тэдний урт хугацааны, тогтвортой үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх боломжтой.

Дээрх шалтгаануудаас болж чанаргүй зээлийн тоо ихсэх, зээлийн эргэн төлөлт муудах, улмаар засгийн газраас байнга дэмжлэг, татаас авах болдог зэрэг нь хөгжлийн банкны үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Ийнхүү сүүлийн хорин жилийн туршид хөгжлийн банкуудын үзүүлдэг үйлчилгээ, хамрах хүрээ, засаглал, удирдлагын тогтолцооны хувьд өргөн хэмжээний өөрчлөлт явагдаж иржээ. Үйл ажиллагаагаа өргөжүүлэх, арилжааны зарчмаар ажиллах механизм бүрдүүлэх, засгийн газраас гадна өөр хөрөнгө оруулагчдыг татах, хувьчлах, хэсэглэн хувьчлах, удирдлагын тогтолцоогоо шинэчлэх, үйл ажиллагаагаа олон нийтэд ил тод болгох гээд олон ажил хийгдэж байгаа аж. Жишээлбэл, улс орноо аж үйлдвэржүүлэх, эдийн засгийн хөгжлийг хурдасгах зорилготойгоор 1954 онд байгуулагдсан төрийн өмчит Солонгосын Хөгжлийн Банк нь өнгөрсөн 50 жилийн дотор өөрийн үндсэн үүргээ биелүүлсэн гэж үзэж байгаа ажээ[6]. Санхүүгийн зах зээл өөрчлөгдөж, өрсөлдөөний түвшин хүчтэй нэмэгдэж буйтай холбогдон тус улсын засгийн газар нь Хөгжлийн банкаа олон улсын түвшинд далайцтай үйл ажиллагаа явуулах, улмаар дэлхийд өрсөлдөх чадвартай санхүүгийн институт болгох зорилго дэвшүүлээд байна. Энэхүү амаргүй зорилгод хүрэх, цаашилбал дэлхийн хэмжээний тоглогч болгохын тулд Солонгосын засгийн газраас Хөгжлийн банкыг хувьчлах шийдвэр гаргаад байна. 

 

Амжилттай явж ирсэн цөөн тооны хөгжлийн банк бий. Үүний нэг нь 1968 онд байгуулагдсан Сингапурын хөгжлийн банк (СХБ) нь өнөөдөр тус байгууллага улсынхаа хамгийн том арилжааны банк болж, Ази тив болон Ойрхи Дорнодын 16 оронд салбар нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Үүссэн цагаасаа эхлэн тус банк Сингапурын компаниудад шаардлагатай санхүү зээлийн үйлчилгээг үзүүлж, тэдний өсөлтөд томоохон түлхэц үзүүлжээ. Сүүлийн үед жижиг, дунд бизнес эрхлэгчдэд ч өөрийн санхүүгийн үйлчилгээг хүргэх болсон байна. СХБ-ны үндсэн үйл ажиллагаа Сингапур, Хонг Конгт төвлөрөх бөгөөд 2009 онд тус банкны цэвэр ашгийн 57 болон 22 хувь нь тус хоёр зах зээлд харгалзан ногдож байв[7]. Дээрх хоёр оронд л гэхэд СХБ нь таван сая гаруй хэрэглэгчдэд банкны үйлчилгээ үзүүлдэг. Түүнчлэн зээл, мортгейж, үл хөдлөх хөрөнгийн санхүүжилт чиглэлээр ч мөн амжилттай үйл ажиллагаа явуулдаг болсон байна. Тухайн эдийн засаг, нийгмийн хөгжилд хөл нийлүүлэн алхаж, бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл, чанарыг байнга сайжруулж, эрүүл зөв удирдлагатай явах юм бол амжилтад хүрч болохын нэг жишээ нь СХБ болов уу. 

Харамсалтай нь, СХБ-ны яг эсрэг дүр зургийг илтгэх хөгжлийн банкууд олон байсан бөгөөд тэдний ихэнх нь өнөөдөр үйл ажиллагаа зогсоосон. Хамгийн сүүлийн үеийн жишээнд Бахамын Хөгжлийн банкийг дурдаж болох юм. 1978 онд Бахамийн засгийн газар нь зуун хувь төрийн өмчлөлөөр хөгжлийн банк байгуулсан бөгөөд үндсэн зорилго нь тус улсын эдийн засгийн гол салбар болох ХАА, загас агнуур, аялал жуулчлал, аж үйлдвэр, үйлчилгээ, тээврийн салбарыг зээл, санхүүжилтаар хангах явдал байв. Тус банкыгзасгийн газрын зүгээс Бахамийн аж үйлдвэржилт, ХАА, худалдааны хөгжлийг дэмжих гол байгууллага хэмээн үзэж байсан аж. Эдийн засгийн хувьд үр ашигтай төслүүдийг дэмжих замаар энэхүү банк нь ажлын байр шинээр үүсгэх, импортыг багасгаж, экспортыг нэмэгдүүлэх, шинэ технологи нэвтрүүлэх, улмаар бүх Бахамчуудын амьдралыг өөд нь татах үүрэг хүлээсэн байв. 

 

Тэгвэл өнөөдөр Бахамийн хөгжлийн банк нь дампуурлын ирмэгт тулаад байна. Сүүлийн арван жилийн туршид үйл ажиллагаа нь доголдож ирсэн тус банкинд чанаргүй, найдваргүй зээлийн хувь хэмжээ нийт багцын 50 хувьд хүрсэн бөгөөд цаашид тогтвортой үйл ажиллагаа явуулахад маш бэрхшээлтэй болжээ[8]. Бүтэц, зохион байгуулалтын буруу системтэйгээс гадна банкны удирдах ажилтнуудын зүгээс эдийн засгийн хувьд үр өгөөжгүй төслүүдэд зээл олгож ирсэн нь энэ байгууллагыг нуран унахад хүргэсэн байна. Захирал, ТУЗ-ын гишүүд, менежерүүд нь улстөрчид, найз нөхөд, хамаатан садангийн хүмүүсийнхээ нөлөөнд автаж мөнгийг замбараагүй цацжээ. Харамсалтай нь, энэ байдлын хариуцлагыг үүрэх хувь хүн байхгүй бөгөөд эрсдэлийг засгийн газар өөртөө ногдуулахаас өөр зам үлдсэнгүй. 

Хэдийгээр тус улсын парламентаас тусад нь хууль гарган тус банкийг байгуулсан боловч эдийн засгийн хөгжлийг дэмжих, сайжруулах гэсэн том зорилгоо биелүүлэхийн тулд өөрийн бүтэц зохион байгуулалт, удирдлага, засаглалын тогтолцоогоо эргэн харах хэрэгтэй болоод байна. Түүнчлэн хөгжлийн банкны хуулийг ч гэсэн өөрчлөн шинэчлэх зайлшгүй шаардлага байгаа ажээ. Тухайлбал, уг хуульд зааснаар тус улсын Сангийн Яам, тэр дундаа Сайд нь удирдах зөвлөлийн дарга болон гишүүдийг дангаараатомилдог байна.Түүнчлэн, гадаадын хөрөнгө оруулалттай, эсвэл хамтарсан аж ахуйн нэгжүүдэд зээл олгохыг хориглодог ажээ. 

 

ЗӨВЛӨМЖ

 

Олон улсын туршлага, сургамжаас харахад засгийн газрын зүгээс дараахь асуудлуудад онцгой ач холбогдол өгч, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх нь зүйтэй юм. Үүнд: 

1. Хөгжлийн банк байгуулах үндэслэл, хэтийн зорилго, зорилтуудыг оновчтой дэвшүүлэн тавих

2. Хөрөнгийн зах зээл либеральчлагдаж, мөнгөний урсгал нэмэгдэж буй өнөө цагт хөгжлийн банк нь хувийн хэвшилтэй өрсөлдөхгүйн тулд маш тодорхой хэтийн зорилготой байх ёстой. Өөрөөр хэлбэл, явуулах үйл ажиллагаа нь тодорхой салбарууд дээр л төвлөрч, хувийн хэвшил хангалттайтүвшинд хийж байгаа зүйлсийг хийх шаардлагагүй юм. Тухайлбал, Германы KfW банк нь жижиг дунд бизнес, орон сууцын санхүүжилт, байгаль орчин болон олон улсын хөгжлийн чиглэлүүд дээр төвлөрөн ажилладаг байна. Нөгөө талаар, хэтийн зорилго нь тодорхой байх тусам хөгжлийн банк нь эргэж төлөгдөхгүй, муу төслүүдийг санхүүжүүлэх магадлал нь багасах ажээ. 

3. Хөгжлийн банкны үүрэг, чиглэл цаг хугацаа өнгөрөх тусам хувьсан өөрчлөгдөж өөр хэлбэрт шилжих, эсвэл хувьчлагдаж болно (Япон, Сингапурын хөгжлийн банкны жишээ). Тиймээс эхнээсээ алс хэтдээ тус байгууллагын бүтэц, зохион байгуулалт ямар байхыг бодитойгоор тодорхойлсон байх тусам сайн. Ингэж чадаагүй тохиолдолд, хөгжлийн банкны урт хугацааны, тогтвортой үйл ажиллагааг хангахад амаргүй. 

4. Хөгжлийн банкны үйл ажиллагаа нь Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк гэх мэт олон улсын санхүүгийн байгууллагуудаас үзүүлдэг зээл, тусламжаас хэрхэн яаж ялгарахыг тодорхойлох. Эдгээр олон талт байгууллагуудын хийхгүй байгаа, эсвэл хийж чадахгүй байгаа ямар ажлыг хийх вэ гэдгийг тооцох нь зүйтэй. Энэ нь үйл ажиллагааны давхардал, үр ашиггүй өртөг зардлаас зайлсхийх боломжийг бий болгоно. 

5. Гарч болох улс төрийн болон эдийн засгийн эрсдэлүүдийг тооцох ёстой. Нөгөө талаар, хөгжлийн банкны санхүүжилтийн тогтвортой эх үүсвэр байгаа эсэх, банк болон засгийн газрын хоорондын хамтын ажиллагааг хэрхэн зохицуулахыг шийдсэн байвал зохино. 

6. Ядуурлыг бууруулах зорилтуудтай хөгжлийн банкны зорилго, үйл ажиллагаагуялдах нь зохистой. Өөрөөр хэлбэл, ядуурлыг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх гэсэн засгийн газрын урт болон дунд хугацааны зорилгуудыг бодит ажил хэрэг болгоход хөгжлийн банк нь ямар үүрэг гүйцэтгэхийг тодорхойлох нь чухал. Нөгөө талаар, энэ нь засгийн газрын бусад агентлаг үйл ажиллагаатай хөгжлийн банк хэрхэн холбогдох, хамтран ажиллах зарчмыг тогтооход ч ач холбогдолтой. 

7. Хөгжлийн банкнаас хувийн хэвшилд үзүүлэх нөлөө

8. Засгийн газрын зүгээс хөнгөлттэй нөхцөл эдлэх хөгжлийн банк нь өөрийн хөрөнгөөр, бүх эрсдэлээхариуцан ажиллаж буй арилжааны банкны үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг сайтар тооцоолох хэрэгтэй. Тухайлбал, хөгжлийн банк байгуулагдахад өндөр ур чадвар, туршлага бүхий мэргэжилтнүүдийг олж авах тал дээр арилжааны банкуудтай өрсөлдөнө. Тэгэхээр, нэг талд ур чадварын хомсдол үүсэх магадлалтай. 

9. Үйл ажиллагаа, үйлчилгээ нь зах зээлийн горимоор явагддаг, хөрөнгө оруулагчдын тоо, төрлийг нэмж чадсан, ухаалаг, оновчтой засаглалын тогтолцоотой хөгжлийн банк амжилттай явж чадахыг Сингапурын Хөгжлийн банкны туршлагаас харж болно.

10. Хөгжлийн банкны хууль эрх зүйн орчныг бий болгох

11. Хөгжлийн банк нь харьцангуй амжилттай үйл ажиллагаа явуулсан улс орнууд нь ийм байгууллагад зориулсан хуулийг тусад нь гаргаж өгсөн байдаг. Гэхдээ тусгай хуулийг батлаж гаргаснаар бүх асуудал зөв тийшээ шийдэгдэнэ гэж хэлэх боломжгүй. Хамгийн гол нь ийм хууль маш тодорхой заалтуудтай, тэдгээр нь банкыг удаан хугацааны туршид эдийн засгийн хувьд тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжийг олгосон байх ёстой.

12. Хөгжлийн банкинд зориулан тусдаа хууль гаргах нь ийм төрлийн байгууллагын хувьд хувийн хэвшлийн зүгээс хэрэгжүүлэх боломжгүй ч эдийн засаг, нийгэм, байгаль орчны хувьд далайцтай үр нөлөө бүхий хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх эрхэм зорилготой нь холбоотой ажээ. Өөрөөр хэлбэл, санхүүжилтын эх үүсвэр нь татвар төлөгчдийн хөрөнгө байдаг, нөгөө талаас хадгаламж авдаггүй тул арилжааны банкны хуулиар санхүүгийн ийм байгууллагыг зохицуулах аргагүй юм. 

13. Хөгжлийн банкны хуульд тус байгууллагын зорилго, зорилт, удирдлага, зохион байгуулалтын тогтолцоо, ТУЗ болон гүйцэтгэх багийг томилох явц ба тэдний эрх үүрэг, хяналтын тогтолцоо, өмчлөл, хувьцаа эзэмшигчид, тусгай сангууд байх эсэх, дотоод журам, ногдол ашиг зэрэг олон асуудлыг нарийвчлан тусгадаг байна. 

14. Нөгөө талаар, хөгжлийн банк нь жижиг дунд бизнесийг дэмжих сан гэхчлэн зөвхөн төв банк юмуу аль нэг яаманд харьяалагдах ямар нэг данс биш, засгийн газрын шийдвэрээр байгуулагдах бие даасан инстутит болохын хувьд тодорхой хууль, эрх зүйн орчинтой байх хэрэгтэй аж.

15. Саяхан батлагдсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 17-р зүйлд засгийн газар нь төрийн өмчит хөгжлийн банкны урт хугацаат үнэт цаасыг худалдан авна гээд, тус банкны санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн төрлийг нэрлэсэн хоёр хэсэг заалт оруулжээ. Түүнчлэн, 17.5-д төрийн өмчит хөгжлийн банк нь хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг сонгон санхүүжүүлэхдээ Банкны тухай, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг баримтлана гэжээ. Энэ бүхнээс харахад, засгийн газар нь хөгжлийн банкны үйл ажиллагааг өнөөгийн хууль, тогтоомжинд багтаан зохицуулах боломжтой гэж үзсэн бололтой. Гэвч, бусад олон орны туршлага, жишээнээс харахад, нөгөө талаар дээр дурдсан нөхцөл байдлуудыг тооцон үзэхэд манай улсын хувьд хөгжлийн банкны хууль гаргах нь энэ байгуллагын урт хугацааны тогтвортой үйл ажиллагаанд ач холбогдолтой болохыг зөвлөж байна.

16. Засаглал болон удирдлагын асуудлыг оновчтой шийдэх

17. Хөгжлийн банк нь өдөр тутмын үйл ажиллагаагаа засгийн газраас хамааралгүй явуулах нь амжилтын үндэс болдогыг олон орныжишээнээс харж болно. Эсрэг тохиолдолд, хөгжлийн банк нь буруу тийш эргэх нь бараг л баталгаатай. Тийм учраас, удирдлагын тогтолцоог аль болох оновчтой, зөв механизмээр байгуулах хэрэгтэй аж. Тухайлбал, бие даасан ТУЗ байгуулах нь зүйтэй бөгөөд гишүүдийн дийлэнх нь хувийн хэвшлээс байх. Түүнчлэн иргэний нийгмийн төлөөлөлийг ч оруулж ирж болно. 

18. ТУЗ-ын гишүүд нь нийгэм, эдийн засгийн хөгжил, хөгжлийн санхүү, бизнес, банк, удирдлага менежмент, санхүүгийн чиглэлээр арвин туршлагатай байхаас гадна улс төрийн нөлөөлөөс ангид байхаар сонгох ёстой. Улс төрийн шалгуураар гишүүдийг оруулж ирэх нь эрсдэлийг нэмэгдүүлэх аюултай.

19. Эрсдэлийн менежментийн зохистой тогтолцоог бий болгох, зээлийн бодлого ил тод байх, түүнчлэн бие даасан аудитийн систем маш чухал. Эдгээр зүйлсийг сайн хийж чадахгүй бол зээлийн эргэн төлөлтийн түвшин урт хугацаандаа муудах эрсдэл гарч ирдэг ажээ. 

20. Өмчлөлийн эх үүсвэрийг олшруулах нь чухал. Дан ганц төрийн өмчинд тулгуурлах нь эрсдэлийг эрс нэмэгдүүлнэ. Тухайлбал, Кенийн хөгжлийн банкны өмчлөгчид нь тус улсын засгийн газраас гадна Британийн CDC, Германы хөгжлийн банк DEG, Голландын FMO болон Олон Улсын Санхүүгийн Корпорац болох IFC нар ажээ. 

21. Банкны үйл ажиллагааны талаарх мэдээлэл олон нийтэд ил байна. Жилийн тайланг боловсруулан гаргаж, олон нийтэд хүргэх, Интернет дээр тавих асуудлыг дүрмэнд оруулах.

22. Үр дүнг хэмжих маш тодорхой шалгуур үзүүлэлтүүдийг гаргаж тавих нь зүйд нийцнэ. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчдийн хөрөнгөөр ямар ажил хийсэн, энэ нь хөгжилд чиглэсэн ямар асуудлыг шийдэж байгаа нь олон нийтэд ил тод, ойлгомжтой байх ёстой. 

23. Нийгэмд авч ирэх эерэг нөлөөллийг тодорхойлох

24. Хөгжлийн банкны хэрэгжүүлэх төслийн эдийн засгийн үр өгөөжийг үнэлэхээс гадна тухай төслийг хэрэгжүүлсэнээр нийгэм, эдийн засаг, байгаль орчинд гарах эерэг үр нөлөөг ч тооцох ёстой. Хувийн бизнес ашгийн төлөө гэсэн зарчмаар хэрэглэгчдэд тодорхой бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэдэг. Харин, татвар төлөгчдийн мөнгөөр бий болж, хөгжлийн төлөөх төслүүдийг хэрэгжүүлснээр гарах үр өгөөж, эерэг нөлөөлөл нь аль болох тодорхой, бодитой, үзэгдэж харагдахуйц байх ёстой. Хөгжлийн төлөө сайхан нэрийн доор үр нөлөө нь хэзээ гарах нь мэдэгдэхгүй төслүүдийг санхүүжүүлэх нь дампууралд хүргэдэгийг олон жишээнээс харж болно. 

25. Түүнчлэн хөгжлийн банк нь тогтвортой хөгжил, сайн засаглалыг дэмжиж,авилга, хээл хахуулиас ангид байх ёстой. Хөгжлийн төлөө үйл явуулж буй байгууллагын хувьд, хөгжлийн банк нь нь олон нийт, хувийн хэвшилд үлгэр жишээ болохуйц зарчмуудыг баримтлах нь хамгаас чухал. Ингэж чадахгүй тохиолдолд, дотооддоо олон нийтийн итгэлийг хүлээхгүй болохоос гадна олон талт донорууд, санхүүгийн байгууллагатай хамтран ажиллах боломжгүй болох аюултай ажээ. 

26. Хувийн хэвшлээс суралцах

27. Удирдлага, зохион байгуулалтын оновчтой механизм, тогтвортой ажиллагааны хөшүүргийг хувийн хэвшил дэх шалгарсан туршлага, загвар дээр үндэслэн бий болгох хэрэгтэй. Компаний засаглал, гүйцэтгэх удирдлагатай хийгдэх гэрээ, үйл ажиллагааг нь үнэлэх маш тодорхой шалгууруудыг гаргахдаа хувийн хэвшлийн шилдэг практикийг ашиглахгүй бол манай улсад өмнө нь байсан төрийн өмчит банкуудын гунигтай хувь заяа давтагдах эрсдэлтэй. Нөгөө талаар, олон нийт, татвар төлөгчидданхар бүтэцтэй, засгийн газрын нэг агентлаг шиг ажилладаг байгууллага дахин шинээр байгуулахыг хүлээн зөвшөөрөхгүй.

28. Үйл ажиллагаа, үйлчилгээгээ зах зээлийн горимоор явуулбал зохистой. Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүн үйлчилгээн дээр эрэлт, нийлүүлэлтийн хуулийг баримтлах, үр ашиггүй, зардлаа нөхөхгүй төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхгүй байх, хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагыг хангасан бүтээгдэхүүнийг гаргах, хөгжлийн банк гэдэг нэрийн доор хүнд суртлын аппарат үүсгэхгүй байх зэрэг нь онцгой чухал.

29. Хөгжлийн төслийн гарах үр нөлөө ба эргэн төлөгдөх нөхцөл хоёрыг тэнцвэржүүлэх

30. Өөрөөр хэлбэл, хөгжилд тустай боловч эдийн засгийн үр өгөөжгүй төслүүдийг санхүүжүүлээд эхэлбэл тус байгууллага дампуурсан төрийн өмчит банкуудын араас орно. Бусад улс орны жишээг харахад ч гэсэн үр ашиг муутай төслүүдийг хөгжлийн төлөө гэдэг сайхан үгийн халхавчин доор зээлжүүлэх нь яваандаа хөгжлийн банкийг унагаадаг ажээ. Тэгэхээр нийгэм, эдийн засаг, ядууралтай холбоотой бусад үр өгөөжөөс гадна санхүүгийн тогтвортой байдал нь ямар ч төслийн хувьд амин чухал. 

31. Тиймээс эдийн засгийн үр өгөөж нь тодорхой хугацааны дараа гарч ирэх, гэхдээ өнөөдрийн байдлаар хувийн хэвшил дангаараа шийдэх боломжгүй төслүүдийг маш нухацтай авч үзсэний үндсэн дээр хөгжлийн банк хэрэгжүүлэх эсэхээ шийддэг механизм онцгой чухал юм. Үүний тулд, өнөөдөр үйл ажиллагаа нь амжилттай явагдаж буй гадаадын хөгжлийн банкуудын туршлагаас суралцаж, ажилдаа нэвтрүүлэх шаардлагатай.

 

 

 

Баабар