Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр ЗГХГ-ын дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ "Монгол Улсын Ерөнхий сайд өнөөдөр Засгийн газраас нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай асуудлаар Засгийн газрын гишүүд, Нийслэлийн Засаг даргад хугацаатай албан даалгавар өглөө.

Энэ албан даалгавар бол нийт 164 асуудлыг хамарч байгаа. Мөн нэн шаардлагатай боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх 31 хуулийн төслийг намрын чуулганаар УИХ-д өргөн мэдүүлэх асуудлыг холбогдох албаныханд үүрэг болгосон. Эдгээр даалгаврын хүрээг товч ярьбал бизнест ээлтэй орчныг бүрдүүлэх, авлига албан тушаалаас ангид бизнес эрхэлж байгаа хүн бүрийг алагчлалгүй дэмждэг, хүн сурталгүй төрийн албыг бий болгох, мөн татварын таатай орчныг бүрдүүлж, тэр дундаа жижиг, дунд бизнес эрхэлж байгаа хүмүүсийн нуруун дээр байгаа ачааг хөнгөвчлөх асуудлаар тодорхой үүрэг даалгаврыг өгсөн.

Мөн төсвийн сахилга батыг сахих, хариуцлагыг чангатгах зорилгоор Үндэсний аудитын газраас  Монгол Улсын 2026 оны төсөвт хийсэн аудитын мөрөөр авах арга хэмжээний талаар мөн даалгавар өглөө. Энэ хүрээнд хязгаарлалттай дүгнэлт авсан 659, сүүлд дүгнэлт авсан 25, дүгнэлт өгөхөөр татгалзсан 19 байгууллага төсвийн захирагчийн ажлыг үнэлж, хуулийн дагуу хариуцлага тооцох энэ ажлыг шуурхай зохион байгуулахаар боллоо.

Энэхүү албан даалгаврын хүрээнд 48 цагийн хугацаанд иргэдээс санал авсан. Нийт 30 мянган иргэн хамрагдаж, санал ирүүлсэн. Бид эдгээр саналыг цаашид үйл ажиллагаандаа тусгана" гэв.