Э:Батнямбуу: Кино урлагийг амархан, үзэгчдээ тэнэг гэж боддог хүмүүс байна
2022/02/08
Өнчин ягааны Цогоо. Үзэгчдийг хуйлруулсан “37-р точка” олон ангит киноны овоохон атаманы дүрээр үзэгчдэд илүү их танигдсан Энхтайваны Батнямбуутай ярилцлаа.
- 37-р точка киноны “Өнчин ягааны Цогоо”-гоор үзэгчдэд илүү их танигдсан. Үүнээс гадна өөр хэчнээн кинонд тоглосон билээ. Том, жижиг дүрүүд?
Тэнгэрээс буусан од, Маш нууц 1,2, Бууны сумыг буцааж болохгүй, Дежа вю, Буруу өрөг. Өнгөрсөн зун Бэрх шагай нэртэй үлгэрийн кинонд туслах дүрд тоглосон. Энэ бол Бушхүүгийн үлгэр, Алтан өргөө зэргээс хойш хийж байгаа анхны бүрэн хэмжээний үлгэрийн кино.
- Маш нууц киноны 1,2-р анги дээр гардаг билүү. Ёстой анзаараагүй юм байна?
Хальт гардаг юм аа. Эерэг нь ч бий, эсрэг нь ч бий. Бүгд туслах дүр.
- Дэлгэцээр тэр бүр гараад байдаггүй ч кинотой үргэлж холбоотой ажилладаг байх, тийм үү?
Гол төлөв гэрлийн найруулагчаар ажилладаг.
- Гэрлийн найруулагчаараа хэчнээн кинонд ажилласан бэ?
Гэрэлтүүлэгчийн туслахаар 2009 оноос эхлэн ажиллаад 2013 оноос гэрлийн найруулагчаар ажиллаж байна. Нийт 40-50 кинонд энэ чиглэлээрээ ажилласан.
- “Дежа вю” киноны зохиол Холливуудын ижил нэртэй кинотой адилхан уу. Дензель Вашингтон, Холли Берри хамтарч тоглосон?
Адилхан биш байх. Утга санаа нь ойролцоо байж магадгүй.
- Кино зохиол бичиж байгаа юу?
Одоогоор бичээд гаргачихсан юм байхгүй. Оролдоод л байна.
- Өдрийн цагаар зураг авахдаа гэрлээ хэрхэн тавьдаг вэ. Манай киноныхон ихэвчлэн подсвет ашигладаг хэвээрээ юү?
Гэрэл, подсвет ашиглана, нараа хаана, нарандаа ч авна. Ер нь янз, янзаар л авна шүү дээ. Дээр дурдсан Бэрх шагай үлгэрийн УСК-нд гэрлийн найруулагчаар давхар ажилласан.
- Киноны гэрэл тавих тухай ярих гэхээр миний хувьд мэдэхгүй учир нарийвчилж яримааргүй байна. Үүний оронд сахалны талаар ганц хоёр юм асууя?
Миний сахал муу ургана аа.
- Манайхны кинонд муу хүн гэхээрээ л сахалтай дүрслэх юм. Тэгээд утга учиргүй баахан бавайсан сахал наачихна. Тэр нь дэлгэцээр маш тод харагддаг. Олон кинонд ажилласан туршлагатай хүний хувьд “наад хиймэл сахлаа больчхооч” гэмээр үе таарч байсан уу?
Янз, янз байдаг л даа. Үнэхээр ч зарим нь ичмээр байдаг шүү. Зарим киног үзэж байхад мэдэгдээд байдаг хиймэл сахалнуудыг хараад ичээд байдаг юм. Нүүр будагчид нь анхнаасаа л сахалтай бол гоё харагдна гэхээр тестэлж үздэг.
- Тэгээд зураг авч байхдаа монитороосоо хараад болиулдаггүй юм уу. Зохиолоо ярьчхаад зураг авах үеэр багийнхныхаа санаа оноог сонсож, алдаагаа залруулдаггүй юм уу?
Би сахал хийлгэж байгаагүй ээ. Хууз нэмж хэдэн үс наалгаснаас хэтрэхгүй. Найруулагч , нүүр будагчин, зураглаач, зураач, гэрэлтүүлэгч гээд багийнхан бүгд ярилцаж, тохиролцоод тестээ хийгээд батлаад гаргадаг шүү дээ.
- Уйлдаг дүр авч байв уу?
Авч байсан.
- Манай кинонуудад монгол эрэгтэй хүнийг уйлж байгаагаар нь их гаргадаг нь зохимжгүй санагддаг. Араб ч юм уу, хятад эрчүүд кинондоо уйлахаар зохиод байдаг?
Нулимс дуслуулаад уйлж тоглохыг хүсдэггүй юм аа, би.
- Заавал монгол эрчүүдийг уйлуулах шаардлага байдаг юм уу?
Ямар нөхцөлд тоглож байгаагаасаа шалтгаална л даа. Тэгсэн ч гэсэн монгол эрчүүдийн урвагар дүр, тэр дундаа уйлж унжаад байх нь нэг их зохимжгүй харагддаг. Бусад жүжигчинг мэдэхгүй юм, миний хувьд нулимс урсгаж тоглох дургүй.
- Уйлахын оронд ядаж хөмхийгөө зууж тогловол дээр биш үү?
Уйлмаар байсан ч тэр сэтгэл хөдлөлөө тээж, илэрхийлж тоглохыг чухалчилдаг. Уйлахгүй хүн ч гэж юу байх вэ. Ядаж л нулимсаа нууна бас буцаагаад залгина, тийм үү.
- Манай киночид хэт баруунжаад байгаа юм шиг санагддаг. Дорнын хүнд өрнийн хүнийн сэтгэлзүйг хүчээр наах гээд байдаг. Жишээ нь, хаа хамаагүй уйлах гэх мэт, сая дээр дурдсан шиг?
Найруулагч бүрийн онцлогоос киногоо харах өнцөг нь янз, янз байдаг байх. Тэр дунд гадны киног дуурайх, жишээ авах явдал харагддаг. Кино уран бүтээлчид туршлагажаад алдаагаа засаад хөгжөөд ажиллаж байгаа баг хамт олон, уран бүтээлчид байхад үнэхээр уучлаад үзье гэсэн ч уур хүрмээр уран бүтээл, уран бүтээлчид байдаг л юм. Наад зах нь постер, трейлэр үзэхэд л харагддаг юм. Кино урлагийг амархан гээд бодчихсон нь харагддаг юм. Мөнгө олохоо урьтал болгоод үзэгчдээ тэнэг гээд бодчихсон. Үүгээрээ өөрсдийнхөө хэм хэмжээг харуулдаг. Судалгаа байхгүй, олон талын судалгааг хийхийн оронд амархан бодоод хийчихсэн нь харагддаг юм. Наанадаж, зохиолд нь хүн гарч байгаа бол хүн судлал, сэтгэл судлалаас авахуулаад хийх ажил их бий. Би ч сурж, хичээж яваа залуу хүн. Гэхдээ заримдаг уран бүтээлчид арай л хэтрүүлж байна. Кино зурганд гарахаас өмнөх бэлтгэл ажил маш чухал.
- Жишээ нь сахлаа нааж тестлэх гээд үү?
Сахал дээр бол алдаа гаргах, хариуцлага, туршлага гээд янз бүрийн л шалтгаан бий.
- Хэрэв зохиол нь муу байгааг эсвэл кино гарсны дараа сэтгэгдлээ хэлвэл яах вэ. Зодуулах уу. “Ээ, хүүдий. Ийм юм хийхээ болиоч” гэж хэлмээр санагдах үе байсан уу?
Төрсөн сэтгэгдлээ хэлж байсан.
- Яг үнэнээр нь хэлсэн үү?
Цаасан дээр сууж ажиллах талаас нь түлхүү хэлж байсан. Одоо зодож, цохидог үе өнгөрсөн шүү дээ. Сэтгэгдлээ хэлэхэд хүлээж авах хүнээсээ л болдог.
- Киноноос өөр юу хийж байна вэ?
Юу ч хийгээгүй. Кино тойрог дотроо л...
- Сонирхол?
Одоо мэргэжлээрээ түлхүү ажиллаж байна.
- Фантастикийнхантай дахиж жүжигчнээрээ ажиллаж байгаа юу?
Жүжигчнээрээ ажиллаж байгаа. Хараахан эхлээгүй. Фантастикийн залуус зүгээр суухгүй. Энэ кино нь УСК. Бас хэд хэдэн уран бүтээл төлөвлөчихсөн. Жүжигчний хажуугаар гэрлийн найруулагчаар ажиллахаар ярьж байгаа. Ажиллагаа ихтэй, сонирхолтой, амттай кинонд гэрлийн найруулагчаар ажиллах урамтай сайхан байдаг шүү.
- Шүтлэгтэй юү?
Нэг их биш. Яах вэ, засал ном хийлгээд уншуулчихдаг.
- Хааяа ламддаг гэсэн үг юм байна, тийм ээ?
Жилийн засал хийлгэнэ.
- Хийморь лундаа гэж ярихаар хүүхнүүд их дургүй, үгүйсгээд байдаг шүү дээ. Эр хүний босоо хийморь гэж юу байдаг юм гээд байдаг. Хийморь гэж яг юу юм? Ийм юм байдаг юм уу, үгүй юм уу?
Тэр ч сэтгэлийн юм л гэж боддог. Эр хүний хийморь гэж байна. Санаагаа буруу ойлгуулчих вий гэж бодогдоод байх юм.
- Өөрийн тань үгээс эш татаад л гарчиг өгнө дөө?
Гарчиг нэлээд чухал байх. Би нэг ярилцлагын гарчгаас их ичсэн шүү.
- Хаана ярилцлага өгсөн юм?
Нэг сэтгүүлчид өгсөн юм аа. “Найруулагчид намайг харчхаасай гэж гэж боддог” гэсэн байсан байх аа.
- Манайх тэгж мушгин гуйвуулахгүй ээ, хө. Муухай шүү дээ?
Эвгүй юм байна билээ. Дотроо тэгж бодож явдаг нь жүжигчин хүн бүрийн л бодол ч билүү, юу билээ, нэг тиймэрхүү зүйл ярьсан юм. Тэгсэн чинь шууд тэр утгаар нь, дүр горьдож явдаг юм шиг гарчиглачихсан байсан.
- Эргээд хийморьтоо оръё. Хүүхнүүдийн ярьдгийн эсрэг нүүдэл хийгээч?
Амьтан алж, буу шагайж хийморь сэргээх тал дээр эсрэг байр суурьтай байдаг. Багадаа хашаа хороогоо цэвэрлээд ус, түлээ гээд гэр хорооллын бүх хүүхдийн л адил өссөн дөө. Харин одоо хань маань надаар хог асгуулдаггүй шүү.
- Гэрийн гадаах ажил эрчүүдийнх, харин гэр доторх ажил эмэгтэйчүүдийнх гэдэг. Одоо гэр бүлийн ажил хөдөлмөрийн үүргийн хуваарь?
Ажлын зав чөлөөнөөс шалтгаалаад аль боломжтой нь амжуулдаг даа. Хөл хорио гээд эхнэр илүү давамгай гэрийн ажил хийж байгаа. /инээв/ Түүнээс өмнө би нуруун дээрээ үүрч явлаа шүү дээ.
- Гэхдээ ажлаар натурт яваад ирэхэд эрх биш гэртээ ирэв үү гэсэн шиг шууд гэрийн ажил хийлгээд байдаггүй биз дээ?
Тэгэхгүй ээ.
- Хийморь лундаа чинь хог асгахтай бас холбоотой биз дээ?
Тэгнэ, бас. /инээв/ Өмнө нь нэг их юм боддоггүй байсан юм. Тэгтэл эхнэртэйгээ сууснаас хойш айлын эр хүн тэгж болохгүй гээд хог асгахаас өгсүүлээд жижиг сажиг юм огт хийлгэдэггүй. Нээрэн тийм ч юм уу гэж боддог болсон. /инээв/
- Би олон эгчтэй. Ээж, эгч нар нийлээд эр хүнээр гэрийн ажил хийлгэхгүй гээд гал тогоонд хэзээ ч ойртуулж байгаагүй. Одоо ч ойртуулдаггүй. Үүнийгээ хийморьтой холбож тайлбарладаг юм?
Би бол аль, алиныг нь хийж өссөн болохоор юу, юугүй хийморь энэ тэр гэж боддоггүй. Чадах юм, чадахгүй юм гэж байна, эсвэл юуг нь буруу хийчих вэ гэж бодно шүү.
- Эр хүний хийморио жаахан өмөөрье гэтэл бүтэхгүй юм байна. Тэгвэл, уянгын халилтай ч гэсэн хувь тавилангаа сөрж амьдарна гэдэг ойлголтыг юу гэж боддог вэ. Хувь тавилан гэж юу юм. Хувь тавилан гэж дагаад жирийлгээд байдаг юм уу, эсвэл сөрөөд давхичхаж болдог юм уу?
Сөрөөд, унаад хувь хүн өөрчилж байна гэж бодъё л доо. Түүний үр дүн нь угаасаа л хувь тавилан гэж боддог. Хүн өөрөө л хувь тавилангаа зурдаг гэж ойлгодог. Тэгсэн бол тэгэхгүй яав даа гэж хожим харамсаад байгаа нь хүртэл хувь тавилан, амьдралын жам гэж боддог доо.
- Тэгвэл ямар ч алхам хийсэн үр дүн нь тавилангийнхаа дагуу явж байгаа гэсэн үг юм уу?
Тэгж ойлгож болно. Сайн, муу ямар ч алхам хийгээд гарах үр дүн, өөр юу байдаг юм, тэр хүн л хувь тавилангаа зурж байна гэсэн үг.
- Миний өмнөх зочин сэтгүүлч эмэгтэй. Би түүнээс хэзээ нэгэн цагт ярилцлага өгвөл ярих юм сан гэж бодсон сэдэв байдаг уу гэж асууж байлаа. Үүн шиг дахин ярилцлага өгвөл ярина даа гэж бодсон сэдэв бий юү?
Яг үнэндээ, би ярилцлага өгөх, нэвтрүүлэгт орох дургүй. Урьд нь нэг л удаа ярилцлага өгч үзсэн. Сошиал сүлжээнд идэвхгүй. Мэргэжлээрээ ажиллахын тулд киноны туслахаас өгсүүлэн ажилласаар саяхнаас л үзүүрээс нь атгаж авлаа гэж боддог. Мэргэжлийнхээ гоо сайхан, ур чадвар гээд байж болох бүхнийг дайчилж, урлагт хайртай үзэгчдэдээ мэдрүүлэхийг зорьж байна. Өөр юу ч байх вэ дээ. Цаашдаа ч мэргэжлийн талаасаа өөрийгөө илүү хөгжүүлж, хүч сорьсон бүтээлд хичээж ажиллана л гэж боддог.
- Тэгтэл нэг сэтгүүлч хүүхэн гуйвуулаад хүмүүст буруу ойлголт өгөхөөр ярилцлагаа гарчигласан юм байна, тийм үү?
Гэсэн ч хоёр талтай гарчиг гэж боддог. Найруулагч намайг гаргаж ирсэндээ бахархаж явдаг, би найруулагч болгонд таалагдах гэж гүйдэг юм шиг утгатай. Маш эвгүй санагдсан.