Дэлхийн 30 гаруй  оронд амьдарч байгаа монгол хүүхдүүдэд  зориулан монгол хэл, монгол ахуй, зан заншлын хосолсон онлайн сургалт явуулдаг “Унага” сургалтын төвийг үүсгэн байгуулагчдын нэг,  хэл шинжлэлийн ухааны докторант Б.Атар-Эрдэнэтэй ярилцлаа.

-Онлайн сургалтын төв атал амжилттай ажиллаж ирсэн нь анхаарал татлаа. Сургалтын аргачлал, онцлогийг асуумаар байна?

 

-Бид сургалтын төв нээхээр  2019 оноос  эхэлж ярьсан юм. Хөтөлбөрөө боловсруулж батлуулаад  2020 оны  дөрөвдүгээр сараас сургалтыг эхлүүлсэн. Яагаад онлайн сургалтын төв гэж нэрлэв гэхээр дэлхий даяар тархан суурьшсан монгол хүүхдүүддээ эх хэлний боловсролыг цахимаар олгож байна. Сургалтын онцлог нь хүүхдүүд  эх  хэлээ сурангаа монгол  соёлоо  сурах  боломжийг бүрдүүлж өгсөн. Гадаадад амьдарч хүүхдүүдэд зориулсан тусгай хөтөлбөртэй. Хичээлийн бүх материалыг цахим хаягаар нь явуулдаг. Манайх онлайн орчинд ажилладаг туршлагатай мэргэжлийн багш нартай, тэр дотроос “Унага” шатны хүүхдүүд маань  “Үсэглэлийн баяр”-аа хийдэг, түвшингээ  ахиулан  суралцах боломжтой гэхчлэн олон  давуу талтай.

 

-Гадаадын зарим улс оронд “Монгол сургууль” байдаг юм билээ. Тухайлбал, ХБНГУ-д ийм сургууль бий. Тэднээс юугаараа өөр вэ?

 

-Зарим улс оронд монгол сургуулиуд бий. Гэхдээ тэд том хүрээг хамарч чаддаггүй. Хэдхэн хот эсвэл тухайн хотын ойролцоох хүүхдүүд л очдог. Хол байгаа нь  хамрагдах боломж хязгаарлагдмал. Гадаадад олон жил амьдрахаар эх хэл нь алдагддаг. Аав ээжүүд түүнийг шийдэх боломжгүй. Энэ байдлыг анзаарсны үндсэн дээр бид  “Унага” сургалтын төвөө байгуулсан юм. Одоо дэлхийн 30 гаруй улсад сургалт явуулдаг. Жишээ нь, Малайз, Африкийн орнуудаас, Англи, АНУ, Япон, Солонгос гээд монгол хүн хаана байна, тэндээс  манай сургалтад хүүхдүүд хамрагддаг. Тэгэхээр зөвхөн тухайн хот, нэг орчинд байгаа  хүүхдүүд сургалтад хамрагдах бус  магадгүй тэр хотод ганцхан монгол хүүхэд байсан ч ер нь дэлхийн хаанаас ч хамрагдах боломжтой сургалтын төвийг онлайн хэлбэрээр  бий болгосон. Өнөөдөр бид 20 гаруй багшийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Бид хэдийгээр эх хэлээрээ ярьж байгаа ч монгол хэлний хичээлийн заах арга барил гэж байх ёстой. Тиймээс мэргэжлийн багш нарыг урьж ажиллуулсан. Дээр нь  маркетинг,  санхүү, хүний нөөц, боловсон хүчний чадавх гэхээр яг л компанийн бүтцээр ажиллаж байна. Хамгийн гол нь бүх үйл ажиллагаа цахимаар явагддаг.

 

-Үүсгэн байгуулагчид нь ямар хүмүүс байдаг вэ? 

 

-Анх гурван хүн хамтарч үүсгэн байгуулсны нэг нь би. Нэг нь Америкт, нөгөө нь Монголд байгаа. Миний хувьд  БНХАУ-ын ӨМӨЗО-ы их сургуульд  хэл шинжлэлийн докторантаар сурч байна. Бид цахимаар харилцаж, тус тусын ажлаа хийгээд явдаг.

 

-Хүүхдүүдээс гадна насанд хүрэгчид сургалтад хамрагдах боломжтой юу?

 

-Сурагчдын 80 хувь нь бага насны хүүхдүүд байдаг. Насанд хүрэгчид  ч  сургалтад хамрагддаг. Тухайлбал, монгол хүнтэй гэр бүл болсон   гадаадын иргэд 20 нас хүртэл гадаадад амьдарсан монголоороо ярьдаг, ойлгодог  хэрнээ бичиж чадахгүй  залуус байна. Хамгийн өндөр настай суралцагч 62-той байсан. Гадаадад байгаа иргэдэд ойр зуурын  хэлний мэдлэг чухал. Жишээ нь, англи хэл бол  хэрэглээ. Тэгвэл эх хэл маш чухал. Монгол хүнийг бий болгож байгаа үндэс нь тэр шүү дээ.

 

-Элсэлтээ яаж авдаг вэ?

 

-Манай үйл ажиллагаа 100 хувь цахимаар явдаг. Сошиал орчноос, манай  цахим хуудас, инстаграм дээрээс аль ч хэлээр мэдээлэл аваад бидэнтэй холбогдох боломжтой. Суралцагчдын 90 хувь нь ийм байдлаар холбогддог.

 

-Багш нар нь хаанаас хэрхэн хичээлээ явуулдаг вэ?

 

-Тухайн орны хэлээр ярих учраас багш тусгай хэлтэй байх ёстой. Иймд манай зарим багш Америкт ажиллаж, амьдарч байгаа хүмүүс бий. Япон, Солонгос мөн адил. Тусгай хэл шаардаж байгаа орнуудад  тэндээ ажиллаж, амьдарч байгаа багш нартай холбогдож хамтарч ажилладаг. Ер нь багш нарын 80 хувь нь Монголд байдаг. Гадаадад байгаа багш нар маань өндөр цалин мөнгө шаардаад байдаггүй. Ихэнх нь хүүхдүүдийг  эх хэлээ  зөв, сайн сураасай гэж сэтгэл зүрхээ зориулсан хүмүүс байдаг. Тэд байгаа орчноо мэдэрсэн, хүүхдүүд эх хэлнээсээ төсөөрч холдож байгаад сэтгэл нь эмзэглэдэг учраас энэ ажилд маш идэвхтэй, сэтгэлээсээ оролцож дэмждэг. АНУ-д монголчууд  олон  жил амьдарсан, тэр хэрээр хэлний боловсрол тулгамдсан байдаг. Тэр үүднээсээ бидний үйл хэргийг сайн ойлгож дэмждэг. АНУ-д амьдардаг нэг сурагчийн маань ээж мэргэжлийн багш хүн байдаг. Анх хүүхэд нь манай сургалтад хамрагдаж, эх хэлээрээ сайн ярьдаг болсон. Одоо ээж нь манай төвд багшилж байгаа.

 

-Сургалтын төвөө “Унага” гэж нэрлэсэн нь содон юм байна?

 

-Манай үүсгэн байгуулагчдын нэг нь маркетингийн мэргэжилтэй. Бид гурав ярьж байгаад энэ нэрийг сонгосон. Манай төв эх хэлний боловсрол олгохоос гадна монгол  ёс заншил, өв соёлын хичээлүүд заадаг. Жишээ нь, хичээлийн агуулгад, цагаан идээ, үндэсний хувцас, ёс заншил гэж юу болох тухай нарийн хэсэгчилж заадаг. Монголчууд адууг унага, даага, шүдлэн, хязаалан, соёолон, их нас гэж зургаан насаар нэрлэдэг.

 

 

Дэлхийд  адууг зургаан өөр нэршлээр нэрлэдэг  өвөрмөц соёлтой улс орон Монголоос өөр хаана ч байхгүй. Англи хэлэнд  гэхэд нэг настай морь, хоёр настай морь гэж нэрлэдэг.

 

 

 

Хятад хэлэнд мөн адил. Унага бол хамгийн анхны шат, цааш даага, шүдлэн гээд явдаг.  Тиймээс төвөө “Унага” гэж  нэрлэсэн.

 

-Өөрөө хэл шинжлэлийн докторантаар сурч байгаа гэсэн. Тэр дотроо аль чиглэлийг нь сонгов?

 

-Нийгмийн хэл шинжлэлийн чиглэлээр сурч байна. Нийгмийн шилжилт хөдөлгөөн, нийгмийн давхарга, нийгмийн бүлгийн хэлний байдлыг судалдаг. Энэ нь манай сургалтын төвтэй холбогдоно. Жишээ нь, цагаачдын гэр бүл дэх  хүүхдүүдийн хоёр дахь хэлний асуудал гэх мэт сэдвүүд үүнтэй холбоотой.

 

Монголчууд цөөхөн. Тиймээс эх хэл минь маш үнэ цэнтэй.

 

Дэлхийн том хотуудад хүн амын олонхийг харж сургууль нээдэг, нэг хотод 30-хан хүүхдэд сургууль нээх боломжгүй. Тэгэхээр онлайн сургалт нь төсөв зардал, хил хязгаар, цаг хугацаа гээд бүх талаас авч үзэхэд дэлхийгээр тархан суусан монголчуудад хамгийн тохиромжтой хувилбар.

 

-Сургалтын чанар хэр байдаг вэ. Энэ талын судалгаа байдаг уу?

 

-Сургалтын чанарын үнэлгээнээс гадна хөтөлбөр, агуулга маш чухал. Монголд улсын шалгалт авч тухайн хүүхдийг оноогоор дүгнэдэг. Бидний хувьд одоогоор тийм үнэлгээ хийхгүй. Харин сургалтын хөтөлбөрийг багш нар хамтран боловсруулсан. Монголд байгаа хүүхдүүд  эх хэлээрээ ярьдаг, ойлгодог, үгийн баялагтай, сурах бичгээ үзээд сураад явж  байгаа. Гадаадад байгаа хүүхдүүд тийм боломжгүй, дээр нь хоёрдогч хэлийг зааж байгаа гэдэг утгаараа хүндрэлтэй. Дээр нь тэнд байгаа хүүхдүүд сэтгэхүйн хувьд ч өөр байдаг. Тиймээс  тусгай хөтөлбөр боловсруулж хичээлээ системтэй  заадаг.

 

сонин mn

 

Тухайлбал, шагайгаар тоглодог уламжлалт тоглоомуудын талаар хичээл ороход нэг сурагч гэртээ хариад уйлсан байсан. Тэр хүүхэд өөрөө цагаан хоолтон учраас  “Та нар хонь, ямааг алж идээд ясаар нь тоглож байна. Өөр тоглох юм олддоггүй юм уу” гэсэн байгаа юм. Тэгэхээр сэтгэлгээний хувьд өөр байгаа нь харагдаж байгаа биз. Хичээлийн цагийн хувьд мэдээж стандартаа барьдаг. Сургалтын агуулга, хичээлийн хувьд гадаадад амьдарч, өсөж торниж буй хүүхдүүдэд тохирч байгаа гэж үздэг. Өнгөрсөн хоёр жил бид нийтдээ 2000 гаруй хүүхдэд эх хэл, монгол соёлын боловсрол олголоо. Одоо ч үргэлжлүүлээд сургалт явуулж байна.

 

-Гадаадад амьдардаг эцэг эхцүүдэд хүүхэд нь монголоороо ярихгүй, мэдэхгүй байна гэдэг том бэрхшээл. Гэтэл Монголд бол эцэг эхчүүд хүүхдээ  орос, хятад хэлний сургалттай цэцэрлэгт оруулах болсон. Энэ талаар таны байр суурийг сонирхоё?

 

-Хүүхдээ цэцэрлэгээс нь шууд орос, хятад хэл эзэмшүүлж байгааг би хувьдаа зөвтгөж чаддаггүй. Эх хэлээ анхнаас нь цэгцтэй зөв сурсан хүүхэд дараа нь ямар ч хэлийг төвөггүй сурна. Монгол хэл өөрөө алтай язгуурын хэл. Зарим гийгүүлэгч, авиа нь бусад хэлэнд байдаг. Монголчууд англи хэлийг амархан сурдаг. Япон, солонгос хэлийг ч амархан сурдаг нь тийм учиртай. Тэгэхээр монгол хэлэндээ тогтоогүй хүүхдүүдэд хоёр дахь хэлийг оруулж ирэхээр гаднаа монгол хүн шиг, дотоод сэтгэхүй нь гадаад хүн  шиг  болж төлөвшиж байна. Эцэг эхчүүд үүнийг сайн ойлгож, ухамсарлаасай. Өөрт тохиолдсон нэг жишээг хэлэхэд Австралид сургууль  төгсөөд тэндхийн  компанид  ажилд ороход  олон шалгуулагчаас  намайг сонгосон. Тэдэн дунд англи хэлтэй, АНУ-д төрж өссөн монгол оюутан ч байсан. Яагаад намайг авсан бэ гэвэл  монгол хэлэндээ сайн байна, Монголд ажиллах учраас ярианы чадвар өндөр байх ёстой гэж үзсэн. Англи хэл бол хэрэглээ, түүнээс биш  монгол хүний үнэт зүйл мөн чанар биш шүү дээ. Монгол хүүхдүүд Д.Нацагдоржийн, О.Дашбалбарын шүлгүүдийг уншаад, сонсоод огшдог бол гадаадад өөр хэлээр сурч өсөж төлөвшсөн хүүхдүүд яруу найргийн утгыг ойлгож баярлаж хөөрч огшихгүй. Энд л гол ялгаа нь байгаа юм. Дэлхийд англи хэлтэй хүн нэг тэрбум байгаа бол монголчууд гурван сая гаруй. Бид хэл, соёлынхоо үнэт зүйлийг гүнзгий ойлгож, мэдрэх ёстой. Монгол хэлний өндөр чадвартай байвал бидний өрсөлдөх чадвар улам нэмэгдэнэ.

 

 

Ч.Олдох

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин