Төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат сүүлийн үед уран бүтээлдээ ханцуй шамлан орж байгаагаа өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн бөгөөд хэдхэн хоногийн дараа болох Үндэсний их баяр наадмын ерөнхий хөгжмийн зохиолчоор ажиллаж байгаа аж.

Түүний хувьд 2017 онд мөн наадмын хөгжмийн зохиолчоор ажилласан бөгөөд тухайн үедээ наадамчин олны талархлыг ихэд хүлээж байсан.

Наадмын ерөнхий хөгжмийн зохиолчоор ажиллана гэдэг нь ерөнхий найруулагчийн ухаан санаа, уран сэтгэмж, үйл явдлыг хөг эгшигээр амилуулж үзэгчид, сонсогчид, наадамчин олонд хүргэдгээрээ онцлог юм. Тодруулбал наадмын ерөнхий найруулагч Н.Наранбаатарын үзэгчид буюу наадамчин олонд хүргэхийг хүссэн тэр л зүйлсийг хөгжмөөрөө дамжуулан чихэнд нь, тархинд нь, зүрхэнд нь хүргэдэг хязгааргүй их хүчтэн гэсэн үг юм. Энэ жилийн хувьд хөгжмийн зохиолчийн бас нэг чухал үүрэг нь Тулганы гал бадраах ёслолд зориулсан хөгжмийн бүтээлийг шинээр туурвих байсан бөгөөд түүний хувьд бүхий л сэтгэл, зүрх, авьяас билэгээ зориулан бүтээж байгаа аж. Түүнчлэн алдарт зохиолч Данзангийн Нямсүрэнгийн "Дөрвөн цаг" хэмээх бүтээлийг дуу болгон амилуулж, монголчуудын дөрвөн цагийн аж амьдралыг гайхамшигт бүтээл болгон үзүүлэхээр бэлтгэж байгаагийн зэрэгцээ олон гайхалтай хөгжмийн бүтээлүүдийг шинээр туурвисныг нь түмэн олон маань наадмаар сонордох нь ээ.

Энэ жил төрийн шагнал хүртэж түмэн олон, сонсогч дэмжигчдээ баярлуулсан тэрээр үндсний их баяр наадмын хөгжмийн зохиолчоор ажиллаж, өөрөө хөгжмөө зохиож, өөрөө тоглож амилуулж байгаагийн зэрэгцээ олон хөгжимчид, оркеструуд, найрал хөгжимчдийг мэргэжлийн студи болон цэнгэлдэх хүрээлэнд тоглуулж бичлэг болон бэлтгэлээ хангаж байгаа нь төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбатын төр, түмнийхээ аугаа их хайр, хүндэтгэлийн хариуг хөгжмөөрөө барьж буй бахархам үйл явдал юм.