АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси Тайваньд айлчилсан нь БНХАУ, Тайваний хооронд нөхцөл байдлыг хурцатгаж, дэлхийн нийтийн анхаарлын төвд оруулаад байгаа билээ.

Үүнтэй холбоотойгоор Гадаад харилцааны яамнаас Тайпэй хот дахь Улаанбаатарын худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газраар дамжуулан Тайваньд байгаа монгол иргэдийн шинэчилсэн, дэлгэрэнгүй бүртгэлийг хийж байгаа. Нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд онцгой байдлын үед ажиллах төлөвлөгөөний дагуу ажиллана хэмээн мэдээлээд буй. Тэгвэл Тайваньд нөхцөл байдал ямар байгаа талаар бид Тайваньд ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэн Б.Ганбаяртай ярилцлаа. 

ВИДЕО: 

-БНХАУ, Тайваний хооронд нөхцөл байдал хурцадмал байгаа. Тэгвэл Тайваньд нөхцөл байдал яг ямар байгаа талаар танилцуулаач?

-Тайваньд нөхцөл байдал маш тайван байна. Ямар ч сандарсан, түгшүүрийн дохио дуугарсан дайн болох гэж байгаа юм шиг ард иргэд сандарсан зүйл  гараагүй. Ер нь өчигдрөөс эхэлж, бага зэрэг шуугьж эхэлж байна. Тэрнээс биш хоёр гурван хоногийн өмнө бараг мэдэхгүй, тоохгүй шахуу байсан.

-Тэгэхээр БНХАУ-ын зүгээс аваад буй зарим арга хэмжээг энгийн үзэгдэл гэж хүлээж авч байгаа хэрэг үү?

-Тайваньчуудын хувьд дайн болохгүй. Өмнө нь ч гэсэн маш олон удаа иймэрхүү байдалд хүрч байсан. Ерөнхийдөө сүрдүүлэг маягийн зүйл гэж тайлбарлаж байгаа. Тайваниас Хятад руу гаргадаг бараанд хориг тавьдаг ч юм уу. Эдийн засгийн л ямар нэг зүйл болох байх гэсэн бодолтой байх шиг байна.

-Тэгвэл эдийн засгийн хориг тавиад эхлэхээр бас хүндрэл гарах болов уу. Эсвэл үйлдвэрлэгч орон мөн далайд гарцтай учраас нэг их нөлөө үзүүлэхгүй юм болов уу?

-Хятадын тал хориг тавилаа гээд яах вэ өөрчлөлт гарах нь гарах байх. Гэхдээ мэдэгдэхүйц сүртэй юм болохгүй байх гэж би бодож байна. Тайвань чинь өөрөө технологийн тал дээр үйлдвэрлэгч орон шүү дээ.

-Бөмбөгдөлтөөс сэргийлэх хоргодох байр бэлдсэн. Энэ талаар аппликэйшн  гаргасан гэж байсан. Энэ үнэн болов уу?

-Үнэн.  Ямар нэгэн байдлаар бөмбөгдөлт болсон тохиолдолд хорогдох байрыг мэдээлэх аппликэйшн гаргасан. Тайваньд амьдарч байгаа монгол иргэдийн тухайн хотод хоргодох байрнуудын байршлыг заадаг аппликэйшн гарсан. Энэ нь хүн болгонд байгаа. Ямар нэгэн зүйл боллоо гэхэд хоргодох байранд орчиход асуудал үүсэхгүй гэсэн үг.

-Гадаад харилцааны яамнаас Тайпэй хот төлөөлөгчийн газраар дамжуулан монгол иргэдийн шинэчилсэн, дэлгэрэнгүй бүртгэлийг хийж байгаа гэсэн. Энэ нь үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотой байх?

-Тийм ээ. Хоёр орны асуудлаас болоод бүртгэлийг шинэчилж байгаа гэсэн. Надтай хоёр өдрийн өмнө холбогдож, шинээр бүртгэл хийсэн. Гадаад паспортын дугаар, иргэний үнэмлэхийн дугаар, оршин сууж байгаа хаяг, утасны дугаар зэргийг авч байна лээ.

-Тайваньд байгаа монголчууд ер нь хоорондоо холбоотой байгаа юу. Нөхцөл байдал улам хурцадвал ямар арга хэмжээ авах талаараа ярилцаж байгаа болов уу?

-Тайваньд тайван байгаа учраас одоогоор энэ талаар ярьсан зүйл байхгүй.

-Тайваньчууд АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси Тайваний айлчлалыг хэрхэн хүлээж авч байгаа бол?

-Тайваньчууд энэ айлчлалыг маш таатай хүлээж авч байгаа. Тайваний тусгаар тогтнол Хятадаас тусдаа гэдгийг баталсан, баталгаа боллоо гэсэн байр сууринаас хандаж байх шиг байна.

-Тэгвэл айлчлалын дараа нөхцөл байдал яаж өөрчлөгдөнө гэж иргэд нь ярьж, таамаглаж байх юм бэ?

-Нөхцөл байдлыг энд байгаа хүмүүс олон улсын мэдээллийн сайт дээр ямар мэдээ гарах нь вэ, Хятадын тал юу гэж хэлэх нь үү гэдгийг хүлээж, харж байна. 

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ