Б.Бат-Эрдэнэ: Иргэд дуртай газраа очоод хонодог байсныг болиулж байгаа агуулга Аялал жуулчлалын тухай хуулийн төсөлд байхгүй
2022/12/02
Аялал жуулчлалын тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэж байна. Уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд "Улсын болон орон нутгийн аялал жуулчлалын бүсэд хээрийн отоглох цэгийн байршлаас бусад газарт жуулчин, аялагч отоглосон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгоно" гэсэн заалт оруулсан нь иргэдийн бухимдлыг төрүүлээд байна. Түүнчлэн өнөөдөр аялал жуулчлалын компаниудын төлөөлөл тус заалттай холбоотойгоор эсэргүүцэл илэрхийлж, мэдээлэл хийсэн юм.
Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг дээрх асуудлыг хөндөж асуув. Тэрбээр "Монголчууд гэр бүлээрээ, найз нөхдөөрөө аялах дуртай. Энэ хуулийн зорилго 400 сая жуулчин гаднаас авчрах биш. Яагаад гэвэл хууль бол Монгол болон гаднын хүнд ч үйлчилнэ.
Гэтэл дотоодын иргэдийнхээ аялах зугаалах эрхэд халдсан заалт Аялал жуулчлалын тухай хуульд орсон байна. Зөвшөөрөлгүй газар майхантай гэр бүлээрээ буудалласан бол 100 мянган төгрөгөөр, зөвшөөрөлгүй газар найз нөхдийн хамт ч юм уу явсан бол нэг сая төгрөгөөр торгоно гэсэн заалт ороод ирсэн байна. Ийм заалт оруулж ирж болохгүй. Торгох, хаах зөвшөөрөл гэж байхын оронд ариун цэврийн байгууламжид анхаармаар юм.
Энэ зун Монголд ирсэн БНСУ, Японы иргэд бүгд л ариун цэврийн байгууламж хүндрэлтэй талаар ярьсан байсан. Энэ чиглэлээр хариулт авъя" гэв.
Тусгай хамгаалалттай газар нутагт зөвхөн отоглох цэгээр үйлчлүүлнэ
Түүний асуултад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ "Аялал жуулчлалын тур операторын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй эрхэлнэ гэдэг нь 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих Зөвшөөрлийн тухай хуульд тусгагдсан. Одоо ч гэсэн таван төрлийн зөвшөөрлийн гэрчилгээг Аялал жуулчлалын холбооноос тур операторын үйл ажиллагаа эрхлэгчдэд олгож байгаа. Жил болгон 100 мянган төгрөгийн хураамжтай. Энэ мөнгийг авч байгаа. Бид үүн дээр ямар ч өөрчлөлт хийгээгүй.
Зөвшөөрөлгүй тур оператор компаниуд гадаадаас Монголд орж ирээд зах зээл эзлэх, тур оператор нэртэй компаниуд монголчуудыг гадаадад паспортгүй, буудалгүй болгож орхисон асуудал хүртэл үүсэж байсан. Ийм эрсдэл үүсгэхгүй үүднээс одоо байгаа ангиллын гэрчилгээг тусгай зөвшөөрөл гэдэг утгаар нь хуульд нийцүүлж байгаа.
Дотоодын иргэд энэ тэнд очоод майхан барьж болохгүй болсон байна гэдэг асуудлыг хөндөж байна. Энэ дээр маш буруу ойлголт түгээсэн. Өөрөөр хэлбэл, улсын болон орон нутгийн аялал жуулчлалын бүс гэж хоёр ангилж байгаа.
Улсын аялал жуулчлалын бүс гэдэг нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар нийт газар нутгийн 21 хувийг хамарч байгаа, 32.7 сая га газар дээр байгаа ашиглалтгүй буюу тусгай хамгаалалтад авчихсан байгаа газрууд дээр тодорхой хэмжээнд аялал жуулчлалыг зохистой ашиглалтаар нь хөгжүүлэх буюу отоглох цэгүүдийг байгуулах юм. Тусгай хамгаалалттай газар нутагт зөвхөн отоглох цэгээр үйлчлүүлэх хэлбэрээр хуульд оруулж байгаа.
Хуульд орон нутгийн аялал жуулчлалын бүс гэдгийг хамтатгаад оруулчихсан байсныг хасах ёстой гэж харж байна. Зөвхөн улсын аялал жуулчлалын бүс буюу тусгай хамгаалалттай газар нутгууд дээр явагдаж байгаа аялал жуулчлал, газар нутгийг эдийн засгийн эргэлтэд оруулах хэлбэрээр явж байгаа заалт юм шүү.
Түүнээс биш иргэд дуртай газраа очоод хонодог байсныг болиулж байгаа утга агуулга Аялал жуулчлалын тухай хуулийн төсөлд байхгүй" хэмээн хариуллаа.
Зочин · 2022/12/04
Монголын газар шороондоо аялж зугаалахдаа чамаар заалгахгүй үхэхдээ хүртэл мөнгө төлмөөргүй бна миний төрсөн газар шороо энэ чинь зайлаарай чи