“Монголын нийгмийг хөгжингүй орнуудын жишгээр боловсронгуй болгоно, монголчуудыг айх аюулгүй, шаналах өвчингүй, элбэг хангалуун амьдруулна, монгол хүний боловсрол, соёлын түвшинг урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүргэнэ” гэж эрх барьж ирсэн хоёр нам, тэдгээрийн лидерүүд амлаж байж Монголын төрийн жолооны ард анх сууснаас хойш 30 гаруй жил өнгөрлөө. Гурван арван жилийн дараа, долоон дөрвөн жилийн хөтөлбөрийн дараа, УИХ-ын найман удаагийн сонгуулийн дараа байдал, нөхцөл, ард түмний итгэл, сэтгэл ханамж ямар байна вэ? Сонгогчид бид ингэж асуух эрхтэй.

 

2021 оны байдлаар хүн амын цөөхөн хэсэг нь хагартлаа баяжаад бялуурч солиорцгоосон, дундаж давхраа нь тун ч нимгэхэн, эмзэгхэн, үлдэх хэсэг нь (бараг олонхи нь) ядуурлын түвшнийх болчихжээ. Эмэгтэйчүүд, хүүхдүүд, хөгшид, архаг хууч өвчтэй иргэдийн амьдрал нэн хүнд байна. Тэдний ихэнх нь өр зээлтэй, өлөн зэлмүүн явна.

Иргэд үл хөдлөх хөрөнгөтэй болох, хувиараа үйлдвэрлэл эрхлэх, худалдаа хийх үйл ажиллагаа банкуудын зээлийн зэрлэг өндөр хүүгээс болж өсөх, өндийх боломжгүй, хот хөдөөгийн бизнесменүүдийг өрөнд оруулж, орлогыг нь зээлийн хүү нэрээр, өмч хөрөнгийг нь барьцаа нэрээр цөлмөн хураах болжээ. Монгол банкны бодлогын гэгдэх өндөр хүү, дээр нь арилжааны банкуудын өндөр хүү, бас дээр нь зээл зуучлагчдын авлига, дээр нь төгрөгийн ханш уналт нийлэхээрээ ямар ч овсгоотой бизнесменийг хэдхэн жилийн дотор л “нурууг нь хугалж, нугасыг нь тасалж” байна.

 

Энэнийг харж, ойлгож байгаа атлаа Монголын төр (УИХ, Засгийн газар) бүр гучин жил мөлжигчдийн талд орж, тэдэнтэй нэгдэж, ард иргэдээ хохироож, дээрэмдэж ирлээ. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зээл олдохгүй, олдохлоороо 20-30 хувийн, тэрнээс ч өндөр хүүтэй олддог, ЖДҮ эрхлэгчдэд барьцаалах хөрөнгө бага болохоор олдох зээл нь ч бага, төлбөрийн нөхцөл нь ч хатуу байсаар 30 жил өнгөрлөө. Зэрлэг капитализмын үеийн хүн хүндээ чоно болдог хатуу нөхцөлийг үндэсний төр, засаг л зөөллөж, сулруулж байх жамтай. Гэтэл Монголд ийм нөлөө, үйлчилгээ байна уу?

 

Харин бүр эсрэгээр УИХ, Засгийн  газрын гишүүд нь үндэсний баялаг, улсын төсвийн хөрөнгөнд хачиг, хувалз мэт шигдэж, цөөвөр чононууд мэт аашилцгааж байх болжээ.

 

ЖДҮ эрхлэгчдэд зориулж буй болгосон сангийн мөнгийг ч тэд нууцаар хувааж авсан тохиолдол гарлаа. Шинэ сонгууль, шинэ томилолтоор том дарга нарын тодорхой хувь нь солигддог боловч 30 жилийн туршид байдал ер дээрдсэнгүй. Авлига авдаг дарга нарын тоо дээр, дооргүй л жилээс жилд өссөөр иржээ. Энэ юуг харуулж байна вэ? МАН, АН-ын удирдах бүлэгт хамаарагдах хүмүүсийн “дунд болон залуу үеийнхний дотор” шуналаар өвчлөөгүй хүн байхгүйг харуулж байгаа бус уу? УИХ, Засгийн газрын хэмжээнд ч тэр, мөн аймгуудын захиргааны түвшинд ч тэр “солиод байхад л идээд, авлига аваад ер болохгүй байна” шүү дээ.

Өнөөдрийн 30-аас доош насныхан нь Яадаг бол гэж  л бодох, тооцох юм даа...

 

Авлигачид, луйварчдаас цөөн хэдийг илрүүлж бага ч болов зэмлэл, шийтгэл хүлээлгэсээр байгаа хэдий ч байдал ер дээрдсэнгүй. Өмч хувьчлал хуульгүй явагдаж, үйлдвэрлэл бүх төрөл, салбараараа уналтанд орж, ажилгүйдэл гамшгийн хэмжээнд хүрлээ. Боловсролын салбарын чанар 1990 оноос өмнөх түвшнээсээ доошилжээ. Хөвүүд, охидод нь боловсрол, мэргэжил олгож буй нэрийдлээр ажилчин, малчин эцэг, эхийг нь шулан мөлжих бусармаг үйл ажиллагаа “соёлт ертөнцийн нүдийг бүлтийтэл” өргөжлөө, 100 шахам их дээд сургууль!! 

 

Ямар нэгэн бизнес эрхэлж амьдралаа сайжруулах гэсэн жирийн иргэд хашаа, байшин, газар, мал сүргээ барьцаалж өндөр хүүтэй зээл аваад бүтэлгүйдэж  тэр бүхнээ алдаж гар хоосон болж байна. Банкны зээлийн өндөр хүү, банк бус санхүүгийн байгууллагын зээлийн өндөр хүү, ломбард болон бараан захуудын өдрийн зээлийн өндөр хүү мэт нь жирийн иргэдийг сөхрүүлж, цөхрөөж гүйцлээ. Банк-санхүүгийн тогтолцоонд эрс шинэчлэлт яаралтай хийхгүй бол Монголд шинэ цагийн пролетариудын тэмцэл, хөдөлгөөн гарах нь эргэлзээгүй болж байна. Тэдний улстөрийн уриа, лозунг, эдийн засгийн шаардлага нь үндэсний хөрөнгөтөн, гадаадын  капиталын эсрэг хандах нь тодорхой юм.

 

Ядуурал, золбирол, архи, тамхины донтолт, биеэ үнэлэх, рекэт, луйвар мэтийн гаж үзэгдэл газар авч хавтгайрлаа. Улс төрийн үйл ажиллагаанд популизм, эдийн засгийн үйл ажиллагаанд элдэв зүсмийн луйвар, залилан, биеийн тамир-эрүүлийг хамгаалах үйл ажиллагаанд допинг, хулхи эм, чанаргүй эмчилгээ, авлига, элдэв зүсмийн дарамт ихэсчээ. Гэр бүл аж байдлын хүрээнд архидалт, хүчирхийлэл, гэр бүл салалт, хүүхдүүдийн өнчрөлт,өтгөс буурлуудын ганцаардал, хаягдалт мөн өссөн дүнтэй байна. Ард иргэдийн оюун санааны амьдралд мухар сүсгийн эзлэх байр суурь хот, хөдөөгүй, дээр дооргүй өргөжиж, шашны элдэв зан үйлийн тоо, хэмжээ нэмэгдсээр ирлээ. Мухар сүсэгтэй, сохор шүтлэгтэй дарга нарын балгаар Нийслэл хот төвд лам нарын хөшөөгөөр дүүрэхнээ! Төвд лам Зонховын шарын шашныг Монгол руу бодлогоор дэлгэрүүлээд, ард олныг мухар сүсэг, сохор итгэлд автуулаад, шашны үндсэн дээр мөлжлөг явуулж, Монголыг олон талаар доройтуулж, сульдуулж ирсний нь төлөө хөшөө босгох гэж үү? Харин сүм хийдүүдэд сургаж, бэлтгэж ирсэн оточ, маарамба нар бол гавъяатай.

 

Тэдний мэдлэг, чадвар бол Монголын, Хятадын, Энэтхэгийн, Төвдийн уламжлалт анагаах ухаан, ардын эмнэлэг, бариа засал, эмзүй байсан юм. Энэнд Зонхова, Жанрайсиг, Майдар, Манзушир гэх мэтийн бурхад огт хамаагүй. Мухар сүсэгтэй, сохор бишрэлтэй дарга нар сайн цагийн мянган бурхад гээчдийн хөшөөг нэгбүрчлэн босгоё гэж солиорч, бас доргих юм биш биз дээ?!

 

Улсын төсвийн хөрөнгөөр элдэв шашны элдэв бурхадын хөшөө босгох талаар аль ч аймаг, сумдын сонгогчид захиа, даалгавар хэнд ч өгөөгүй шүү!! Энэнийг хатуу санаарай! Монголд төр, шашин хоёр тусдаа байх хуулийн заалттайг бүү мартацгаагаарай!

32 тэрбум төгрөгөөр тураалттай, цус багадалттай, ракиттай, илүүдэл жинтэй, 10 хүрэхгүй насандаа архаг хууч өвчтэй болчихсон нялхсаа эмчлээсэй, Ковид-19-ийн эсрэг шинэ эмийг аваасай, өрх толгойлсон эмэгтэйчүүдээ дэмжээсэй, архаг хууч өвчтэй жирэмсэн эхчүүдээ асраасай, ахмадуудынхаа тэтгэврийн доод хэмжээг ядаж 500 мянга болгоосой.

Хүн амын багагүй хувь нь ардчилсан эрх чөлөөг анархизмтай адилтган үзэж, аливаад зоргоор, хариуцлагагүй хандах болов. Бусад иргэдэд эрхээ эдэлж, үүргээ биелүүлэхэд нь саад болохгүйгээр биеэ авч явах, эрхээ эдлэх, үүргээ биелүүлэхийн соёлыг хэн ч болов эзэмших, чухалчлах ёстой. Ийм соёлыг дээдлэх, түүнд суралцах талаар төрийн албан хаагчид үлгэр жишээ үзүүлж, манлайлж байх ёстой байтал бусдын эрхийг зөрчсөн, элдвээр дарамталсан тохиолдол чухамхүү төрийн, төсвийнбайгууллагуудад их гарах болов.

 

Үндэсний хөрөнгө, баялгийн дийлэнх ихийг нь, гол чухал хэсгүүдийг нь цөөхөн баячууд өмчилчихөөд, бүр гаарч төр, засгаа дарамтлах хэмжээнд хүртлээ эрэмшин танхайрч байгаа нь ардчиллын нэр хүндийг унагааж, 1990 оны өмнөх байрлал руугаа улс орон, улстөрийн амьдрал ухарч ч магадгүй байна. Үндсэн хуульд оруулсан хоёр удаагийн нэмэлт ба өөрчлөлтүүд нь Монгол улс эцэсдээ нэг том намын эрхшээл, дарангуйлалд орохын урьдач байдал, шалтгаан болж хувирах төлвийг үүдлээ.

Нэг том намын удирдах бүлэглэлээс улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд, сайд нар, УИХ-ын гишүүдийн үнэмлэхүй олонхи нь байнга шахам сонгогдон, томилогдон ажиллах нь мэдээжээр олон ургальч байдлыг “соёлтойгоор, элэгсгээр” булшлахад хүргэх болно. Монгол улсын ирээдүйн төлөв байдал ингэж үзэх, ингэж дүгнэхэд хүргэж байна. Энэний төлөө хэн хариуцлага хүлээх ёстой вэ? Бусдын амьдралыг сайжруулна, дээшлүүлнэ гэж амлачихаад зөвхөн өөрсдөө л тэрбумтан болсон эрхмүүд хэн хэн билээ? Хэд нь, хэн хэн нь Монголын төрийн хамгийн тэргүүн зэргийн одонгоор шагнагдаад байгаа билээ? Тэд үнэхээр гавъяа байгуулсан хүмүүс мөн үү?

 

“Улаан бал” энэнийг сонирхоосой! “Монгол коммент” анхааралдаа аваасай! Эрэн сурвалжлах сэтгүүлзүй гэж бас бий дээ...

Ард олны ухамсар, оюун санааны амьдрал шашинжаад л байх юм бол Монголын нийгэм доройтоод л, уруудаад л байх болно. Харих ард иргэд маань шинжлэх ухааны

мэдлэг, мэдээлэлд тулгуурлан аж төрдөг болчихвол Монгол орон сэргэнэ, дэгжинэ, хүчирхэг болно. Идэх хоолоо, өмсөх хувцсаа, амьдрах гэр байшингаа, уух эм, тариагаа өөрсдөө бэлтгэж чаддаг улс орон, ард түмэн л жинхэнэ тусгаар тогтносон улс мөн юм. Гэтэл өнөөдрийн бидний байдал ямар байна вэ? Энэнд хэн буруутай вэ? Төр, засаг уу?, ард түмэн, сонгогчид уу? Хэнтэй хариуцлага тооцох болж байна аа? Хэзээ тооцож эхлэх юм бэ? Хэрхэн тооцох нь оновчтой байх бол оо?

 

Хилийн 40 гаруй боомт болгоноороо бид бараа, материал, ашигт малтмал, мах, арьс, ноос, ноолуур экспортолж чаддаг, мөн энэхүү 40 гаруй боомтоор хэрэгтэй зүйлээ Оросоос, Хятадаас, бусад орноос авчихаж чаддаг байхыг хэн ч хориогүй шүү дээ! Төрийн яамдууд боомт болгон дээр ажиллах ёстой. Яамдын орон тоо байнгад л өсөж ирсэн шүү дээ! Өндөр цалин аваад л, өрөөндөө тухлан суугаад л, авлига авахыг мөрөөдөөд л, аваад баригдвал уучлахыг хүсэж уйлагнаад л байдаг хүмүүсээсээ салаачээ!, яамдуудаа!

 

Судлаач, профессор Д.Чулуунжав