Хүний эрхийн үндэсний комиссоос “Хүүхдийн хөдөлмөрийн чанарын судалгаа”-ны тайлангийн үр дүнг танилцуулсан. Энэ судалгаанд 1658 хүүхдийг хамруулж, 94 хүүхдээс ярилцлагын аргаар судалгаа авчээ.

Судалгааны хүрээнд хүүхдийн сэтгэл санаанд нөлөөлөх ажил болон бие бялдрын хөгжилд нөлөөлөх ажлыг тодорхойлсон байна. Ингэхэд хүүхдүүд хөдөлмөр эрхлэхдээ их ядрахаас зүрхшээх, хүнд зүйл өргөх, зөөхөөс шантрах, даарах эсвэл халууцахаас айх, цалингаа авч чадахгүй болов уу гэж санаа зовох, гэмтэх бэртэхээс айх зэргээр сэтгэл санаанд  нь нөлөөлсөн хэмээн ярьсан байна.
Энэ талаар хуульч, судлаач Г.Түвшинжаргал "Хүүхдүүд ажил хийж байхдаа ямар айдас мэдэрч, юунд сэтгэл зовниж, хямардагийг судалж үзэхийг зорьсон. Судалгааны үр дүнгээс харахад ядрахаас хамгийн их айж байна гэж ихэнх хүүхэд хариулсан. Хэт олон цаг, ачаалалтай ажилласантай холбоотой байх магадлалтай тохиолдол илэрч байна. Түүнчлэн хүүхдүүд ажил хийж байхдаа даарах, халууцахаас айх шинж их байсан. Энэ нь ихэвчлэн гадаа ажилладаг хүүхдүүдэд ажиглагдсан.Харин аюулгүй байдалд нөлөөлөх ажил гэдэг нь хүүхдийн бие бялдарт эрсдэлтэй нөхцөлийг хэлж байгаа юм. Тухайлбал, сүх, хутга, заазуур зэрэг мэс хэрэглэдэг ажлыг хүүхдээр хийлгэх ёсгүй. Мөн суурь машин, механизмтай харьцдаг нөхцөлд хүүхэд ажиллуулахыг Хүүхдийн эрхийн конвенцоор хориглодог. Гэтэл ийм нөхцөлд ажилладаг хүүхдүүд хэд хэд байна" гэв.
Тухайлбал, 55 хүүхдийн бие ажил хийж байх явцад гүн эсвэл том зүсэгдэж, 44 хүүхэд хөхрөх хавдах, булчин сунах эсвэл мултрах бэртэл авч, 39 хүүхдийн толгой, нуруу, хүзүү гэмтжээ. Мөн 36 хүүхэд түлэгдэж, 18 хүүхэд цахилгаан цохиулсан байна. Харин хурдан морь унах, архи, тамхи худалдан борлуулдаг дэлгүүр, баар, ресторан болон зочид буудалд ажиллах нь хүүхдийн ёс суртахуунд муугаар нөлөөлөх өндөр эрсдэлтэй гэсэн судалгааны дүн гарчээ.
 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин