2022 оны эхээр МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгээс эрхлэн Норвегийн аялагч, цуглуулагч Оскар Мамены (1885-1955) бичсэн "Зүүнш зорчсон нь" (Going East) хэмээх аялалын тэмдэглэлд үндэслэсэн шинжлэх ухаан танин мэдэхүйн гар бичмэл зохиолыг Норвегийн Осло их сургуулийн Соёлын түүхийн музейн ажилтан, докторант Мария Картвейтын бэлтгэснээр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод монгол хэлээр хэвлүүлсэн байна.

Энэхүү зохиолыг МУИС-ийн Их Британи, Америк судлалын тэнхимийн багш, доктор Ж.Эрдэнэбат англи хэлнээс монгол хэлнээ хөрвүүлэн, мөн сургуулийн Монгол судлалын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга др. Ж.Лхагвадэмчиг, Ази судлалын тэнхимийн багш доктор Д.Ундрах нар хянан тохиолдуулж, эрхлэн хэвлүүлжээ. Харин Оскар Мамены Монгол Улсад авсан гэрэл зургуудыг мөнхүү Мария Картвейтын эмхэтгэснээр Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, түүхийн шинжлэх ухааны доктор  С.Чулуун эрхлэн "Монгол орон ба монголчууд" цувралынхаа 10 дугаар ботьд оруулан хэвлэжээ.

 

Норвегийн аялагч, бизнесмен Оскар Мамен өөрийн үеэл Альфред Рустадын хамтаар 1911 оноос эхлэн Монголд байхдаа авсан Монголын түүхэнд холбогдох ховор нандин зургууд нь Норвеги дахь Оскар Мамены ач зээ нарынх нь байшингийн дээврийн хөндийд зуу орчим жил хадгалагдаж байсан нь таашгүй оньсого бөгөөд монголчуудын хувьд түүхийн ховор олз, ХХ зууны Монголын түүхийн шинэ эх сурвалжид зүй ёсоор орно гэдгийг юуны өмнө тэмдэглэж байна. Оскар Мамены тэмдэглэл нь уншихад гойд сонирхолтойгоос гадна түүхэн гэрэл зургуудаар баталгаажуулсанаараа нэгэн онцлогтой байна.

 

1911-1945 он хүртэл Монголд удаа дараа ирж, он удаан суурьшин амьдарч байсан Норвегийн аялагчийн Монгол орон, монголчуудын талаар нүдэнд харагдахуйцаар дүрслэн зурсан энэхүү гайхалтай тэмдэглэл нь урьд өмнө нийтлэгдээгүй байсаар анх удаа англи хэлнээс монгол хэлээр хөрвүүлэн гарч буй нь үнэхээр гойд сонирхол татам байсаныг юуны өмнө тэмдэглэх учиртай.

Энэ зохиол бол Монголчуудын хувьд үнэхээр том олз хэмээн хэлж болно. ХХ зууны эхээр Монголыг зорьж ирсэн Өрнөдийнхөн олон байдаг, тэдний бичиж үлдээсэн олон тэмдэглэл бас англи, монгол болон бусад хэлээр хэвлэгдсэн нь бий. Харин энэ удаа хэвлэгдсэн Оскар Мамен хэмээх эрхэмийн бичсэн Монголын тухай зохиол хийгээд түүний гэрэл зургууд нь барууныханы нүдээр урьд өмнө харж байсан өнцөгөөс тэс өөр монгол орон, монголчуудын үнэн магад байдал, дотоод сэтгэлийн мөн чанарыг олж харан гайхамшигтайгаар дүрслэн зурсанаараа онцлогтой байна.

 

1911 оны Монголын хувьсгалын шалтгааны тухайд тэрбээр "Ихэнх амбан монголчуудыг ерөнхийд нь дорд, зэрлэг балмад хүмүүс хэмээн харж, харьцаж байсан бөгөөд алтан ургийн ноёд түшмэд төдийгүй ард түмний дургүйцлийг хүргэсэн нь жам ёсны хэрэг байлаа. Манж амбан Өргөө дэх бүхий л эрх мэдлийг атгаж байсан бол аймаг хошуудад дөрвөн хан, тэдний доорх ноёд улс орноо өөрсдийнхөөрөө удирдаж, хятадын нөлөөнд автахыг үл тэвчинэ" хэмээн онцлон тэмдэглэсэн нь түүний Монголд ирээд олж авсан мэдлэгтээ тулгуурласан дүгнэлт байлаа. 

Мөн түүнчлэн "Эрт нэгэн цагт их хааныхаа дор нэгдэцгээж байсан энэ хүмүүс эдүгээ Өргөө дэх Амьд Бурхан буюу ламын шашны тэргүүнийхээ дор мөн адил нэгдэцгээжээ. Ийнхүү хятадууд монголчуудыг улам бүр нухчин дарахаар хөхүүлэн дэмжиж байсан ламын шашин монгол зоныг холбосон хамгийн хүчирхэг алтан аргамж болсон нь тодорхой байлаа"хэмээн 1911 оны Монголын үндэсний хувьсгалын нэг хөшүүрэг, монголчуудыг нэгтгэсэн томоохон хүчин зүйл бол бурханы шашин байсан хэмээн тэмдэглэн үлдээсэн нь зуу гаруй жилийн дараах түүхэн эх сурвалжийн үнэ цэнэтэй зохиол болохыг илтгэнэ.

 

"Хятадуудад илт дургүйцсэн байдал, үзэн ядалт, жигшил зэвүүцэл, монгол хүн бүрийн сэтгэлд орших бөгөөд эрх чөлөөний тухай сэм яриа олон жилийн нүүр үзэж байв" гээд "Хятадад өрнөсөн хувьсгал монголчуудыг хятадыг эсрэг босоход хүргэсэн" хэмээн бичдэг хүмүүс эдүгээ ч байдаг билээ. Тэгвэл энэ талаар Оскар Мамен бээр "Хятадад гарсан хувьсгал нь монголчуудад илүүвтэр боломж олгож, асуудлыг хурдасгасан төдий юм" гээд Монголчууд бүр хятадын хувьсгал гарахаас бүр өмнө үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцэл өрнүүлж, төр улсаа сэргээх талаар нууцаар хөдөлж эхлэсэн болохыг тодорхой өгүүлжээ. Түүгээр ч үл барам "Хятадад хувьсгал дэгдээгүй байсан ч монголчууд тун удахгүй босох байсан гэдэгт би гүнээ итгэж байна" хэмээн онцолсон нь тухайн үеийн монголчуудын үндэсний үзэл санаа хэр зэрэг байсаны илэрхийлэл хэмээн үзэж болно. 

 

Дээр дурьдсан "монгол хүн бүрийн санааг зовсон" бүхэн 1911 оны Монголын үндэсний хувьсгалын үндсэн шалтгаан хэмээн Оскар Мамен үзэж, номондоо эл асуудлыг нэг бүлэг болгон авч үзэж, шинжилгээ хийсэн нь оновчтой болсон байдаг. Оскар Мамен 1911 оны Монголын үндэсний хувьсгалд Оросын хүчин зүйл нөлөөлсөн болохыг үгүйсгээгүй юм.

Оскар Мамен "Халх нүүдэлчид аядуу зөөлөн боловч үргэлж дуу хөөр болсон, шашин шүтлэгтээ үнэнч, түүхээ мартдаггүй, ямагт гэрэлт ирээдүйд тэмүүлсэн ард түмэн байсан юм. Ийм үндэстний сүлд хийморь хэзээ ч доройтох ёсгүй билээ" хэмээн монголчуудаа үнэлж, захисан сэтгэлийн халуун дулаан үгсээ тэмдэглэж үлдээсэн нь өнөөгийн монголчуудад хандсан захиас ч хэмээн хүлээн авбаас зохилтой санагдана.

 

сонин mn

 

"Тэр үед Монголын ханууд болон нийт язгууртан ноёд хувиа хичээсэн улс биш гэдгээ харуулсан юм. Тэд өөр хоорондоо болоод аймаг хошуудаараа ямарваа зөрөлдөөнгүйгээр нэгэн үзүүрт сэтгэлээр эвлэлдэн нэгдэж, их хэргээ бүтээх тэргүүн зэргийн арга замаа сонгосон билээ. Арван хоёрдугаар сарын найманд Амьд Бурхан буюу Хутагтыг Монголын эзэн хаанаар өргөмжилж, Богд хаан буюу Бурхан хаан хэмээн нэрийдэв. Монголчууд хөгшин залуугүй хөөрөн баярлаж, Богд гэгээн хэмээн авгайлдаг, хайрлаж шүтдэг эрхэм дээдэс нь эдүгээ Богд хаан болсонд урьд урьдынхаасаа илүү ихээр сүсэглэх болов. Өглөөнөөс үдэш болтол голын эрэг дээрх ордны эргэн тойронд зон олон цугларч, шинэ хааныхаа адистидыг айлтган, чадал чинээгээрээ өргөл барьж байлаа" хэмээн сэргээн тунхагласан Монгол Улсын төрийн тэргүүнээр Богд эзэн хаан суусан тухай өөрийн нүдээр үзэж, чихээр сонссоноо дүрслэн бичсэн буй нь үнэхээр сонирхол татаж байна. Энд бичсэн 12 сарын 8 бичсэн нь бага зэрэг ташаа болсон байх магад хэмээн бодно. 

 

Миний мэдэхээр Өргөөгийн хувьсгалын үеэр нэг ч дусал цус гаргасангүй, цаашлаад нударга зөрүүлж, хэрүүл тэмцэлд ч хүрээгүй юм. 

 

"Бид өнөөг хүртэл Оросуудыг Монголын энэхүү тусгаар тогтнолын хөдөлгөөний тууштай хөдөлгөгч хүч нь байсан хэмээн бодож ирсэн" гэвч "Монгол найзууд маань манжууд Монголын талаар баримталж ирсэн бодлогоо хэрхэн өөрчилсөн, монголчуудыг давуу эрхтэй ард түмэнд үзэхээ больж, монголчуудын эрх, газар нутагт санаархагч хятадуудыг өөгшүүлсэн", "Монголын бослого гарах үед монголчууд газар нутгаа бүхэлд нь алдаж, хятадуудад бүрэн уусах туйлын аюул нүүрлээд байсан" нь Монголын үндэсний хувьсгалын үндсэн шалтгаан болсоныг тодорхой тэмдэглэжээ. Энэ тухайгаа Оскар Мамен монголчууд ойр дотно харьцаатай болж, тэдний бодолыг мэдэж, "тэдэнтэй сэтгэл зүрхээрээ хамт байсан" хэмээн бичсэнийг уншихад үнэхээр таатай байлаа. Учир нь ХХ зууны эхээр Монголд аялал, худалдаа арилжааны хэргээр, албан ажлаар ирж, богино, урт хугацаанд суурьшин амьдарч байсан гадаадынхан түүний дотор Өрнөдийнхэний хэн нь ч Оскар Мамен шиг монголчуудыг ойлгож, Монголын соёлыг хүндэлж, бүр бишрэн дээдэлж байсан нь ховор билээ. Тиймээс Оскар Мамены бичсэн үг, өгүүлбэр бүрт түүний сэтгэл нэвт шингэсэн байх бөгөөд түүний бичсэнээс зуун жилийн өмнөх монголчуудын үнэн бодит дүр төрхийг олж харж болно. Тэр ч  бүү хэл монголчууд бидний зохиосон, оросуудын оролцоотой байх магад түүхээс ч илүү бодитой түүхийн хуудсуудыг Оскар Мамены номоос олж болно. Чухамдаа 1911 оны Монголын үндэсний хувьсгалын оргил үе болох Богд эзэн хаан сууж, төр улсаа сэргээн мандуулсан тусгаар тогтнолын тунхаглалын ёслол, баярын өдрийн тэмдэглэл гэвэл Оскар Мамены ном болох ба Төрийн ордонд болсон Богд эзэн хаанаа өргөмжилсөн ёслолын тухайд Магсар хурцын бичсэн ном бол эл үеийн үндсэн сурвалж болно.  

 

Богд хааны зарлигаар байгуулагдсан Монгол Улсын Засгийн газар, түүний таван сайд нарын талаар И.Я.Коростовецийн номонд бичсэнтэй төстэй зүйлсийг номондоо оруулсан байна. Оскар Мамен бээр И.Я.Коростовецийн 1925 онд Германд хэвлэгдсэн "Чингис хаанаас Зөвлөлтийн бүгд найрамдах улс хүртэл" нэртэй Монголын түүхийн номыг үзсэн бололтой байдаг.

 

1912 оны долоон сарын эхээр Оскар Мамен Г.И.Рамстед лугаа уулзсан мэдээ сонирхол татав. Тэрээр: "Рамстедтэй уулзаж суухад Хайсан гүнтэй танилцах учрал тохиож, ухаан төгс, настан энэ гүнтэн завшааныг алдалгүй Бээжин дэх Британийн дипломат төлөөлөгч, дэслэгч Бинстидэд захидал уламжилж өгөхийг биднээс найрсгаар хүсэв. Доктор Рамстедт уг захидлыг англи хэлнээ хөрвүүлснийг харвал Бээжин дэх олон улсын сайд  төлөөлөгч нарт Монгол Улсын Засгийн газраас Өргөө дэх Оросын консулын газраар дамжуулан Монгол улс тусгаар тогтнолоо тунхаглаж, дэлхийн улс гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлэхээр илгээсэн бичгийг хүлээн авсан эсэхийг асуусан" байжээ. "Бид захидлыг авч орчуулгын хамт илгээв. Мэдээжийн хэрэг оросууд Монголын нот бичгийг дамжуулаагүй гэдэгт бид итгэлтэй байсан бөгөөд энэ хэрэг нь үнэн болох нь хожим тодорхой болсон юм" гэж нэмэж бичжээ. Энэ нь 1912 оны Монгол Оросын гэрээ байгуулагдахаас өмнө болсон байх бөгөөд эл талаар Монголын түүхэнд урьд өмнө тэмдэглэж байгаагүй болно.

 

Оскар Мамен "Ноён Коростовец монголчуудын аргыг амархан олно гэж бодож байсан бол энэ нь том эндүүрэл байлаа", "Монголчууд гагцхүү Халх Монголчууд бус тал нутгийн нийт монголчуудыг нэтгэхийн төлөө зүтгэж байв. Зарим нь бүр Чингис хааны эзэнт гүрнийг дахин байгуулах санаа бодолтой ч байсан болов уу" хэмээн тэмдэглэсэн байна.

 

Коростовец үүссэн улс төрийн нөхцөл байдлын улмаас тусгаар Монгол Улсын эгнээнд Халхаас цаадхыг багтаах боломжгүй гэдгийг мэдэгдсэний хариуд монголчууд "Барга, Цахар монголчуудаа Хятадад золиослохгүй, хэрэв бид бүгдээр нэгдэж эс чадвал сая Хятадад дагаар орох биз" хэмээн мэдэгдээд "унасан ч боссон ч хамтдаа" хэмээсэн байр суурьтай байжээ. 

"Коростовец болон түүний засгийн газар монголчуудыг ийм хатуу эх оронч байр суурьтай байхыг урьтаж тооцоолсон гэдэгт би хувьдаа эргэлзэж байна. Монголчуудын дунд хамгийн зоримог, тууштай төлөөлөгч нь Да лам байсан бөгөөд монголчуудын эрхийн төлөө эцсээ хүртэл тэмцсэн хүн юм" хэмээн Оскар Мамен тэмдэглэсэн нь чухам оновчтой өгсөн үнэлэлт байв.

Манжийн бодлого хэмээн бичиж буй ч Хятадын засгийн газар, Хятадын төр засаг хэмээн Барууны хүмүүсийн бичдэгийн нэгэн адил Манжийн төрийг Хятадын төр гэсэн үэзл хандалга Оскар Мамены зохиолд хааяа гарч байгааг тэмдэглэх нь зүй болов уу. 

Урианхайчууд "Богд хаан болон Монголын засгийн газраас холбоонд элсүүлэхийг хүсэмжлэн, Гомбодорж тэргүүтэй төлөөлөгчдөө Өргөө рүү илгээхдээ Урианхай ард түмэн эдгээр төлөөлөгчдөөрөө дамжуулан хоёргүй сэтгэлтэй байгаагаа илэрхийлж байлаа" хэмээн тэмдэглээд Монголтой нэгдэх хэмээсэн Урианхайг оросууд эсэргүүцэж байсан талаар нилээд тодорхой зүйлсийг бичсэн байна. 

"Өвөр Монголчуудаас гадна Манжуурын монголчууд, урианхайчууд монголчуудтай нэгдэхийг хүсэж байлаа. Түүнчлэн Сибирийн буриад монголчуудтай нэгдэхээр санаанд оромгүй төлөвлөгөө боловсруулж байсан сэжим байдаг билээ. Энэ буриадууд хэн болох, мөн Өргөөгийн засагт нэгдэн орох хүсэл эрмэлзэл хэр өргөн олныг хамарсан эсэхийг олж мэдэж боломж хараахан байсангүй" гэжээ.

сонин mn

 

Буриадаар зогсохгүй Сибирийн бусад монгол овогтонуудад итгэл найдвар төрж байсан юм. Сибирийн Алтайн тойрог хавийн торгууд буюу оросуудын нэрлэдгээр халимагууд мөн л монголчуудтай уулзалт яриа хийж байсан тухай олонтоо сонсож байлаа. 

Тэр ч битгий хэл манж нар монголчуудыг анзаарч эхэлсэн байна. Ганьсу мужийн манжийн сүүлчийн захирагч хуурай замаар Өргөөд ирж, хэсэг хугацаанд монголчуудтай уулзалт ярилцлага хийсэн тухай мэдээ буй нь урьд өмнө гарч байгаагүй сонирхолтой хэсэг болно. Тиймээс эл мэдээ цаашид нарийвчлан судлах учиг болох нь дамжиггүй.

 

"Энэ үед Да лам, Бинт ван, Хайсан гүн нарыг Өргөөгийн төрийн албанаас зайлуулахыг оросууд шаардсан тухай нэг бус удаа монгол түшмэдээс сонсож билээ. Энэ гурван хүмүн монголчууд дундаа ухаан билиг хурц тул тэднийг явуулах бодолгүй байв", "Гэвч тун удалгүй 1913 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Бинт ван зуурдаар нас нөгцсөн нь хордуулснаар гарцаагүй байв. Энэхүү хордуулсан хэрэгт оросууд шууд ба шууд бусаар оролцсон хэмээн монголчууд үзэж байсан бөгөөд хачирхалтай нь монголчуудтай санал нийлэх хуучны орос нөхөд Өргөөд цөөнгүй байсан юм" гээд "Гэвч оросууд Бинт ванг Богд хаан хорлосон, нарийн дээрээ их хатан аяганд нь хор хийсэн гэсэн цуу үг тараав" хэмээн Оскар Мамен бичсэнийг үзвэл тэрхүү цуурхал зууныг дамжин монголчуудыг тархийг угаасан байлаа. Оскар Мамен Да ламыг "Халхын хамгийн ухаантай толгой" хэмээн дүгнэсэн буй.

 

"Орос улс эхнээсээ Монголыг цэрэг армиараа хамгаалах аваас монголчуудын өвөрлөж ирсэн тусгаар тогтнолын илтгэл найдвар тун ч бүрхэг болох мэт санагдаж байв" хэмээн Оскар Мамен 1912 онд бичиж байлаа.

 

Цэргийн үйл ажиллагаа

 

1912 оны зун, намар Хүрээнээс зүүн болон өмнө зүг өдөр бүр цэргүүд явж байсан тухай тэмдэглээд "засгаас цэрэг бүрд винтов буу, хайрцаг сум, хоёр ширхэг дугуй булант цай хангамж болгон өгөх бөгөөд" цэргүүдийн эмээл дээрээ ганзгалсан ачаа нь энэ төдийхнөөс үл хэтэрнэ хэмээн бичжээ. Тэрбээр цааш өгүүлэхдээ "өртөө цэргүүдийг хонины мах болон цайгаар хангах учир мөнөөх хоёр ширхэг дугуй булант цайны хэрэг тулааны талбарт л гарах" аж хэмээсэн байна.

 

"Эрчүүд нь бодит байдал дээр гэрээсээ явж байсан ч ялгаагүй зургаагаас долоон зуун бээрийн хол замд гарч байгаа хэр нь ямар нэгэн эд хэрэглэл авч яваа нь үл харагдана. Харин дэлхий дээрх ямар ч сайн эд хэрэглэлээс илүүтэй энэ хүмүүсийн хатан зориг, уужуу ухаан басхүү гайхалтай өөдрөг бодол санаа нь хамгийн үнэ цэнэтэй зүйл нь ажгуу" хэмээн Оскар Мамен бичсэн нь тухайн үеийн монголчуудын бодит дүр төрхийг олж харсан хүний үг бөгөөд эдүгээгийн монголчуудын гээсэн эрхэм зүйлс мөн гэдэгтэй маргах хэрэггүй биз ээ.

Таван замын байлдаан гэж бидний нэрлэдэг тэрхүү монгол хятадын хооронд болсон дайны талаар тийм ч их элбэг судалгаа байдаггүй билээ, харин Оскар Мамены номонд Хаалганы замд болж байсан тулаан зэргийн талаар нилээд их мэдээлэл агуулжээ. 

 

"Оверланд" маркийн автомашинаар Хаалганаас Өргөө хүрэхээр зорин гарч замаасаа буцсан тухай сонирхолтой тэмдэглэл уншигчдыг сэтгэлийг гойд татах болно.

Тэр үеийн Хаалганы Хүрээний замын нөхцөл байдлыг нэгд нэгэнгүй бичсэний дараа тэрбээр "Монголчууд хятадуудыг үзэн ядаж, жигшин зэвүүцэж, боломжтой бүх аргаар тэднээс салахыг хүсэх авч оросууд тэдэнд аливаа болзол тавихын зэрэгцээ хүчээр ямар ч гэрээнд гарын үсэг зурахад хүргэхээр хүчирхэг байв. Далайд гарцгүй, гуравдагч гүрэнтэй хиллэдэггүй, хоёр улсын хооронд хавчуулагдсан монголчуудад дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу байвч үүнийгээ мэдэж байсан тул нөхцөл байдал хэдий таагүй авч боломжит бүх аргыг хэрэглэж, ирээдүйд илүү дээр өөрчлөлт гарахыг хүлээж, найдахаас өөр хийх зүйл тэдэнд байсангүй" хэмээн Монголын газар зүй, геополитикийн орчинг тун тодорхой, бодитой дүгнэн бичсэн нь зуу гаруй жилийн дараа ч бидэнд хамаатай хэвээр байх ажээ. 

Эл үеийн дайнд монголчууд хэрхэн оролцож байсан талаар дүгнэн бичихдээ: "монголчууд Чингис хааны үеэс улбаатай цэргийн ур чадвараа огтхон ч гээж орхиогүй нь лавтайяа харагдсан буюу" хэмээжээ. 

 

Монголын "гүн" Оскар Мамен

 

Оскар Мамен монголчуудад тус хүргэж, Бээжин дэх гадаад улсуудын элчин төлөөлөгчдөд хандсан Монголын Засгийн газрын бичгийг англи болон хятад хэлээр хөрвүүлэхэд тусалж, уламаар уг бичгийг Ларсонаар дамжуулан илгээхэд тусламж дэмжлэг үзүүлсэн байна. Тэрбээр бичгийн агуулгын тухайд бичихдээ: "гол нь монголчууд өөрийн хэрэг явдлаа улс гүрнүүдэд тайлбарлан таниулж, тусгаар тогтносон ард түмэн гэдгээ хүлээн зөвшөөрүүлэхэд оршиж байсан юм" гээд "Ажил хэргээ нэг мөр дуусгаад бид цэргийн сайд Далай вангийнд (Гомбосүрэн) нэг сайхан оройн зоог барьсан" хэмээжээ.

 

Ийнхүү Монголын тусгаар тогтнолоо гадаадын улс гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлэхийн тулд Монгол Улсын засгийн газраас илгээсэн захидалыг гадаадын хэлээр хөрвүүлж, хүргэхэд дэмжлэг үзүүлсэн зэрэг хувь нэмрийг нь Монгол Улсын төрөөс үнэлж, Оскар Мамен болон түүний нэгэн нөхөрт гүнгийн зэрэг олгохыг хүссэн боловч тэд "аливаа улс төрийн хэрэгт ямар нэгэн байдлаар гар бие оролцсон мэт харагдуулах алив зүйлийг пүүс маань таалахгүй" гэж үзэн уг хэргэм зэргээс татгалзсан байна.

Тиймээс Монгол Улсын төрөөс Оскар Мамен, Ларсон болон нэр дурьдаагүй Оскар Мамены найз гуравт "тус бүрд нь Өргөө хотод байр сууц, дэлгүүр хоршоо гэх мэт зориулалтаар барилга барих газар бэлэглэж, газраа дуртай байршилдаа сонгохыг зөвшөөрсөн" байна. 

Мөн түүнд Монголын нутгаар аялахад нь "энгийн нэвтрэх бичиг" олгосноос гадна "зам зуурын аливаа бэрхшээлийг давахад туслаад зогсохгүй мөнгөөр ч тэтгүүлж болох тусгай эрийн бичиг" шагнаж байжээ. 

Харин удалгүй оросууд Монголчуудын гадаад улсын элчин төлөөлөгчдөд захидал илгээсэн болохыг мэдэж, монголчуудаас тайлбар шаардсанд монголчууд "бичихийг хүссэн зүйлээ хэнд ч болов бичих нь зохистой хэрэг хэмээн бодож буйгаа хэлээд цаашид ч энэ мэт хэрэгт оросуудаас зөвшөөрөл авах эрмэлзэлгүй болохоо илэрхийлж", "захидлыг орчуулахад хэн тусалсан талаар ганц үг ган хийгээгүй" хэмээн Оскар Мамены бичсэн нь монголын төрийн түшмэд лүгээ хичнээн ойрхон байж, тэдний үзэл бодлыг үнэнхүү ойлгож, хуваалцаж, дэмжиж байсаны илрэл хэмээн үзэж болно биз ээ.

 

Оскар Мамен Монголын хувь заяатай холбоотой чухал үйл хэргүүдийн талаарх мэдээллүүдийг цаг алдалгүй авч байсан нь түүний тэмдэглэлд Сайн ноён ханы Орос улсад хийсэн айлчлал, Гурван улсын гэрээний талаар "Орос, Хятад хоёр хэрхэн шийдсэн, түүнтэй эвлэрэхээс өөр арга зам" үлдсэнгүй хэмээн бичсэн зүйлсээс тод харагдана. Ийнхүү "Монголын эзэнт гүрний  мөрөөдлийг Хиагтын гэрээгээр үгүй хийсэн" ч "Халх нутаг нэгийг олов, бусдыг хожим олох биз ээ" хэмээн бичсэн нь Оскар Мамен Монголын тусгаар тогтнол, бие даасан байдлын талаар хэр их мэдлэгтэй байсаны илрэл лавтай мөн.

 

Цагаан сар

 

Оскар Мамены номонд "Цагаан сар" хэмээн нэрлэсэн бүхэл бүтэн бүлэг байх бөгөөд Монголын Цагаан сар хэрхэн болдог талаар нилээд дэлгэрэнгүй бичиж, Манзушир хутагтын ах Лувсандоржын урилгаар Их Тэнгэрийн амаар Богд хан уулыг давж, Манзуширын хийд орж, Манзушир хутагт лугаа золгоод цааш түүний ахынд зочилсон тухайгаа сонирхолтой байдлаар бичиж үлдээжээ. Цагаан сарын үеэр Богд хаанаас элч ирж, Маменд бэлэг хүргүүлсэн тухай өгүүлсэн хэсэг сонирхол татав. "Энэ удаад хүлээж авсан бэлэг маань миний сэтгэлийг хөдөлгөж, сонирхлыг төрүүлсэн юм. Бэлгийг үзвэл дээд зэрэглэлийн үнэгний найман арьс, ялангуяа дөрөв нь гайхалтай хар үгэний арьс, хэн хүний сэтгэлийг булаах хосгүй сайхан сорлог үстэй асар том шилүүсний хоёр арьс болон өнгө төгөлдөр хар булганы хоёр арьс байсан юм" хэмээн Мамен бичсэн нь түүнд Богд хаан ихэд хүндэтгэлтэй хандаж байсаны илрэл байжээ.

 

Майдар

 

Номын дараагийн Шашны наадам хэмээх бүлэгт Майдар эргэх ёслол болон Цамын талаар бичсэн буй. "Майдар бурхан ньь овор том, алтадмал дүртэй бөгөөд олон жилийн турш Өргөөд төдийгүй магадгүй Монгол орны хамгийн том хэмжээтэй бурхан хэмээн үзэж байв. Дээд хот болох Гандангийн шинэ дуган дахь зогсоо дүртэй босгосон нүсэр том бурхан хавьгүй өндөр гэдэг нь маргаангүй бөгөөд харин суугаа дүртэй Майдар бурхан эзлэхүүн хэмжээгээрээ илүүвтэрхэн харагддаг юм" хэмээн Майдар бурхан болон Жанрайсиг шүтээнийг харьцуулан бичсэн нь сонирхол татна. Майдар эргэх ёслол бүтэн өдөржин болдог бөгөөд Майдар эргэдэг тогтсон замтай байсан болон ёслолын дараалалыг нэг бүрчлэн урнаар дүрслэн бичсэнийг уншсан хэн боловч таалах нь дамжиггүй.

 

Цам

 

"Цам харайх өдөр Алтан хийдэд үүр цайхаас эхлэн томоохон үйл явдал өрнөнө. Бурханы гурван том зургийн оронд эдүгээ модон тэлүүрээс нэг л зураг өлгөсөн байх боловч энэхүү зураг өмнөх өдөр өлгөөстэй байсан гурван зургаас хавьгүй том ажээ" хэмээн Оскар Мамен бичсэн нь зураач Дэндэвийн бичсэнтэй яг тохирч байх жишээтэй.

Цамын үеэр "хэсэг хэсэг бөөгнөрсөн эмэгтэйчүүдийн дунд гайхамшигтай хээнцэр тансаг хувцасласан авхай нар харагдана. Энд хэдийгээр бүгд цэвэр алт биш ч алтадмал буюу шармал толгойн алтан чимэглэл хаа сайгүй таарна. Эдгээр бүсгүйчүүдийн зүүсэн сувдан чимэглэл нь сувдад дуртай ямар ч гадаад хатагтайг хангалттай алмайруулж орхино. Зөвхөн сувдад энэ мэт их хэмжээний мөнгө зарцуулж санаа тавих харийн хатагтай олон таарахгүйгээс гадна бүгдийг нь нэг дор ийнхүү зүүх боломж тэдэнд үгүй биз ээ. Түүнээс гадна хатагтай нарын хувцасны бусад хэсэг дэх их төлөв сувдан хэлхээтэй хосолсон улаан шүрэн хэлхээ хээнцэр чамин харагдах ажээ. Бүгд л хамгийн гоё ганган хувцсаа өмссөн байх" юм хэмээн Оскар Мамен Цамын баяр үзээд төрсөн сэтгэгдэлээ буулгасан нь өнгө ялган дүрслэн буулгах авьяас билэг бүхий нэгэн болохыг илтгэнэ.

 

Наадам

 

Мамены номын дараах бүлэг Наадам хэмээсэн буй. Бүлгийн эхэнд Долоон хошуу наадамын тухай товч өгүүлжээ. Богд эзний морь уралдаан бүрд давхих бөгөөд ихэвчлэн түүний морьд торгон жолоогоо өргүүлнэ. Уралдаанд өөр хүний морь түрүүлбэл эзэн нь морио Богд эзэндээ хэзээд өргөн барина. Сүүлийн бөгөөд хамгийн чухал уралдааны хувьд Богдын алдарт хурдан хүлэг хэдэн жил тасралтгүй түрүүлжээ. Энэхүү наадмыг үзэж байсан олон орос хүн энэ чухал уралдаанд Богдын морийг түрүүлүүлэхээр зохицуулдаг хэмээн үзэх хандлагатай байх авч бас бус оросууд, мөн монголчууд цөмөөрөө ийм зүйл огт байхгүй хэмээн андгайлан хэлэх ба уралдааны талаарх нарийн ширийнийг сонсоход би хойдох нь зөв боловуу хэмээн боддог юм гэж Мамен тэмдэглэсэн буй.

 

Өргөөгийн цам харайх ёслол өндөрлөмөгц Алтан хийдийн гадаах мөнөөхөн талбайд жилдээ нэг удаа болдог бөх барилдааны бэлтгэл ажилд орно. Дараа өдөр нь жин үдийн хэрд бөхийн барилдаан эхлэх ажээ. 

 

"Дэлхийн хаана ч монгол бөхийн барилдааны үзүүлбэр үзэгчдийг суудал дээр нь өндөлзүүлнэ гэдэгт би итгэлтэй байдаг" хэмээн бичиж буй Оскар Мамен монголын соёлд, монголчуудад ямар их дуртай болохыг илэрхийлж буй бус уу. 

Морины уралдаан, бөхийн барилдаан, нум сум харвах гээд монгол наадмын гайхамшигийг магтан дуулсан Оскар Мамены тэмдэглэлийг өнөөгийн монголчууд унших аваас нүдийг сэрээж, сэтгэлийг баясгах болно гэдэгт эргэлзэхгүй байж болно.

"Монгол спортын бүхий л наадам нарийн дэг журамтай зохион байгуулалт төгс болдог. Бүх зүйл цагийн зүү шиг жигдхэн өрнөнө. Олон зууны турш уламжилж, улс үндэстний зүрх сэтгэлд шингэсэн, нэн эртний бөгөөд төгс төгөлдөр хууль байгаа нь дамжиггүй юм" гээд "Шүүгчид өвөр зуураа хэрэлдэн маргах нь огтхон ч үгүй бөгөөд олон тооны өрсөлдөгчдийн зүгээс нэгээхэн боловч эсэргүүцэл үл гарна. Энэ талаар барууны орнууд монголчуудаас суралцах зүйл арвин буй" хэмээн бичсэн Оскар Маменыг магтан дуулахаас аргагүй юм.

 

Оскар Мамены номын сүүлчийн бүлгийн нэр ГЭР. "Гэр хэмээх сууц нь Ази тивийн өндөрлөгт мал аж ахуй эрхэлдэг нүүдэлчдийн хувьд санаанд багтах хамгийн тохиромж сайтай байгууламж юм" гээд гэрийн дотор, гадна бүхий л зүйлийг нэг бүрчлэн тайлбарлаж, хамгийн сүүлд сүүний модон хувингийн талаар бичсэн нь хэн хүний анхаарал татна.

 

сонин mn

"Монголчуудын хувьд эртний түүхээс улбаатай тогтсон ёс жаяг арвин, эдгээр ёс журмаа хатуу сахих бөгөөд гаднын хүнээс энэхүү журам ёсыг нь мэддэг байх, нутаг оронд нь хөл тавьсан л бол нэн даруй суралцахыг хүснэ. Монгол хэлээр "ёс" хэмээн нэрлэх монголчуудын ёс журам нь эртний бөгөөд бараг л шашны амьдралын нэгээхэн хэсэг мэт хүндэтгэн үзнэ. "Ёс үгүй" хүн буюу зан заншил үл мэдэх хүн монголчуудын зүрх сэтгэлийг эзэмдэх хялбаргүй билээ" хэмээн бичсэн энэхүү эрхэм хүмүн өнөөгийн бидэнд хичээл заах адил сурах бичиг үлдээсэн мэт санагдана. Монгол айл, нохой, морины уяа, монгол ёс, мэндлэх хүндэх ёс, айлд ороод "хөлөө завилан суух нь зохистой", "бурхан шүтээн, гал голомтын зүг хандуулж үл болно", "монголчууд "ажаамуу", "гялайлаа", "баярлалаа" гэх мэт үгсийг хэрэглээд байдаггүй, "Энэ улс орон эдгээр хуурмаг бялдуучлал, хараал зүхэл үгүй нь бахдам сайхан бөгөөд монголчууд энэ мэт хоосон хэлбэр маяггүй үнэн сэтгэлээ хавьгүй дээр илэрхийлдэг нь дотор сэтгэлээ эдгээр үгээр муухан нуудаг биднээс хол илүү ажээ" (2022: 302) хэмээн дүгнэсэн нь монгол үндэстэн зуу гаруйхан жилийн өмнө ямар байсаныг илэрхийлсэн хэмээн үзэж болно.

Энэ хүний монголчуудын хийгээд монгол соёл, эрхэм үнэт зүйслийнх нь талаар бичсэн зүйлс өөрийн эрхгүй монголд ямар их элэгтэй, дуртай хүн байв гэдгийг илтгэнэ.

Эсгий татаж яваа тэмээтэй хүн, нэхий элдэж буй монгол, сур элдэх, адуугаа манах, чоноос хэрхэн аврах, хонины ноосоор эсгий, олс болон утас хийдэг, мөнгө болон төмрийн дархчуудын тухай, хонины мах хамгийн чанартай хоол болох, үзүүрийг нь нарийхан цоолж нүхэлсэн үхрийн эврээр хүүхдийн угж хийдэг, дээл нь бүхий л талаараа ихэд эвтэйхэн байх бөгөөд гаднын ямар ч хүн энэ хувцыг хэрэглээд нэг их удалгүй дасаж, тав тухыг нь мэдрэх болно.

 

"Өвч бүрэн гоёл чимэглэлтэй эхнэр хүн шаламгай болоод сүр жавхлантайгаар мориндоо мордож, чулуурхаг бартаа ихтэй замаар салхи сүнгэнүүлэн давхиулахыг харахад манай морьт цэрэг аль ч талаараа тал нутгийн энэ хатагтай шиг эмээл дээрээ тухтайхан сууж үл тэвчихийг анзаарахгүй байх аргагүй бөгөөд үгүй ер морь унасан бидний дийлэнх офицерууд ч энэ хатагтайн хажууд хувцас хэрэглэл хийгээд өнгө төрхөөрөө хайнцахгүй биз ээ" хэмээн бичсэнийг уншаад монголчуудаар, монгол эмэгтэйчүүдээр бахархахгүй байх аргагүй санагдана. 

 

"Баяр ёслол бусад онцгой тохиолдолд өмсдөг эрэгтэй, эмэгтэй гоёмсог дээл хувцас нь хүртэл хүний хөдөлгөөнд ямар нэгэн байдлаар саад тушаа үл учруулах бөгөөд энэхүү хээнцэр хувцсаа өмссөн эзэн нь үзэмж төгөлдөр, уран сайхан харагдаад зогсохгүй болхи хөшүүн бус харин ч сүр жавхаа нь улам бүр тодордог юм" хэмээгээд "Ховорхон тохиолдолд монгол нутгийг зорьсон гаднын хэн нэгэн хүмүн бээр монголчуудын талаар таагүй ойлголттой эргэж ирвэл эл шалтгааныг тухайн хүн Хятадад амьдарч байсан хийгээд Хятадад амьдардаг гадаадынхан тухайн улс орны ард олныг хардаг тэр л өнцгөөс монголчуудыг харах гэж оролдсоноор нь ухвал учиртай юм. Гагцхүү сэтгэл гонсгор үлдсэн мөнөөх харь хүний учир эл шалтгаанд эс орших аваас түүнийг хэдхэн сая хүн ам бүхий өөрийн жижиг тосгоноос хальж, өргөн хүрээнд "харж, бодож" ер эс чадах олны нэг юм хэмээн дүгнэхээс өөр аргагүй болох билээ" хэмээн бичсэнийг уншаад Монголчуудын тухай ойлголт тань ямар түвшинд байгааг эргээд нэг тунгаахад гэмгүй шүү.

 

"Ерөнхийдөө монголчуудаас илүүтэй нийт олноороо сайхан сэтгэлтэй ард түмнийг олох амаргүй билээ" хэмээсэн сэтгэлийн үгээ унагасан Барууныхан хэр байдаг билээ. Эрхэм хүний сэтгэлийн гүнээс бичсэн утга учир бүхий үг, өгүүлбэрийг уншаад өнөөгийн Монгол хэр зэрэг өөрчлөгдсөнийг бүр нарийн хэлбэл танихгүй болтлоо өөрчлөгдсөнийг мэдэж болохоос гадна бидэнд эрх чөлөө, тусгаар тогтнол хайрласан өвөг дээдэс, өрлөг түүхээрээ бахархахгүй байхын аргагүй билээ.

Энэ сайхан бүхнийг өөрийн биеэр мэдэрч, түүхнээ үлдээсэн Норвегийн алдарт аялагч Оскар Маменыг шагшин магтахгүй байхын аргагүй юм. Бидэнд эл бүхнийг хүргэсэн Норвегийн Ослогийн их сургуулийн Соёлын музей, докторант Мария Картвейт, МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнд талархал илэрхийлж байна. 

"Чин сэтгэлийн зочломтгой зан гэдэг тал нутгийн нүүдэлчдийн төрөлх чанар ажгуу" хэмээж "Монголчууд билиг оюун ухаан хурц боловч эл учир юугаан алив янзаар тунхаглан зарлах нь үгүй бөгөөд олонд гайхагдсан, хүчирхэг улс орныг цогцлоох бүхий л билиг авьяас заяасан ард түмэн билээ" хэмээн дүгнэсэн нь өнөөгийн монголчуудад гэхээсээ ХХ зууны эхэн үеийн монгол өвөг дээдэст илүү хамаатай үг хэмээн ойлговол зохилтой. 

 

О.Батсайхан, доктор(Sc.D), профессор

 

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн