Ч.Отгочулуу: Хямралын эдийн засгийг хоосон пиараар удирддаггүй
2023/01/03
Эдийн засагч Ч.Отгочулуутай ярилцлаа.
-Валютын нөөц тогтворжлоо гэх юм. Ханшийг нь яаж буулгах вэ?
-Валютын нөөц тогтворжиж байгаа гэдэг нь пропоганда буюу иргэдийн тархи угаалт. Учир нь төгрөгийн ханш суларч байна, импортын үнэ өсөж байна. Ийм үед энэ нөөц хангалтгүй. Дээр нь 2023 онд Засгийн газар төсвийн өндөр алдагдлыг нөхөх, Шинэ сэргэлтийн бодлого гэгч хоосон цаасаа барьж хоёр тэрбум ам.долларын бонд босгоно гэж байгаа. Мөн энэ жил гурван тэрбум ам.долларын зээл, хүү, өр эргүүлэн төлнө. Тэгэхээр энэ 2.9 тэрбум ам.доллар үнэндээ хаана ч хүрэхгүй. Дуулсан дуундаа өөрөө уяраад гэдэг шиг Засгийн газар өөрсдийн суртал ухуулгадаа өөрсдөө итгээд байгаа нь жинхэнэ аюул.
-Гадаад валютын нөөцийг өсгөх ямар арга зам байна вэ?
-Засгийн газар болохоор боомт нээгээд, экспорт нэмэгдээд л бөөн валют орж ирэнгүүт нөөцөө өсгөчихнө гэж хэт гэнэн ойлгоод байна. Гэтэл экспортын орлого нь орж ирсэн шигээ асар хурдан гараад явчихна. Харин гадаадын шууд хөрөнгө оруулалт бол нөөцийг өсгөх цорын ганц, тогтвортой арга зам юм. Гадаадын шууд хөрөнгө оруулагчид Засгийн газрын гоё үгийг огт тоохгүй. Харин бодит үйлдлийг л харна. Засгийн газар тэгтэл яав. Ковидын хүнд үеийг давж гарахад гол ачааг үүрсэн үндэсний хөрөнгө оруулагчдаа элдвээр цоллож, буруутгав. Ийм хөгийн түгжил арга барилтай Засгийн газарт ямар ч хөрөнгө оруулагч итгэхгүй. Засгийн газар хувийн хэвшлийн оролцоотой Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг байгуулах хэрэгтэй. Тэр агентлаг нь төрийн ямар ч хүнд суртлыг даван туулахуйц эрх мэдэлтэй, хуулийн болоод улс төрийн хамгаалалттай байх ёстой. Мөн уран, газрын ховор элемент чиглэлээр хайгуулын тусгай зөвшөөрлийг зоригтой олгох, хөрөнгө оруулалтын сангуудад гаднаас хөрөнгө татахыг хөхиүлэн дэмжих, Ховд, Чойбалсан, Хархоринд олон улсын карго төв байгуулах зэрэг маш олон арга зам байна. Ингэж байж валютын нөөц өснө. Улс төрийн популизм болон орон нутгийн шантаажнаас болж гацсан алтны үндсэн ордын нөөцүүд цөөнгүй бий. Тэднийг Монголбанк болон Хөгжлийн банктай хамтран санхүүжүүлж олборлосон, ирээдүйд олборлох алтыг гадаад валютын албан нөөцөд бүртгэж авч болно шүү дээ.
-Дэлхийн эдийн засгийн 2023 оны төлөв ямар байх вэ. Ялангуяа манай улсын худалдааны гол түнш БНХАУ ямар бодлого баримтлах бол?
-Орос-Украины дайнаас шалтгаалан тодорхойгүй байдал, эрсдэл асар өндөр хэвээр байна. Дэлхий даяар өр өсч, инфляци дорвитой буурахгүй байна. Ийм учраас ихэнх судалгааны байгууллагууд энэ оны эдийн засгийн өсөлтийн таамгийг бууруулж байна. Манайх шиг хөгжиж буй улсуудын хувьд байдал бүр ч хүнд байх болно. Учир нь дэлхийн хөрөнгө оруулалтын урсгал эргээд хөгжингүй том гүрнүүд рүү урсаад эхэлсэн байна. За, таны онцолж асуусан Хятадын хувьд бас л асар их эрсдэлтэй жил эхэлж байгаа. Хэдий ковидын хатуу хөл хориогоо сулруулсан нь эдийн засгийн идэвхжилийг нь сэргээж болох ч эрүүл мэндийн салбар нь хүнд цохилтод орж болзошгүй. Эрүүл мэндийн салбарт нь том шок үүсвэл энэ нь эргээд эдийн засгийг нь унагах хүчин зүйл болно. Хятадад өрхийн өр, залуусын ажилгүйдэл гэрлийн хурдаар өсөж байна. Энэ нь нийгмийн бухимдлыг өдөөнө. Ард түмний бухимдлыг дарахын тулд геополитикийн гэнэтийн алхам авч болзошгүй. Жишээлбэл, Тайвань руу халдан довтлох замаар иргэдийнхээ эх оронч сэтгэлийг хөөрөгдөж болно. Энэ тохиолдолд эдийн засаг нь мөн л эрс унах боломжтой. Гуравдугаарт, Хятадын дотоод улс төр нь эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй.
Нээлттэй эдийн засгийн бодлого баримталдаг хэсгээ шахаж маоист уламжлалдаа үнэнч бүлэглэл нь ноёрхлоо бэхжүүллээ. Ингэснээр Хятадын эдийн засгийн бодлого нь бизнесийн зарчмаас алсарч илүү улстөржсөн бодлогоос хараат, командын эдийн засгийн шинжийг олох болно. Ийм улстай худалдаа хийх нь нэн түвэгтэй.
-Манай улсад яаж нөлөөлөх вэ. Манай төр засгийн тэргүүнүүд шинэ жилийн мэндчилгээндээ эдийн засгаа өснө гэж баталгаажуулж байна билээ?
-Ийм үед эдийн засгийн өндөр өсөлтийг амална гэдэг бол хоосон тархи угаалт, дэмий үг. Эдийн засаг гадарладаг хүмүүс 2023 оныг өмнөх жилүүдээс дутахгүй хүнд жил байх болно гэж байгаа. Ер нь нэг ийм зүй тогтол байдаг. Америкийн дотоод хэрэглээ өсвөл Хятадын экспорт өсдөг. Хятадын экспорт өсвөл түүхий эдийн эрэлт нь нэмэгддэг. Түүхий эдийн эрэлт нь өсвөл манай экспорт өснө. Экспорт өсвөл манай эдийн засаг өсдөг. Гэтэл Америк улс Хятадад олон төрлийн хориг тогтоолоо. Ялангуяа өндөр технологийн нийлүүлэлтээ зогсоолоо. Энэ нь Хятадын экспортод нэн хүнд тусна. Хятадын экспорт буурснаар манайд ч сөрөг нөлөө нь илэрнэ.
-Манай суурь импортыг дангаараа шахам хангадаг хойд хөршийн эдийн засгийг та хэрхэн харж байна вэ?
-Манай эдийн засаг угаасаа их энгийн шүү дээ. Хятадад зэс, нүүрсээ зардаг. Олсон мөнгөөрөө оросоос бензин дизель, Японоос машин авдаг. Ийм л энгийн авсаархан эдийн засаг л даа. Оросын эдийн засаг огцом агшиж байна. Иргэд нь банкууддаа итгэхээ больж эхэлж байна. Орос-Украины дайн дэлхийн гуравдугаар дайн болж өргөжих, эсвэл бүр цөмийн зэвсэг хэрэглэтлээ хурцдах магадлал бага гэлтгүй бий. Оросын олон компани хоригт орсон. Ийм учир Оросоос авдаг бензин, дизель, цахилгаан эрчим хүчний хангамж нь манайхаас үл хамааран цэвэр өөрсдийнх нь дотоод шалтгаанаар тасалдах аюултай. Тиймээс бид хувийн хэвшилдээ эрх чөлөө өгч Хятад, Казакстан, Өмнөд Солонгосоос бензин, дизель оруулж ирэх компаниудаа элдэв зөвшөөрлөөр хавчиж хяхаад байлгүй боломжийг нь эртнээс бүрдүүлж байх хэрэгтэй.
-Ковидын хууль зогссоноор иргэд, өрхүүд маань ипотекийн зээлээ төлж эхэлнэ. Энэ нь банк санхүүгийн салбарт том хүндрэл үүсгэнэ гэсэн айдас байгаа бололтой?
-Моргейжийн зээл авсан иргэдийн санхүүгийн сахилга бат, эдийн засгийн мэдлэгт найдахаас өөр аргагүй байна. Гайгүй болов уу. Тэд өнгөрсөн хугацаанд зохих хуримтлал үүсгэсэн бол ямар ч байсан эхний хэдэн төлөлтүүдээ асуудалгүй зохицуулах байх. Гол нь орлогын урсгал нь тасраагүй байгаасай гэж найдаж байна. Ер нь эргэн төлөлтийг дахин хойшлуулж болохгүй. Энэ нь байдлыг улам хүндрүүлнэ. Сүүлийн хэдэн жил ипотекийн хөтөлбөрийг Монголбанкнаас авч Засгийн газарт шилжүүлнэ гэж их удаан ярилаа. Одоо үүнийгээ ажил хэрэг болгомоор. Гэтэл бүр МИК рүү дайрч байна билээ. Энэ бол банк санхүү, барилгын салбарыг самрах нэн осолтой үйлдэл.
-Төв банкнаас Засгийн газар руу шилжүүлэхийн тулд УИХ хууль гаргах уу. Эсвэл төсөв, мөнгөний бодлогоороо зохицуулах юм уу. Ер нь энэ оны төсөв, мөнгөний бодлого ямаршуухан батлагдав?
-Энэ ипотекийн эх үүсвэрийг зоригтой шийдэх нь Засгийн газрын ажил. Даанч суртал ухуулга, элдэв гоё пиар нэвтрүүлэг хийхдээ сайн ч, эдийн засгийг босгоод ирэх шийдэл дээрээ аймхай бүрэг байна л даа. Сүүлийн жилүүдийн төсөв, мөнгөний бодлого дээр энэ ипотекийн асуудал зорилт болон орсон ч огт хэрэгжээгүй. Ингэснээрээ барилгын салбарт 100 мянга, банкны салбарт 10 мянган ажлын байр тус тус шинээр бий болох боломж алдагдлаа. Ер нь төсөв, мөнгөний бодлогод олигтой шинэчлэл огт гарсангүй. Нөгөө л дахин сонгогдох хүсэлтэй УИХ-ын гишүүдийн шуналыг хангасан өндөр алдагдал, өндөр инфляц хэвээрээ. Инфляци, ажилгүйдэл, үндэсний капиталын зугталтыг өөгшүүлсэн төсөв, мөнгөний бодлого батлагдсан. Энэ бүхний өр төлөөсийг дундаж давхарга төлж таарна.
Татвар төлөгчдийн мөнгөөр суртал ухуулга хийх нь энэ засгийн үед төгөлдөршсөн. Зуд болбол нохой зоолно, зовлон болбол пиарчид таргална гэгч л болж байна. Боловсрол нь хүрэхгүй. Дээр нь үйлдэл нь харуулж байна. Аливаа хөгжлийн бодлогуудыг хэрэгжүүлэгч нь бүтээлч хүн байдаг. Япон, Солонгос, Чили, Герман, Америк ер нь хөгжсөн улс бүр хүний бүтээлч чанар дээр тулгуурлаж хөгжсөн байдаг. Хүний бүтээлч чанар хамгийн их хөгждөг талбар бол хувийн хэвшил. Гэтэл МАН-ын дарга нар хувийн хэвшилдээ дайсагнаж, хулгайдаа идүүлсэн, өөрсдийг нь баяжуулсан төрийн өмчийг дээдэл гэж ард түмэнд тулгаж байна. Төрийн өмчийн банкны мөнгөөр казино тоглодог, төсвийн мөнгөөр Андлалын хөшөө мэтийг найзуудаараа бариулдаг, төрийн өмчийн компаниуд руу ах дүү, амраг саднаа шахдаг дарга ангид Монгол дампуурах нь сонин биш. Тэдэнд тун явцуу эрх ашиг бий. Түүнийгээ гүйцэлдүүлэхийн тулд төрийн бодлогыг хүртэл пиаржуулж, маркетингийг нь ах дүү нараараа хийлгэх бизнес болгож сууна.
-Нийгмийн болохгүй бүтэхгүй бүхэнд Үндсэн хууль буруутай мэтээр тайлбарладаг шүү дээ. Тогтолцооны өөрчлөлт хийвэл өргөс авсан мэт сайхан болчихно гэдгийг хэт гэнэн ойлголт гэж шүүмжлэх нь бий. Эдийн засагчийн хувьд таны байр суурийг сонирхмоор байна?
-Тогтолцооны шинэчлэл гэж яриад байгаа. Хэрэв энэ үгээ үнэхээр зөв ойлгож, цаад агуулгыг нь мэдэж байгаа бол сайн л байна. Үнэхээр Үндсэн хуулиа шинэчилж байгаа бол макро эдийн засгийн зарим зайлшгүй шийдлийг зоригтой тусгах шаардлагатай. Үүнд төв банкны хараат бус байдал ба түүний чиг үүргийг ямар ч салаа утгагүйгээр тусгаж өгөх ёстой. Одоогийн төв банкны тухай хууль бол өөх ч биш, булчирхай ч биш гэмээр холион бантан. Инфляцаа онилох уу, гадаад ханшаа барих уу гэдэг нь асар ойлгомжгүй. Үр дүнд нь ажилгүй, ядуу болох Монголын залуус хохироод дуусна. Дээр нь сонгуульд зориулсан төсвийн алдагдлыг Үндсэн хуулиар таслан зогсоох ёстой. Орон нутгаас архаг хувалзууд дахин дахин гарч ирдгийг ч болиулах ёстой. Би хувьдаа гишүүдийн тоог нэмж, холимог тогтолцоонд шилжихийг 100 хувь дэмжиж байгаа. Гэхдээ сонгуулийн байгууллагыг улс төрчдөөс хараат бус Австрали, Шинэ-Зеландын жишгээр ард түмний хяналтад байх тогтолцоог заавал давхар бүрдүүлэх учиртай.