Банкны зээл судалсны шимтгэл болон Нийгмийн даатгалын багц хуулийн талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд мэргэжилтнүүдийн хамт мэдээлэл хийлээ. 

Банкны зээл судалсны шимтгэлийн талаар хуульч О.Батхүү “Банкууд зээл олгохдоо авч байгаа шимтгэл. Тэр дундаа ипотекийн зээл олгохдоо авч байгаа нэг хувийн шимтгэл нь хууль бус гэх асуудлыг гаргаж тавьсан. Монголбанканд албан бичиг өгөхөд "бид судалж байна, эргээд хариу хэлье" гэсэн. Гэхдээ өнөөдрийг болтол ямар ч хариу алга. Үүний дараагаар ШӨХТГ мөн адил хүсэлт гаргаж, шалгалт оруулж, банк тус бүрд 20 сая төгрөгийн акт тавьсан. Гэтэл банкууд нийлээд ШӨХТГ-ыг Захиргааны хэргийн шүүхэд өгсөн.

Энэ маргаан дээр өмгөөлөгч н.Ялалт бид хоёр ШӨХТГ-ыг төлөөлж оролцохоор болсон. Хэрэг нь шүүхийн шатанд явж байна.

Банкууд зээл судалсны  нэг хувийг шимтгэл авах нь яагаад хууль бус вэ гэвэл, 1995 оноос хойш банкууд нэг хувийн шимтгэлийг авсаар ирсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцооны тухай хуулийг шинэчлэн баталсан. 2021 оны долдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн хуулиар банкууд шимтгэл авч болно. Гэхдээ үндэслэл бүхий байна гэх заалт орж ирсэн.

Гэтэл шүүх дээр явж байгаа маргаан дээр банкууд ямар учраас нэг хувийн шимтгэл авч байгаагаа нотолж, гарсан зардлаа шүүхэд танилцуулж чаддаггүй. Ийм учраас гурван шатны шүүхээс шийдвэр гараад тухайн гомдол гаргасан этгээдэд нэг хувийн шимтгэлийг буцаан олгох шийдвэр гараад явж байгаа.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 108,000 иргэн орон сууцны зээлтэй. Гэтэл банкууд зөвхөн шүүхээр явсан цөөн хэдэн хүнд мөнгийг нь өгөөд үлдсэн хүмүүст нь мөнгө өгөхөөс татгалзсан. Энэ нь хууль зөрчиж байна.

Мөн банкуудын үйл ажиллагаанд хяналт тавих эрх нь Монголбанканд бий. Энэ эрхээ Монголбанк хэрэгжүүлэхгүй байгаа тул миний бие Нийтийн сонсгол зохион байгуулах тухай хуульд зааснаар Монголбанк, арилжааны банкууд болон зээл авсан иргэдийн төлөөллийг нээлттэй сонсголд орж, УИХ-ын түвшинд энэ асуудлыг ярих хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг УИХ-ын гишүүн Т.Доржхандад гардуулж өгч байна" хэмээв.