Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Хуулийн төслийн талаар хуульч Ж.Эрхэмбаяр мэдээлэл өглөө.

Тэрбээр "Бидний дунд цахим булли буюу нийгмээрээ гадуурхдаг, үзэл бодол, зан заншлаараа гадуурхалд орчихсон хохирогч нар байдаг. Энэ гэмт үйлдэл, сөрөг халдлага, довтолгоог түргэн хугацаанд зогсоохыг хүсэж байна. Одоогийн байдлаар үүнийг түргэн хугацаанд зогсоохын тулд цагдаагийн байгууллагад ханддаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процесс урт хугацааных. Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулиар 72 цагийн дотор тухайн хүний хүсэлт, гомдлыг хүлээн авч контент буюу олон нийтийн сүлжээний пост мэдээлэлтэй танилцаад хууль тогтоомжийн хүрээнд уг контент нь агуулгаараа зөрчилтэй байна гээд нэн яаралтай устгах, эсвэл үзэлтийг хязгаарлах шийдвэрлэлт нэмэгдэх юм.

Фэйсбүүк дээр "Community standart" гээд тохиргоо бий. Тодруулбал хаягийн баруун талын гурван цэг дээр дарж ороод report хийх буюу яагаад контентыг зөрчилтэй гэж үзээд буйг хэрэглэгч өөрөө хүсэлт гаргаад зарим нэг нь шийдвэрлэгдээд, блоклогдоод явчихдаг нь одоо ч байгаа. Энэ байгаа зүйлийг хууль зүйн үндэслэлтэй хүсэлт тавих шаардлага үүсэж байна. Энэ орон зайгаас авсан нотлох баримтаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ашиглах боломжийг нээж байгаа юм. Иргэн олон нийтийн сүлжээнд хохирогч болчихлоо гээд гомдол гаргахад фэйсбүүк хуудаст бичсэн постыг скрийншот хийчихдэг нь нотлох баримт мөн үү үгүй юу гэдэг асуудал нэг талдаа гарна.

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн зорилго нь зөрчилтэй контент буюу пост хийсэн бол устгах, үзэлтийг хязгаарласнаар дуусгавар болно. Өөр ямар нэгэн хорьж цагдах, торгох үндэслэл байхгүй. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуульд өөрчлөлт орохгүй.

"Verified буюу цэнхэр тэмдгийг олгох ажлыг зохион байгуулна"

Хуулийн үйлчлэлийн хүрээнд олон нийтийн сүлжээнд зөрчилгүй контент, албан ёсны хэрэглэгч гэж юу вэ гэдгийг тодорхойлж өгч байгаа. Олон нийтийн сүлжээнд хэрэглэгчийн хаяг veryfied буюу цэнхэр тэмдэгтэй болчихдог. Энэ тэмдгээр байгууллага, хувь хүнийг албан ёсны, хариуцлагатай, хуурамч биш хаяг болохыг таньдаг.  Энэхүү тэмдэгтийг олгох ажлыг зохион байгуулж болно. Ингэснээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цахим орчинд verified буюу цэнхэр тэмдэгтэй болно. Иргэд цахим орчинд энэхүү баталгаатай эх сурвалжуудын хуудаснаас мэдээллээ авна.

Цахим орчинд зарим мэдээллийг үнэн эсэхийг ялгаж тогтооход хүндрэлтэй байдаг. Үүнээс үүдэлтэйгээр хатгалга, хууртагдах зүйлд орж эд хөрөнгө, нэр төрөөрөө хохирдог байдлыг хуулиар цэгцэлнэ.

Сурагчдын дунд хийсэн судалгаагаар таван хүүхэд тутмын гурав нь сошиал гадуурхалд өртсөн, зохисгүй үг хэллэг, зурагтай мессэж бусдаас авч дарамтад орж байсан хэмээн хариулж байсан. Энэ ноцтой асуудал. Эдгээр сөрөг талын зохицуулалтыг бий болгож, үүсэж буй эрсдэлтэй тэмцэх зорилготой хууль юм" хэмээн тайлбарлалаа.