Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуульд утасны дугаарыг заавал бүртгүүлэх заалт оруулсан нь хувийн мэдээллийн хуультай нийцэхгүй
2023/01/27
"Глоб Интернэшнл" төв "Иргэдийн мэдэх эрх хангагдаж байна уу?" сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгуулсан.
Хэлэлцүүлгийн үеэр Хүний Эрхийн Үндэсний Комисс(ХЭҮК)-ын Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн мэргэжилтэн Л.Галбаатар "Хүний Эрхийн Үндэсний Комисст ирсэн өргөдөл, гомдлын статистик" сэдвээр илтгэл тавив.
Тэрбээр "Мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг анх 2011 онд баталснаас хойш, 2021 оны арванхоёрдугаар сард шинэчлэн найруулан, өнгөрсөн жилийн таван сараас мөрдөж эхэлсэн. Энэ хуулиар төрийн байгууллагууд 60 гаруй мэдээллийг иргэд хүсэлт гаргасан эсэхээс үл хамааран мэдээлнэ гэж заасан.
Гэтэл ЦХХХЯ-аас танилцуулсан нээлттэй мэдээллийг ил тод болгосон мониторингийн дүн 50 хувьд ч хүрэхгүй байгаа, ХЭҮК-т ирсэн гомдол саналын дүн зэргээс нийтийн мэдээллийн ил тод байдал хангагдаагүй нь харагдаж байна.
ХЭҮК-т жилд 1,000 орчим санал ирдгээс мэдэх эрх зөрчигдсөн шалтгаантай нь ихдээ 10 буюу нийт гомдлын 0.5 хувийг эзэлдэг. 2022 онд мэдэх эрх зөрчигдсөн гэх гомдол зургаа ирсэн.
Ийм бага үзүүлэлт байгаа нь иргэд хуулийн талаарх ойлголт муутай байна. Үүнийг хөндлөнгийн мониторингийн дүнгээс харж болно.
Комисст гомдол гаргах нь бага байгаа ч хандаж буй агуулга нэлээд өргөн хүрээтэй байгаа юм. "Нууц" гэдэг шалтгаанаар төрийн байгууллагууд мэдээлэл өгөхгүй, эсвэл дутуу мэдээлэл өгөх нь нийтлэг байна.
Ил тод байдлын тухай хуулиар төрийн байгууллагууд мэдээллийг үнэн зөв, ойлгомжтой өгөх ёстой. Энэ дагуу бид мэдээлэл хариуцагч төрийн байгууллагын ажилтнуудад иргэдэд мэдээллийг бүрэн гүйцэд, тодорхой өгөх ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа.
Хамгийн сүүлийн жишээ дурдвал, Үндэсний Аудитын Газар(ҮАГ) 2020 оны УИХ, 2021 Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын дэлгэрэнгүй тайланг нээлтэй байршуулах үүрэгтэй. Гэвч вэб сайтдаа байршуулсан ч мэдээлэл дутуу байна гэсэн гомдол ХЭҮК-т ирсэн. Гомдлын дагуу шалгахад тодорхой маягтын дагуу нэр дэвшигчийн орлого, зарлагын тайланг дэлгэрэнгүй гаргаагүй байсан. Иймд ХЭҮК-оос ҮАГ-ын аудиторуудад шаардлага хүргүүлсэн.
Аудитын газар мэдээлэл өгөөгүй үндэслэлээ нэр дэвшигчийн хувь хүний нууцад хамааралтай мэдээлэл байсан гэж гаргасан. Гэтэл нээлттэй маягтад хувь хүний нууцад хамааралтай мэдээлэл байгаагүй. Тэгэхээр үндэслэлгүйгээр мэдээллийг өгөхөөс татгалзсан гэж дүгнэсэн.
Иргэд ойлгомжгүй, бүрэн бус, хуучин мэдээлэл өгч байгаа болон хугацаандаа багтаж мэдээлэл өгөөгүй гэх үндэслэлээр ХЭҮК-т гомдол гаргах нь нээлттэй. Хуульд тав хоног гэж заагаад тэр хугацаанаас хэтэрсэн бол ХЭҮК-т гомдол гаргаад шийдвэрлүүлэх бүрэн боломжтой.
Хүний хувийн мэдээлэл хамгаалах хуулийн 4-р зүйлийн 4.1.11-т зааснаар хүний регистр, гар утасны дугаар хувийн мэдээлэлд ордог. Шинээр батлагдсан олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд утасны дугаар, цахим шуудан хоёрыг заавал бүртгүүлэх ёстой гэсэн заалт оруулсан байсан. Өмнө нь зохиомол и-мэйл хаяг, өөр утасны дугаараа бүртгүүлээд хэрэглэж болдог байсан. Гэтэл одоо зөвхөн өөрийнхөө нэр дээрх утасны дугаараар баталгаажуулна гэсэн үг. Тэгэхээр энэ нь хүний хувийн мэдээллийг хамгаалах хуультай нийцэхгүй заалт гэж харж байна.
Энэ хууль цахим орчинд хүний эрхийг хамгаалах гэдэг тодотголтой ч цахим орчинд иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл хайх, хүлээж авах, түгээх эрхийг хязгаарлах бодит эрсдэл харагдаж байна. Эрсдэлийг бууруулах чиглэлээр холбогдох ажлын хэсэгт санал, зөвлөмжийг өгсөн боловч үр дүн гараагүй хэвээр байна.
Шинэ хуулийг дагаад олон нийттэй ажиллах нэгжийн журам, зөрчилтэй контентын тархацийг бууруулах, харилцаа холбооны сүлжээг хянах гэсэн журмууд гарч ирсэн. Хуульд эдгээр журмыг ХЭҮК-ын санал дээр тулгуурлан батална гэж заасан. Комиссын зүгээс дүн шинжилгээ хийж, дээрх эрсдлүүдийг саармагжуулах чиглэлээр холбогдох саналаа өгөхөөр бэлдэж байгаа" гэв.