Халамж хавтгайрсан эсэх асуудлыг тодорхой болгохын тулд 2022 онд Удирдлагын академи судалгаа хийжээ.

Судалгааны үр дүнгээс дэд сайд С.Зулпхар "2021 онд халамжийн нөхцөл байдлыг судлуулахаар Удирдлагын академид хандсан. Судалгаа 2022 онд бүрэн хийгдэж тайлан нь бэлэн болсон байгаа. Бид заримдаа өрөөсгөл байдлаар дүгнэдэг. Ямар нэг мэдээлэл, дүн шинжилгээгүйгээр харах тохиолдол байна. 

Халамж хавтгайрлаа гэдэг. Хоёр хүн ийм юм ярьсан нь үнэн болоод тарчихсан. 

Манай улсад халамж авдаг 668 мянган иргэн бий. Тэдний дийлэнх нь нэг, зарим нь хоёр төрлийн халамж авч байгаа.

Тухайлбал, цалинтай ээжийн мөнгө авдаг хүн халамжийн тэтгэвэр авдаг байх, өрх толгойлсон ээж мөн өөр халамж авдаг байх, рашаан сувилал гээд энэ бүрийн тоог нэгтгэж харвал өндөр буюу 1.2 сая хүн халамж авч байгаа мэт харагддаг. Энэ бол 1.2 сая нэгж хүн буюу үйлчилгээ авсан иргэний тоо. Уг тоо дээш, доош зөрнө. Гэхдээ халамж авдаг үндсэн хүний тоо бол 668 мянга.

Тэгвэл энэ тоо их үү, бага уу гэх асуулт гарна. Манай улсын ядуурлын түвшин 27.8 хувь буюу 900 гаруй мянган иргэн ядуурлын шугамаас доогуур амьдарч байгаа. Үүнийг халамж авдаг иргэдтэй харьцуулж үзвэл халамж авч буй нь бага.

Мөн зарим хүн 2,000,000 төгрөгийн халамж аваад ажил хийхгүй байна гэдэг. Гэхдээ судалгаагаар ийм тоо гарч ирээгүй.

Халамжаас болоод хөдөлмөр эрхлэхгүй байна гэх таамаг судалгаагаар няцаагдсан. Энэ мэтээр бодлогын судалгаа хийж, түүнд үндэслэж ярьдаг байх ёстой" гэлээ.